Холимог тулааны UFC холбоонд өрсөлдөж буй Монголын анхны төдийгүй цорын ганц тулаанч Данаагийн Батгэрэлийн ээлжит тулаанаа өнөөдөр АНУ-ын тамирчин Кевин Нативидадтай хийн, 50-хан секундэд хүнд цохилтоор ялсан.
UFC-ийн дэвжээнд гурав дахь тулаанаа хийн, хоёр дахиа ялсан тэрбээр тоглолтын дараа хэвлэлийн хурлын үеэр юу ярьсныг сонирхуулъя.
-Баяр хүргэе. Өрсөлдөгчөө богино хугацаанд яллаа.
-Баярлалаа. Маш их баяртай байна.
-Дахиад гарын шулуун цохилтоор дахиад яллаа. Энэ чиний дуртай цохилт уу?
-Тийм ээ, миний дуртай цохилт. Би өмнө нь ингэж цохиод ялж байсан.
-Яг ингэж цохъя гэж өмнө нь бэлдсэн байсан уу?
-Тухайн үеийн мэдрэмжээрээ хийсэн. Ер нь бэлтгэл дээр бэлдэж байсан.
-Брэндон Гипсон чамтай тулалдах байсан ч цар тахлын улмаас цуцлагдсан. Сая дэвжээнд гарахдаа энэ талаар бодсон уу?
-Бодоогүй. Дасгалжуулагч Грэг Жэксон мөн ирэх байсан ч онгоц нь саатаад чадаагүй. Бэлтгэлээ бүрэн хангасан байсан болохоор ялна гэдэгтээ итгэлтэй байлаа.
-Үзэгчтэй тэмцээнд өрсөлдөх ямар байв?
-Үзэгчтэй тэмцээнд оролцох их сайхан байна. Үзэгчдээс их эрч хүч авлаа.
-Одоо хэзээ, хэнтэй тулалдахыг хүсэж байна вэ?
-Ойрын хугацаанд тулалдмаар байна. Жозе Алдо, Шон О'Мэйлли нарын жингийнхээ шилдгүүдтэй тулалдахыг хүсэж байна.
-Яагаад тэднийг онцлов?
-Жозе Алдо өмнө нь аварга байсан, шилдэг тулаанч. Түүний тулааныг үзэж, үлгэрлэж өссөн. Тиймээс онцоллоо.
-Холимог тулааны тамирчин болсныхоо юунд илүү сэтгэл ханамжтай байдаг вэ?
-MMA бүх тулааныг нэгтгэсэн. Нөгөө талаар UFC дэвжээнд өрсөлдөж буй Монголын анхны тулаанч гэдэгтээ сэтгэл хангалуун явдаг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ээрч муурсан яасан муу орчуулагч вэ. Орчуулагчаа солиорой