ВИДЕО КОНТЕНТНийгмийнНИЙГЭМСУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

“ХӨЛ ХОРИГДСОН” ГУРВАН АЙЛЫН ӨНГӨ: Иргэд ломбардад хамаг юмаа тавьж, цөхөрч, “ядарчээ”

Хүн бүхний амьдралын өнгө өөр, өөр. Цар тахал, коронавирусийн халдварыг хэрхэн даван туулж, хөл хорионы эрсдэлтэй, ээдрээтэй өдөр хоногуудыг элээж буй нь ч мөн харилцан адилгүй. “Тэр зээлээ яаж төлөх вэ. Энэ сарын цалингаа яаж хүргэнэ ээ” гээд санаа зовних нэгэн байхад “Хөл хорио тогтоовол ч тогтоог. Амьдралд нэг их нөлөөлөхгүй” хэмээн додьгор суугаа нь бий. Үүний сацуу цар тахал амьдрал, бизнест нь эергээр нөлөөлж, ашигтай тусан, хөлжиж буй хүн цөөнгүй.

Өдрөөс өдөрт дордон, хүрээгээ тэлж буй коронавирусийн халдварын нөхцөл байдал, таван ч удаа тогтоогоод буй хөл хорио иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ. Бид энэ удаа эл асуудлыг гурван өөр айлын амьдралын өнгөөр дамжуулан хөндлөө.

ӨРХ ТОЛГОЙСОН ЭМЭГТЭЙ Х.ТӨМӨРЦООЖ: АЖИЛ ХИЙЖ, ЦАЛИНГААРАА ХАШАА ХУДАЛДАЖ АВНА

Гэрийн хорооллын гудамж ил, хуль. Хөл хорио тогтоож, хүмүүсийн хөдөлгөөн багассанаас ч болсон уу нохдын хав, хав хуцах чимээ ч үл сонсогдоно. Гагц хашаан дотроо хөөцөлдөн тоглох жаалхан үрсийн дуу л замд ганц нэг удаа тааралдана. Ийнхүү гудам өөд өгсөн, сүлжиж явсаар бид зорьсон газраа ирлээ. Дотогш орвол, хашааны буланд цагаан утас хөндлөн татаж, хүүхдийн хувцаснууд тохжээ… БЗД-ийн 19 дүгээр хороонд байрлах энэ хашаанд Х.Төмөрцоож, 1.9-5 насны хоёр хүүхдийн хамт амьдардаг. 24 настай өрх толгойлсон эмэгтэй тэрбээр хөл хорионы өдрүүдийг хэрхэн даван туулж буйг сурвалжиллаа.

-ХҮҮХДИЙН МӨНГӨ БУУХААС ӨМНӨ ХҮНС ДУУСЧХААР ХЭЦҮҮ, АЙЛААС ХҮНС, ХҮНЭЭС МӨНГӨ ЗЭЭЛДЭГ

Тэрбээр том хүүгээ 3 настай байхад короекед ажиллаж байжээ. Харин бага хүүгээ олсноос хойш ажил хийлгүй, гэртээ хүүхдүүдээ харж байгаа аж. Орон нутгийн харьяалалтай байсан болохоор хүүхдүүдээ улсын цэцэрлэгт өгөх боломжгүй, том хүүгээ өнгөрсөн намар 150 мянган төгрөгийн төлбөртэй хувийн цэцэрлэгт суулгасан байна. Харин өнгөрсөн оны төгсгөлд шилжилт хийлгэж, нийслэлийн харьяат болжээ. Тиймээс ирэх намар бага хүүгээ цэцэрлэгт өгч, том хүүгээ сургуульд оруулж, өөрөө ажил олж хийхээр төлөвлөж байгаа аж.

Тэрбээр энэ тухайгаа “Нэг ТББ өрх толгойлсон ээжүүдийг сургалтад суулгаад мэргэжил олгоно гэсэн. Би бүртгүүлчихсэн байгаа. Үсчнээр сурна. Сайн сурах юм бол ажлын байраар хангаж өгнө гэсэн. Ярилцлага өгөөд тэнцчихсэн байгаа” хэмээлээ.

Тэрбээр үргэлжлүүлэн “Хоёр хүүхдийн 200 мянган төгрөг, хүүхдээ гурван нас хүртэл сар бүр авдаг асаргааны 50 мянган төгрөгөөр амьдралаа залгуулдаг. Засгийн газраас иргэн бүрд олгосон 300 мянган төгрөгөөр дэлгүүрт тавьсан өрөө дарсан. Одоо ямар ч өргүй, сэтгэл тайван л байна. Мөн 300 мянган төгрөгөөрөө хүнс, түлээ, нүүрс авч, нөөцөлсөн. Авсан хүнс долоо хоногтоо хүрэлцэнэ.  Арван килограмм гурил, гурван килограмм нарийн ногоо байгаа. Түлээ нүүрсээ сайн базаасан. 10 хоногтоо бол айлтгүй. Хүнсээ дуусчихвал зээл авдаг дэлгүүрээсээ бичүүлээд авчихна. Үнэн учраа хэлэхээр бас ойлгоод өгчихдөг юм. Ер нь тэгээд хойдхоо авч, урдахаа нөхөөд л амьдралд сөхөрчихгүй яваад л байна” гэв.

Хөл хорионы үеэр хүнсгүй болж, хоолгүй хонож байсан удаа бий юу хэмээн асуухад “Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард мах, ногоо дуусаж, үлдсэн гурилаараа хүүхдүүддээ гамбир, боорцог хийж өгч байсан. Хүүхдийн мөнгө буухаас өмнө хүнс дуусчхаар заримдаа хэцүү, хэцүү. Хамаатны ах, эгч рүүгээ утастаж, мөнгө зээлнэ. Мөнгө буухаар өгнө. Эсвэл айлаас хоол хүнс зээлнэ. Уг нь хүүхдийнхээ мөнгийг хадгалъя гэж боддог л юм. Даанч би ажил хийхгүй байгаа болохоор яах аргагүй хоол, хүнсэндээ зарцуулж байна. Цаашдаа хүүхдийн мөнгийг 20 мянга болно гэж яриад байгаа. 20 мянга болгочихвол иргэдийн амьдрал туйлдана. Хүүхдийн 100 мянга л амьдралд их дэм болж байна” гэсэн юм.

 -ЦӨӨХӨН ХҮҮХЭДТЭЙ ТУЛ ХҮНСНИЙ ТАЛОН ОЛГОХ БОЛОМЖГҮЙ ГЭСЭН

Тэрбээр өнгөрсөн онд хүнсний талонд хамрагдах гэж хөөцөлдөж, хорооны нийгмийн ажилтанд хандаж үзжээ. Гэсэн ч цөөхөн хүүхэдтэй тул хүнсний талон олгох боломжгүй хэмээжээ. Гэсэн ч тэрбээр “ажил хийж, цалингаа хураан өөрсдийн гэсэн хашаатай болно” хэмээн ярина.

Учир нь тэд айлын хашаанд түрээсээр оршин суудаг байна. Энэ талаар тодруулахад, “Хашааны түрээс 50 мянга. Мөн тогны 30 мянган төгрөг нэмж тушаадаг. Харин хөл хорионы үед бидэнд хөнгөлөлт үзүүлж, зөвхөн тогны мөнгө л авч байгаа” гэлээ.

БИЗНЕС ЭРХЛЭГЧ Б.БАТ-ЭРДЭНЭ: ААН-ҮҮДЭЭ ДЭМЖИХГҮЙ БОЛ ХИЛ НЭЭГДВЭЛ ГАДАГШАА ЯВДАГ Ч ЮМ УУ…-

Хөл хорионы өдрүүд хувиараа бизнес эрхлэгчдэд ямар бэрхшээл, хүндрэл учруулж байгааг сурвалжлахаар Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй, хамгийн “эртэч” гэдгээр танигдсан “Лотус” кофе шопыг үүсгэн байгуулагч Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. Түүний хувьд эл бизнесээ нээгээд нэг жил болж буй бөгөөд байраа түрээсэлдэг юм.

НАДААС ХЭЦҮҮ ХҮМҮҮС БАЙГАА ШҮҮ ГЭЖ БОДОЖ, ЗОХИЦУУЛАХЫГ ХИЧЭЭЖ ИРЛЭЭ

-Таны хувьд хөл хорио хэрхэн өнгөрч байна вэ?

-Хоёр дахь хөл хорио гэдэг утгаараа үйл ажиллагаагаа бүрэн зогсоогоод гэр зуураа л байна. Түүнийг дагаад эдийн засгийн хувьд төлөвлөгөө боловсруулж байна.

-Танай кофе шоп цар тахлын үеэр нээгдсэн. Нээгдээд удалгүй дараалаад хөл хорионд орлоо шүү дээ. Бизнес, санхүүд тань энэ байдал хэрхэн нөлөөлөв?

Санхүүд дарамт учруулж байгаагийн хувьд маш тодорхой асуудал. Ойлгомжтой. Яагаад вэ гэхээр миний бизнес тогтоогүй, нээгдээд удаагүй байгаа. Дөнгөж л нэг жил болох гэж байна шүү дээ. Энэ хугацаанд тасралтгүй гурван сар нь ажиллаагүй өнгөрөөсөн. Санхүүгийн хувьд бизнес эрхэлж буй хүн бүр л банк, банк бусуудад зээлтэй байдаг болов уу. Тиймээс буцаан төлөлтөд хүндрэл учирсан. Бидний хувьд эрсдлийг тооцоолоод ажлаа, санхүүгээ төлөвлөе гэтэл хөл хорио ийм боломж олгохгүй байна. Гэнэт л хаагдах шийдвэр гараад байгаа учир тухайн сард олох орлого, түүнийгээ хуваан зарцуулах боломжгүй болчхоод байгаа.

-Та кофе шопоо түрээсэлдэг. Түүнчлэн зээл, буцаан төлөлтийн тухай ярилаа. Таны хувьд сард хэчнээн төгрөгийг зээлэндээ төлдөг вэ?

-Сард 2.5-3 сая орчмыг зээлэндээ төлдөг. Үүнд хэрэглээ, хоол хүнсний зардал нэмэгдэнэ. Ингээд өнгөрсөн хугацаанд хасах баланстай л явж ирсэн. Тэглээ гээд хэцүү байна гээд зовлон тоочиж байсангүй. Надаас хэцүү хүмүүс зөндөө байгаа шүү л гэж бодож, аль болох л зохицуулахыг хичээж ирлээ. Өөрөө нээсэн ч учир тодорхой хэмжээний эрсдэлийг үүрэх ёстой. Улсаас тодорхой хэмжээнд хөнгөлөлтүүд үзүүлсэн л дээ. Энэ нь маш их тус болсон. Манай энэ жижиг газар л гэхэд сард 500.000 төгрөгийн тог, усны зардал гардаг.

-ХӨЛ ХОРИОГ ДАХИАД СУНГАВАЛ ГАР УТАС, БАЙГАА ЗҮЙЛЭЭ ЛОМБАРДАД ӨГӨӨД Л ДУУСНА

-Засгийн газраас иргэн бүрт 300.000 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Энэ мөнгө таны амьдралд тус болсон уу?

-Эхнэр, хүү бид гурав нийлээд нэг сая орчим төгрөг авсан байдаг юм. Тухайн өдрөө тэр мөнгөний 60 хувийг би шууд зээлэндээ өгсөн. Хувь хүнээс болон банкны зээлэндээ нэмэрлэсэн. Яг одоо зогсонги байгаа үед эхнэрийн цалин амьдралд тодорхой хэмжээгээр дэм болж байна. Эхнэр маань эмч юм. Тиймээс бас харьцангуй дэмтэй байгаа юм. Гэр бүлээрээ хувийн бизнес эрхэлдэг, аль эсвэл хувийн байгууллагад ажилладаг бол цар тахлын хөл хорио маш хүнд тусна. Гэрээнд тусгасны дагуу бүх ажилчдадаа цалингийн 50 хувийг ихэнх нь өгч чадахгүй болов уу.

-Танайх ажилчдаа хэрхэн цалинжуулсан бэ. Ажлын байрыг хадгалж үлдэхэд бэрхшээл учирсан уу?

-Ажилчдын хувьд хямрал гээд хүний тоогоо цөөлсөн. Гал тогоонд нэг, хоёр бариста нийлээд гурван хүнтэй л ажиллаж байна даа. Хөл хорио дахиад сунгахгүй байх гэдэгт найдаад үйлчилгээ нээгдсэн үед эрч хүчтэйгээр эхэлье л гэж бодоод байгаа. Маркетингаа сайн хийж чадвал хүмүүсийн урсгал нэмэгдэж, цаашлаад ажилчдаа нэмчих болов уу л гэж бодоод байна.

-Хөл хорио сунгагдсанаар таны бизнес, ахуй амьдралд ямар хүндрэл учирсан вэ?

-Гэр бүлийн хадгаламж дууссан, хасах баланстай л явна. Тиймээс цаашид банк, банк бусууд зээлийн хүү бууруулах, эсвэл тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлээсэй л гэж бодож сууна. Их хэмжээний мөнгөний хүү нь өндөр гардаг. Зөвхөн хүүнд л дор хаяж сардаа багаар бодоход 500.000 төгрөгийг өгч байгаа шүү дээ. Орлогогүй хүмүүст хүндээр тусаж байна. Хөл хорио үргэлжлүүлээд дахиад сунгавал миний хувьд эхнээсээ гар утас, цаашлаад байгаа зүйлээ ломбардаад л дуусна. Үйл ажиллагаа нээгдээд, орлого тогтворжих хүртэл хэцүү байна. Нээсэн ч үйл ажиллагаа жигдэртэл хугацаа ордог. Анх 11-р сард хөл хориод нээхэд хуучин үйлчлүүлж байсан иргэдийн ердөө 30-40 хувь нь л орж ирсэн. Түүнчлэн гэнэтийн хөл хориогоор худалдаж авсан бараа материал муудахаас эхлүүлээд олон асуудал гарч байгаа юм л даа. Өмнөх хөл хорионы дараа үйлчилгээгээ нээхэд бид бараа татах мөнгөгүй байсан. Тухайн үед найзаасаа мөнгө зээлээд 7 хонолгүй л дахиад хөл хорьчихсон. Зээлсэн мөнгөө ч өгч чадаагүй. Тиймээс цаашид хөл хорих бол эртнээс мэдэгдэж, илүү зохион байгуулалт сайтай байгаасай л гэж хүсэж байна. Ямар сайндаа хорионы дараа нээгдэхдээ өглөө авсан кофены үнийг 50 хувь бууруулсан. Кофе авсан хүн хажуугаар нь хоол авах болов уу л гэсэн маркетинг юм даа.

-Энэ нь үр өгөөжөө өгөв үү?

-Миний хувьд өгсөн л гэж бодож байна. Гэхдээ нэг их ашиг байхгүй. Нэгийнхээ ашгийг нөгөөдөө л шингээж байгаа явдал юм уу даа. Хүмүүсээ алдахгүйн тулд мөн байнгын үйлчлүүлэгчдээ урамшуулж байгаа хэлбэр юм.

-Цаашид хөл хорио сунгагдвал, хэрхэх вэ?

-Үр ашигаа өгч чадахгүй бол бизнесээ хөл дээр нь босгож байгаа бизнесүүдэд хүнд тусна. Хэрвээ хувийн аж ахуй нэгжүүдээ дэмжихгүй бол миний хувьд хил нээгдвэл бараг гадагшаа ч гардаг юм билүү гэж бодсон. Нийгмийн даатгалын шимтгэл хүртэл 36  хувь болгочихлоо шүү дээ. Шинэ бизнес эхлүүлээд овоо таниулаад эхэлж байтал, төрийн буруу шийдвэр, татвар мөнгөөр дарамталбал мэдээж хэцүү.

Н.РЭНЦЭНДУЛАМ: ТЭТГЭВРИЙН МӨНГӨӨ ЯАЖ Ч ЗОХИЦУУЛААД ХҮРДЭГГҮЙ

Бидний дараагийн сурвалжилсан айл бол Баянгол дүүргийн 21 хорооны иргэн, 70 настай Нанзадын Рэнцэндулам гуайнх. Дорнод аймгийн уугуул, Улаанбаатар хотод 18 жилийн өмнө нүүж ирсэн тэрбээр гэртээ ганцаараа амьдардаг, тэтгэврийнхээ хэдэн төгрөгөөр хамаг юмаа зохицуулдаг. Өөр ямар нэгэн орлогогүй.

Тэтгэврийн 300.000 төгрөгөө хэчнээн зохицуулж, ариг гамтай хэрэглэсэн ч хүрдэггүй, зарим үед хүүхдүүд нь санхүүгийн дэмжлэг үзүүлдгийг учирлаж байлаа. Коронавирусийн халдвартай, хөл хориотой хүнд үеийг даван туулж буй ахмад настны амьдралын өнгө ямар байгаа бол.

БИ ГАНЦААРАА АМЬДАРДАГ. ТЭТГЭВРЭЭС ӨӨР ОРЛОГОГҮЙ

-Та тэтгэврээрээ амьдарч буй иргэн. Хөл хориотой, цар тахалтай энэ цаг үед тэтгэвэр нь таны амьдралд хангалттай хүрч байна уу?

-Би улсын байгууллагад 20 гаруйхан жил ажилласан учраас тэтгэвэр бага тогтоолгосон. Сард 300.000 төгрөг л авдаг. Өөр ямар нэгэн орлого байхгүй. Тэтгэврийн мөнгөөрөө л хамаг юмаа болгож, хүргэчих гээд явна.

Улаанбаатар хотод амьдрах өртөг өндөртэй. Үргэлж зардал гардаг. Хөдөөгийн амьдралтай харилцан адилгүй. Хөдөө бол идшээ ахиухан хийчихэд урин дулаан цагтай золгочихно. Хот тийм биш. Хөдлөөд л мөнгө хэрэг болно. Тэтгэврийн мөнгөө яаж ч зохицуулсан хүрдэггүй.

Би дөрвөн хүүхэдтэй. Бүгд тусдаа гарсан. Би гэртээ ганцаараа амьдардаг. Хүүхдүүд минь надад дэм болдог, санхүүгийн дэмжлэг үзүүлдэг.

ЗЭЭЛ АВАХ, ӨР ТАВИХ ҮНЭН ГОЛООСОО ДУРГҮЙ

Тэтгэврийн зээлтэй юү?

-Зээлгүй. Би ер нь зээлд үнэн голоосоо дургүй. Залуудаа санхүүгийн ажил хийж байсан болохоор ямар ч үед зээл авахгүй, өр тавихгүй байхыг эрхэмлэдэг. Баахан зээл авчихаад өөрөө төлж хүчрэхгүйд хүрвэл яах вэ. Хэдэн хүүхдээ зовоож мэднэ. Тиймээс би ер зээл авдаггүй, хэн нэгэнд өр тавьдаггүй юм.

Зээл гэснээс тэтгэврийн зээл аваагүй иргэдэд улсаас мөнгө олгоно гэж яригдаад байгаа сураг дуулдана. Хөл хориотой энэ хүнд цаг үед тэгвэл сайн л байна. Зөвхөн надад бус олон, олон ахмад настны амьдралд нэмэр, дэм болно.

Ерөнхийлөгч тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэсэн. “Хэрвээ зээл авсан байсан бол амьдралд нэмэр болоод, ингээд тэглэгдэх байж” гэж танд бодогдсон уу?

-Бодогдолгүй яах вэ. Би тэтгэврийн хэдэн төгрөгөө яаж хүргэх вэ гээд л зүтгэн, хоёр идэхгүй, хоосон хонохгүй яваа ахмад настны төлөөлөл. Тэгэхэд олон мянган иргэн тэтгэврийн их хэмжээний зээл аваад, тэглүүлсэн шүү дээ.  Тэтгэврийн зээл аваад тэглүүлээгүйдээ харамсах юм алга. Яах вэ, хэрвээ авчихсан байгаад тэглүүлсэн бол амьдралд их нэмэр бололгүй яах вэ.

“ХҮҮДҮҮД МИНЬ ХАЛДВАР АВЧИХ ВИЙ, ЭРҮҮЛ Л БАЙГААСАЙ” ГЭЖ БУРХАНДАА ЗАЛБИРЧ СУУНА

This image has an empty alt attribute; its file name is emee-4-1024x683.jpg

-Хөл хориог дахин 14 хоног сунгалаа. Олон дахин хөл хорио тогтоож буй нь таны амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Хүссэн үедээ үр хүүхдүүдтэйгээ уулзаж чадахгүй, гадаа салхинд гараад алхчих боломжгүй хэцүү л байна. Зарим хүүхэдтэйгээ уулзаагүй удаж байгаа, ялангуяа хоёр ихэр зээгээ их санадаг. “Эмээ дээрээ очмоор байна” гээд л утсаар ярьдаг юм. “Хүүхдүүд минь халдвар авчих вий. Эрүүл байгаасай” гэж үргэлж бурхандаа залбирдаг.

“Ээж дээрээ ирэх гэж яараад яах вэ. Цаг сайхан болж, халдвар намдахаар ир” гэж хүүхдүүддээ захиж байгаа. Дулаараад, зургаан сар гаргаад ирсэн ч бололгүй яах вэ.

Одоо эрүүл байх л чухал. Тиймээс халдвар, хамгааллын дэглэмээ сайтар баримтлах хэрэгтэй. Тэтгэвэр буухаар л гэрээсээ гардаг. Бусад үед огт гардаггүй.

УЛСААС ОЛГОСОН 300.000 ТӨГРӨГ АМЬДРАЛД ОВОО НЭМЭР БОЛСОН

This image has an empty alt attribute; its file name is emee-7-1024x683.jpg

-Сүүлд улсаас иргэн бүрт 300.000 төгрөг олгосон. Таны амьдралд бодит дэмжлэг болж чадсан уу?

-Бололгүй яах вэ. Улсаас олгосон мөнгөөр овоо юм авсан. Төр засгийн хишгийг их, бага гээд яах вэ. Өгч байгаа нь их юм. Өгөхгүй байж болох л байсан. Гэхдээ яг иргэдийн амьдралд нөлөө үзүүлэх хэмжээний зөв арга хэмжээ мөн үү гэвэл тийм биш. Миний 300.000 төгрөг тэгэс, ингэсгээд дуусчихсан. Нэг удаагийн юм чинь тэгээд цаг зуурынх шүү дээ.

Хороо, дүүргээс нь ахмад настнууддаа хэр туслаж, харж ханддаг вэ?

-Өө, дажгүй ээ. Хоосонгүй. Үргэлж л “Таны бие гайгүй юу. Яаж туслах вэ” гээд гүйж явдаг юм.

БЭЛТГЭСЭН СЭТГҮҮЛЧ: Б.БУЯНДАЛАЙ, Э.БУЛГАН, О.ЦОЛМОН

ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

10 Сэтгэгдэл

  1. Засаг төр ковидын хүнд үе гээд нилээд тус####ж байгаа шүү дээ. Харин ч тийм ч их баян биш улс ч гэсэн чадлаараа л дэм болж байх шиг.

  2. иргэн бүрт өгсөн мөнгө мөн ч их хэрэг болж байна даа манайхан чбас хэмнэлт гэж мэддэг болжээ

  3. Энэ удаан хөл хорио ажилгүй бүгд гэртээ байхад жирийн өдрүүдээс илүү хоол хүнс хэрэглэнэ.Төр баригчдын тодорхой бус шийдвэрүүд, цар тах#### хэмээгч мангас, мөнгөгүй болох цаашдаа яаж амьдр#### үргэлжлэх вэ гэсэн цөхрөл ард түмнийг сэтгэлээр унагаж байна. Засгаас хүн бүрт тусламж болгон өгсөн мөнгө маш их нэмэр болсон.хоолны мөнгөтэйгөө байгаа нь зүгээр орж ирсэн юм болохоор гээд өөрсдийн хийх юмсан гэж бодож явдаг зүйлдээ зарцуулсан. Хоосон нь шууд л хоол хүнсээ л базаана. Өртэй нь өрөндөө өгөөд л барагдана. 4-25 хүртэл зохицуулсан .гэтэл ахиад сунг####аа бүх зүйл ахиад дутагдаад гачигдаад байж суухын аргагүй болсон. Хоосон амьдр#### дунд гэр бүлээрээ хайраар бялхан амьдрахад хэцүү. Хорио сэдэвтэй ха####ганы цаадах д####д хүчирхийлэл , олон давхар гачлангаар сэтгэлээр унах нь дархлаагаа шууд унагаж байгаа явд####. Ард түмэндээ ахин тусоамж үзүүлэх хэрэгтэй. Миний бодлоор тусламж авах шаардлагагүй гэж бу######даа туслая гэсэн сайхан сэтгэлтэй хүмүүс нь бүртгүүлээд үлдсэнд тусламж өгөх хэрэгтэй гэж бодож байна. Мөнгө ч хэмнэгдэнэ.тусламжаараа тусоая челенж явуулж болно. Яар####тай дахин туслах нь ядарсан ард түмэнд түр ч гэсэн дэм болно.

  4. Бэлэн мөнгө өгөхөд авах нь сайхан л юм даанч юмны үнэ дагаад өсчих юм даа. Бэлэн мөнгө тараахаас өмнө өргөн хэрэглээний бараа, мах сүүний үнэ ямар байсан тэр түвшинд барих төрийн бодлого маш их үгүйлэгдэж бна даа.

  5. Төр засаг маань хүүхдийн мөнгө өгч, тог ус дулааныг тэглэж бодит тусламж үзүүлсэн, тэгээгүй бол хүнд байхаар байлаа.

  6. ЗАРИМ иргэдийн амьдр#### хүнд байгаа. Үнэн. Мэдээж өдрийн хөдөлмөрөөрөө амьдр####аа з####гуулдаг хүн бүрт их хэцүү байгаа. ҮНЭН. Гуравхан сая хүн амтай , асар их баялагтай улсыг ийм ядуухан байлгаж чадаж байна. ЭНД мэдээж төр баригч МАН л буруутай. Ямар сайндаа МАН ын дарга С. Баяр авлигаар ОЮУ толгойн гэрээг хийсэн байхав дээ. Ямар сайндаа төрийн сайд Нямдорж нь татвар, торгуулаа хэдэн жил төлөхгүй байхав дээ. Ямар сайндаа УИХ ын МАН ын гишүүд хүчирхийлэгч болсон вэ? ТӨР бараадсан луйварчид олон байна. НАМ байсан цагт нам бараадсан луйварчид байх л болно. МАН нэг ч АВЛИГАЧИН, хүчирхийлэгчээ хөөгөөгүй байха дээ.

  7. Улс төржөөд хэцүү байна. Одоо сонгуулиа хойшлуулж улс орон ард иргэдээ бодох цаг болсон.Ядөж 6 сар сонхууль хойшлуулөх хэрэгтэй.

  8. өрх толгойлсон эхчүүд маш олон байдаг. Нөхөртэй байгаад нас барсан, с####сан бол өөр хэрэг, ямар ч нөхөргүй мөртлөө өчнөөн олон хүүхэдтэй, эсвэл ямар ч арчаагүй, эсвэл архичин хүнээс өчнөөн олон хүүхэдтэй хүүхнүүд олон байх юм. Эн одоо соёл дутаж байна уу, нийгмийн сург####т, иргэн бэлдэх боловсролын систем дутагд####тай байна уу, сэтгэц мэдрэл муу байна уу, Хүн ядаж тэжээх боломжтой бол хүүхэд олох хэрэгтэйшдээ, тиймгүй бол биеээ хамга####ж баймаар юм. Ухуулга суртачилгааны ажил дутмаг байгаам шиг байнадаа, боловсролын систем ээ? нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийнхээн? нийгмийн ажилтануудаа?

  9. ЭНЭ ХЭЦҮҮ ҮЕД ЛОМБАРДУУД ИРГЭДИЙН ЭД ЗҮЙЛИЙГ ХУРААЖ АВЧ БОЛОХГҮЙ ШҮҮ ИРГЭД МАШ ИХ ЯДАРЧ БАЙНА ЮУН ЛОМБАРДНЫ ХҮҮ ТӨЛӨХ ӨӨРСДИЙГӨӨ ЯАЯ ГЭЖ БАЙХАД НЬ ИРГЭДИЙН ЭД ЗҮЙЛСИЙГ ХУРААВАЛ ЁСТОЙ ХҮНШГҮЙ ЗАН ШҮҮДЭЭ.ЕР НЬ ЛОМБАРДУУД ИРГЭДЭД ИХ ХЭРЭГ БОЛДОГ ГЭДГИЙГ ИРГЭД МАШ САЙН ОЙЛГОДОГ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button