ЭДИЙН ЗАСАГ

Б.Жавхлан: Цар тахлын үед нэмэлт санхүүжилтийн дэмжлэг шаардлагатай байна

Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийн төслийг зөвшилцөж, төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Засгийн газар өнгөрсөн хугацаанд КОВИД-19 цар тахалтай тэмцэх хүрээнд эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах, халдварын тархалтын эрсдэлийг бууруулах, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд нэмэлт дарамт, ачаалал ирэхээс сэргийлэх, бусад чухал эрүүл мэндийн үйлчилгээг тасалдуулахгүй иргэдэд хүргэх, цар тахлын нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ирсэн. Улсын төсвөөс эдгээр арга хэмжээнд шаардлагатай эх үүсвэрийг хуваарилж байгаа ч цар тахлын тархалтын эрсдэлийг бууруулах, нэн ялангуяа “өндөр эрсдэлтэй” бүлэгт хүрэх эрүүл мэндийн үйлчилгээг үргэлжлүүлэхэд гадны нэмэлт санхүүжилтийн дэмжлэг шаардлагатай гэв. Түүнчлэн цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад үргэлжлүүлэн бодлогын дэмжлэг авч, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх шаардлагатай байгаа аж.

Хөтөлбөрийн хүрээнд 2020 онд 300 сая ам.доллар баталж, үүнээс

  • 100 сая ам.долларын төсвийн дэмжлэгийн хөтөлбөр, цар тахлын нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн
  • 26.4 сая ам.долларын төсөл, нийгмийн эрүүл мэндийн салбарт шаардлагатай яаралтай тоног төхөөрөмжийг худалдаж авахад чиглэсэн
  • 30 сая ам.долларын төслийг тус тус батлуулан хэрэгжүүлж байгаа юм байна.

Үлдсэн эх үүсвэрээр “КОВИД-19-ын эсрэг вакцинжуулалтыг дэмжих төсөл”, төсвийн дэмжлэгийн хөтөлбөр болох “Эрүүл мэндийн аюулгуй байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”г хэрэгжүүлэх юм.

Хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг батлуулснаар 170.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн нэмэлт эх үүсвэрийг ашиглах боломж бүрдэнэ хэмээн Сангийн сайд танилцуулав.

Хөтөлбөрийг хөнгөлөлттэй болон энгийн эх үүсвэрийн зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлнэ. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 25 жил, үүнээс эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлнө. Зээлийн хүү нь 2 хувь гэлээ.

Харин энгийн эх үүсвэрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлнө. Зээлийн хүү нь зургаан сарын Лондонгийн банк хоорондын зах зээлийн хүү дээр 0.5 хувийн шимтгэл болон хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байна гэлээ.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь  Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
gutalchin
gutalchin

nohoin baas

Холбоотой мэдээ

Back to top button