СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

СУРВАЛЖИЛГА: Нэг сурагч дунджаар 150 мянган төгрөгөөр хичээлийн хэрэгсэл бэлдэнэ

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан сурагчийн дүрэмт хувцасны үнийн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Харин энэ удаад ЕБС-ийн сурагчид болон цэцэрлэгийн хүүхдүүдийн бэлтгэх ёстой хичээлийн хэрэгслийн үнийн талаарх сурвалжилгыг хүргэж байна.

-ЗАМЫН ТҮГЖРЭЛ, ОЛНЫ ХӨЛ ХӨДӨЛГӨӨН ЭХЭЛЖЭЭ-

Томоохон худалдааны төвүүдийн ачаалал аль хэдийн ихэсч, олны хөл хөдөлгөөнд дарагджээ. “Бөмбөгөр” худалдааны төвөөр ороход хүүхдүүдээ дагуулсан эцэг эхчүүд хичээлийн хэрэгслийн үнэ асууж, худалдан авалт хийсээр завгүй явцгаах аж. “Ээжээ би энэ цүнхийг авмаар байна” гэхэд ээж нь бололтой залуу бүсгүй “Сурагч болох гэж байгаа хүүхэд чинь эхлээд дэвтэр, үзгээ авдаг байхгүй юу” гэж охиноо хөтлөн цааш явав. Харсан бүхнээ авах гэх  бяцхан хүүхдүүдээ яаж ийгээд аргалах ээж, аавууд… Энэ бүхнийг ажигласаар цэцэрлэгийн хүүхдийн бэлтгэх ёстой, сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийн жагсаалтыг гарган нэгэн лангуудаас үнийг тодрууллаа.

-ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН СУРГАЛТЫН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН ДУНДЖААР 105 МЯНГАН ТӨГРӨГ-

Нэг хичээлийн жилд цэцэрлэгийн хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчийн бэлтгэх сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийг нарийн чанарын шаардлага хангасан 17 нэр төрлийн хичээлийн хэрэглэгдэхүүн, зургаан төрлийн ариун цэврийн хэрэгсэл байдаг.

Ердийн цэцэрлэгийн Ахлах бэлтгэл бүлгийн сургалтын хэрэглэгдэхүүн дунджаар 52 мянган төгрөг байгаа бол 24 цагийн цэцэрлэгийн бага, дунд бүлгийн хэрэглэгдэхүүн 47 мянган төгрөг, ахлах, бэлтгэл бүлгийн хэрэглэгдэхүүн ойролцоогоор 60 мянган төгрөг болж байна.

Ариун цэврийн хэрэгсэл нь мөн хүүхдийн насанд тохирсон, чанарын стандартыг хангасан гарын шингэ саван, шүдний оо, сойз, ариун цэврийн цаас, амны цаас, барааны саван дунджаар 54 мянган төгрөгний үнэтэй байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2013 оны тушаалаар эдгээр сургалтын хэрэглэгдэхүүнийг тухайн цэцэрлэг, эцэг эхчүүдээс жилдээ нэг удаа авна гэж заасан байдаг. Гэвч зарим улсын цэцэрлэг улиралд нэг удаа авдаг гэх гомдлыг эцэг эхчүүд хэлж байсан юм.

– ЭЭЖ, ААВЫНХ НЬ АЛЬ НЭГ НЬ АЖИЛ ХИЙДЭГГҮЙ БОЛ ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЭЛ БЭЛТГЭХЭД САНХҮҮГИЙН ХҮНДРЭЛТЭЙ ТУЛГАРНА-

Бичиг хэрэгслийн худалдааны оргил үе нь наймдугаар сард боловч ид ачаалал нь 20-оос эхэлдэг гэнэ.

Ц.Сүхболд: “Хүүхдүүддээ дор хаяж нэг жилийн эдэлгээ даахуйц цүнх, пинал авч өгөхийг боддог. Нэг гэрээс хэдэн хүүхэд сургууль цэцэрлэгт сурч байна гэдэг нь маш чухал. Ээж, аавынх нь аль нэг нь ажил хийдэггүй бол хичээлийн хэрэгсэл бэлтгэхэд санхүүгийн хүндрэлтэй тулгардаг. Цагийг нь тулгаж бэлдэхээр олон хүнтэй мөргөлцөж, шүргэлцэх хүүхдүүд гэмтэх магадлалтай байдаг учраас аль болох эрт бэлдэхийг хичээдэг. Бага охин нэгдүгээр ангид орно хичээлийн хэрэгсэл цүнхийг нь 150 гаран мянган төгрөгөөр авлаа. Сурах бичиг, дүрэмт хувцсыг хараахан аваагүй байна. Сурах бичгийн асуудал нэлээдгүй төвөгтэй байдаг сурагтай” гэлээ.

Энэ жилийн тухайд хичээлийн хэрэгслийн үнэ ханш өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад хэвийн байгаа гэдгийг худалдаачид ярьж байлаа. Үнэ ханшийн тухайд “Бөмбөгөр” худалдааны төвд:

  • 12-96 хуудастай дэвтэр 250-2000,
  • Зургийн дэвтэр 800-3000,
  • Үзгэн бал-250-3000,
  • Баллуур 200-2500,
  • Өнгийн цаас 700-3500,
  • Пинал 2500-12000,
  • Штрик 1000-3000,
  • Цаасны цавуу 500-3000,
  • Пламастер 2500-5000,
  • Өнгийн харандаа 1500-5000,
  • Усан будаг 2000-5000,
  • Шугам 200-3000,
  • Скоч 350-2000,
  • Балны запас 3000-4000,
  • Ватум цаас 1000,
  • Үзүүрлэгч 200-1000,
  • Гортиг 1500-9000,
  • Сампин 2500-5000,
  • Гуаш 4000-6500,
  • Баримлын шавар 2500-6000,
  • Хайч 1500-3500,
  • Тодруулагч 800-1000
  • Сурагчийн цүнх 15000-120 мянган төгрөгний үнэ ханштай байна.

-“ЭРДМИЙН ТҮЛХҮҮР” БИЧИГ ХЭРЭГСЛИЙН ДЭЛГҮҮРТ СУРАГЧИЙН ЦҮНХ 15.000-200,000 ТӨГРӨГ-

“Оргил”, “Эрдмийн түлхүүр”, “Тод өнгө”, “Мазаалай”, “Golden pen” зэрэг төрөлжсөн худалдааны төвүүдээр ч мөн хичээлийн хэрэгсэл худалдаж байна. Эдгээрээс “Эрдмийн түлхүүр” бичиг хэрэгслийн дэлгүүрээс үнийн талаар тодруулахад “Энэ жил дэвтэр 20-100 төгрөгөөр нэмэгдсэнээс  өөрөөр хичээлийн хэрэгслийн үнэ нэмэгдээгүй, өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад ижилхэн үнэтэй байна. Цүнх 15-200 мянган төгрөгөөр борлуулагдаж байна” гэв. Хичээлийн хэрэгслийг томоохон сүлжээ дэлгүүрүүд “Нарантуул”, “Бөмбөгөр” зэрэг худалдааны төвүүдээс харьцангуй өндөр үнээр зарж байгаа ч чанартай бараа үнэтэй байдаг” гэж худалдан авалт хийж буй ээж аавууд хэлж байна.

Ингэхээр иргэд хамгийн хямдаар тооцоход нэг сурагчийн хичээлийн хэрэгсэл бэлдэхэд 150 мянган төгрөг, худалдааны төвүүд болон томоохон сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийвэл 200-300 гаруй мянган төгрөг болох аж.

Д.ЦЭРЭНЧИМЭГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Б.АМАР

Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close