Pink: Ковид маш хүнд туссан учраас гэрээслэлээ дахиад бичсэн

Алесиа Бет Мур, бидний мэдэхээр дуучин Pink өнгөрсөн жил коронавирусийн халдвар авч, биеийн нөхцөл байдал нь муудсаны улмаас гэрээслэлээ дахин бичсэн гэдгээ хэлжээ. Тэрбээр 2020 оны гуравдугаар сард хүү Жеймсонтой хамт коронавирусийн халдвар авсан байна.

Pink шинээр өгсөн ярилцлагадаа “Ковид-19” тусаад маш хүндэрч одоо ингээд өнгөрлөө гэж бодож байсан тухайгаа хэлсэн байна. Тэрбээр даваа гарагт (2021.05.03) “Heart” радиод ярилцлага өгөхдөө “Энэ итгэмээргүй сонсогдож магадгүй л дээ, гэхдээ бид өнгөрсөн жилийн гуравдугаар сарын эхээр Ковид туссан, маш хүнд туссан учраас би гэрээслэлээ дахин бичсэн” гэжээ.
Өнгөрсөн жил тэрбээр хүү Жеймсонтой цуг “Ковид-19”-той сэтгэл зүйн болон эрүүл мэндийн хувьд тэмцсэн талаар эсээ бичсэнийг “NBC News” нийтэлсэн юм. Pink бичихдээ “Гурван настай хүүтэйгээ хамт Ковид-19-ийн эсрэг тэмцсэн үе маань эх хүний хувьд туулж өнгөрүүлсэн сэтгэл зүй, бие махбодын хамгийн хэцүү сорилт байсан” хэмээсэн байна.
Эх сурвалж: Daily Mail
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.