Нийгмийн

Н.Наранцэцэг: Хүү минь буу шийдэмгүй учир баавгай хараад шууд зугтсан

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд баавгай бэлчээрт яваа үхэр рүү дайрсан гэх хэрэг энэ сарын 7-нд гарсан. Тодруулбал бэлчээрт малаа хариулж байсан иргэнд баавгай үзэгдэж, амжиж зугатжээ. Эл явдлын дараа үхэрнээс нь хоёр бяруу дутсан гэх бөгөөд өнөөг хэр нь олдохгүй байгаа аж. Иймд аймгийнхаа Байгаль, орчны газар болон цагдаагийн байгууллагад дуудлага өгснөөр шалгалтын ажиллагаа эхэлсэн байна.


Баавгай харагдсан гэх газар нь шигүү бутлаг ургамал ихтэй, хадархаг газар тул эрлийн ажиллагаанд бэрхшээл учраад байгааг мэргэжилтнүүд онцлов. Бид тус хэргийн мөрөөр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Байгаль орчны газар, багийн Засаг Дарга болон баавгай харсан гэх айлын эзэгтэйтэй утсаар холбогдсон юм.

-Н.НАРАНЦЭЦЭГ: БИЕЭ ХАМГААЛАХ БУУ ШИЙДЭМГҮЙ УЧИР БААВГАЙ ХАРААД ШУУД ЗУГАТСАН-

Айлын эзэгтэйг Н.Наранцэцэг гэдэг бөгөөд тус сумын нэгдүгээр багт хоёр хүү, охины хамт аж төрдөг байна. Тухайн өдөр гэрийн эзэгтэй охиноо амаржуулахаар аймгийн төвийн эмнэлэг явсан байжээ. Улмаар 21 настай хүү нь бэлчээрт явахдаа ийн баавгайтай таарсан аж. Эл явдлын тухай хүүгээсээ сонссон гэх бөгөөд хүү нь холбоо барих утасгүй гэртээ үлдсэн гэв. Иймд бид Н.Наранцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Хүүг нь бэлчээрт байхад баавгай харагдсан юм байна шүү дээ. Тухайн үед юу болсон тухай хүүгээсээ асуусан уу?

-Хүүг аймгийн төвийн эмнэлэгт эргэж ирэхэд нь хальт мэдээ сонссон. Бэлчээрт байхад нь бургаснаас гэнэт баавгай гараад ирсэн гэсэн. Бидэнд ямар бие хамгаалах буу шийдэм, хутга шөвгө байх биш, урдаас нь чиглээд ирэхэд нь санд мэнд гэр рүүгээ гүйсэн байгаа юм. Гэртээ ороод хаалга үүдээ цоожлоод их айснаа хэлсэн.

Эгч бид хоёр нь энд, ах нь ажлаар өөр тийшээ яваад, хүү минь гэртээ ганцаараа үлдсэн юм. Эгч нь гурван хүүхэдтэйгээ амьдардаг юм аа. Хань минь эрт бурхан болчихсон.

-Алдсан бярууныхаа сургийг гаргасан уу?

-Сураг гараагүй ээ. Тийм болохоор аймгийнхаа Байгаль орчны газар болон цагдаагийн байгууллагад хандсан юм. Маргааш өдөр нь хүмүүс хүүгээр байршлыг нь заалгаад баавгайн мөр, газарт нь үзлэг хийсэн гэсэн.

-Хүүгийн тань харсан баавгай бярууг идсэн гэж бодож байна уу?

-Бяруу алга болоход баавгай харагдсан болохоор л тэгж сэжиглэсэн төдий. Яг бариад идэж байгааг нь бол үзээгүй, барааг нь хараад гэр рүүгээ гүйсэн гэсэн.

-БАЙГАЛЬ ОРЧНЫ АЖИЛТАН Б.БАТЖАРГАЛ: МАНАЙ СУМАНД БААВГАЙ ҮЗЭГДСЭН АНХНЫ ТОХИОЛДОЛ-

Үргэлжлүүлэн Хөвсгөл аймгийн Баян-Чандмань сумын Байгаль орчны газрын мэргэжилтэн Б.Батжаргалтай холбогдов. Тэрбээр бидэнд:

“Айлын бэлчээрт баавгай үзэгдсэн гэдэг дуудлагын дагуу Экологийн цагдаагийн алба болон хариуцсан мэргэжилтнүүд тухайн газар үзлэг хийсэн. Мөн аймгийн Засаг Даргын захирамжаар баавгайнаас сэрэмжлүүлэх мэдээ мэдээллийг иргэдэд хүргэж ажиллаж байна. Тухайн айлын хувьд хоёр бяруу нь алга болсон юм билээ.

Баавгай харагдсан гэж байгаа ч, яг бярууг нь идэж байгааг хараагүй. Баавгай нь өөрөө тайгад амьдардаг. Ил гарч хүн амьтанд харагдах нь маш ховор байдаг. Түүнчлэн дан махаар бус самар, жимс ургамлын гаралтай хоол тэжээлийг иддэг холимог идэштэн юм. Ноднин жил Сэлэнгэ аймагт бас баавгай үзэгдсэн гэсэн. Манай суманд баавгай үзэгдсэн анхны тохиолдол болж байна” гэв.

-БАГИЙН ЗАСАГ ДАРГА: БААВГАЙ ХАРАГДСАНААС АЛГА БОЛСОН БЯРУУГ ИДСЭН ЭСЭХ НЬ ТОДОРХОЙГҮЙ-

Түүнчлэн айлын мал баавгайн идэш болсон бол хэрхэх тухай, нөхөн төлбөр олгодог эсэх асуудлаар Хөвсгөл аймгийн Баян-Чандмань сумын нэгдүгээр багийн Засаг Дарга н.Оргилоос тодруулахад:

“Тухайн асуудал нь өөрөө маш ярвигтай. Баавгай харагдсан гэснээс бярууг идсэн эсэх нь тодорхойгүй. Хэргийн дараа тухайн орчмоос баавгайн мөр олсноос өөр нотломжгүй. Одоогоор цагдаагийн байгууллагаас шалгалт үргэлжлээд явж байгаа юм билээ. Бярууг баавгай идсэн байсан ч тухайн айлд хохирол барагдуулах, нөхөн төлүүлэх боломжгүй” гэлээ.

-АМЬТАН СУДЛААЧ: ӨНГӨРСӨН ЖИЛ ЖИМС УРГААГҮЙ ТУЛ ХОРХОЙТСОН БААВГАЙ ИХЭССЭН БАЙХ МАГАДЛАЛТАЙ-

Харин амьтан судлаачдын үзэж буйгаар Хөвсгөлийн байгалийн цогцолборт газар нутаг буюу Хөвсгөл аймгийн Ханх, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Алаг-Эрдэнэ сум, Хөвсгөл нуурын баруун, зүүн эрэг дагуух газруудад өнгөрсөн жил жимс ургаагүй тул “хорхойтсон баавгай” ихэссэн байх магадлалтай гэв. Самар,  жимс ховор ургасан үед өлссөн баавгай улаан шоргоолжны үүр ухаж эхэлдэг байна. Улаан шоргоолжинд “алдегид” хэмээх спирт байдаг бөгөөд түүнд согтсон баавгайг “Хорхойтсон баавгай” гэдэг аж. Ийнхүү согтсон баавгай хаашаа ч хамаагүй тэнэж амьтан хүнд халдах тохиолдол хэд хэдэн удаа гарч байжээ.

-ХЭНТИЙ АЙМАГТ БААВГАЙ ХҮНИЙ СУУРЬШИЛ РУУ ХАЛДАЖ, СЭЛЭНГЭ АЙМАГТ ХОЁР ХҮНИЙ АМИНД ХҮРЧ БАЙВ-

Хамгийн сүүлийн жишээг дурдахад өнгөрөгч 2020 оны наймдугаар сарын 10-нд Нийслэлийн ногоон бүсийн Санзай ам орчимд баавгайн мөр илэрсэн бол 2019 оны аравдугаар сарын 18, 19-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Батширээт суманд хүний суурьшил газар луу зэрлэг баавгай “дайрсан” тохиолдол гарч байв. Эл баавгайг Засаг даргын захирамжаар алсаас буудаж хөнөөсөн нь тухайн үед олны шүүмжлэлийг багагүй дагуулсан билээ. Түүнчлэн түүний өмнө сард Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гэртээ унтаж байсан аав хүү хоёрыг тэнэмэл баавгай “идэж”, амь насыг нь хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан билээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

11 Сэтгэгдэл

  1. Юундаа шүүмжилдэг юм. Хүн рүү дайрахад буудаж л таараа, гэрийн бүрээс урж гэр бараа хэмхчиж байхад буудахаас өөр аргагүй

  2. Сэлэнгэд аав хүү 2ыг идсэн гэрийн эвдэж ороод тэдний цогцос нь зарим хэсэг нь олдоогүй шүү

  3. Цагдаа, Онцгой байд####ыхан хүнээ гэдэг, Байг####ь орчныхон баавгайгаа гэдэг юм билээ. Монгол оронд баавгай элбэг болсон учираас л дэмий тэнэж байгаа юм. Хүнээ илүү амьтан гэж юу байхавдээ, иймээс хүнрүү дайрсан баавгайг устгахаас өөр замгүй. Эсвэл эклогийн цагдаа, байг####ь хамга####агч нар нь баавгайгаа м########. М####ыг нь идсэн бол БОНХЯ төлдөг болгох ёстой. Энэ бол шудрага зарчим. Баавгайн нөхөн төлбөр өндөр байдаг биз дээ.

  4. Батширээтэд нэг биш хоёрыг ####сан. Тэр хоёр баавгай айлруу дайрч гэр барааг нь сүйтэгсэн. Хүмүүс юу гэж хэл ам хийдэг юм? Харинч айсан хүмүүс баярлаж байсан. Энд тэнд явсныг нь тоолвол 20 хүрэх биз. Зөвхөн миний байсан 15 км.кв нутагт 6-7 тохилдол байсан гээд л бод л доо. Түүнээс нэг нь Навчитад будуулсан. Барх, Эг, Онон тийшээ зөндөө байсан гэсэн. Бас нэг нь Эгд буудуулсан байх шүү. Энэ хоёр өөрснөө “зүгээр байгаагүй” юм билээ. Тэгээд төрийн цээрлэл хүртсэн.

  5. ШИЙДЭМ II. Барих т#### нь нарийн, үзүүр хэсэг нь бүдүүн хэлбэртэй цохих, жанчих зэвсэг: шийдмээр цохих

  6. Сүртэй юм бэ, хийх юм аа олж ядсан ажилгүй төрийн ####батууд, байдаг зүйл байгаа л биз, нүдтэй юм чинь харагдаа л биз, үүнийг ш####гахад их мөнгө л гарсан даа

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button