УЛС ТӨРХОВЧ ШАР

С.Баяр: З.Энхболд ийм их ажилсаг уу, эсвэл ийм их завтай хүн үү

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд төрийн тэргүүний АНУ-д хийсэн айлчлалыг дүгнэж өдөр тутмын хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ерөнхий сайд асан С.Баярын АНУ дахь 10 байшинг илрүүлчихээд байна. 10 биш долоо гэх зэргээр маргалдаж магадгүй л байх. Гэхдээ С.Баярын хүүхдүүд, хуучин эхнэр гээд зөвхөн өөртэй нь холбоотой хүмүүсийнх нь нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгө тийм байгаа шүү дээ. Оюутолгойн гэрээний дараагаас эхлээд л баяжаад эхэлсэн. Хэдэн сая ам.доллароор байшин худалдаж авах болсон.

… Шүүхийн шийдвэргүйгээр тэр 10 байшинг бидэнд өгөхгүй. Энд авлигын хэргээр нь ял өгөөд, 10 байшинг нь хурааж авсугай гэсэн шийдвэр гараад түүний гүйцэтгэлийг АНУ-ын тал биелүүлж өгнө. Мөн тэр газарт, тийм овог, нэртэй хүний хөрөнгө байна гэдгийг бидэнд мэдээлэл өгнө. Ийм маягаар хоёр улсын хууль тогтоох байгууллагыг хамтран ажиллуулахаар Ерөнхий прокурорыг дагуулж явсан” гэж хэдэн жилийн турш батлагдалгүй ярианы бай болсоор буй 10 хаустай холбоотой асуудлыг хөндсөн юм.

Үүнд хариу болгож, Ерөнхий сайд асан С.Баяр цахим хуудсаараа дамжуулан “Ойлгохгүй юм. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга ЗЭ/З.Энхболд/ ийм их ажилсаг уу, эсвэл ийм их завтай хүн үү. Тэнд очиж мөрдөгч хийнэ, энд ирж шүүгч хийнэ. “10 байшинг илрүүлэх”-ийн тулд АНУ явах хэрэггүй. Манай хэдийн авч борлуулсан хэд нь АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн бүртгэл дээр ил бгаа. Аль 2007 оноос хойш.

“Оюутолгойн гэрээнээс хойш баяжсан, хэдэн сая $-аар байшин авах болсон” гэж. Гэрээ 2009 онд байгуулсан. “Авлигын хэргээр ял өгөөд” гэж шүүгч мэт даналзав. Би маш том дарга болчихлоо, надад хууль одоо хамаагүй гэж бодов уу? Omnes ante legem aequi гэж дуулсан бгаа даа, ЗЭ маань?.

ЗЭ үе үе манийг өдөх юм. Би хариу л барив. Намайг сүүлийн 4 жил шалгаж байгаа. Удахгүй шүүх хурал болно. Хэргийн учир тайлагдах биз. Тэрний өмнө өөртөө илүү ажил удах хэрэггүй л баймаар. “Хар хүний өмнөөс шар хүн” гэдэг шиг үндсэн ажлаа л хий л дээ. ЕТГ ч ажил ихтэй газар байдаг сан” гэжээ.

Х.ЭРХЭС

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close