Нийгмийн

Улсын хэмжээнд 82.4 мянган га талбайд тариалалт хийгээд байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан өнөөдөр УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд хаврын тариалалтын бэлтгэл ажил, явцын талаар мэдээлэл өглөө.

Энэ онд улсын хэмжээнд 389.3 мянган га-д үр тариа, 17.9 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 66.5 мянган га-д малын тэжээл, 40 мянган га-д тосны ургамал,  өссөн дүнгээр 4.3 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 527.8 мянган га-д тариалалт хийх зорилт тавин ажиллаж байна.

Тавдугаар сарын 17-ны байдлаар улсын хэмжээнд 77 мянган га-д үр тариа, үүнээс 75.9 мянган га-д улаанбуудай, 2.3 мянган га-д төмс, 1 мянган га-д хүнсний ногоо, 0.1 мянган га-д малын тэжээл, 1.8 мянган га-д тосны ургамал, нийтдээ 82.4  мянган га-д тариалалт хийгээд байна.

Ковид-19 цар тахлын тархалтын улмаас тогтоосон хөл хорионы дэглэм, 4, 5 дугаар сарын цаг агаарын онцлогтой холбоотойгоор хаврын тариалалтын ажил урьд жилүүдийнхээс бага зэрэг хойшилж тариалангийн үндсэн бүс нутгуудаар лууван, сармисны тариалалт 5-р сарын 3-наас, улаанбуудайн тариалалт 5-р сарын 10-наас эхлээд байна.

Тариалалтад шаардлагатай буудайн үрийг бүрэн бүрдүүллээ

Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд дотоодоосоо 47.4 мянган тонн үрийн нөөц бүрдүүлсэн. Үүний зэрэгцээ Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан 10 мянган тонн үр нийлүүлснээр тариалалтад шаардагдах буудайн үрийг бүрэн бүрдүүллээ. Өнөөдрийн байдлаар тариалалтад зориулан хүсэлт гаргасан 284 иргэн, аж ахуйн нэгжид 9.7 мянган тонн улаанбуудайн үрийг 20-30 хувийн урьдчилгаатай зээлээр Хөдөө аж ахуйг дэмжих сангаас олгоод байна.

Хүнсний ногооны үрийн үнийг 80 хувь хөнгөлж ногоочдод олгож байна

“Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Өрхийн тариалан” хөдөлгөөн өрнүүлж тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэн, хангамжийг тогтворжуулах зорилгоор улсын төсвийн 574.7 сая төгрөгийн хөрөнгөөр 10 нэр төрлийн 16.2 тонн ил талбайн болон хүлэмжийн ногооны үр худалдан авсан. Мөн 1.35 тэрбум төгрөгөөр 160 тонн төл сонгинын үр худалдан авах ажиллагааны шатанд явагдаж байгаа бөгөөд хүнсний ногооны үрийн үнийг 80 хувиар хөнгөлж тариалан бүхий иргэн, аж ахуйн нэгжид олгох ажлыг зохион байгуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button