ДЭЛХИЙ

Өвөрмонголд: Ши Жинпиний зорилтод нийцэхгүй тул криптовалют олборлохыг хориглоно

Өвөрмонгол криптовалютын эсрэг авах арга хэмжээгээ чангатгажээ. Өнгөрсөн мягмар гарагт (2021.05.25) Өвөрмонгол криптовалютын салбарыг зогсоох зорилготой хуулийн эх нооргийг боловсруулсан байна. БНХАУ-ын Ерөнхий сайдын орлох Лю Хэгийн ахалсан Төрийн зөвлөлийн хороо өнгөрсөн баасан гарагт (2021.05.21) криптовалютын эсрэг авах үйл ажиллагааг танилцуулсан. Мөн өнгөрсөн пүрэв гарагт (2021.05.20) Бээжин хот банк болон төлбөрийн фирмүүдийг криптовалютын гүйлгээтэй холбоо бүхий үйлчилгээ үзүүлэхийг хориглосон. Тэрхүү хоригийн улмаас Bitcoin,Ethereum, Dogecoin гэх мэт цахим мөнгөнүүдийн ханш унасан юм. БНХАУ-аас гадна Ойрх Дорнод дахь олон тооны банкнууд биткойноор гүйлгээ хийх боломжгүй болжээ. Мөн АНУ-ын Төрийн сангийн газар бизнесүүдийг 10 мянган ам.доллароос давсан биткойны төлбөрийг байнга мэдэгдэж байхыг тушаасан байна.

Гуравдугаар сард Өвөрмонгол криптовалют олборлох явдлыг зогсооно гэдгээ мэдэгдсэн. 2019 онд Хятад улс энергийн хэрэглээ болон энергийн нягтшилын шалгалт явуулахад БНХАУ-ын 30 бүс нутаг дундаас зорилгодоо хүрээгүй цорын ганц бүс Өвөрмонгол байсан тул шүүмжлэл хүртсэн аж. Криптовалют олборлох нь их хэмжээний энерги зарцуулдаг. Тухайлбал нэг жилийн хугацаанд биткойн олборлоход зарцуулагддаг энерги Аргентин улсын жилийн хэрэгцээнээс их байгаа юм.

Өвөрмонгол энергийн нягтшилаа 2020 оны төвшнөөс гурван хувиар бууруулах зорилго тавьжээ. Энергийн нягтшил нь эдийн засгийн хөгжлийн нэгж бүрд ноогдох энергийн хэмжээ юм. Иймд энерги их ашигладаг цахим мөнгө олборлох явдлыг зогсоох аж. Хятадын Ерөнхийлөгч Ши Жинпинь 2060 он гэхэд нүүрсхүчлийн хий ялгаруулалтаа тэглэх зорилго тавьсан. Иймд БНХАУ даяар энергийн хэрэглээ, энергийн нягтшилыг сайжруулах тал дээр ажиллаж байгаа юм.

Өвөрмонголын хөгжил, шинэчлэлийн хороо мэдэгдсэнээр тус эх ноорогт криптовалют олборлоход оролцсон цахим сүлжээний компаниудын бизнес эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох талаар оруулжээ. Мөн цахим мөнгө олборлогчдыг цахилгаан энергиэр хангадаг станцуудад зориулж энерги хэмнэх хатуу шаардлагыг батална гэсэн байна. Ямар нэгэн томоохон мэдээллийн төвүүд, үүлэн тооцоолол хийдэг фирмүүд криптовалют олборлолтод оролцвол бодлогоор олгодог хөнгөлөлтийг нь цуцалж, Өвөрмонголын олон талт цахилгаан худалдаалах зах зээлээс хөөх аж. Дээрээс нь цахим мөнгөөр санхүүжилт босгож буй компани, хувь хүмүүсийг Хятадын хууль бус хандив цуглуулах хуулийн дагуу яллахыг тус эх ноорогт бичсэн байна. Өмнө нь Өвөрмонголд 2019 оны есдүгээр сард криптовалют олборлолтын эсрэг арга хэмжээ авч байсан. Хамгийн сүүлд боловсруулсан эх ноорог нь компани, хувь хүмүүсийг илүү өргөн хүрээнд хамруулснаараа ялгаатай юм. 2019 онд авсан арга хэмжээ нь мэдээллийн төвүүд, криптовалют олборлодог фирмүүдэд чиглэсэн байжээ.

Эх сурвалж: Coindesk, Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button