ДЭЛХИЙ

TELEGRAPH: Монголчууд “хонины” дипломат ажиллагааны дүнд вакцинжуулалтаар тэргүүлэв

Монгол улс дахь вакцинжуулалтын үйл явцын талаар гаднын хэвлэл The Telegraph сайтад гарсан нийтлэлийг орчуулан хүргэж байна.


Дэлхийн улс орнууд вакцин олж авахын төлөө тэмцэлдэж буй энэ үед хүн амаа бүрэн дархлаажуулахад хангалттай тооны тун олж авсан улс цөөн. Тэдгээр цөөн улсуудын дийлэнх нь баян чинээлэг орнууд байгаа юм. Мөн баян чинээлэг биш ч гэсэн гайхалтайгаар хангалттай вакцин олж авсан улсууд байгаа билээ.

Тэдний нэг нь Монгол улс юм. Одоогийн байдлаар Монгол улс насанд хүрсэн иргэдийнхээ 88 хувьд нэг тун вакцин тарьсан байна. Харин нийслэл Улаанбаатар хотод оршин суудаг насанд хүрэгчдийн 99 хувь нь анхны тунгаа хийлгэжээ.

Өнгөрсөн хоёрдугаар сард Энэтхэг улс монголчуудад 150 мянган тун “AstraZeneca” вакцин бэлэглэсэн. Мөн олон улсын “Covax” хөтөлбөрөөс 100 мянган тунг хүлээн авсан. Харин 4.3 сая гаруй тун вакциныг БНХАУ болон ОХУ-аас худалдан авсан байна. Вакцинаар дипломат үйл ажиллагаа хийх зорилготой хоёр том орны хооронд Монгол оршдог тул үүнийг нь ашиглажээ.

Монголын Ерөнхий сайдын зөвлөх Э.Болормаа “The Telegraph” агентлагт ярилцлага өгөхдөө “Бид хөршүүдтэйгээ ямар харилцаатай гэдгээ сайн мэдэж байсан. Бид үүнийг ашиглахыг хүссэн. Гэхдээ тэгэхэд амар байгаагүй. Вакцин хүлээн авах дараалалд орох нь хэцүү байсан. Монголчууд дайчин сэтгэлгээтэй байдаг. Хэрвээ бид нэг юмыг хийхийг хүсвэл заавал дуусгадаг” гэсэн байна.

Энэхүү тууштай байдал нь ашиг тусаа өгчээ. Монголын Засгийн газар Спутник-V вакцины нэг сая тун авах гэрээ хийсэн байна. Гэхдээ ОХУ-д үйлдвэрлэлтийн саатал гарсны улмаас Монгол улс 60 мянган тун л хүлээн аваад байгаа юм. Мөн өнгөрсөн долоо хоногт Синофарм үйлдвэрийн вакцины сүүлийн 4 сая тун Монгол улсад буусан аж.

МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн, удирдлагын сургуулийн багш Д.Оюунсүрэн Монголын Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хонины дипломатчлалыг сайшаажээ. Д.Оюунсүрэн “The Telegraph”-д хэлэхдээ “Тэрбээр Уханьд цар тахал эхэлж байх үед БНХАУ-д айлчилсан анхны гаднын орны удирдагч болсон. Айлчлалынхаа үеэр Х.Баттулга хүмүүнлэгийн тусламж болгон 30 мянган хонь бэлэглэхээ амласан. Ингэснээр Монгол Улс Синофарм компанийн 300 мянган тун вакциныг хандив болгон хүлээн авах замыг тавьж, нэмэлтээр вакцин худалдан авах тохиролцоонд хүрэхэд тусалсан” гэжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцинжуулалтыг хөл хорионы дэглэмийг дуусгах гол суурь болгосон. Дөрөвдүгээр сарын сүүлээр Монгол Улс өдөрт дунджаар халдварын 2500 гаруй тохиолдол бүртгэн авж байсан. Хөдөө орон нутгуудад хүн амын нягтшил бага учир халдварын тархалт тийм ч хурдтай байгаагүй. Харин хотын орчинд хөл хөдөлгөөн ихтэй газруудаар халдварын тоо хурдтай нэмэгдсэн аж.

Иймд Монгол Улс иргэдээ яаралтай вакцинжуулж эхлэх нь чухал байв. Өргөн хүрээний дархлаажуулалт Монголын хүн амын тал нь оршин суудаг нийслэл Улаанбаатараас эхэлжээ. Иргэдээ вакцинжуулалтад хамрагдахыг уриалахын тулд Монголын Засгийн газар вакцин тариулсан хүн болгонд 50 мянган төгрөг өгөх шийдвэр гаргасан. Синофарм үйлдвэрийн вакциныг монголчуудад үнэгүй хийж байгаа.

Монгол Улс хүн амын нягтшил багатай улс учир алслагдмал суурин газарт амьдардаг иргэдээ хэрхэн вакцинжуулах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Харин Ерөнхий сайдын зөвлөх Э.Болормаа алслагдмал газарт амьдарч буй иргэдийг вакцинжуулах эрүүл мэндийн дэд бүтэц бий гэдэгт итгэлтэй байгаагаа хэлжээ.

Оксфордын их сургуулийн профессор Трой Стернберг хэлэхдээ “Монголын хүн амын тал нь Нийслэлдээ амьдардаг. Харин үлдсэн хэсэг нь 1500 км газарт тархан суурьшдаг. Монголын Засгийн газар хөдөө орон нутагт амьдардаг иргэдээ хэрхэн дархлаажуулах вэ гэдэг нь сонирхолтой байна” гэжээ. Гэсэн хэдий ч Монголын Засгийн газар цар тахлын хүнд үе өнгөрсөн гэдэгт маш итгэлтэй байгаа бөгөөд иргэддээ Ковидгүй зуныг амласан байна.

Эх сурвалж: Telegraph

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button