НийгмийнЯрилцлага

С.БОЛД-ЭРДЭНИЙН НАЙРУУЛАГЧИД: Адгийн новш, хөгшин өвгөн, бүтэлгүй амьтны ч дүр бай тэр бүтээдэг

Сугарын Болд-Эрдэнэ. Тэр бол тайз дэлгэцийн олон арван бүтээлд оюун ухаан, хөлс хүчээ зориулсан, зориулсаар ч яваа бодьгал. Та бүхэн түүнийг “Гамлет”, “Кихот ноён”, “Ромео Жульетта”, “Царцаа намжил”, “Фауст,” “Анна Каренина”, “Атга нөж”, “Тэнгэрийн хүү”, “Оролмаа эх” зэрэг жүжгүүдэд сэтгэлзүйн эрс эргэлт бүхий олон дүрүүдэд амьдарсан. Мөн тэрбээр “Ноён солиот”, “Зура”, “2000” , “Чингис хаан”, “Үл таних эмэгтэй”, “Үргээлэг 1, 2”, “Солонго үүл” гэх мэт олон кинонд тоглож, тэр бүрдээ өөрийгөө үзэгчдэд дахин, дахин нээж буй чадвартай уран бүтээлч билээ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаах хүртэл нь зарим үзэгчид түүнийг Гавьяат жүжигчин гэж боддог байсан байх.

Энэ удаа бид жүжигчин Сугарын Болд-Эрдэнэд гэр бүлээс нь гадна хамгаас их итгэдэг хүмүүстэй уншигчдаа уулзуулж байна. Тэд бол түүнд гол дүрд өгч, хамтран ажилласан найруулагчид. Театр киноны найруулагч Ж.Сэнгэдорж, Германы зохиолч Гётегийн “Фауст” жүжгийг Монголын тайзнаа амилуулсан найруулагч М.Батболд нар С.Болд-Эрдэнийн тухай орон хотын хоёр өнцгөөс ярьж байна. Бид С.Болд-Эрдэнийн насан туршийн уран бүтээлийн хамтрагч найруулагч Н.Наранбаатарыг урин оролцуулах учиртай байсан ч ажил хэргийн шалтгааны улмаас ярилцаж амжаагүйдээ тэдний үзэгчдээс уучлал хүсье.

ФАУСТ VS ҮРГЭЭЛЭГ

-Та жүжигчин С.Болд-Эрдэнэд яагаад кино, жүжгийн гол дүр өгдөг вэ?

-Мягмарнарангийн Батболд: С.Болд-Эрдэнэ Гётегийн  “Фауст” жүжгийн гол дүрд тоглодог. “Фауст” жүжгийн гол дүрээр түүнийг сонгосон нь их учиртай. Нэгдүгээрт, Гётегийн  “Фауст” жүжиг хамгийн өндөр хэмжээний уран чадварыг жүжигчнээс шаарддаг. Хоёрдугаарт, маш өндөр хэмжээний туршлага, мэдрэмж, техник шаардсан дүр. Эдгээр чанарууд бүгд С.Болд-Эрдэнэд бий. Тэр бол төрөлхийн авьяастай, соргог нарийн мэдрэмжтэй. Тэгээд сургалтаар олж авсан маш сайн техниктэй. Энэ бол жүжигчний уран чадварын хамгийн чухал нь. Жишээ нь, бөхийн секцэнд таван жил явсан туранхай хүүхэд, хөдөөний бяртай мэх мэддэггүй хүүхэд барилдлаа гэж бодъё. Бөхийн секцэд явдаг туранхай хүүхэд нь хоёр гуравхан мэх хийгээд л давчихна. Яг үүнтэй адил С.Болд-Эрдэнэ жүжигчин техниктэй, бүх дүрүүдээ шинээр, сониноор илэрхийлдэг. Энэ нь хамт ажиллаж байгаа залуучууд, бусад уран бүтээлчдийг чирнэ. Залуус дагаад хөгжинө, ирлэгдэнэ.

Хүмүүсийн дунд “сайн хүн” гэж нэг ойлголт бий. Тэр “сайн хүн”-д багтахыг бүгд л эрмэлздэг. Харамсалтай нь зарим хүмүүс багтаж чаддаггүй. Ер нь бол жүжигчин хүн “сайн хүн” байх ёстой. С.Болд-Эрдэнэ энэ ангилалд багтана. Ёс суртахууны, ёс зүйн шаардлагуудыг хангачихсан хүн.

Байнга хамтарч ажиллах хүсэл төрүүлдэг бас нэг чанар түүнд бий. Биеэ тоосон, өөрийгөө өндөрт шидсэн амбицгүй. Амбицтай жүжигчидтэй ажиллахад үнэхээр хэцүү байдаг байхгүй юу. Аль хэзээний том жүжигчин болчихсон, тайзан дээрх өөрийгөө өндрөөр төсөөлчихсөн хүн хэзээ ч найруулагчийн чиглэл, зааварчилгааг авахгүй. Тийм жүжигчидтэй нэг бус удаа ажиллаж үзсэн. Үнэхээр хэцүү. Харин С.Болд-Эрдэнэ бол тийм биш. Уран чадвар, мэдлэг, мэдрэмж авьяасаараа хавь илүү мөртлөө найруулагчийн өмнө хүүхэд шиг байж чаддаг. Цав цагаан цаас тайзан дээр гарч ирдэг. Тиймдээ ч би түүнтэй ажиллах дуртай.

-Жанчивдоржийн Сэнгэдорж: -С.Болд-Эрдэнийн аав С.Сугар, манай аавтай хамтарч ажиллаж байсан. Тэд бол нэг үеийн томоохон орон зай эзэлсэн уран бүтээлчид. Тиймдээ ч би С.Болд-Эрдэнийг аавыгаа залгамжилж яваа мундаг залуу, мундаг сайн жүжигчин гэж боддог. Уран бүтээлд хандах хандлага, уран бүтээлч байх өнцөгтөө чин үнэн ч байж чаддаг. Энэ бол С.Болд-Эрдэнийн гайхалтай, хайрлам чанар. Энэ чанар  жүжигчин хүн бүхэнд байдаггүй. Бид “Үргээлэг” уран сайхны кинонд хамт ажиллаж байсан. Би түүнд эсрэг талын дүр өгсөн. С.Болд-Эрдэнэ харин нэлээн характор  гаргаж, сонирхолтой шийдлүүдийг хийсэн.

Ер нь бол жүжигчин хүнд жижиг дүр гэж байдаггүй. Жижигхэн жүжигчин л гэж байдаг. Кино өөрөө маш их олон туслах дүрүүдээр чимэглэж байж цогцоороо том кино болдог. Дан гол дүрүүд мундаг тоглоод туслах дүрүүд нь муу байвал тэр кино сайн болохгүй. С.Болд-Эрдэнийн тухайд бол өөрт хуваарилагдсан дүр дээрээ маш сайн ажиллаж чаддаг. Тэр чадвар нь маш өндөр. Дахин хэлэхэд уран бүтээлч хүний мөн чанар дээр хатуу зогсож чадсан уран бүтээлч. Уран бүтээлийн мөн чанар дээр зогсоход асар их тэвчээр, уйгагүй хөдөлмөр шаарддаг. Тэр тусмаа ахуй амьдралын шаардлагаар тааруухан бүтээлд оролцох асуудалтай уран бүтээлч бүхэнд тулгардаг. С.Болд-Эрдэний тухайд энэ асуудалд нэлээд цензуртай хандаж чаддаг юм шиг санагдсан.  

ЛОРЕНЦО ЛАМТАН НУУЦЛАГДМАЛ ЧАНАР

-Түүнийг ямар уран бүтээл дээрээс анзаарч, онцгойлсон бэ?

-М.Б: Арван жилд байхдаа УДЭТ-ийн тайзнаа тавигдаж буй бүхий л жүжгийг очиж үздэг байсан. Тэдгээр жүжгүүдийг үзэж байхад С.Болд-Эрдэнэ ах жүжиг болгон дээр өөр, өөрөөр байж чаддаг байсан. Тэр хандлага нь хамтарч ажиллах юмсан гэсэн бодлыг эрхгүй төрүүлсэн. Ялангуяа, Ромео Жульеттагийн Лоренцо ламын дүрийг хараад хамтарч ажиллана хэмээн өөртөө ам гарсан.

Ж.С: Ер нь л УДЭТ-ийн олон жүжгүүд дээрээс харж байсан. Яг ямар бүтээл дээрээс харж “точкалсан”-аа мэдэхгүй байна. Би хувьдаа жүжигчдийг нууцлагдмал байгаасай гэж хүсдэг. Өөрсдийгөө, ахуй амьдралаа аль болох битгий их нээгээсэй гэж боддог. Харин С.Болд-Эрдэнэ таарсан нэвтрүүлэг болгонд оролцож, бүхнээ яриад байдаг хүн биш юм билээ. Түүнд нь би бас их олзуурхдаг л даа. Яагаад гэвэл жүжигчин хүн элдчихсэн гурил шиг байх ёстой. Нэг дүрээс нөгөө дүр рүү шилжихдээ хувирч чаддаг байх ёстой. Өөрийгөө хэт их задгайлаад бүх юмаа ойлгуулчихсан жүжигчнээр тэр дүрийг гаргуулж ирнэ гэдэг хэцүү байдаг.

ЦОО ШИНЭ ЭХЛЭЛҮҮД + ӨӨРТЭЙГӨӨ АЖИЛЛАХ...

-Найруулагч биш үзэгчийн үүднээс харвал түүний дүрээ бүтээх хамгийн онцгой арга барил юу вэ?

-М.Б: Адгийн новш, хөгшин өвгөн, бүтэлгүй амьтан ч бай, ямар ч дүрийг маш цэвэрхэн гаргадаг. Юуг ч нь хэтрүүлдэггүй, бас дутаадаггүй. Их цэгцтэй.

“Фауст” жүжгийн сургуулилтын үеэр зохиолч, орчуулагч Н.Пүрэвдагва ах миний хажууд сууж байсан юм. Тэгснээ “Энэ С.Болд-Эрдэнэ чинь яасан муур шиг золиг вэ” гэж хэлсэн юм. Маш нарийн техник, хөдөлгөөнтэй учраас тэгж хэлсэн байх. Ер нь бол С.Болд-Эрдэнэ маш хөнгөн. Хөнгөн гэдэг нь өөрийгөө яг цагаан цаас шиг тайзан дээр цоо шинээр эхлүүлж чаддагийг нь хэлсэн юм шүү. Ийм л жүжигчин хол явна. Ийм жүжигчин тайзан дээр 100 насална.

Ж.С: Жүжигчин хүн өөрөө, өөртэйгөө ажилладаг маш олон арга барилтай. С.Болд-Эрдэнийн тухайд бол өөртэйгөө маш сайн ажиллаж чаддаг. Тэр нь харагддаг. Тиймдээ ч түүний давтагдашгүй дүрүүд үзэгчдэд илүү их хүрдэг байх.

ГҮН УХААНЫ ДҮРҮҮД VS ХАРЬЦУУЛАХ ШААРДЛАГАГҮЙ

-С.Болд-Эрдэнийг тайз, дэлгэцийн олон улсын ододтой зүйрлэвэл?

-М.Б: Сургуулилтын үеэр би өөрт нь хэлж байсан юм. Оросын алдарт Иннокентий Смоктуновский гээд жүжигчинтэй адилхан. Энэ хүний тухай уншиж, судалсан юм.  Маш их нарийн мэдрэмжтэй, техниктэй, авьяастай, ухааны жүжигчин байсан. Гүн ухааны дүрүүдийг маш сайн бүтээдэг. С.Болд-Эрдэнэ ахад энэ жүжигчинтэй адил чанарууд байдаг гэж хардаг.

-Ж.С: Энэ талаар ер бодож үзээгүй юм байна. Бодож байгаагүй юмаа худлаа хэлээд яахав.

ТҮҮНД ЗОРИУЛСАН ТӨЛӨВЛӨГӨӨ БИЙ...

-Таны ойрын төлөвлөгөөнд С.Болд-Эрдэнэд байгаа юу. Нууц биш бол та хэлж болох уу?

-М.Б: Байгаа. Ойрын хугацаанд хийх хоёр том уран бүтээлийн төлөвлөгөөнд бий. Гэхдээ энэ одоохондоо нууц байх ёстой.

-Ж.С: Мэдээж хамтарч ажиллана. Ойрын хугацаанд тайз болон дэлгэцийн уран бүтээлд хамтарна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-04 10:21

Амжилт хүсье

Зочин
Зочин
2021-06-04 15:22

Найрууланч нар сайн дүгнэжээ

Шүтэн бишрэгч
Шүтэн бишрэгч
2021-06-04 15:25

Миний хамгийн их хүндэлж явдаг жүжигчин. Амжилт хүсье!

Зочин-2
Зочин-2
2021-06-04 18:22

Үнэхээр авъяаслаг уран бүтээлч хүн. Түүний тоглосон жүжиг, киноноос үнэмшилтэй дүр төрхийг харж тэр хирээр аялдан дагаж бахархах, өрөвдөх, үзэн ядах... г.м. сэтгэгдэл төрүүлдэг. Илүү дутуу хоосон юм байдаггүй нь гайх�##�тай.

Холбоотой мэдээ

Back to top button