ХУУЛЬ

С.Будрагчаа: Хэн нь мэдэгдэхгүй хүн машиндаа суулгаад, юу ч хэлэхгүй авч явахад маш их түгшлээ

Livetv.mn сайтын сэтгүүлч С.Будрагчааг Эрүүгийн цагдаагийн албаны мөрдөн байцаагч, ахмад н.Энх-Амгалан үг дуугүй машинд суулгаж авч явсан асуудал өчигдөр өрнөсөн. Цагдаагийн албан хувцасгүй, албаны бус машинтай хэн нь мэдэгдэхгүй хүн сэтгүүлчийг машиндаа суулгаж авч явсан энэ үйлдэл нь хууль бус юм. Бид болсон явдлын талаар Livetv.mn мэдээллийн сайтын сэтгүүлч С.Будрагчаатай ярилцлаа.

-НАМАЙГ МАШИНДАА СУУЛГААД, АВЧ ЯВАХЫГ МАНАЙ РЕДАКТОР ХАРЖ БАЙСАН-

-Өөрийг тань “Асуух зүйл байна” гэж машиндаа суулгаж, цагдаагийн хэлтэс рүү хүчээр авч явсан асуудал үүссэн байна. Тухайн үед яг юу болов?

-Өдрийн 13:00 цагийн үед над руу 88-тай дугаартай хүн залгаад өөрийгөө ЭЦА-ны мөрдөгч, ахмад Энх-Амгалан гэж хүн байна. Тантай уулзаж хоёр гурван зүйл асууж болох уу гэсэн. Тэр үед нь би цагдаагийн хамгаалалтад орох асуудлаар прокурорт гомдол гаргачихсан байсан учраас аюулгүйн зэрэг тогтоох тест авах гэж байна гэж ойлгоод тэгье гэсэн. Таны хаа байгаа газар яваад очъё гэсэн. Түүнээс 30 минутын дараа манай ажил дээр ирсэн. 25-30 орчим насны залуу ирэхэд нь би “Хоёулаа манай ажлын өрөөнд уулзъя” гэж хэллээ. Гэтэл “Үгүй ээ. Манай машинд уулзъя” гэхээр нь доошоо буутал саарал өнгийн приус 20 машин байсан. Нөгөө залуу ийшээ суу гэж хэлэнгүүтээ өөрөө тойрч очиж жолооны ард суугаад шууд хөдлөөд явсан.

-Тэгээд эсэргүүцэв үү?

-Тэгэнгүүт би “Юу болж байна, хаачих гэж байгаа юм” гэхэд таниас  мэдүүлэг авах ёстой гэсэн. Ямар асуудлаар, хаана аваачихыг асуутал Сүхбаатар дүүрэг дээр аваачна гэлээ. Би өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэхэд үг дуугүй намайг авч явсан. Тэр үед манай ерөнхий редактор Амраа ах энэ явдлыг харж байсан юм билээ. Тэгээд сандраад МСНЭ, мэргэжлийн бүх холбоод руу ярьж мэдэгдсэн байсан. Над руу ч маш олон сэтгүүлчид утасдаж, санаа зовж, яав ийв гэж асууж байлаа. Маш их түгшсэн. Тухайн болсон асуудлаар манай эрхлэгч фэйсбүүктээ пост оруулснаар сошиалаар маш хурдан олон хүнд хүрсэн юм билээ.

-Таныг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст аваачаад юу болов?

-Намайг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын 4 давхарт өөр нэг мөрдөгчийн өрөнд аваачсан. Гэтэл Монголын өмгөөлөгчдийн холбооны удирдлагууд таны нэр дээр гомдол гаргасан байсан юм. Тиймээс мэдүүлэг авах гэж авч ирсэн гэдгээ хэлсэн. Зүгээр утсаар хэлчихэж болоогүй юм уу гэхэд таны утасны дугаар байхгүй гэх юм. Дугаар байсан болоод танай хүн надтай яриад, энд авч ирлээ шүү дээ. Битгий худлаа ярь гэсэн. Ингээд өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхгүй гээд өмгөөлөгчөө хүлээж байх зуур энэ асуудал өндрөө аваад цагдаагийн удирдлагуудын чихэнд хүрсэн юм байна.

Ингээд өмгөөлөгч ирээд мэдүүлэг өгөх гэж байтал нөгөө цагдаа гарч ирээд “Уучлаарай, та манай хажуу өрөөнд ороод ирээч” гэхээр нь ортол Б.Батсуурь гэдэг нэртэй хурандаа сууж байсан. Мөрдөн байцаах газрын дарга хүн юм билээ. Тэр хүн болсон явдлыг надаас асуусан. Цагдаа хувцастай, цагдаагийн алаг машинтай ирээд аваад авч явсан бол би ойлгох байсан. Гэтэл хэн нь мэдэгдэхгүй, үнэмлэх, бичиг баримт байхгүй хүн гарч ирээд шууд машиндаа суулгаад явахад би үнэндээ маш их түгшлээ. Намайг янз янзын хүмүүсээр айлгах, дарамтлах ажиллагаа юм уу гэж бодсон гэдгээ хэлсэн.

-АР ГЭРИЙГ НЬ БОДООД ХАРИУЦЛАГА ТООЦУУЛАХЫГ ХҮССЭНГҮЙ-

-Тэр хурандаа алба хаагчиддаа хариуцлага тооцно гэж хэлсэн гэсэн үү?

-Ингээд хурандаа Б.Батсуурь намайг авч явсан цагдаагаас ямар асуудлаар мэдүүлэг авах гэж байгаагаа яагаад хэлээгүй, шууд авч явсан юм бэ гэж асуусан. Гэтэл нөгөө хэд нь хэлэх үггүй болоод уучлал гуйсан. Тэгээд намайг гомдол гаргах юм бол тухайн хоёр алба хаагчид хариуцлага тооцно гэдгээ хэлсэн. Харин би тэдэнд хариуцлага тооцуулахыг хүссэнгүй. Өмгөөлөгчтэйгээ зөвлөөд гомдол гаргаагүй. Бас л ардаа амьдралтай хүмүүс шүү дээ гэж бодлоо. Намайг гомдолтой гэвэл шууд хариуцлага тооцох гээд байсан л даа.

-Өмгөөлөгчдийн холбооны гомдлын дагуу таниас мэдүүлэг авна гэж өмнө нь огт мэдэгдэж, ярьж байгаагүй юу?

-Өмнө нь хэлж байсан. Тухайн үед нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой асуудалтай байсан учраас амжихгүй байсан. Тэрнээс өмнө манай ажил дээр мэдэгдэл өгөх гээд ирсэн үед нь би коронавирус тусаад эмчлүүлж байсан үе таарсан. Эмнэлгээс гараад дахиад 20-иод хоног хүлээгдэх, тусгаарлагдах асуудал гарсан. Тэгээд очиж чадаагүй байсан юм. Би мэдүүлэг өгнө, гэхдээ цаг хугацаа ийм байна гэдгийг хэргийг хянаж байсан прокурорт маш тодорхой хэлж байсан. Ямар нэг оргон зайлж, мэдүүлэг өгөхгүй гэсэн асуудал үүсгээгүй.

-Цагдаа нар мэдүүлэг авах гэж байгаа хүндээ юу ч хэлэхгүй, шууд авч явах нь хууль бус биз дээ?

-Гэрчээр мэдүүлэг авсан тохиолдолд албадлагын арга хэмжээ авна гэж байдаггүй юм байна. Хүн амины ч юм уу, онц ноцтой гэмт хэрэг үйлсэн хүмүүсийг дайчлан баривчлах арга хэмжээ авахаас биш гэрчээр мэдүүлэг авахын тулд хүнийг барьж явах ёсгүй. Зарлан мэдүүлгээ өгдөг. Өгөхдөө зүгээр ч өөрсдөө гүйж очоод авахгүй. Прокурорын тогтоолыг үндэслэж тухайн үйл ажиллагааг явуулах ёстой юм байна. Гэтэл надад сүрийг үзүүлсэн хандлага гаргалаа.

-Тавдугаар сарын 03-ны өдөр цахиур.мн сайтын сэтгүүлч Ц.Анхзул бид хоёрыг ЦЕГ-ын Нийгмийн хэв журам сахиулах албаны мөрдөн байцаагч, хошууч Э.Ганбат гэдэг хүн хэрэгт холбогдогчоор татаж шалгахыг завдсан. Тиймээс бид хоёр ямар ч холбогдогч байх боломжгүй хүмүүсийг яагаад шалгадаг билээ гээд ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалтын газарт нь гомдол гаргасан. Харин өчигдөр ЦЕГ-аас тухайн алба хаагчдад сахилгын арга хэмжээ авлаа гэдгээ бидэнд албан бичгээр мэдэгдлээ. Тиймээс хэл амтай, гомдол гаргадаг, ЦЕГ-ын хошуучид сахилгын арга хэмжээ тооцуулдаг энэ залууг айлгая гэсэн зорилготой өчигдрийн үйлдлийг хийсэн болов уу гэж дотроо таамаглаж байна.

-Таныг машиндаа суулгаж явсан н.Энх-Амгалан гэж цагдаа ярихдаа “Сэтгүүлч С.Будрагчаатай яриад, ойлголцоод машинд сууж явсан” гэх зүйл ярьсан байна билээ?

-Энэ бол ор үндэсгүй худал зүйл. Ямар ч зүйл хэлэхгүй авч явсан.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

8 Сэтгэгдэл

  1. ХӨВСГӨЛД үнэн зүйл хэлсэн бүсгүйг бас л Хүрэлсүхийн цуглаанаас сүрийг үзүүлж авч гарсан. ЯАХААРАА төрийн нэрийн өмнөөс байх ёстой хүмүүс ####ь нэг нам, ####бан туша####танд үйлчлэх ёстой юм вэ? ЭНЭ ЦЕГ ын даргад их учир байна.

  2. Сэтгүүлч Бүдрагчаа худлаа ярилцлага өгсөн байна, уг нь өөрөөс нь мэдүүлэг авна гэдгийг өмнө нь хэлсэн юм байна лээ. Хамгийн гол нь өмгөөлөгчгүйгээр цагдаагийн газар явахгүй гэж маргаан болсон тухайн үед өмгөөлөгч нь хоцорч ирсэн ийм юм болсон байхад өөрсдийнхөө хэвлэл мэдээлэлийн хэрэгслэлийг давуу байдлаа болгон ашиглаж олон түмэнд буруугаар ойлгогдохоор мэдээлэл цацаж болохгүй шүү.

  3. ZA, daa Hurelduhiig demjeed bgaa nohduud oilgono bij, enenees l dor bolno doo. Huvi hunii amidrald buren oroltsoj, haldana l gesen ug dee. Nam dagaj, daldagnasan nohduud, dargadaa taalagdahiin tuld yu ch hiihed belen baigaagiin zishee.

  4. Дүү бас л гэнэн байна даа! Наадах чинь зориудын дарамтлах ажиллагаа байх вэ дээ! Тэр хариуцлага тооцох нтр чинь ша#### худлаа. Дүү итгэчихсэн үү?!

  5. За за сэтгүүлчид гэж бөөн шантаачид хөдөө аймаг суманд дарга нарын багт хамт очоод хоол цай архи нэхээд л өгөхгүй бол муугаар телевизээр гаргана гэж айлгаад л

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button