Нийгмийн

А.Ганболд: Баянхонгор аймгийн эмч, сувилагчид сард хоёр өдөр л гэртээ харьж байна

Бид та бүхэндээ “Ковидтой иргэн ярьж байна” цуврал ярилцлага, нийтлэлээрээ коронавирусийн халдвар авсан өндөр настан, жирэмсэн эх, хүүхдүүдийн нөхцөл байдал, байр суурийг хүргэсэн.

Тэгвэл үргэлжлүүлэн цар тахлын тэргүүн фронтод амь биеэ хайрлалгүй зүтгэж, өргөсөн тангарагтаа чин үнэнчээр ажиллаж буй алтан гарт эмч нараа онцолж байна. Өчигдөр бид /2021.0621/ Сүхбаатар дүүргийн XI дүгээр хорооны өрхийн эмнэлгийн нөхцөл байдал, эмч нарт тулгамдаад буй асуудлыг сурвалжилсан. Харин энэ удаа Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга, их эмч А.Ганболдтой халдварын нөхцөл байдлын тухай сэдвээр ярилцлаа.

Тэрбээр эрүүл мэндийн байгууллагад 25 жил тасралтгүй ажилласан бөгөөд өрхийн хүүхдийн эмчээс ажлын гараагаа эхлүүлжээ. А.Ганболд өнгөрөгч дөрөвдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн тус эмнэлгийн даргаар томилогдон ажиллаж буй бөгөөд хүн хүч дутагдалтай байгаа учир халдвартай өвчтөнтэй ажиллаж байна.

-ЭМНЭЛГИЙН НӨӨЦ ХҮРЭЛЦЭЭГҮЙ БАЙГААГААС ШААРДЛАГАТАЙ ИРГЭДЭЭ АВЧ ЧАДАХГҮЙ БАЙГАА-

-Таны хувьд ажлаа аваад удаагүй байгаа. Гэсэн хэдий ч Баянхонгор аймагт халдвар ихээр бүртгэгдэж буй цаг хугацаанд ажиллаж таарлаа шүү дээ?

-Тийм ээ. Би ажлаа аваад хоёр сар гаруй хугацаа л өнгөрч байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 1408 тохиолдол бүртгэгдлээ. Эмнэлэгт 318 хүн хэвтэн эмчлүүлж байна. Халдвар бүртгэгдсэн 16 сумдын эмнэлэгт 556 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тэдгээр иргэдийн биеийн байдлыг үнэлбэл хөнгөн 480, хүндэвтэр 48, хүнд 25, нэн хүнд гурван хүн байна. Нийт 487 хүн эдгэрч эмнэлгээс гарсан.

-Коронавирусийн халдвар авсан иргэдээ бүгдийг эмнэлэгт авч байна уу, эсвэл гэрээр эмчилж байна уу?

-Гэрийн эмчилгээнд 361 иргэн эмчилгээ хийлгэж байгаа.

-Тэдгээр иргэдэд хэрхэн хяналт тавьж, хүрч ажиллаж байгаа вэ?

-Гэрийн эмчилгээний хяналтын асуудлыг манайх мэдэхгүй. Зөвхөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийнхээ тусламж эмчилгээг л хариуцаж байгаа. Гэрийн тусламж үйлчилгээг Эрүүл мэндийн газрын дэргэдэх Эрүүл мэндийн штаб хариуцан ажилладаг. Тус штабт Шуурхай арга хэмжээ, Тандалт судалгааны баг ажилладаг. Тэд шинжилгээгээр илэрсэн халдвартай иргэдтэй холбогдож, биеийн байдлыг нь эрэмбэлж хариу арга хэмжээ авч байгаа.

Биеийн байдал хүндрэх эрсдэлтэй эсвэл хүнд иргэдийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн хяналт руу, хэвийн иргэдээ өрхийн эмч нарт шилжүүлнэ. Сүүлийн үед илрээд буй коронавирусийн халдвар нь шинж тэмдэг, зовиургүйгээр иргэдийг өвчлүүлж, уушги руу орсон үед эргэн эмчлэгдэхэд төвөгтэй, амь насанд аюултэй байгаа. Иймд эрсдэлтэй бүлгийн иргэдийг халдвар авч хүндрэхээс өмнө эмчлэх зарчмыг баримтлан ажиллаж байна.

Тухайлбал, жирэмсэн болон хөхүүл эхчүүд, бага насны хүүхдүүд, өндөр настнууд, архаг хууч өвчинтэй, биеийн байдал хүндрэх эрсдэлтэй иргэдийг эмнэлэгт авъя гэдэг бодлого баримталж байна. Аймгийн хэмжээнд тусгаарлах гурван эмнэлэг ажиллаж байна. Тухайн эмнэлгүүдийн давхруудад ор дэлгэж, эмч сувилагчдыг ажиллуулж байгаа. Мөн зочид буудлуудад нэмэлтээр ор гаргаж, ажиллах нөөц гаргасан.

Аймгийн удирдлагуудтай ярьж байгаад шинээр баригдаад дууссан гуравдугаар сургуулийн дотуур байрыг тусгаарлах эмнэлгээр ашиглахаар болсон. Эмнэлгийн нөөц хүрэлцээгүй байгаагаас болоод шаардлагатай иргэдээ бүрэн авч чадахгүй байгаа.

-Жирэмсэн, хөхүүл, бага насны хүүхдүүд халдвараар хэр их өвчилж байгаа вэ?

-Сүүлийн үед бага насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүдийн халдварын тоо хурдацтай  нэмэгдэж байна. Ер нь л одоо тэр энэ гэлтгүй, бүхий л насны хүмүүс өвдөж ирцгээж байгаа. Вакциндаа хамрагдсан иргэд ч бий.

-УЛААН БҮСЭД АЖИЛЛАЖ БУЙ ЭМЧ САРЫН ХОЁР ӨДӨР Л ГЭРТЭЭ ХАРЬЖ БАЙНА-

-Эмнэлэг болон тусгаарлах байруудад тоног төхөөрөмжийн нөөц, ажиллах хүчин чадал ямар байгаа вэ?

-Тоног төхөөрөмжийн хувьд одоогоор гайгүй байна. Амьсгалын аппаратанд хоёр хүн эмчлэгдэж байснаас өнөөдөр /2021.06.22/ нэг хүнээ өвчний улмаас алдсан. Ингэснээр аймгийн хэмжээнд нас барсан иргэдийн тоо дөрөв болоод байна. Одоогоор биеийн байдал нэн хүнд нэг хүн амьсгалын аппаратанд байгаа. Амьсгалын аппаратын хувьд аймгийн хэмжээнд тав бий.

Ажиллах хүчин чадлын тухайд ний нуугүй хэлэхэд, эмнэлгийн эмч ажилчид багассан. Ялангуяа эмч эмнэлгийн ажилчид халдвараар өвчилсөөр байгаа нь нөлөөлж байна. Эмч нар гэр бүлийн хүрээнээс халдвар авах нь их. Мэдээж халдвартай өвчтөнтэй харьцаж байсан эмч нар ч мөн өвчилсөн. Тиймээс ажилчид, эмч нарын нөөц хэцүүхэн болсон.

Халдвар авсан эмч ажилчдыг ангилбал, ахуйн хүрээнд ойрын хавьтлаас 27, эмнэлгийн орчноос 17 эмч тус тус халдвар авсан.

-Шинжилгээ авах сорьц, хамгаалах хувцасны нөөц хэр байгаа вэ?

-ПСР шинжилгээний сорьц тасалдаагүй. Өнөөдөр хамгийн сүүлд 1400 хүний шинжилгээний сорьцоо татаад авсан. Одоогоор нөөц бий. Аймгийн Онцгой комиссоос түргэвчилсэн болон ПСР шинжилгээний сорьцыг нэлээн сайн хангаж өгсөн. Хувийн хамгаалах хувцасны тухайд нэгдсэн эмнэлэгт хангалттай байгаа. Сумдад харин харьцангуй нөөц багассан гэх зүйлсийг хэлсэн.

-Ковидын эмчилгээнд шаардлагатай эм, тарианы нөөцын тухайд?

-Аймгийн онцгой комисст хүсэлт тавиад Эрүүл мэндийн яамнаас шаардлагатай  эмчилгээг авсан. Энэ хугацаанд эм, эмчилгээнүүд ор тасраагүй ч, хангалттай хэмжээнд байхгүй. Тиймээс хөнгөн шинж тэмдэгтэй иргэдэд вирусийн эм, антибиотик өгөлгүй хөнгөн байдлаар эмчилж байгаа. Өнөөдрийн байдлаар ковидын хүнд өвчтөнд тарих тариа хоёр ширхэг л байсан. Нэмэлтээр 50 ширхэг тариа ирж байгаа гэсэн.

-Аймгийн хэмжээнд 1408 тохиолдол гэдэг маш их тоо. Халдвар нэмэгдэх болсон шалтгааныг юу гэж харж байна вэ?

-Халдварын тоогоор улсын хэмжээнд хоёрдугаарт жагсаж байна. Намайг ажлаа авсан хугацаанаас хойш сар гаруй хугацаанд 85 тохиолдол илэрснийг эмчлээд гаргасан. Ингээд дөрөвдүгээр сарын 28-наас зургаадугаар сарын 1-ныг хүртэл халдвар нэмж бүртгэгдээгүй. Орон нутгийн зам нээгдсэн цагаас эхлээд Улаанбаатараас халдвартай иргэд ихээр ирж, нөхцөл байдал эрс муудсан. Манай аймагт халдварын хоёр дахь давалгаа эхэлсэн.

-Зам нээгдсэнээр халдварын тоо эрчимтэй нэмэгдсэн гэлээ. Энэ хугацаанд эмч, мэргэжилтнүүд хэр ачаалалтай ажиллав?

-Аймгийн нэгдсэн эмнэлгийн хувьд 334 ажилтантай. Тэдгээрээс 18 нь жирэмсний амралттай байгаа. Бусад нь бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан. Өнгөрөгч долдугаар сард нийт ажилчдад ээлжийн амралт өгөхгүй байхаар ярьсан. Байнга л ачаалалтай ажиллацгааж байна.

Долоон баг 14/7 хоногоор ээлж сэлгэж ажиллаж эхэлсэн. Нэгэнт халдвар хүн амын дунд тарсан учир эмч, ажилчид ердийн горимоор ажиллахаар болж байгаа. Тиймээс ердийн горимоор ажиллах төлөвлөгөөтэй байна. Гэвч одоогоор хэрэгжүүлж эхлээгүй. Өөрөөр хэлбэл нэг ажилтан 14 хоног ажиллаад, тав хоног сувилалд тусгаарлагдаж, хоёр өдөр нь гэртээ амрах журмаар ажиллаж байгаа.

-УЛААН БҮСЭД АЖИЛЛАСАН ЭМЧ САРД ДУНДЖААР ГУРВАН САЯ ОРЧИМ ТӨГРӨГ АВЧ БАЙГАА-

-Амралтгүй ажилласан хугацааны ажилчдын цалин, урамшуулал ямар байв?

-Манайх өмнө өвчилсөн 85 тохиолдлыг эмчилсэн эмч, ажилчдад Эрүүл мэндийн тухай хуулийн 30.1 дэх заалтын дагуу урамшуулал олгосон. Тухайлбал нэг ажилтан 14 хоног ажилласан гэж бодоход тухайн ажилласан цалин дээр нь 1.6 сая төгрөгийн нэмэгдэл олгож байсан. Манай цалингийн систем тухайн сард ажилласан илүү цагийн мөнгө нь дараагийн сардаа тооцогдоод явдаг. Маргааш гэхэд өмнө 14 хоног ажиллаад гарсан эмч, ажилчдад цалин нэмэлт урамшуулал олгоно.

-Нэг эмч дунджаар нэмэгдсэн дүнгээрээ хэдэн төгрөгийн цалин авч байгаа вэ?

-14 хоног хонож ажилласан эмч 1.6 сая. Ингээд тухайн сарын цалин дээрээ өмнөх нэмэгдэлтэй дүнгээ нэмэхээр дунджаар гурван сая орчим төгрөг авч байгаа.

-Сувилагч, асрагчдын цалин ямар байгаа вэ. Ижил үү, өөр үү?

-Улаан бүсэд ажиллаж байгаа эмч, сувилагч бүгд ижил урамшуулал авч байгаа.

-Цаашид халдварын тоо нэмэгдлээ гэж бодоход хүн хүчний асуудлаа хэрхэх вэ?

-Хүн хүч дутагдсан үед бид нэмэлтээр сувилагч, ажилчдыг авч ажиллуулсан. Одоо Эрүүл мэндийн яамнаас эмч ажилчдыг хэвийн горимд шилжүүлэн ажиллуулна гэж байгаа учир харьцангуй гайгүй болов уу гэж бодоод байна.

-Цаашид та бүхэн халдварын тоогоо бууруулахын тулд ямар арга хэмжээ авч ажиллах вэ?

-Илэрсэн тохиолдлуудын хавьтал тодорхойлох ажлыг эрчимжүүлэх, тандалтын судалгааг сайн авахад түлхүү анхаарна. Ингээд ойрын хавьтлуудыг бүрэн шинжилгээнд хамруулах зорилт тавиад ажиллаж эхэлсэн. Түргэвчилсэн болон ПСР шинжилгээг сайн авч байгаа. Сэжигтэй тохиолдлыг түргэвчилсэн оношлуураар шинжилж, хавьтал болсон иргэдээс зургаа дахь хоногт ПСР шинжилгээг авах зохицуулалттай.

-Бидэнтэй цаг зав, гаргаж ярилцсанд баярлалаа.

СЭТГҮҮЛЧИЙН ДҮГНЭЛТ:

Орон нутгийн эмч нарын хувьд ажиллах хүн хүчний хомсдолд орж сөхрөхөд бэлэн болжээ. Цаашлаад улаан шугамд ажиллаж буй эмч нар халдвараар өвчилж буй нь байдлыг хүндрүүлж байна. Тэд нөөц бололцоондоо тулгуурлан, бүхий л чадлаараа ажиллаж байгаа нь бахархмаар ч нөгөөтэйгүүр өр өвтгөм. Учир нь улаан бүсэд 14 хоног ажилласан эмч 12 хоног тусгаарлагдаж, хоёр өдөр нь гэртээ харьж байна. Баянхонгор аймгийн хувьд өвчлөлөөр бусад аймгуудаа тэргүүлж байгаа юм. Түүнчлэн Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн тухайд ч мөн нөхцөл байдал хүндэрч, эмч нарын хүчин чадал хүрэлцэхгүй байгааг тус эмнэлгийн эмч онцолсон. Улаан бүсэд байхдаа өвчилсөн эмч нар жирийн иргэдийг бодоход илүү хүнд өвдөж, бүрэн эдгэрч амжилгүй ажилдаа эргээд орж байгааг хэлэв.


ӨМНӨХ НИЙТЛЭЛ:

СУРВАЛЖИЛГА: “Зар тавиад ч эмч олдохгүй байна”

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button