НийгмийнСУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

“BLURRED LINES” ҮЗЭСГЭЛЭН | Харц хэмээх хаалганы цаана

Хүмүүс гял цал, тохь тухын дунд төөрөөд амьдралын харанхуй өнцөг рүү харах хүсэлгүй болчихсон үед бид амьдарч байна. Инстаграмын зураг болчихмоор зүйлс, аялсан газраа хоцрогдсон суурингийн амьдрал биш түүний цаана дүнхийж байгаа үзэсгэлэнт уулсын дүр төрхийг л буулгах болжээ. Үнэнийг ойлгодоггүй юм гэхэд олж харах нь хэзээ ийм эр зориг шаардсан алхам болчихоо вэ. Ингээд бодохоор Агнууш зоригтой бүсгүй юм.

Тэрбээр энэ сарын 19-нд марихуан татсаны улмаас шоронд орсон залуусын тухай өгүүлэх “Blurred Lines” нэртэй цуврал үзэсгэлэнгээ гаргажээ. Хамгийн сонирхолтой нь уг цуврал үзэсгэлэнг гэртээ дэлгээд буй аж. Тэрбээр 2018 оноос тус цувралыг эхлүүлж, өвс татдаг залуусын өдөр тутмын амьдралыг зургаан сарын турш баримтжуулсан байна. Харин түүнийг түр аялалд гарсаны дараа “Blurred Lines” цувралын дүрүүд нэг нэгээрээ баривчлагджээ. Үүнийг мэдсэн тэрбээр уг цуврал нь шоронд орсон залуусын тухай болж буйг ойлгож, интернетээс энэ тухай мэдээллүүд олж, унших болжээ. Улмаар “өвс”, “хар тамхи”-ны тухай нийтлэл бичиж, энэ тухай ниймийн хэлэлцүүлэг эхлүүлэхийг уриалсан юм. Түүний нийтлэлийг “Өвс хэрэглээд баривчлагдсан монгол залуусын хөрөг” нэртэйгээр гаднын сайтууд онцолж байсан билээ. Тэгвэл энэ удаа “Хөх толбо” сонин бүтэн дугаартаа энэ цувралыг онцолжээ.

Иймд бид гэрээр нь зочлон, үзэсгэлэнг үзэх хүсэлтээ Агнуушийн инстаграм хаяг руу бичиж, зургадугаар сарын 22-ны бороо шаагисан үдэш “Free entry” гэсэн бичигтэй “догь хаалга”-ны хонхыг дарлаа.

Агнууш үзэсгэлэндээ ариун цэврийн өрөө, гал тогооны өрөө, унтлагын өрөө, хаалга гээд гэрийнхээ бүхий л булан тохойг ашиглажээ. Гурван жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн дүрс бичлэг, нийтлэлүүд, гэрэл зургийн ном, сонин зэргийг дэлгэжээ. Мөн хаалганы ард талд, ханан дээр хар, цагаанаар “зүгээр дээ бүх зүйл сайхан болно”, “биднийг хамгаалсан чинь хаана байна” гэх мэт үг бичжээ.

Чухам яагаад гэртээ үзэсгэлэн гаргахаар болсныг Агнуушаас асуухад “Яг энэ орчинд үзэсгэлэн гаргах ёстой гэдгээ эртнээс мэддэг байсан. Айл болгонд байдаггүй, зохион байгуулалттай байр. Марихуан, хар тамхи хаалттай сэдэв. Тиймээс уг хаалттай сэдвийг хаалттай орчинд хүмүүст хүргэе гэж бодсон. Мөн энэ нь хүмүүсийн айдаг, жигшдэг сэдэв. Гэхдээ би энэ сэдвийг хүйтэн харагдуулахыг хүсээгүй. Гэрэл зургийн дүрүүд миний хувьд дулаан мэдрэмж. Тэр дулаан мэдрэмжээ дагаад гэртээ үзэсгэлэн дэлгэх нь хамгийн төгс сонголт байсан. Куратор А.Дуламжавтай санамсаргүй тааралдаад гэртээ үзэсгэлэн гаргах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Цувралын утга санаа сэдэв нь таалагдсан тул бид хамтарч ажилласан. Зургадугаар сард дэлгэнэ гээд төлөвлөчихсөн байсан. Төлөвлөгөөнийхөө дагуу л ажиллалаа.”

Тэрбээр 2019 онд “Blurred Lines” үзэсгэлэнг МУБИС-ийн өмнөх нүхэн гарцанд дэлгэж байжээ. Тухайн үед өөрийнхөө нэрийг гаргалгүй, нууцалсан байна. Гэвч үзэсгэлэн гарснаас хойших дөрөв дэх өдөр бүтээлүүдийг нь улсаас хураачихжээ.

Тэрбээр энэ тухай “Бидний амьдарч буй энэ нийгэмд хар тамхи гэх сэдвийг хэн ч ярихгүй байна. Ярьж байгаа хүмүүс нь хар бараан болгоод нэг бол хаалттай мэдээлэл өгөөд байна. Тиймээс би нүхэн гарц руу орж, гарч буй хүмүүст өвс татдаг залуусын дуу хоолойг ямар ч шүүлтүүргүйгээр, өөрийн үзэл санааны найруулгагүйгээр хүргэсэн. Гэтэл улсаас хураачихсан. Харин энэ удаа өөрийн нэрээр, энэ сэдэвтэй холбоотой цуглуулсан бүх материалуудаа үзэсгэлэнгийнхээ хүрээнд танилцууллаа.

Залуучууд энэ орчинд ярилцаж, эндээс гарахдаа чимээгүй явах биш, хэн нэгэнтэй санал бодлоо солилцож, ярилцах байх. Нээлттэй ярилцаасай, хүн болгоны үзэл бодол үнэтэй байгаасай гэж хүсэж байна. Түүнээс биш би өвс сайн, муу гэж хэлэх гээгүй. Гэхдээ яахав ийм зүйл байсаар ирсэн гэдэг нь үнэн. Байгаа гэдэг нь үнэн. Байх ч болно гэдэг нь үнэн. Би үнэнийг л хүүрнэсэн. Хаана ч энэ үнэнийг гаргаж ирэхгүй, ярихгүй байна. Энэ зургууд бол болоод өнгөрсөн үнэн. Бодит уу, бодит.”

Үзэсгэлэнг 500 гаруй хүн ирж, үзэхээр бүртгүүлжээ. Үзэсгэлэнд 10 дүрийн, 30 баримтат зураг дэлгэгдсэн бөгөөд тэднээс хоёр нь үзэсгэлэнгийн нээлтэд ирж амжаагүй аж. Тэрбээр гэрэл зургийн дүрүүдтэйгээ хэрхэн танилцаж байсан тухайгаа хуучиллаа.

“Хэн нэгнийг өөртөө итгүүлэх, харилцан итгэлцэх, хүндлэх, хайрлах бол баримтат гэрэл зурагчинд байх ёстой зүйл. Би өөрөөсөө асуудаг л даа. Хүмүүс надад яагаад итгэдэг юм бол гэж. Үнэнээрээ л байсан болохоор надад итгэсэн байх. ОХУ-д сурч байх үеэрээ “Улс төрийн гэмт хэрэгтнүүд”-ээр цуврал хийсэн. Тэднийг ч гэсэн өөртөө яаж итгүүлснээ мэдэхгүй байна. Би тууштай байсан. Нэг хүнтэй танилцаж, найзууд болоод, хэзээ ч худлаа ярихгүй, үнэнээрээ байна гэдгээ ойлгуулж, итгэлцэлд хүрч чадсан. Тэгээд дараагийн найзтай нь танилцана. Маш их цагийг хамт өнгөрүүлнэ. Нэг утгаараа бол би энэ хүмүүсийн хэмнэлээр амьсгална гэсэн үг.”

Тэрбээр гэрэл зургийн дүр болсон нэгэн залуугийн тухай “Хөх толбо” сонинд ийнхүү бичжээ.

“Тэр эрс шийдэмгий хэрнээ дэггүй нэгэн. Бидний найзын хүрээлэл нэг учраас энэ хэсэгхэн хугацаанд байнга шахуу уулзалдан, бөөндөө хэлхэлдээд явдаг байв. Тэр сүүлд хоёр жилийн ял сонсоод гарч ирсэн. Суусан хугацаа нь 1 жил гаран. Тэрбээр хоёр өрөө байранд ээж, аав, эмээтэйгээ амьдардаг. Түүний зургийг хэрэгт холбогдсон үед нь тэднийд тэднийд авсан. Хамгийн сүүлд надтай уулзаад зургийг нь ашиглах зөвшөөрөл олгохдоо “Миний найз хүссэнээрээ хэрэглээрэй, найз нь орчхоод гараад ирнэ, чамд итгэж байгаа шүү” хэмээн захиж билээ. Төд удалгүй нүхэн гарцан дахь үзэсгэлэндээ түүний хөргийг томоор наасан юм. Одоо гараад ирчихсэн, энгийн л нэгэн хүн шиг ажил хийж, амьдарч байгаа. Тэр бол дүрүүд дундаас надад хамгийн их итгэл хүлээлгэсэн, миний хийж буй зүйлийг өөрийн нэр төрөөр дэмжсэн нэгэн.”

Түүний хэлсэнчлэн уг үзэсгэлэнд өөрийнхөө зургийг тавих зөвшөөрөл олгосон залуус нэр төрөөрөө Агнуушийг дэмжжээ. Гэхдээ энэ бол хорвоо дээр байгаагүй шинэ амьдрал биш юм. Хүмүүсийн мэддэг хэрнээ мэддэггүй юм шиг дүр эсгэдэг сэдэв. Түүнийг л тэд хамтдаа хүүрнэж.


Хаалганы хонх дуугарч, хүмүүс нэмэгдсээр. Гадаа хүчтэй бороо орсоор. Зураг бүхний дор нэр, тайлбар бичиж улиглаагүй нь хүн бүхэн өөрсдийнхөөрөө хүлээж авч, ойлгох боломжийг олгожээ. Үзэсгэлэнг үзэхээр ирсэн нэгэн бүсгүй “Манай дүү хар тамхи хэрэглэж байгаад амиа хорлосон. Гэрээслэл бичээд амиа хорлосон. Би дүүгээ буруушааж, үзэн ядаж чичлэхийн оронд “миний дүү зүгээр үү” гээд нэг асуусан бол өнөөдөр амьд байх ч байсан юм бил үү” гэж хэлээд Агнуушийг тэврээд уйлсан аж.

Энэ тухайд Агнууш, “Монголчууд бид мэдлэгтэй байх хэрэгтэй. тамхины төрлүүд юугаараа ялгаатайг мэддэг байх хэрэгтэй. Өвс татаад эсвэл хадгалж байгаад баригдсан хүнийг засан хүмүүжүүлнэ гэж шоронд хорьчхоод “хар тамхи муу” гэж заадаггүй. Бүтэн жил шоронд хоригдоод гарч ирсэн ч хар тамхиныхаа тухай ч илүү мэдлэгтэй болоогүй, буруу юм хийснээ ч ухаараагүй байдаг. Тэгээд дахиад хэрэглэж, давтан хэргээр шоронд орж байна. Энэ нь юуг харуулаад байна вэ гэхээр манай улсын баримталж байгаа баримтлал, системийн доголдлыг харуулаад байгаа юм. Уг нь бол шоронд хийхээсээ өмнө сэтгэл санааг нь эмчлэх ёстой. Гэтэл нийгмээрээ харлуулж, түлхэж байна. Энэ хүмүүст тусламж хэрэгтэй болохоос биш жигшилт хэрэггүй. Гараа сунгаад “чи зүгээр үү, сэтгэл санаа чинь болохгүй байгаа бол эмч дээр, сэтгэл судлаач дээр очиж үзүүл” гэж хэлэх хэрэгтэй.

307 хүнтэй хорих ангид ганцхан сэтгэл судлаач байна. Тэр хүн яаж 307 хүнд хүрч ажиллах юм бэ. Энэ хүмүүст сэтгэл засал хэрэгтэй болохоос хүн алсан ялтан биш байхгүй юу. Биеэ л хордуулсан хүмүүс. Гэтэл хүн алсан хүмүүстэй хамт байлгаж, сэтгэл санааг нь улам хүндрүүлж байна. Ер нь тэгээд мэдлэгтэй сонголт хийх боломжийг нь улс олгохгүй байна. Нэг юм ярингуут сурталчиллаа гэж дайрах юм” гэлээ.

Бид ийнхүү хөөрөлдөж дууслаа. Хаалгыг нь гаднаас нь хаах үед “Хэрвээ миний урлаг хүмүүсийн зовлон, уйтгар гунигт ямар ч нөлөө үзүүлэхгүй юм бол “урлаг” гэх ямар хэрэг байна” гэх Ай Вэйгийн үг өөрийн эрхгүй санаанд орлоо.

Үзэсгэлэн энэ сарын 27 хүртэл үргэлжлэх юм. Иймд та бүхэн “Agnuush” инстаграм хаяг руу холбогдож, бүртгүүлээд очиж үзээрэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button