Найр, наадмаас энэ жилдээ татгалзсан Өвөрхангай, Дархан-Уул аймгаас үлгэрлэе

-Энэ жилдээ наадмаас татгалзлаа гээд бид өв уламжлалаа үл тоосон болчихгүй-
Цар тахлын улмаас өдөрт хэдэн зуун хүн халдвар авч, нас барагсдын тоо 10-аас буухгүй, иргэд нь үхэл, амьдралтай тэмцэж байхад 100 жилийн ойн медаль, найр, наадам ярьсан шиг суудаг төр засаг Монголоос өөр байгаа болов уу. Бүр улсын наадмыг хийнэ гэж чичирсээр байгаад зохион байгуулахаар болсон. Ардын хувьсгалын 100 жилийн ой чухал уу чухал. Гэхдээ ард түмний амь нас, эрүүл мэндээс чухал юм гэж үү. Энэ жилдээ наадмаас татгалзлаа гээд бид өв уламжлалаа үл тоосон болчихгүй. Наадам тэмдэглэхгүй байлаа гээд монгол хүн биш болчихгүй.
Монгол Улс тэр аяараа улаан бүс болсон, хэн ч хаанаас халдвар авах өндөр эрсдэлтэй байхад одоо улсын наадам хийнэ гээд бужигнаж байна. Бас болоогүй ээ, наймдугаар сард гайгүй байвал аймаг, сумын наадмыг хийнэ гээд харзнаж суугаа. Одоо тэгэх цаг үе мөн үү. Улс орны, ард түмний амьдрал хэчнээн хямарч, эрүүл мэндийн салбарынхан ямар их ачаалалтай ажиллаж байгаа билээ.
Наадам хийхээр болсон эрүүл мэндийн салбарынхны ачааллыг улам нэмж байна. 1024 бөхөөс нэг удаа шинжилгээ авахад л 1024 сорьц хэрэг болно. За, тэгээд харваач, уяач, хурдан морины хүүхдүүд нэмэгдэнэ. Наадмын нээлтэд оролцох уран бүтээлчид, арын албаныхан гээд талийна. Тэр бүхэн эрүүл мэндийн салбарынханд л ачаалал нэмэгдэнэ, улсын мөнгө урсана.
Төр засаг улсын наадмыг л хийхгүй, тэмдэглэхгүй бол монгол хүн биш болчих гээд байгаа юм шиг аяглаж суугаа өнөө цагт Өвөрхангай, Дархан-Уул аймгийнхан наадам, ойн арга хэмжээ тэмдэглэхгүйгээ мэдэгдэн, бусдадаа үлгэрлэлээ. Браво. Болж байна шүү дээ.
Цар тахалтай, эдийн засаг элгээрээ мөлхсөн, аж нэгжүүд үүдээ барьж, иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож буй өнөө цагт хэмнэх боломжтой бүхнээс хэмнэх хэрэгтэй. Өвөрхангай аймаг өнөө жил 90 жилийн ойтой. 90 жилийн ойгоо данагар тэмдэглэнэ, нижгэр наадам хийнэ гээгүйгээр нь бусад аймаг үлгэрлээсэй. Найр, наадам тэмдэглэхээр төсөвлөсөн мөнгөө цар тахлын эсрэг зарцуулж, санхүүгийн боломжгүй иргэддээ туслаасай, коронавирусийн эсрэг ганц ширхэг эм, амны хаалт ч болтугай аваад өгөөсэй. Өнөө цагт ард түмэнд зугаа цэнгэл, найр наадмаас илүү ийм дэмжлэг л ус, агаар мэт хэрэгтэй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэртээ тэргүй механикаар унах наадмын нээлт, морь,бөхийг дэмжих УОК эгэлгүй.тахлын т�##�аар юу ч бодохгүй байна.х�##�двар бүх шатанд чөлөөт хурдаар тархаж байна.та нар ер нь юу юм бэ?бид нар бас юу юм бэ?