Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Ковидоос өмнө 3.5 сая байсан барилгын материалын тээврийн зардал 35 сая төгрөг болжээ

Шинэ байрны үнэ өссөн суурь шалтгаан нь барилгын материал, түүний түүхий эдийн үнийн өсөлт юм. Манай улс барилгын материалыг дотооддоо үйлдвэрлэдэг ч дийлэнх түүхий эдээ БНХАУ-аас импортоор авдаг.

Жишээлбэл дулаалгын материалын түүхий эд, хөөсөнцөр, шил, хуванцар цонхны рам, арматур, бетон, хаалга гэх зүйлс хамгийн түрүүнд буух ч тэр бүр анзаараад байдаггүй жижиг хэрэгслүүдийн үнэ эдгээр том зүйлсээсээ илүү үнэд оржээ. Үүнд:

  • Хаалганы ручка 
  • Обой
  • Угаалтуур 
  • Суултуур
  • Сангийн хоолой
  • Цахилгааны утас
  • Хадаас
  • Шрупп
  • Булан төмөр зэрэг туслах материалууд бүгд багтах юм.

Иймд бид 100 айлын барилгын материалын төвийн худалдаа эрхлэгч болон үйлчлүүлэгчтэй уулзаж, дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

Г.ДАВААХҮҮ: ХОЁРДУГААР САРЫН 20-НД ЗАХИАЛСАН БАРАА ОДОО БОЛТОЛ ИРЭЭГҮЙ БАЙНА

Обойн худалдаа эрхлэгч Г.Даваахүү:

“Би барилгын материалын төвд обойн бизнес эрхэлдэг. Коронавирус тархахаас өмнө бараагаа тогтмол татаж авдаг байлаа. Харин одоо бараа материал маш удаж байж ирж байна. Бараа тээвэрлэж яваа машиныг оруулахгүй, олон сар хил дээр гацаалаа. Цаад тал ч бас үнээ нэмсэн.

Хоёрдугаар сарын 20-нд захиалсан бараа одоо болтол ирээгүй, урд борлуулагчийн маань агуулахад удаан хадгалагдаж байгаа. Манай Засгийн газарт бараа таваарыг оруулж ирэх мэдэл алга. Жижиг дунд бизнес эрхлэгчдээ боддоггүй төр юм. Төр анхаарахгүй байхад Хятадууд юу гэж биднийг анхаарах вэ дээ. Би бараа материалаа авч чадахгүй байгаагаа түнштэйгээ холбоотой гэж бодохгүй байна. Засгийн газартай л шууд хамааралтай. Төр тохиролцож яаралтай шийдэх хэрэгтэй. Бид улсдаа татвар татаасуудаа төлөөд л явдаг байхад хүнд үед биднийг хайхрахгүй хаялаа.

Хамгийн багадаа барааны үнэ коронавирусийн өмнөх үетэй харьцуулбал 60 хувиар нэмэгдсэн. Өмнө нь 5,000 төгрөгөөр зардаг байсан обойгоо 8,000 төгрөгөөр зарж байна. Одоо ирэх обой маань бүр их зардлаар ирж байгаа учраас энэ үнийг хэд нугалж ирэх хандлагатай байгаа юм. Явж байгаа ачааны тэргээ олон болгож, гэрээ хэлцэл хийгээсэй. Би гэхэд л худалдагч, ачигч гээд таван хүн цалинжуулдаг”.

Ш.ОДСАЙХАН: Л.ХАЛТАР САЙД АА, ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ БОЛООГҮЙ ЮУ...

Барилгын материалын худалдааны бизнес эрхлэгч Ш.Одсайхан:

“БНХАУ манай улсыг тахалтай учраас оруулахгүй байгаа. Энэ нь аргагүй юм. Зуд болоход боохой цадна гэгчээр манай улс тээврийн зардлаа асар их өсгөлөө. Нэг талдаа 27,000,000 төгрөгөөр явах болсон.

Тээвэрчид эх орноо хайрлахгүй, биднийг боож байна. Үүнийг зохицуулдаг ЗТХ-ийн сайд Л.Халтар та зохицуулалт хийх болоогүй юу. Миний уур хүрч байна.

Урьд нь бид нэг тээврийн машиныг 3,500,000 төгрөгөөр хөлсөлдөг байсан. Гэтэл өнөөдөр 35,100,000 төгрөг болж, 10 дахин өслөө. Ийм байхад бүтээгдэхүүний үнэ өсөхгүй гээд яах вэ, нэг хайрцагтай бараагаа 20 юаниар ачуулдаг байсан бол өнөөдөр 60 гаруй юаниар ачуулж байгаа. Бид яг л эзэнгүй айл шиг байна. Монголчуудын бараа хөрөнгө хил дээр газраар хөлөрч, хог болж, бороонд цохиулаад хэвтэж байгаад үнэхээр уур хүрээд байна. Тээврийн жолоочдын хэлсэн үнийг бид амьдрахын тулд өгч л таарна. Бараа тавааргүй хоосон боллоо. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ээ, Зам тээврийн сайд Л.Халтар нар ажлаа хийгээч дээ”.

2019 оны арваннэгдүгээр сард коронавирусийн халдвараас өмнө үеийн байрны үнэ “100,000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд барих орон сууцны метр квадратыг нь 650,000-750,000 төгрөгөөр үнэлэхээр төлөвлөсөн гэж Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар хэвлэлд хэлж байжээ.

Харин 2021 оны зургадугаар сарын байдлаар шинэ орон сууцны доод үнэ 1,900,000-7,000,000 төгрөг хүртэлх үнийн хооронд байгаа юм. Шинээр барих гэж буй барилгын урьдчилсан захиалгын доод үнэ 1,290,000 төгрөгөөс эхэлж байгааг барилгын салбарынхан судалгаагаар гаргажээ.

This image has an empty alt attribute; its file name is image-7.png

ХУВИАРАА БАЙШИН БАРЬДАГ ИРГЭН: МАТЕРИАЛЫН ҮНЭ ӨСӨӨД БАЙВАЛ МИНИЙ БАРЬДАГ БАЙШИНГИЙН ҮНЭ НЭМЭГДЭНЭ

Худалдан авагч Ц.Алтанхуяг:

“Би байнга барилгын материал авдаг. Зарим бараа бүтээгдэхүүний үнэ нугаларчээ. Анх пробел төмөр 30х30 хэмжээтэйг 1,500 төгрөгөөр авдаг байсан. Одоо 5,000 төгрөг болчихсон байна. Би хувиараа байшин барьдаг. Энэ материалын үнийг дагаад хөлс нь нэмэгдээд ирнэ. Хүмүүс үнийн өсөлтийг ойлгож байгаа учраас тохиролцоо хийж байгаа”.

This image has an empty alt attribute; its file name is barilgiin-material-100n-ail-jobi-30-1024x683.jpg

Барилгын компанийн бизнес эрхлэгч Г.Хангай:

“Материалын үнэ өсчихөөр тухайн барилга м.кв тутамдаа нэг сая төгрөгт босдог байсан. Одоо бол 1,700,000 төгрөг рүү орж байна.

Бид үнэтэй материалаар барилгаа барина гэхээр энэ үнээ барилгадаа л шингээж алдагдлаа нөхнө.

Тэгэхээс өөр арга байхгүй. Хүмүүс барилгын үнийг зөвхөн арматур, бетоны үнэ өссөнөөр л өсчхөж гэж боддог. Хэдийгээр тодорхой нэмэгдэх ч өрөө тасалгаа бүрт хэрэглэгдэх обой, разетка, тосгуур тэднийг хадах хадаас шрүпний үнэ өсөхөөс л барилгын үнэ илүү хэлбэлздэг. Хөөсөнцрийн үнэ нэмэгдсэн. Түүхий эд нааш тээвэрлэгдэхгүй гурван сар болжээ. Монголд энэ үйлдвэр одоогоор үүдээ барьсан байгаа. Түүхий эд нь ирэхгүй тасалдсан учраас шүү дээ. удаж удаж нэг ирэхэд эрэлт үүссэн байдаг учраас үнэ хаялцаж урьд өмнөхөөсөө ч өндөр үнээр авах жишээтэй”.


СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Яг энэ мэт барилгын материал болон түүхий эд тээвэрлэлтэд цар тахал, цаг үеийн байдлын нөлөөгөөр үнэ нэмэгдсэн байна. Ийм учраас шинэ орон сууц, барилга байгууламжийн өртөг нэмэгдэж, м.кв тутамд хамгийн багадаа л гэхэд 300,000-500,000 төгрөгөөр өсөх гол шалтгаан болсон юм. Наймаачдын хэлж байгаагаар бүх барааны үнэ нэмэгдсэн аж. Мөн одоо ирэх бараа бүр их өртгөөр нааш ачигдах тул энэ байтугай өснө гэж хэлж байлаа. Хэрэв барилгын материалын үнэ дахин өсвөл шинэ барилгын үнэ метр квадрат тутамдаа нэг нугаларч болзошгүй байна. Иймд ЗТЯ, ГХЯ яаралтай арга авч зохицуулалт хийх шаардлагатай юм.

Дотооддоо түүхий эд гарган авч улсаа хангаж чаддаггүй , импортын барааг горьдон суудаг манай улсын зарим иргэд "Корона тоолол”-ын хоёрдугаар онд модоо барьж, хорголоо тоолоод эхэлжээ.

Э.ҮҮРИЙНЦОЛМОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Байшин
Байшин
2021-06-30 08:46

Одоо тэгэхээр барьсан байшин худ�##�даж авцгаая

Уншигч
Уншигч
2021-06-30 08:46

Бид үнэтэй матери�##�аар барилгаа барина гэхээр энэ үнээ барилгадаа л шингээж �##�дагдлаа нөхнө.

Раш
Раш
2021-06-30 09:48

Урьд нь бид нэг тээврийн машиныг 3 сая 500 мянган төгрөгөөр хөлсөлдөг байсан. Гэтэл өнөөдөр 35 сая 100 мянган төгрөг болж, 10 дахин өслөө. Ийм байхад бүтээгдэхүүний үнэ өсөхгүй гээд яах вэ, нэг хайрцагтай бараагаа 20 юаниар ачуулдаг байсан бол өнөөдөр 60 гаруй юаниар ачуулж байгаа.

Уншигч
Уншигч
2021-06-30 09:59

Байшиндаа засвар хийх гэж, шинэ байшин барих хэмжээний мөнгө орхоор болсон байна даа

Холбоотой мэдээ

Back to top button