ДАТАГРАФИКСурвалжилга, Нийтлэл

ИНФОГРАФИК: Засгийн газар шатахууны үнийг “хазаарлаж” тэсэхгүй нь

Ерөнхийлөгчийн сонгууль дууссаны дараа шатахууны үнэ 600 төгрөгөөр нэмэгдэх тухай мэдээлэл түгсэн. Тодруулбал, шатахуун импортлогч компаниуд нэгдэж, үнээ үе шаттайгаар нэмэгдүүлэхээс өөр аргагүй болсон гэдгээ албан бичгээр холбогдох байгууллагад илэрхийлсэн гэгдсэн.

Харин энэ мэдээлэл түгсэн зургадугаар сарын 11-ний өдрийн орой Засгийн газар, АМГТГ-аас яаран мэдэгдэл хийж, “Шатахууны үнэ өсөхгүй” гэж мэдэгдсэн юм. Гэхдээ газрын дэд дарга Ц.Эрдэнэбаярын ярианы ерөнхий агуулга нь “Иргэдийн вакцины идэвх муу байна. Ийм болохоор дийлэнх хүмүүс вакцины хоёрдугаар тундаа хамрагдтал шатахууны үнийг өсгөхгүй” гэсэн хоёр өгүүлбэр байлаа.

ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ 1.4 ДАХИН ӨСЖЭЭ

Үнэндээ шатахуун импортлогчид “тэсрэхэд” бэлэн болсон. 2020 оны сүүл үеэс дэлхийн зах зээл дээр газрын  тосны үнэ тогтмол өссөн. Гэсэн ч дотоодод шатахууны үнэ төдийлөн нэмэгдэхгүй явсаар ирсэн нь төрийн зохицуулалт орж байгааг шууд илтгэдэг.

Жишээ татахад, 2021 оны эхээр WTI маркийн газрын тосны бүтээгдэхүүний үнэ литр тутамдаа 50 орчим ам.доллар байсан. Харин зургадугаар сард 70 ам.долларт хүрч, 1.4 дахин өссөн. Гэтэл АИ-92 шатахууны үнэ оны эхээр 1428 төгрөг байсан бол зургадугаар сард 1450 төгрөгт хүрч, 20 орчим төгрөгөөр л өссөн байгаа юм.

ИНФОГРАФИК:

Манай улс газрын тосны бүтээгдэхүүнээ 100 хувь импортолж авдаг. Үүний 95 орчим хувийг ОХУ-аас нийлүүлдэг. Нэг үгээр дэлхийн зах зээл дээрх WTI, Brent Crude маркийн газрын тосны үнийн өсөлтөөс дотоод дахь шатахууны үнэ шууд хамаардаг онцлогтой. Иймд логикийн  хувьд манай шатахуун импортлогч компаниуд алдагдал хүлээж эхэлсэн.

Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн ШТС-ууд АИ-92, АИ-95 шатахуун борлуулахгүй, “Дууссан” гэсэн тайлбар хэлж байна гэх мэдээлэл түгсэн. Энэ нь шатахуун импортлогчид сонгуулийн дараа үнээ нэмж зарахдаа бэлдэн, нөөц бэлдэж байна уу гэх хардлагыг ч төрүүлж байлаа.

ТӨР УДААН ДААЖ, ААН-ҮҮД УДААН ТЭСЭХГҮЙ

Ямартай ч төр өнөөдрийг хүртэл хатуу зохицуулалт хийж ирсэн нь үнэн. Энэ талаар АМГТГ-ын дарга Ц.Эрдэнэбаяр энэ оны гуравдугаар сард ярилцлага өгөхдөө “Төрд мэдээж тооцоолол, хар хайрцагны бодлого бий. Гэхдээ шулуухан хэлэхэд төрөөс зохицуулалт хийлээ гээд ААН-үүд дампуурахгүй яасан юм бэ” хэмээж байлаа.

Хөшигний ард МАН-ын Засгийн газар шатахуун импортлогч ААН-үүдийг “Битгий үнээ нэмээч, сонгууль дуустал тэсээч” гэж тас хориглосон гэх мэдээлэл ч гарсан. Одоо сонгууль дуусаж, яаран сандран мэдэгдэл хийснийх нь дагуу шатахууны үнэ нийслэлд лав төдийлөн өсөлтгүй байсаар байна.

Шатахуун импортлогчид төд удалгүй л алдагдлаа нөхөх арга хэмжээ авах нь тодорхой. Засгийн газар удаан торгоож чадахгүй. энэ эрсдэл хамгийн анхаарал татсан сэдэв болж буй гэлтэй. Шатахууны үнэ өсөхөд өргөн хэрэглээний барааны үнэ ч дагаад өсдөг. Буухад харин дагаад буухдаа уддаг зүй тогтол манайд бий.

Ц.Эрдэнэбаяр зургадугаар сарын 11-нд мэдээлэл хийснээс хойш хоёр долоо хоног гаруй хугацаа өнгөрчээ. Вакцинжуулалтын үзүүлэлт нэмэгдэж, халдварын тохиолдол буурах хандлага руугаа орох гэж байх шиг. Энэ цагт “Иргэд вакциндаа хангалттай хамрагдтал лав шатахууны үнэ өсөхгүй” гэж мэдэгдсэн түүний мэдэгдэл хэзээ хүртэл хүчинтэй байх нь анхаарал татаж байна.

Статистикийн эх сурвалж: Нийслэлийн статистикийн газар, Oilprice

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button