НийгмийнСПОРТ

БАРИМТ: Чөлөөтийн 19 настай тамирчид МИКРОГООР ДАШТ-ИЙГ ЗОРЬЖ, буланд дасгалжуулагчийг орлов

Энэ сарын 12-18-ны өдрүүдэд Эстони улсад чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ болж буй. Уг тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцож буй насанд хүрээгүй гурван эмэгтэй тамирчнаа харгалзах хүнгүйгээр, микро автобусанд суулган явуулсан байна.

НЭГ. Тамирчид микронд суун Улаан-Үд ороод тэндээсээ Москва ниссэн. Мэдэхгүй, танихгүй газарт тэднийг тосож авах нь бүү хэл байрлах ч газар байгаагүй бөгөөд энэ үед нь азаар нэгэн Монгол эмэгтэй тааралдаж, охидыг Москва дахь өөрийн гэрт байрлуулж, маргааш өглөө нь Шереметевод хүргэж өгснөөр тэмцээн болох газарт хүрж очив.

ХОЁР. Гэвч урт зам туулан очсон тамирчдыг Монголын чөлөөт бөхийн холбооны асуудлаас болж шөнө дөл болтол байранд нь оруулалгүй гадаа суулгаж байгаад шөнөөр байранд нь оруулсан гэх.

ГУРАВ. Байрандаа орсон ч тэмцээнд орох эрх нь үүсээгүй, тэмцээнд орох эсэх нь эргэлзээтэй байсаар, маргааш өглөө нь буюу жингээ үзүүлэхээс 30 минутын өмнө тэмцээнд орохыг зөвшөөрч мандат олгожээ.

ДӨРӨВ. Эстонийн бөхийн холбоо манай тамирчдыг өчигдөр /2019.08.16/ буудлаа суллаж өгөхийг шаардсан байна. Уг нь манай тамирчид дөрвөн өдөр байрлах мөнгөө өгсөн. Гэтэл гурав хоноогүй байхад ийм шаардлага тавьсан нь Монголын чөлөөтийн бөхийн холбоотой хамаатай талаар эх сурвалж мэдээлэв.

ТАВ. Микрогоор очсон гурван тамирчны нэг Н.Анударь өчигдөр орой /2019.08.16/ ДАШТ-д алтан медалийн төлөө барилдсан бөгөөд энэ үед дасгалжуулагч нь нутаг буцсан тул нөгөө хоёр тамирчин болох 19 настай Б.Энхцэцэг, Ч.Отгонтуяа нар буланд сууж дасгалжуулагчийг орлов.

ХҮҮХДҮҮД ЯАГААД МИКРО АВТОБУСААР ЯВЖ, ТЭМЦЭЭНД ОРОХ ЭСЭХ НЬ ЭРГЭЛЗЭЭТЭЙ БОЛОВ

Энэ тухай МУГД Ц.Хосбаяраас зарим зүйлийг тодрууллаа. Түүнтэй Эстонийг зорьсон тамирчид байнга холбоотой байсан бөгөөд нөхцөл байдлыг хамгийн сайн мэдэж буй хүмүүсийн нэг юм.

“Алдар” спорт хорооны багш, МУГД Ц.Хосбаяр:

-Тамирчид яагаад бусдаасаа тасарч, хойноос нь явах болсон юм бэ?

-Монголын чөлөөт бөхийн холбооны дасгалжуулагч, тамирчдын буруу байхгүй. Тамирчдыг авч явж буй дасгалжуулагч наймдугаар сарын 09-16-ны өдрөөр онгоцны билетээ авсан болохоо МЧБХ-нд мэдэгдэж. Гэтэл уг онгоцны билетийг харангуутаа АТЕНА системд яг үүгээр нь буюу долоо хоногоор өгчхөж байгаа юм. Ингэхээр хоёр эмэгтэй, долоон эрэгтэй тамирчин, нэг дасгалжуулагчийн мөнгийг долоо хоногоор өгөхийг шаардсан. АТЕНА системд хэд хоногоор бүртгүүлснээс шалтгаалж, яг л тэр хоногийнхоо мөнгийг өгөх ёстой.

Зөв бүртгүүлэх ажлыг МЧБХ-ны гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн болон Ерөнхий нарийн бичгийн дарга нар хариуцан хийх ёстой.  Үүнийг л хийх гэж тэд байдаг. Гэтэл ажлаа хийхгүйгээс болоод долоо хоногийн төлбөрт унаж байгаа юм. Манай тамирчид ихдээ л дөрөв хоногийн төлбөр төлдөг. Хэрэв энэ охид эхлээд явсан тамирчидтай цуг явсан бол бас л долоо хоногийн мөнгө төлөх байсан. Тэд ивээн тэтгэгчдээс мөнгө олж яваа юм шүү дээ. Ийм л хөгийн байдал үүсээд байна.

-Хүүхдүүд хол зам туулж очсон ч тэмцээнд орох эсэх нь эргэлзээтэй болсон гэсэн. Яагаад ийм байдал үүссэн юм бэ?

-Илүү хэдэн өдрийн төлбөрөө МЧБХ төлөх шаардлагатай болж,  тэр мөнгийг нь МЧБХ төлнө, төлөхгүй гэж явсаар манай гурван охиныг очиход асуудал угтаж авсан. Хэрэв МЧБХ үлдэгдэл төлбөрөө тушаахгүй бол тэр гурван охинд мандатыг нь өгөхгүй гэсэн. Түүгээр зогсохгүй байрныхаа мөнгийг тушаачхаад байхад ч байранд оруулахгүй шөнө дөл болтол хүлээлгэсэн байгаа юм. Охид над руу шөнөжин “Багшаа тэмцээндээ орж чадах үгүйг мэдэхгүй байна” гээд мсж бичиж, ярьсан. Би ч Буянаа, Батбаяр хоёр руу холбоо барьж “Энэ хүүхдүүдийг тэмцээнд нь оруулахгүй бол хариуцлага хүлээгээрэй” гэж шаардсан.

Ингээд өглөө болж, жин үзэхээс 30 минутын л өмнө МЧБХ үлдэгдэл төлбөр болох 10-н хэдэн сая төгрөгөө оруулж, нөгөө гурван хүүхэд тэмцээндээ орох эрхээ авч байгаа юм.

-Энэ гурван охин ямар багш дээр бэлтгэл хийдэг юм бэ?

-Нэг нь манай “Алдар” спорт хорооны Ч.Отгонтуяа гэж охин бий. Нөгөө нь П.Чулуунбаатар багшийн Б.Энхцэцэг гэж шавь. Энэ хоёр өглөө болоход нэг нь хоёр ялж хожигдсон бол нөгөө нь нэг ялаад хожигдсон. Харин гурав дахь өдөр нь Н.Анударь урамтай сайхан барилдаж, өнөө орой /2019.08.16/ дэлхийн аваргын алтан медалийн төлөө барилдах гэж байна.

ИВЭЭН ТЭТГЭГЧДЭЭС МӨНГӨ АВЧ, УЛСАА ТӨЛӨӨЛӨН ЯВСАН ХҮҮХДҮҮД ТЭМЦЭЭНД ОРОХ ҮГҮЙГЭЭ Ч МЭДЭХГҮЙ ШӨНӨ ЮУ БОДОХ ВЭ

-Н.Анударь хэд хоног амарсан учир амжилт үзүүлж чадаж байгаа юм байна гэж ойлгож болох уу?

-Тийм. Ганц өдөр ч болов амарчихсан. Нөгөөтэйгүүр маш туршлагатай, өмнө нь олон тэмцээнд орж байсан хүүхэд. Би П.Чулуунбаатар багшид үнэхээр баяр хүргэмээр байна. Хүн амьтнаас гуйхдаа гуйж, гуядахдаа гуядаж өөрийн хэдэн хүүхдүүдийг олон ч тэмцээнд оруулсан. Үүний үр шим одоо гарч байна. Н.Анударийн Хятадын тамирчинтай барилдсан барилдааныг харахад сүүлийн 9 секундэд барьцаа аваад мордож, цаашаа унагаж байна. Ийм сайхан барилдаан үзүүлж буй энэ олон шавь нарынхаа төлөө уйгагүй зүтгэж байгаа П.Чулуунбаатартаа албан ёсоор баяр хүргэе. Н.Анударьдаа ч баяр хүргэе. Их гоё тайван барилдлаа. Булан дээр Баярсайхан багш суусан байсан. Зөв газраа челлэнжээ шидлээ. Ер нь тэнд байсан бүх л хүмүүстээ баяр хүргэе. Б.Батбаяр гэж хүн ажлаа хийдэг бол тамирчид, дасгалжуулагчид үнэхээр их хөдөлмөрлөж, хичээж байгаа юм шүү дээ.

-Нөгөө хоёр тамирчин тэмцээнд орох үгүйгээ ч мэдэхгүй хүлээж байгаад л өглөө тэмцээндээ орж. Ийм үед тамирчны сэтгэлзүй, бие махбодод ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Тэд шөнөжин унтаагүй. Охид байтугай Монголд байгаа би ч унтаж чадаагүй. Тэдний замын зардал болоод байрны мөнгө гээд ивээн тэтгэгчдийн гаргаж өгсөн нийт таван сая гаруй төгрөг салхинд хийсэх гээд, МЧБХ-ны өрийн “барьцаа” болчихсон хүүхдүүд яаж сэтгэл тайван байх билээ. Хэрэв МЧБХ тэр 10-н хэдэн сая төгрөгөө шилжүүлээгүй бол хүүхдүүд нэг их үнэтэй буудалд ганц хоночхоод л эргээд ирэх байсан.

Хүүхдүүд жингээ хасчихсан байсан, тэмцээнд орох үгүй нь ч мэдэгдэхгүй, олон хүний итгэл хүлээгээд явчихсан, баахан ивээн тэтгэгчдийн мөнгө авчихсан. Ийм үед насанд Чулуунбаатар багш бид хоёр нервтэж байхад 19-хөн настай хүүхдүүд юу бодож хонох вэ? Тэдний тэмцээндээ амжилтгүй орсон нэг шалтгаан яах аргагүй энэ мөн.

Хэрэв хүүхдүүд очсон даруйдаа мандатаа аваад, байрандаа орж амарч байгаад, бэлтгэлээ тааруулж, жингээ тааруулаад, сайхан тайван амарсан бол маргаашийн барилдаан яах ч байсан юм билээ. Гуравхан жижиг охин ийм л нөхцөл байдлыг тууллаа.

Н.АНУДАРИЙГ АЛТ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАХАД Б.ЭНХЦЭЦЭГ, Ч.ОТГОНТУЯА ХОЁР БУЛАН ДЭЭР СУУНА

-Хүүхдүүд микрогоор, харгалзах хүнгүй дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зориход Чөлөөт бөхийн холбооноос ямар ч санаа тавьсангүй юу? Өмнө нь ч ийм байсан юм уу?

-Өмнө ийм байгаагүй юм. О.Баянмөнх гэж залуу ерөнхий нарийн бичгийн дарга байсан. Ерөнхийлөгч гэхээсээ илүүтэй ерөнхий нарийн бичгийн даргын сэтгэл дутаад байгаа юм шүү дээ. Хүүхдүүд олон улсын тэмцээнд явахад ядаж л 1-2 дасгалжуулагчийн онгоцны билетийг эсвэл очоод байрлах байрных нь төлбөрийг өгчихдөг байсан юм. Энэ Б.Батбаярыг авснаас хойш энэ бүхэн алга болсон.

Бас нэг эмзэглэм юм бий. Сая микрогоор явсан Б.Энхцэцэг, Н.Анударь хоёр өмнө Тайланд руу явах гэж Улаанбаатараас Эрээн, Эрээнээс Бээжин, Бээжингээс Бангкок, Бангокоос тэмцээнд орох газартаа очсон. Хоёрхон жаахан охин шүү дээ. Тайланд гэдэг газарт би өмнө очиж байсан. Тэнд хар тамхины хамгийн хатуу хуультай, шууд л цаазаар авдаг. Гэтэл хоёрхон жаахан охины ачаа руу нь ч нууцаар хийчих юм билүү, яаж мэдэх юм. Хоёрдугаарт янхандалт, гуравдугаарт хүний наймаа цэцэглэсэн ийм газар руу багшгүй явуулсан.

МЧБХ магадгүй багш нар руу, бид нар руу дайрах байх. “Та нар яах гэж явуулсан юм” гэж. Бид бэлтгэлийг нь хийлгээд, хүүхдүүдийн мөнгийг нь олж өгөөд, хариуцсан багштай нь явуулдаг юм. Гэтэл одоо хариуцсан багш ч гэж алга.

-Эстони дахь тэмцээнд манайх нэг дасгалжуулагчтай явсан биздээ?

-Ж.Түмэн-Аюуш гэж хүн байгаагүй бол Монголын чөлөөт бөх элгээрээ хэвтлээ, дөрвөн мөчгүй боллоо. Ж.Түмэн-Аюуш сая Ё.Батдархан дасгалжуулагчид мөнгийг нь хувиасаа гаргаж өгч байж булан дээр суух ганц дасгалжуулагчтай явлаа шүү дээ. Гэхдээ 20 хүнтэй Ё.Батдархан ганцаархнаа албан ёсны дасгалжуулагч гээд явж байна. Учир мэдэхгүй 20 хүүхэд жингээ хасна, Ё.Батдархан тэнд тэр хүүхдүүдэд бүгдэд нь анхаарал хандуулна, байрыг нь зохицуулна, мандатыг нь авна, жинг нь хасуулна, сугалаа сугална, барилдах хүүхдүүдтэй ажиллана. Ганцхан хүн дийлэхгүй шүү дээ.

Б.Батбаяр надад хоёр жилийн өмнө “Өсвөр, залуучуудын цугларалтыг МЧБХ бүгдийг нь даана гэсэн, өнөөдрийг хүртэл алга. 1-2 дасгалжуулагчийг заавал явуулж байна гэсэн, бас л алга” Ингэж бичээд гарын үсэг зурсан баримт нь ч надад бий. Худлаа ярьж явсаар, чөлөөт бөхийн спортыг элгээр нь хэвтүүлчихээд одоо өөрөө Эрдэнэс таван толгой  гэж нэг их том компанид, нэг их цалинтай хүн болоод суучихсан. Би Чөлөөт бөхийн холбоон дээр очиж уулзах гээд сар гаруй эргэлдэж байна, ирдэггүй. Надад итгэхгүй бол МЧБХ дээр сууж байгаа Батчимэг гэж эмэгтэйтэй очоод уулзаад асуу. Тэр эмэгтэй л одоо холбооны өдөр тутмын ажлыг нугалж яваа.

-Анударь өнөөдөр /2019.08.16/ алтын төлөө барилдах ёстой байтал, дасгалжуулагч нь наашаа гарсан гэсэн шүү дээ. Тэр хүүхдийг одоо хэн хариуцаж үлдэж байгаа юм бэ?

-Дасгалжуулагч нь түрүүлж авч явсан хоёр эмэгтэй, долоон эрэгтэйгээ аваад онгоцныхоо билетийн дагуу буцаж ирж байна. Өнөөдөр Н.Анударийг алтын төлөө барилдахад булан дээр хэн суух вэ гэтэл нөгөө хоёр охин нь буюу Б.Энхцэцэг, Ч.Отгонтуяа хоёр суух гэнэ /инээв. сурв/ Арай дэндүү бишүү?

Б.ГЭРЭЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2019-08-17 10:53

Ёооё энэ чинь яацан хорвоо вэ

ХАРАМСАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
2019-08-18 11:16

Яасан ч зохион байгуул�##�т муу юм вэ. АРАЙ дэндсэн байна. ЭНЭ холбооны ажлыг сайжруулах цаг болжээ.

StevSlarie
StevSlarie
2019-11-19 13:30

Cialis Sur Internet Avis Safegenericpills Maxifort Online [url=http://ac-hut.com]buy cialis online[/url] Acheter Cialis En Tunisie Fast Delivery Generic Viagra

Холбоотой мэдээ

Back to top button