НийгмийнНИЙГЭМСПОРТЯрилцлага

Улсын мэргэн Л.Одсайхан: Наадамд амжилт гаргавал шагналаа УОК-т хандивлая гэж бодож байлаа

“Манайх Сүхбаатар аймагт амьдардаг. Өнгөрсөн жил улсын наадамд түрүүлсэн амжилтаа давтъя, монгол түмнээ баярлуулъя гээд тавдугаар сард ажлаасаа чөлөө аваад Улаанбаатарт ирлээ. Наадмын бэлтгэлээ Цонжин болдогт сар гаруйн хугацаанд байрлаж хийсэн. Гэрийн эзэгтэй, ээж хүн гэрээсээ ийм олон сар хол байх амаргүй. Хүүгээ их санаж байна. Зунжин тас хар болтлоо наадмын бэлтгэлээ хийсэн юм сан. Гэтэл наадам юу юугүй болох гэж байхад гэнэт бүтэн жилээр хойшлуулчихлаа.

Ардын хувьсгалын 100 жилд цэц сорихдоо өмсье гээд дээл хийлгэж байсан юм. Урлаж дуусахаар нь аваад, нөгөөдөр нутаг буцна” гэж буй түүнийг Лхагвасүрэнгийн Одсайхан гэдэг. Өнөө жилийн наадамд өрсөлдөхөөр бүтэн жил бэлтгэл хийсэн ч хойшлуулсанд нь урамгүйхэн нутаг буцаж буй олон, олон харваач, бөхчүүд, уяачдын нэг нь тэр.

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат тэрбээр өнгөрсөн жил улсын наадамд түрүүлж, улсын мэргэн цол хүртсэн юм. Л.Одсайхан Сүхбаатар аймгийн хоёр дахь, эмэгтэйчүүдээс анхны улсын мэргэн. Түүнтэй ярилцлаа.

-Та наадмын бэлтгэлээ хийхээр Улаанбаатар хотод хэзээ ирсэн бэ?

-Би энэ жил наадмын бэлтгэлээ хийхээр тавдугаар сарын 20 хавьцаа нутгаасаа гарч, Улаанбаатар хотод ирлээ. Цонжин болдогт нутгийнхаа болон Ц.Хүдэрчулуун багшаар ахлуулсан “Бурхан халдун” группийн харваачдын хамт наадмын бэлтгэл хийсэн юм.

Намайг сүүлийн гурван жил наадмын бэлтгэлээ базаахад “Ультра соник” компани ивээн тэтгэж байгаа. Энэ жил мөн дэмжлээ. Тэднийхээ ачийг амжилтаар хариулъя, өнгөрсөн жилийн амжилтаа давтъя, монгол түмнээ баярлуулъя гэж байтал наадам бүтэн жилээр хойшилчихлоо. Харамсалтай байлгүй яах вэ.

-Ар гэрээ, ажлаа хойш нь тавиад ингэж бэлтгэл хийж байхад нь улсын наадмыг өнжихөөр боллоо. Энэ шийдвэр танд хэр хүнд тусав?

-Улсын наадам болоход хэдхэн хоног дутуу байхад ийм шийдвэр гарсан нь зөвхөн харваачдад бус бөхчүүд, уяачдад хүнд туслаа.

Төр засаг ямар ч шийдвэр гаргасан бай “Бэлтгэлээ хийж байя” гэж бодож байв. Тэгээд ч улсын наадмыг цахим хэлбэрээр хийх шийдвэр гарчихсан байсан юм чинь. Над шиг ингэж хөдөлмөрлөсөн, ажил, амьдралаа хойш нь тавиад хичээсэн, зуны гурван сар хар болтлоо бэлтгэл хийсэн олон харваач бий.

Нум, сумаа жилийн өмнө захиалан, хоол, бэлтгэлээ тааруулж байхад улсын наадмыг гэнэт цуцлачихлаа. Монгол түмнээ цэнгүүлэх, баясгах, өв соёлоо тээх, үр хойчдоо өвлүүлэх нь бидний үүрэг. Яг юуны төлөө жагссан нь ойлгомжгүй жагсаалын төлөө Ардын хувьсгалын 100 жилийн ойг хойшлуулсан нь түүхэн ач холбогдол талаасаа ч харамсалтай. Төрийн наадам бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа. Улсын наадам тасрах учиргүй сэн, уг нь.

Үнэхээр олон харваач, бөх, уяачдын бүтэн жилийн нөр их хөдөлмөрийг салхинд хийсгэлээ. “Амьд байвал улсын наадам үзнэ” гэж хүмүүс ярьж байгаа ч амжилт залуу насных. Ямар ч спортын тамирчдад нэг жил өнжинө гэдэг асар их хугацаа. Би бэлтгэлээ таслахгүй байхыг хичээн, энэ өвөлжин бэлтгэл хийсэн. Амьхандаа цас хайлангуут наашаа ирсэн юм шүү дээ.

Төр засаг шийдвэрээ их тулгаж гаргалаа. Хэрвээ сарын өмнө ч юм уу улсын наадам хийхгүй гэсэн бол бид ингэж ажил, амьдралаа алдахгүй. Улсын наадмыг хойшлуулахгүй гэж эсэргүүцэхгүй. Бөхчүүд, харваачид наадмын бэлтгэлдээ гарчихсан, бэлтгэл нь ханачихсан, морьдын уяа сойлго таарчихсан, өнөө маргаашгүй наадам болох гэж байхад ингэж шийдвэрлэсэн нь өөрөө гол асуудал. Тэр хэрээр уяач, бөхчүүд, харваачдад хүнд туслаа.

-Уяачид нэгдээд Сүхбаатарын талбайд морьтой жагссан. Улсын наадмыг хойшлуулах эсэргүүцэх, жагсах бодол харваачдад байсан уу?

-Жагсах уу, яах вэ гэж харваачид бид ярилцсаан, ярилцсан. Нэгдүгээрт, бид төр засгийн шийдвэрийг хүндэтгэлээ. Цар тахалтай, хоногт 10-аас доошгүй хүн нас барж байхад улсын наадмыг заавал хийх ёстой, бидний хөдөлмөр, амжилт хайран гээд жагсах хэр зохимжтой вэ. Энэ талаас ер нь асуудалд хандлаа. Олны санаа бодол ч ийм байгаа.

Хоёрдугаарт, эмэгтэй харваач олон бий. Жагсаж байгаад халдвар авбал яах вэ. Нөгөө талаар манай харваачид уужуу тайван, нэлээд нарийн ухаантай хүмүүс. Тиймээс энэ асуудалд нэлээд уужуу хандсан байх.

Би өнгөрсөн жил улсын наадамд түрүүлсэн. Амжилтаа батлах, дахиад түрүүлэх зорилго тавин бэлтгэл их сайтай байсан. Улсын наадамд амжилт гаргаад, эхний тавд орчихвол шагналынхаа мөнгийг бүгдийг нь УОК-т хандивлая гэж бодож байлаа.

-Зунжин хар болтлоо бэлтгэл хийсэн гэлээ. Өдөрт бэлтгэлээ хэдэн цагаар хийв?

-Үндэсний сурын бэлтгэл, амжилтад байгаль цаг уур их чухал. Байгальтайгаа хэр сайн дасан зохицно, амжилт тэр хэрээр ахина. Нар мандангуут босож, дасгал хийнэ. Дараа нь ундаа уучихаад, 07.00-08.00 цагийн хооронд эхний бэлтгэлээ базаана. 12.00-13.00 цагийн хооронд ундаа уучихаад, дараагийн бэлтгэлээ хийнэ. Жаахан амарч байгаад 18.00 цагаас нар шингэтэл бэлтгэлээ базаана. Шинэ нуманд, байгальд дасахаас авхуулаад олон зүйл амжилтад нөлөөлдөг.

-Наадмын бэлтгэлээсээ хэзээ буув?

-Улсын наадмыг хойшлуулах шийдвэр гарсны маргааш нь буулаа. Манай Сүхбаатар аймгийн харваачид Хүй долоо худагт нэг гэр барьчихсан байсан юм. Нутгаасаа ачиж ирсэн гэр л дээ. Тэр гэрээ өчигдөр буулган, Сүхбаатар аймаг руу ачууллаа.

-Сүхбаатар аймгийн дөрөвдүгээр сургуульд багшилдаг юм билээ. Ажлаасаа чөлөө аваад ирсэн үү?

-Тэгсэн. Би биеийн тамирын багшаар ажилладаг. Энэ жил цар тахалтай байгаа тул хичээл орохгүй байгаа. Ажлаасаа чөлөө аваад, ар гэрээ зохицуулаад ирсэн.

-Эмэгтэй хүн гэрээсээ хол сар гаруй байх амаргүй. Ар гэртээ, ханьдаа, хүүхэддээ нэлээд санаа зовж байгаа болов уу?

-Тэгэлгүй яах вэ. Хань минь намайг үнэхээр сайн ойлгодог, дэмждэгийнх нь хүчинд ингэж явна. Хүү минь энэ жил долоон настай. Нөхөр минь миний арыг хэчнээн сайн даадаг ч санаа зоволгүй яах вэ. Эмэгтэй хүн, гэрийн эзэгтэй хүн сар гаруйн хугацаанд наадмын бэлтгэл гээд гэрээсээ хол байх хэцүү. Хүүгээ их санаж байна. Аль болох зургийг нь харахгүй байхыг хичээнэ. Тэгэхгүй бол бүр ч их санана, бэлтгэлдээ сайн төвлөрч чадахгүй.

-Наадмын бэлтгэлээ сар гаруйн хугацаанд байрлаад хийхэд хэдэн төгрөгийн зардал гарав?

-Биднийг ивээн тэтгэсэн “Ультра соник” компанид асар өндөр зардал гарсан. За, байз нэг харваач өдөрт дунджаар 100.000 төгрөгийн зардал гарсан. Энэ олон харваач сар гаруй байрласан гээд бодохоор талийж байгаа биз. Цар тахалтай, эдийн засаг хүнд байгаа өнөө цагт энэ олон харваачийн бэлтгэлийг ивээн тэтгээд, даана гэдэг ёстой хэцүү шүү дээ. Үндэсний сурын спортод элэгтэй, биднийг дэмжье гэж чин сэтгэлтэй хүний л хийх зүйл.

-Та нутгаасаа мэндэлсэн хэд дэх улсын мэргэн билээ?

-1921 онд Сүхбаатар жанжин улсын наадамд түрүүлж, манай аймгаас мэндэлсэн анхны улсын мэргэн болж байсан юм билээ. Би хоёр дахь нь. Нутгаасаа мэндэлсэн анхны эмэгтэй улсын мэргэн.  

-Та өнгөрсөн жил улсын наадамд түрүүлье гэж зорьж өрсөлдөөд түрүүлсэн үү. Эсвэл дээгүүр байрт оръё, амжилтаа ахиулъя гэж бодсон уу?

-Үнэнийг хэлэхэд би шууд түрүүлье гэж зориогүй. Өмнө нь улсын наадамд олон жил өрсөлдсөн ч дээгүүр байрт орж чадаагүй байсан юм л даа. Тиймээс эхний гурван байрт шалгарч, шинэ цол авах сан гэж зориод цэц сорьсон юм

Өнгөрсөн жил улсын наадамд түрүүлээд үнэхээр их баярласан. Аав, ээжийгээ, ханиа, гэр бүлийнхнийгээ баярлахыг харах хамгийн сайхан байлаа. Төрийн наадмын түрүү хүртэн, нутгаасаа мэндэлсэн улсын анхны эмэгтэй мэргэн болчихоод зогсож байх сайхан юм билээ.

Манай аймаг улсдаа хурдан хүлгээрээ алдартай. Улсын наадамд морь л түрүүлгэж байснаас харваач манлайлалгүй 99 жил болчихсон байсан юм л даа.

“Охиноороо бахархаж байна” гэсэн аав, ээж хоёр минь жилжин бөөн баяр явлаа. Энэ жил наадмын бэлтгэлд гарахад ээж минь “Миний охин бэлтгэлээ сайн хийгээрэй. Хамаагүй их ачаалал үүрэв. Амжилтаа давтаж чадах болов уу, яах бол гэж битгий санаа зовоорой. Миний охин чадна аа” гэж захьсан. Ээжийнхээ банштай цайг уугаад наадмын бэлтгэлээ хийхээр гэрээсээ гарсан даа.

-Улсын цол хүртсэн, түрүүлсэн бөхчүүдэд нутгийн зөвлөл, ивээн тэтгэгч байгууллагаас байр, машин бэлэглэдэг. Улсын мэргэн болсноор таны амьдралд ямар өөрчлөлт гарав?

-Үндэсний спортоос өнөө цагт хамгийн шударга наадаж байгаа нь үндэсний сур, шагай. Эрлийз, монгол морийг ялгах гэж юу болдог билээ, хоёр холбоотой. Бөхчүүдийг допинг, цолны найрааны асуудал үргэлж дагадаг. Үндэсний сур иймэрхүү зүйлсээс хол, элдэв маргаангүй. Гэхдээ үндэсний сурын спортыг Монгол Улс, Монголын ард түмэн хэр дэмждэгийг үндэсний бөхтэй харьцуулахын аргагүй. Наадмын шагналаас авхуулаад үнэлэмж нь хамаагүй бага. Одоо арай гайгүй болж байгаа, гэхдээ л.

Намайг өнгөрсөн жил улсын наадамд түрүүлэхэд Сүхбаатар аймаг маань надад нэг өрөө байраар шагнасан. Одоо ашиглалтад орох дөхөж байгаа.

Харваачид бид амжилт гаргаад байр, машинаар шагнуулах албагүй. Гэхдээ үндэсний спортоо адилхан дэмждэг, ижилхэн шагнаж, урамшуулдаг байгаасай гэж хүсдэг.

-Харьяалагддаг, цалинжуулдаг байгууллага танд бий юү?

-Байхгүй. Наадмын бэлтгэлээ хийхэд “Ультра соник” компани ивээн тэтгэдэгт нь үнэхээр их баярлаж явдаг.

-Таныг одоо ивээн тэтгэж буй компанийн эзэн нь Дорнод аймгийнх юм билээ. Сүхбаатар аймаг улсын анхны эмэгтэй мэргэнээ хэр сайн дэмжиж байна вэ?

-Манай аймагт улсын хэмжээний томоохон компани, байгууллага олон. Одоогоор яг намайг ивээн тэтгэж, цалинжуулж буй байгууллага байхгүй. Мэдээж намайг дэмжих, цалинжуулах байгууллага Сүхбаатар аймгаас гарч ирвэл сайхан байлгүй яах вэ.

-Та үндэсний сурын спортоор 2008 оноос хойш хичээллэж байгаа бил үү?

-Тийм ээ. Би МУБИС-ийн Биеийн тамирын багшийн ангийг 2007 онд төгссөн. Тэгээд нутагтаа очоод мэргэжлээрээ ажилд орсон юм. Манай сургуулийн С.Байгальмаа багш үндэсний сураар хичээллэхийг надад зөвлөн, 2008 онд энэ спорттой амьдралаа холбож байлаа. Надад мэддэг, чаддаг бүхнээ харамгүй заасан юм. Одоо би дархан мэргэн Ц.Хүдэрчулуун багшийнхаа удирдлагад бэлтгэлээ хийн, амжилтын төлөө зүтгэж байна.

Ц.Хүдэрчулуун багшдаа, С.Байгальмаа багшдаа, Б.ЧимэГцэцэг захиралтай “Ультра соник” компанийн хамт олонд баярлаад ханашгүй. Намайг хэн ч биш байхаас авхуулаад улсын мэргэн болтол нь дэмжиж байгаа байгууллага юм шүү. Мөн Баттулга захиралтай IV сургуулийнхаа хамт олонд, аав, ээждээ, ханьдаа, гэр бүлийнхэндээ, Сүхбаатар аймгийнхандаа баярлаж явдаг.

-Эгч нь Токиогийн олимпод хүндийг өргөлтийн тэмцээний шүүгчээр ажиллах Л.Одгэрэл. Эгчээрээ их бахархаж байгаа нь мэдээж.

Токио-2020” олимпийн хүндийг өргөлтийн тэмцээнийг Л.Одгэрэл Монголоос анх  удаа шүүнэ - Eguur.MN

-Тэгэлгүй яах вэ. Эгчээрээ үнэхээр бахархаж байна. Их авьяастай, хөдөлмөрч, дүүдээ үргэлж үлгэрлэдэг мундаг хүн л дээ. Эгч минь чадна гэдэгт огт эргэлзээгүй. Би нутгаасаа мэндэлсэн улсын анхны мэргэн. Эгч минь олимпийн наадам шүүх Сүхбаатар аймгийн анхны шүүгч боллоо. Бахархахгүй байхын аргагүй. Би багаасаа спортлог гэр бүлд өссөн, эхээс дөрвүүлээ. Дүү минь биеийн тамирын багш, шагайн харвааны аймгийн мэргэн. Ах минь аймгийн начин. Ханийг минь Б.Наранцогт гэдэг. Үндэсний бөхийн олон сайн шавьтай, бөх тайлбарладаг.

-Та нутаг руугаа хэзээ буцах вэ?

-Манай аймгийн харваачид түрүүчээсээ нутаг буцаж байна. Сар гаруйн хугацаанд гэрээсээ хол, наадмын бэлтгэл хийхээр их ядралгүй яах вэ. Нэг дээл захиалгаар хийлгэж байгаа. Урлаж дуусахаар нь аваад, маргааш юм уу нөгөөдөр буцна. Нутагтаа очоод сайхан амаръя л гэж бодож байна. Дараа жилийн наадам даанч хол байна даа.

-Ардын хувьсгалын 100 жилийн ойд цэц сорихдоо өмсье гээд хийлгэж байсан юм уу?

-Тийм ээ. Бүх харваач Ардын хувьсгалын 100 жилийн ойд их ач холбогдол өгөн, бэлтгэлээ хийж, өмсөх гоёлоо зэхэж байсан юм, уг нь. Үндэсний үйлвэрлэлээ хамгийн сайн дэмждэг хүмүүс бол үндэсний спортынхон. Энэ жил хэчнээн олон хүн наадамдаа зориулж шинэ дээл, малгай, гутал, гоёл урлуулсан гэж санана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Том
Том
2021-07-05 09:11

Худлаа бүлтрэх гэж.өмнө нь хэлээгүй байж өнгөрсөн хойно нь б�##�айрч байдөг...

Үл итгэгч
Үл итгэгч
2021-07-05 09:12

Харагдаач худлаа гэж.......

Иргэн
Иргэн
2021-07-05 09:42

Өнгөрсөн хойно мөн сайхан донгодож байна аа. Та нарыг амжмлт гаргаад бөөн мөнгөөр шагнуулаад, тэрий нь УОК та 2 өгч авах гэсээр байт�##� хэдэн иргэн энэ ковид гэдэг чөтгөрөөс болж нөгөө ертөнцөд очих байсан бол доо. Наадам, өв соёл гэж солиорцгоогоод байсан чинь энэ харваачид чинь нөгөө бөх, уяачидтайгаа адилхан мөнгөний л төлөө донгоддог байсан юм байна.

Зочин
Зочин
2021-07-05 09:54

101 жилээр сайхан наадаарай! Амжилт хүсье!

Зочин
Зочин
2021-07-05 12:56

amjilt husey

Зочин
Зочин
2021-07-05 12:59

хүн хүний бодол өөр! амжилт эгч

Зочин
Зочин
2021-07-05 14:53

Үнэн шдээ
Засгийн газрын туйлбаргүй шийдвэр олон хүмүүсийг хохироож аж ахуй нэгжүүдийг дампууруулж байга.Мундаг мэргэн амжилт хүсье

Зочин
Зочин
2021-07-05 16:08

OLOOGUI ASHIG OLDOOGUI OLZIIG HUWAANA HAHA

zochin
zochin
2021-07-05 19:32

Saixan bulterch bnaa.Unexeer tiim bol 101 jileer naadamd turuulbel bux shagnalaa xuuxdiin sand xandivlaarai

Эвий дээ
Эвий дээ
2021-07-06 06:42

Манай аймгийн харваачид түрүүчээсээ нутаг буцаж байна. Сар гаруйн хугацаанд гэрээсээ хол, наадмын бэлтгэл хийхээр их ядр�##�гүй яах вэ. Нэг дээл захи�##�гаар хийлгэж байгаа. Урлаж дуусахаар нь аваад, маргааш юм уу нөгөөдөр буцна. Нутагтаа очоод сайхан амаръя л гэж бодож байна. Дараа жилийн наадам даанч хол байна даа.

Гоё
Гоё
2021-07-06 06:42

Намайг өнгөрсөн жил улсын наадамд түрүүлэхэд Сүхбаатар аймаг маань надад нэг өрөө байраар шагнасан. Одоо ашигл�##�тад орох дөхөж байгаа

Зочин
Зочин
2021-07-06 07:31

Hudlaa shaagaad

Холбоотой мэдээ

Back to top button