НийгмийнУЛС ТӨР

ХОТЫН ХУУЛЬ: Эдийн засгийн хувьд улсаас гадна улс болгох мөрөөсөл шингэсэн Д.Сумъяабазарын төсөл

Хот шинэ хуультай болно. Эл хууль 2008 оноос хойш яригдаж дөрвөн ч дарга зүтгүүлээд амжуулаагүй. Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар “Хотын хууль” буюу Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг барьж гүйсээр УИХ-аар хэлэлцүүлээд эхэллээ.

Хууль долоон бүлэг, 51 зүйлээс бүрдэж байгаа. Реформ хийх агуулгатай хэмээн тодорхойлогдож буй шинэчилсэн хуулийн төсөлд шинээр ямар ОНЦЛОХ заалтууд тусав, түгжрэл утааны асуудлыг хэрхэн анхаарав.

-НИЙСЛЭЛ ҮНЭТ ЦААС БУЮУ ЭДИЙН ЗАСГААР ТУСДАА УЛС ШИГ САЛАН ТУСГААРЛАХ МӨРӨӨСӨЛ

Хуулийн 13.1. Нийслэл хуульд заасан нөхцөл, журмын дагуу үнэт цаас гаргаж болно. Үүнийг өрийн удирдлагын хуулиар зохицуулна хэмээн заажээ. Ингэхдээ тодорхой төсөл, арга хэмжээ, өмнө гаргасан үнэт цаасаа дахин санхүүжүүлэх зорилгоор үндэсний мөнгөн тэмдэгтээр дотоодын зах зээлд үнэт цаас гаргаж болно гэжээ. Үнэт цаас гаргах ажлыг Засаг дарга санаачилж, НИТХ-аараа батлуулах юм.

Нийслэл өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй, хөгжлийн сантай, төсөвтэй, татвартай. Одоогоос жилийн өмнөөс буюу 2020 оноос үнэт цаас гаргах тухай Хотын дарга асан С.Амарсайханаас эхлээд ярьсаар Хотын шинэ хуулиндаа тусгаж, үнэт цаас гаргах эрхийг нь бүрэн нээж өгч буй нь энэ аж. Эдийн засгийн бие даасан байдлыг бий болгох гэдэг үүднээс энэхүү заалтыг оруулсан гэж харагдаж байна. Улсаас тусдаа вант улс байх, хөрөнгө мөнгөний асуудлаа дангаараа шийдвэрлэх агуулгыг эл заалтад шингээж өгсөн гэж хэлэхэд болно.

-ХОТЫН УДИРДЛАГА ХОТЫН АСУУДЛААР ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНД ОРОЛЦДОГ БОЛЖ, ТАНХИМЫН САЙД НАРТАЙ ЗЭРЭГЦЭНЭ-

ӨМНӨХ ХУУЛИЙН 8 ЗҮЙЛД:

3/ нийслэл, түүний оршин суугчдын нийтлэг ашиг сонирхлыг хөндсөн, өөрийн эрх хэмжээнд шийдвэрлэх боломжгүй асуудлыг шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, холбогдох бусад байгууллагад санал тавих;

1/ нийслэл хот улсын хэмжээнд суурин соёл иргэншлийн тэргүүлэх байр суурь эзлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор төрийн захиргааны төв байгууллагуудтай нэгдсэн бодлого явуулах асуудлаар Ерөнхий сайдтай шууд харилцах;

ШИНЭ ХУУЛИАР:

27.1.2.нийслэлийн болон нийслэл хотын чиг үүрэгтэй холбоотой асуудлаар Засгийн газарт санал тавих, Засгийн газрын хуралдаанд оролцох, байр сууриа илэрхийлэх, хууль санаачлахаас бусад, өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлыг санаачлах, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнтэй шууд харилцах.

Өмнө нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдтэй шууд харилцах, санал тавих эрхтэй байсан. Хууль батлагдсанаар хотын асуудлаар Засгийн газрын хуралдаан хүртэл оролцож суух эрхтэй болох юм.

-ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛАХААР БАЙГУУЛАХ “ДАГУУЛ ХОТ-УУД БУЮУ, ЖИЖИГ ВАНТ УЛСУУД-

Эл хуулийн зургадугаар бүлэгт “Дагуул хот байгуулах” тухай бүхэлд нь тусгажээ. Дагуул хотыг стратегийн ач холбогдол бүхий хэд хэдэн нөхцөлийг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал байгуулах юм байна. Нийслэл хотын төвлөрлийг сааруулах зорилготойгоо байгуулагдах дагуул хотууд тусдаа захирагчтай байж зөвлөх үүрэг бүхий зөвлөлтэй байх аж. Тусдаа эдийн засаг, аялал жуулчлал, соёлын үйлчилгээ, үйлдвэрлэл, тээвэр, логистик, олон улсын харилцаа, худалдаа, үйлдвэрлэлийн сүлжээ, дэд бүтэц, хөдөлмөр эрхлэлт, ажлын байр зэргээр хотод байх бүхий л зүйлтэй байрыг хуульчилж буй.

Нийслэл төдийгүй төрийн удирдлагууд хотын төвлөрлийг сааруулах үүднээс дагуул хоттой болох асуудлыг ярьсаар ирсэн. Майдар хот, Хөшигийн хөндийг дагасан дагуул хот гэхчлэн яригдаад удаж буй ч ахьсан ажилгүй. Хотын хуулинд тусгайлан зориулсан заалтуудыг оруулж ирж буй нь энэ.

-“ХОТЫН ӨДӨР”-ТЭЙ БОЛЖ, БАЯР ТЭМДЭГЛЭНЭ-

Хуулийн 48 дугаар зүйлд “Нийслэл хотын өдөр”-тэй болно гэж тусгажээ. Жил бүр хотын өдрийг тэмдэглэж, шагналын хур буулгах юм гэнэ. Өмнөх хуулиар зөвхөн Нийслэл хотыг хөгжүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан иргэнийг “Нийслэл хотын хүндэт иргэн”-д өргөмжилж шагнадаг байсан.

Харин шинэ хуулиар нийслэлийн гэх баярын өдөртэй болж, тухайн өдөр нь шагнал гардуулдгаараа онцлогтой болох юм байх. Ингэснээр Монголын баяр нэгээр нэмэгдэж, одон медаль, өргөмжлөл мэтчлэн шагнал хүртэгсэд нэмэгдэнэ гэсэн үг юм.

-ХОТЫГ СУДЛАХ БАЙГУУЛЛАГАТАЙ БОЛНО-

Хуулийн 49 дүгээр зүйлд “Нийслэл хотын судалгааны байгууллага”-тай болно гэж оруулжээ. Эл байгуулллага нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн дэргэд ажиллаж хотын бүхий л асуудлыг судлах юм гэнэ. Тодруулбал, нийслэл хотын хөгжлийн түүх, хэтийн төлөв, хотжилт, хот байгуулалт, хүн ам, хүрээлэн байгаа орчны талаар тулгамдаж байгаа асуудлыг судлах чиг үүрэг бүхий судалгаа, шинжилгээний төв байх аж.

Нэг ёсондоо нийслэлийн Засаг даргын орлогч нарын хийдэг чиг үүргийн ажлуудыг давхар хийх байгууллагатай болох нь. Нийслэлд тулгамдаж буй асуудлыг нь судлаад өгчихвөл зургаан орлогч юу хийх вэ. Төрийн байгууллагын, нийслэлийн удирдлагын бүтцийг улам данхайлгах заалт гэдгийг судлаачид хэлээд эхэлчихсэн.

Нийслэлийг өдий хүртэл 1994 онд баталсан 530 мянган хүнтэй ахуйн “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-иар хуулиар зохицуулж ирсэн. Одоо 1.5 сая хүн амтай болсон байна. Шинэ хуульд яалт ч үгүй түгжрэл, дэд бүтэц, агаарын бохирдол зэргийг шийдсэн агуулгыг тусгахыг хүлээж байв.

Гэтэл шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь авч үзвэл дагуул хот, хаяа тосгон, түүний удирдлага, зохион байгуулалтын онцлог, бусад харилцааны эрх зүйн үндэс гэхчлэн тусгаж. Түүнчлэн Улаанбаатар хотын Захирагч нь Ерөнхий менежерийг томилох, зарим бүрэн эрхээ шилжүүлэх боломж олгохоос өөрөөр гавьтай удирдлагын заалт алга.

Бусад заалтууд асар ихээр өөрчлөгдөөгүй, яв цав таараад байхгүй ч амин сүнс, агуулгыг шингээсэн байна. Харин үнэт цаас гаргаж эдийн засгийн хувьд салан тусгаарлах, ер нь эдийн засгийн чөлөөт бүс болгох агуулга давхар орж ирнэ. Хот тусдаа вант улс болж, хотын дарга хязгааргүй эрхэт хаан болох мөрөөслийн заалтууд багтсан байна. Хотыг нэг төвтөөс олон төвт хот болгох гол зохицуулалт орсон. Дагуул хотуудтай болж байж түгжрэл, утаанаасаа сал гэсэн утгатай. Ганцхан өдөр босоод дагуул хоттой болчихгүй нь ойлгомжтой. Хотын даргаас хүлээсэн шинэ хотын хуулийг дүгнэхэд нэг иймэрхүү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

  1. Удам судар муутай муу мангар гуйлгачин чинь ван болохыг санаархана гэнээ.Ямар их юм санадаг гуйлгачин бэ. Шаахайдаад хөөгөөд явуул..

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button