ДЭЛХИЙ

СУДАЛГАА: “Pfizer”, “AstraZeneca”-ийн вакцин Дельта хувилбарын эсрэг өндөр үр дүнтэй

Лхагва гарагт (2021.07.21) “New England Journal of Medicine” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаа “Pfizer/BioNTech”, “Oxford/AstraZeneca”-ийн вакцины хоёр тун Дельта хувилбарын эсрэг үүсгэдэг хамгаалалт Альфа хувилбартай ойролцоо гэдгийг харуулжээ. Дельта хувилбар нь дэлхийд шинээр бүртгэгдэх тохиолдлуудын ихэнхийг үүсгэх болсон. ДЭМБ мэдээлэхдээ лхагва гарагийн (2021.07.21) байдлаар тус хувилбар 124 улсад бүртгэгдсэн хэмээжээ.

Судалгаанаас харвал “Pfizer”-ийн вакцины хоёр тун Дельта хувилбарын эсрэг шинж тэмдэгтэй өвчлөлөөс хамгаалахдаа 88 хувь байжээ. Харин анх Их Британид бүртгэгдэж байсан Альфа хувилбараас 93.7 хувийн үр дүн үзүүлсэн аж. “AstraZeneca”-ийн вакцины хоёр тун Дельта хувилбарын эсрэг 67 хувийн үр дүнтэй гарсан байна. Харин Альфа хувилбарын эсрэг 74.5 хувийн үр дүн үзүүлсэн аж. Өмнө нь “Public Health England” байгууллага “Pfizer”-ийн вакцин Дельта хувилбарын эсрэг 88 хувийн үр дүнтэй, “AstraZeneca”-ийн вакцин 60 хувийн хамгаалалт үүсгэдэг хэмээн мэдэгдэж байсан.

ДЭМБ-ын мэдээлснээр Дельта хувилбар нь өнгөрсөн арван хоёрдугаар сард Энэтхэгт илэрсэн аж. “MedPage” сайтад нийтэлснээр Дельта нь 13 мутацитай, үүний 7 нь вирусийн спайк уурагт үүссэн аж. Спайк уураг дахь L452R, E484Q мутациуд нь нэг төрөлд зэрэг илэрсэн анхны тохиолдол учраас Дельта төрлийг давхар мутацитай гэж нэрлэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button