Сурвалжилга, Нийтлэл

“Зургаагаас доош насны хүүхдийг парк дээр тоглуулахгүй байгаа нь хүүхдийн эрхийг зөрчиж байна”

Хөл хорионы үед хүмүүс юу хийсэн бэ? Гэрийнхэнтэйгээ цагийг хамт өнгөрүүлж, шинэ зүйл сурч, зарим нь хэд хэдэн хэлтэй болоод ч амжсан биз. Үүнээс хожсон хүн цөөнгүй бий. Тэгвэл энэ үеийн хамгийн том “хохирогчид” хэн байсан бол? Цонхоор байрныхаа доорх тоглоомын талбайг харж санаа алдангаа зурагт руу зэрвэс зэрвэс харц унагах багачууд. Тэдний шуугилдахыг сонсохгүйгээр хот нэг л ил хуль мэт. Тэгвэл бид өнөөдөр саяхан дахин нээгдсэн, хүүхдүүдийн инээд цалгисан Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнг зорилоо.

Паркд очиход үд дунд хэвийж байлаа. Үүдээр нь ороход тэндэхийн ажилтан ковид-19-ийн эсрэг вакцины хоёр тундаа хамрагдсан эсэхийг биднээс асууж, гараа ариутгахыг зөвлөв. Хэдий тэнгэр бүүдгэр, бүгд масктай байсан ч хүмүүс огт ажирсан шинжгүй баярлан хөөрөлдөж харагдана. Энд тэндгүй хөөсөн чихэр барьчихсан бяцхан үрсээ дагуулан яваа эцэг, эх, найзуудтайгаа явж буй залуус, хосууд. Хэдий тэд хамтдаа ирсэн ч тоглоомон дээр тоглохдоо зай зайгаа барин тусдаа сууж, зарим нь ээлжлэн тоглож нэгнээ хүлээх харагдана. Тэр дундаас хэд хэдэн тоглоом ажиллахгүй, бас эгч, ахтайгаа хамт тоглоомон дээр суулгүй ээж, аавтайгаа урвагархан үлдэх жаалууд бидний анхаарлыг татав. Энэ талаар бид паркийн талбайн менежер Б.Баяржаргалаас тодрууллаа.

-Паркд хэд хэдэн тоглоом ажиллахгүй харагдлаа. Энэ ямар шалтгаантай вэ?

-Зургаагаас доош насны хүүхдүүдэд зориулсан тоглоомууд ажиллахгүй байгаа. Үүнд нийтдээ долоон тоглоом багтаж байгаа. Нийслэлийн онцгой комиссоос өгсөн заавар дотор зургаагаас дээш насныханд л үйлчилнэ гэх заалт байсан учир ийм шийдвэр гаргасан. Түүнчлэн комиссын шийдвэрээр гэнэт нээсэн учир зарим тоглоомын хувьд бага зэрэг засвартай, ажиллахгүй тохиолдол бас бий. Жишээлбэл, галзуу хулганы бүрээсийг шинэчилж байгаа болохоор одоохондоо тогтмол ажиллуулахгүй байгаа.

-Насны хязгаар заасан энэ шийдвэрт танай байгууллагаас ямар байр суурьтай байна вэ?

-Улсын онцгой комиссоос өвчнөөс шалтгаалан гаргасан шийдвэр учраас бидний хувьд дагахаас өөр аргагүй. Зургаагаас доош настай хүүхдүүд вакцинд хамрагдаагүй. Дээрээс нь халдвар хамгааллын дэглэм сахих тал дээр харьцангуй дутагдалтай. Арай том болсон хүүхдүүд бол вакцингүй байсан ч ээж, аавынхаа хэлснийг дагаад, гараа ариутгаад явж чадна шүү дээ. Цар тахалтай холбоотой аргагүй нөхцөл байдал үүссэн гэдгийг хүмүүс ч ойлгож байгаа байх.

-Халдвар хамгааллын дэглэмээ хэрхэн сахиж ажиллаж байна ?

-Бид ЭМЯ-наас өгсөн зааврын дагуу хоёр цаг тутамд тоглоомоо ариутгаж, мөн үйлчлүүлэгчдэд гараа ариутгах боломжийг бүрдүүлж өгч байгаа. Ажилчдынхаа халууныг тогтмол үзэж, маскыг нь хоёр цаг тутамд сольдог. Хариуцлагын гэрээнд заасны дагуу хүн хоорондын зай барихын тулд манай бүх тоглоом 50 хувийн хүчин чадлаараа л ажиллаж байгаа. Жишээлбэл, дөрвөн хүн суух боломжтой тоглоомон дээр хоёр хүн сууна гэсэн үг.

-Үйлчлүүлэгсэд дээрх нөхцлүүдийг хэрхэн хүлээж авч байгаа вэ ?

-Ирж буй иргэдийн хувьд тавьж буй шаардлагуудыг харьцангуй эерэгээр хүлээж авч байгаа. Хамтдаа ирсэн хүмүүс ээлжилж тоглоомон дээр суух зэргээс эхлээд ер нь их хүлээцтэй хандаж байна. Коронавирус гарснаас иргэд халдвар хамгааллын дэглэмийг нэлээн нааштайгаар хүлээж авах болсон нь эндээс харагддаг.

Түүний хэлсэнчлэн тоглоом бүрийн орох хаалганы дэргэд ариутгагч байрлуулсан байв. Паркийн зарим ажилчид дууссан ариутгагчны сав барин шинээр солихоор яваатай бид гурван ч удаа тааралдсан юм.

“Одоо хоёр л хүн багтана” гэж тоглоом хариуцсан ажилтан хэлэхэд нэлээн олон хоосон суудал харагдсан ч дургүйцэж үг хаях хүн огт байсангүй. Харин өнөөх хоёр суудалд хамгийн урд оочирлож байсан ах нэг хүүхдээ суулгачхаад нөгөөг нь тэврэн буцаж буй харагдав. Үлдсэн хүү нь ах руугаа харан дурамжхан байгааг харсан тэрбээр “Аав нь чамд тэндээс зайрмаг аваад өгье. Харин хоёулаа ахад чинь хэлэхгүй шүү” гэж багатайгаа битүүхэн “хуйвалдаад” авах нь сонсогдов. Үнэхээр л жоохон хүүхдүүд нэг бол амттан, хоолны бүхээгийн хавьд, эсвэл ил гулсдаг тоглоомон дээр бөөгнөрчээ. Бид паркд үйлчлүүлэгсдээс сэтгэгдлийг нь сонсож багахан яриа өрнүүллээ.

Хэрэв тоглуулахгүй юм бол бага насны хүүхдүүдийг нэг мөсөн үүдээр оруулахгүй байх хэрэгтэй. Паркийн одоо авч буй арга хэмжээ хүүхдийн эрхийг зөрчиж байна.

Иргэн Л.Лхагва

-Парк нээгдэхийг хүлээх хүлээлт байсан уу? Үйлчлүүлэхэд сэтгэгдэл ямар байна вэ?

-Хажуугаар гарж явахад л хүүхдүүд маань тогломоор байна гээд их шалдаг байсан. Хүүхдүүд хоёр жил орчим гэрийн хорионд байсан болохоор тоглох хүсэл ихтэй байгаа л даа. Тэгээд паркийг нээгдсэн гэж сонсоод зорьж ирсэн юм. Гэхдээ бага насны хүүхдийг тоглуулахгүй байгаа асуудал дээр их сэтгэл гонсгор байна. Би долоо болон таван настай хоёр хүүхэдтэй.

Парк руу мэдээж нэгийг нь үлдээгээд ирж болохгүй учир гурвуулаа ирсэн юм. Тэгтэл хүүхдүүдээ аваад аваад ирэхээр үүдээр оруулж байгаа хирнээ багыг нь тоглоомон дээр суулгахгүй байна. Ковид-19-өөс болоод ийм шийдвэр гаргасан гэнэ. Тусахаа хүрвэл хүүхдүүдийн маань аль аль нь л вакцин хийлгээгүй байхад яагаад ингэж шийдвэр гаргасныг ойлгохгүй байна.

-Таны хувьд энэ тал дээр ямар арга хэмжээ аваасай гэж бодож байна?

Бага насны хүүхдүүдэд зориулсан тоглоомуудаа ажиллуулах хэрэгтэй. Хэрэв тоглуулахгүй юм бол зургаа хүртэлх насны хүүхдүүдийг нэг мөсөн үүдээр оруулахгүй байвал амар. Айл бүр л ихэнх нь дор хаяж хоёр хүүхэдтэй. Ах, эгчийг нь авч яваад дүүг нь үлдээнэ гэж байхгүй. Хэрэв үүдэнд хориглож байна гэвэл хамтдаа буцаад л явчихна шүү дээ. Харин бүх хүүхдийг оруулж л байгаа бол тоглохыг нь зөвшөөрөх хэрэгтэй. Энэ одоо авч буй арга хэмжээ чинь жинхэнэ хүүхдийн эрхийг зөрчиж байгаа зүйл.

-Бага насны хүүхдүүд халдвар хамгааллын дэглэм барих чадвар сул гэж үзээд байна ?

-0-3 насны хүүхэд үгүй юм аа гэхэд дөрөв тав хүрчихсэн хүүхдүүд хэлсэн юмыг ойлгож хүлээж авна шүү дээ. Хүүхдүүд халдвар хамгааллын дэглэм барихгүй гэхээс илүү томчууд өөрсдөө их хайнга байгаа нь илт харагдаж байна. Энд өсвөр насны хүүхдүүд олон ирж байгаагийн ихэнх нь гэхэд л маскаа зүүхгүй байна шүү дээ.

Гинжин тоглоом юм уу алсыг харагч дээр оочирлож байгаа хүмүүсийг харахад л бараг нэг нэгэндээ наалдаад шахам зогсчихсон хүмүүс. Уул нь 1.5-2 метр зай барих ёстой. Паркын зүгээс халдвар хамгааллын дэглэмтэй холбоотой арга хэмжээ нэлээн авч байгаа харагдаж байна. Гэтэл оочир нь ийм байхаар ямар ч хэрэггүй шүү дээ. Зохион байгуулалт дээрээ анхаарч өгөх хэрэгтэй юм шиг миний хувьд санагдаж байна.

Вакцин хийлгэчихсэн гээд хэлчихвэл шууд оруулж байсан. Халдвартай хүн худлаа хэлээд ороод ирж болохоор байна шүү дээ.

Иргэн н.Саруулбуян

-Парк удаан ажиллаагүй шүү дээ. Үйлчлүүлэхэд сэтгэгдэл ямар байна?

-Халдвар хамгааллын дэглэмээ бариад ажиллаж байвал болж л байна. Тэгэхдээ паркийн зүгээс яг шалгаж, мөрдөж байгаа юм харагдахгүй л байна. Үүдээр орж ирэхээс эхлээд л асуудлууд байна шүү дээ. Үүндээ анхаарал тавьчихвал бусдаар бол асуудалгүй.

-Үүдээр орж ирэхэд вакцин хийлгэсэн бичгийг тань шалгаагүй юу?

-Ерөнхийдөө вакцин хийлгэчихсэн гээд хэлчихвэл шууд оруулж байсан. Бичиг баримт заавал шалгахгүй байна лээ. Ингээд харахаар халдвартай хүн худлаа хэлээд ороод ирж болохоор байна шүү дээ. Тэгээд хэчнээн сайн халдвар хамгааллын дэглэмээ сахисан идэж, уух гээд хүн наад захын хэрэгцээгээ хангахад маскаа авж л таарна. Миний хувьд парк үйл ажиллагаагаа явуулж байгаа нь халдвар тараах нэг шалтгаан болно гэж үзэж байна.

Заримыг нь тоглуулаад заримыг нь тоглуулахгүй байна гэдэг хүүхдийг жинхэнэ ялгаварлаж байгаа асуудал.

Иргэн Т.Ариунтуяа

-Паркаар үйлчлүүлэхэд сэтгэгдэл ямар байна вэ?

-Хүүхдүүд маань парк ажиллаж байгаа гэсэн чинь ирэе гээд их гуйсан. Өнөөдөр хүслийг нь биелүүлээд явж байна. Гэхдээ хоёр настай охиноо тоглуулж чадахгүй гэхээр жаахан тиймхэн байна. Хоёр хүүхэдтэй байхад нэг нь л тоглоод байхаар хэцүү юм. Томыгоо төлбөртэй тоглоомон дээр суулгачхаад бага охиноо гулсууртай тоглоомын талбай дээр л тоглуулж байна. Үнэндээ тэнд тоглох, паркийн тоглоомон дээр суух хоёр ямар ялгаатайг сайн мэдэхгүй юм.

-Зургаа хүртэлх насны хүүхдийг паркийн тоглоом дээр тоглуулахгүй байгаа тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Бага насны хүүхдүүдийг тоглоомон дээр бөөнд нь суулгахгүйгээс хойш тоглуулахад асуудалгүй л гэж бодож байна. Хүүхэд л бол хүүхэд. Хоёр настай гэхээрээ бусдаасаа илүү халдвар авах магадлалтай байдаг юм уу, мэдэхгүй юм. Миний хувьд тоглоомон дээр хоёр, дөрөв, зургаан насны хүүхдүүдэд ялгаа байх ёсгүй л гэж бодож байна.

Бага насны хүүхдүүдтэй дан асран хамгаалагчид нь хамт явж байгаа юм чинь маскийг нь зүүлгээд, хариуцаад тоглуулж чадна. Хэрвээ хүүхдүүдийг тоглуулахгүй гэвэл бүгдэд нь л адилхан хориглох хэрэгтэй. Харин заримд нь зөвшөөрчхөөд заримыг нь хориглоно гэдэг жинхэнэ хүүхдүүдийг ялгаварлаж байгаа асуудал.

-Парк ажиллаж байгаа нь таны хувьд зөв алхам байсан уу?

-Манай гэр бүл паркийг ажиллахгүй байх үед орж ирж хүүхдүүдтэйгээ их салхилдаг байсан. Тоглоом нь ажиллахгүй ч орж ирэхийг зөвшөөрдөг байсан шүү дээ. Тэгээд хүүхдийн жижиг тоглоомын талбайг ч ашиглах боломжтой байсан. Бидний хувьд парк ажиллаж эхлээд тэр үеэс нэг их өөрчлөгдсөн зүйл байхгүй байна. Ус, ундаа, хоол зарж буй газрууд нээгдсэн нь л ялгаатай юм уу даа. Мэдээж хөл хөдөлгөөн ихэссэн болохоор халдвар авах магадлал ч өндөр болсон. Тэгэхээр хүмүүст хандаж бяцхан үрсийг бодоод ч болов маскаа сайн зүүгээрэй гэж хэлмээр байна.

О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
odbayar
odbayar
2021-07-26 15:20

Amtai bolgon eldev erh yaridag boljee. balainuud huuhdiin chine toloo avch heregjuulj baigaa arga hemjee

дОРЖОО
дОРЖОО
2021-07-27 06:22

Эхлээд үүргээ биелүүлчихээд дараа нь хүүхэдтийн эрх гэж хуцаарай

Ганаа
Ганаа
2021-07-29 11:13

Амь нас яригдаж байхад Ацнийх чинь хүүхдийн эрх эргүү хог вэ.

Иргэн
Иргэн
2021-08-01 10:05

О.Энхжин танд: бага насны хүүхдүүдэд паркад тоглох нь чух�##� уу? Эрүүл өсөж торних нь чух�##� уу?

Холбоотой мэдээ

Back to top button