БОЛОВСРОЛНийгмийнЯРИЛЦЛАГА

Ө.Насанжаргал: Нойргүй зүтгэж олсон мөнгөө цахим хичээлд зарах үнэхээр хайран

Наймдугаар сар хаяанд ирж их сургуулийн хичээл цуглахад сар хүрэхгүй хугацаа үлджээ. Иймд бид сургалтын төлбөрөө өөрөө олж их сургуульдаа сурч буй олон залуусын төлөөлөл Ө.Насанжаргалтай ярилцлаа.

-Хичээл сургууль цуглах цаг дөхөж намар айсуй болжээ. Их сургуулийнхаа төлбөрийг цуглуулчихсан уу?

-Би СУИС-ийн Дүрслэх дизайн урлагийн сургуульд Уран зураач мэргэжлээр сурч байгаа. 75 жилийн түүхтэй манай ДДУС маань СУИС-аас салан тусгаарлаад Дүрслэх урлагийн академи болчихсон. Энэ жил дөрөвдүгээр дамжааны оюутан болж шат ахина. Нэгдүгээр дамжаанд байхаасаа л сургалтын төлбөрөө өөрөө төлж байна. Үүний тулд олон төрлийн ажил хийдэг л дээ.

Миний хувьд их сургуульд сурна гэдэг нэг ёсондоо том даваа. Учир нь эмээ, өвөө хоёр минь хоёул настай хүмүүс. Тэтгэврээрээ л амьдардаг. Тийм байхад их мөнгө нэхэж чадахгүй. Өөрөө болгохоос аргагүй. Ядаж байхад Зураачийн мэргэжил хэрэглэгдэхүүн өндөртэй. Будаг, харандаа, баллуур зэрэг жижиг хэрэглэл их ордог. Арван жилийн хүүхэд шиг нэг харандаа, зургийн хэрэгсэл аваад бүтэн жил эдэлдэг шиг удаан хэрэглэгдэхгүй. Цогц хэрэгслээ аваад хэдхэн хоноод л дуусна. Тэгэхээр сургалтын төлбөрөөс гадна илүү зардал маш ихийг олох хэрэг гардаг. Ажил хийж төлбөрөө цуглуулсаар л байгаа.

-ХЭДИЙ МӨНГӨ ХЭРЭГТЭЙ Ч АЖЛЫГ СОРЧИЛЖ ХИЙХ ЧУХАЛ. ЯГ Л НОМ ШИГ-

Их сургуулийн төлбөрөө өөрөө төлдөг оюутан сурагчдад сургалтын төлбөрөө олж цуглуулах нь хэр боломжтой байдаг юм бэ?

-Оюутан болсон цагаасаа 10 гаруй ажил хийж үзлээ. Дандаа л хичээлийн бус цагаараа хичээлийн хэрэглэгдэхүүн, байр, хэрэглээний мөнгөө олох зорилгоор хийнэ. Зөөгч, угаагч гэх зэрэг ажил хийж байсан ч энэ намайг огт хөгжүүлэхгүй байсан. Тархийг минь ажиллуулахгүйгээр мөнгө оруулж байгаа нь надад сэтгэлийн дарамт, хайран цаг хугацаа гэж бодуулж эхэлсэн. Миний хүсэл болохоор ямар ч ажил бай намайг хөгжүүлж, миний тархийг ажиллуулж, зовоож байх нь л хамгийн чухал байсан юм. Тэгээд л би ажил хийх эрч хүчээ ханын зураг, уран зургийн сургалтын багш, модон эдлэл дээр зурах, гар урлал, шивээс, киноны туслах зураач зэрэг ажил хийж эхэлсэн. Тархийг ажиллуулахаас гадна намайг хөгжүүлж байгаа юм. Хэдий мөнгө нь хэрэгтэй ч ажлыг хийх хийхдээ сорчилж хийх миний хувьд их чухал. Яг л ном уншихтай адил.

-СУРГАЛТЫН ТӨЛБӨР НЭМЭГДЭХ ТУСАМ АЖИЛЛАЖ МӨНГӨ ОЛОХ ЦАГ УРТАСДАГ-

-Сургалтын төлбөр нь сурч байх хугацаанд нь хэр зэрэг нэмэгдсэн бэ. Энэ нь өөрөө төлбөрөө олдог оюутанд ихээхэн бэрхшээл болдог байх?

Сургалтын төлбөр маань нэгдүгээр дамжаанд элсэх үетэй харьцуулбал 50 орчих хувиар нэмэгдсэн. Зуны гурван сарын хугацаанд ажил хийгээд төлбөрөө болгоно гэдэг хэцүү. Байрны түрээс, хоол, унаа гээд их зардал хажуугаар нь урсдаг. Хатуу сургалтын албатай, хувааж төлж болохгүй гэдэг бол их хэцүү л байх.

Бид өглөөнөөс орой хүртэл сургууль дээрээ сууж зургаа зурдаг. Долоо хоног зурах даалгавартай зургийг хоёр хоног хичээлийн хажуугаар өдөр шөнөгүй яс сууж зураад үлдсэн өдрүүдэд ажил хийж мөнгө олохыг л боддог. Багш маань өгсөн даалгаврыг нь хоног шахаж зурахад над шиг шалтгаантай хүүхдүүдийг ойлгодог.

Сургалтын төлбөр нэмэгдэхийн хэрээр ажиллах цаг минь уртсаад байдаг. Бас хэрэглэгдэхүүний үнэ ч өсдөг. Долоо хоногийн гурван өдөр унтахгүй байх тохиолдол миний хувьд энгийн л үзэгдэл. Ингэлээ гээд шантрах талаар боддоггүй. Илүү хурдтай болж илүү ихийг амжуулахыг л боддог доо.

-Ярианаас нь ажаад байхад сурч буй мэргэжилдээ их хайртай юм. Шантрахгүй хичээж байгаа гол шалтгаан чинь юм шиг санагдлаа?

-Тийм ээ. Би энэ хүртэл ирэхийн тулд есдүгээр ангийн хавар Завхан аймгийн хөгжим бүжгийн коллежийн шалгалт өгч суралцах болсон. Миний өвөө урлаглаг хүн байсан юм. Үүнээс миний мэргэжил сонголт эхэлж Завхан аймгийн Хөгжим бүжгийн коллежид 2014-2017 оны хооронд сурсан. Энэ хүртэл сурахад олон сайхан багш нар минь намайг дэмнэж байна.  

Анх Хөгжим бүжгийн коллежид сурах гэж байх үед хүмүүс нэг муу коллежид сурч байхаар 12 жил сураад ЕБС төгссөн нь дээр гэдэг байсан. Би тэр сургуульд сурч өөрийн чадварыг нээсэн тулдаа л их сургуулийн төлбөрөө олох хэмжээнд хүрч хүнд “би ийм авьяастай” гээд үзүүлэх чадвартай болсон юм.

-НОЙР ХООЛГҮЙ АЖИЛЛАЖ ОЛСОН МӨНГӨӨ ЦАХИМ ХИЧЭЭЛД ЗАРНА ГЭВЭЛ ҮНЭХЭЭР ХАЙРАН-

-Сургалтын албанаас чинь төлбөрийн уян хатан байдалд нь анхаардаг уу. Ер нь төлбөрийн нөхцөлөө ямар байгаасай гэж хүсдэг вэ?

-Сургуулийн хувьд багш нар нөхцөлийг сайн мэдэрч ойлгодог. Харин улс орноос маань сурах хүсэл ихтэй, хичээж байгаа үнэхээр боломж муу оюутнуудаа харж үздэг байгаасай. Хэрэв надад сурахын хажуугаар ажил хийх цаг маань жаахан ч гэсэн богино байсан сул заваараа их хичээж идэр насандаа ихийг сурах юм сан гэх бодол байдаг. Адаглаад сургалтын хэрэглэгдэхүүн өндөртэй улсын их, дээд сургуулиудын оюунуудад ямар нэг шалгуураар ч юм уу дэмжлэг олгодог байгаасай.

Ирэх намар хичээл маань цахимаар битгий ороосой гэж их хүсэж байна. Манай бүх л хичээл дадлага дээр суурилдаг. Зүгээр нэг ном уншаад, эсээ бичээд хийчихдэг бус үргэлж хянуулж зураас бүрээ нягталж байдаг мэргэжил. Зунжин, нойр хоолгүй шахам ажиллаж олсон мөнгөө үр дүнгүй цахим хичээлд зарна гэвэл үнэхээр хайран байна. Ажилласан цаг хугацаа, цахим сургалтад суух цаг гээд аль аль нь хайран.

Тэрбээр сургалтын төлбөрөө өөрөө олдог учраас жил бүр төлбөр нэмэгдэх нь түүний сурах хугацаанаас хомсолж байдаг талаар хэлж байлаа. Иймд БШУЯ-ны Дээд боловсролын газрын дарга С.Должингоос энэ жил сургалтын төлбөрт өөрчлөлт орох эсэх, ямар чиглүүлгээр ажиллуулах талаар тодруулбал,

“Их дээд сургуулиудын сургалтын төлбөрийг цар тахалтай холбогдуулан нэмээгүй. Яг үүнийхээ дагуу энэ жил ч мөн мөрдөхөөр чиглэл өгөөд байна. Сургалтын төлбөрийн хувьд уян хатан нөхцөлийг бүрдүүлсэн. Сургалтын албатайгаа ярилцаад харилцан гэрээ хийж тохиролцон нэг удаад төлөх мөнгийг 600 мянга орчимд тогтоод хуваан төлөх боломжтой болгосон. Мөн амжилттай сурч буй оюутанд хөнгөлөлт, тэтгэлэг зэргийг нэмэгдүүлсэн. Үүнээс гадна хувийн их дээд сургуулиудын удирдлагууд төлбөрөө өөрсдөө тогтоодог учраас энэ нь зөвхөн улсын сургуулийн мөрдөж буй чиг юм.

Соёл урлагийн их сургуулийн хувьд нэгдүгээр дамжаанд элсэн сурах оюутны төлбөр 10 хувиар нэмэгдэж байгаа. Гэхдээ улсын сургуулиуд дундаа хамгийн бага төлбөртэйд тооцогдож байгаа” гэсэн мэдээллийг өглөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

9 Сэтгэгдэл

  1. Хичээл зүтгэлтэй, зорилгодоо хүрэх гэж тэмүүлдэг мундаг охин байна. Мөн энэ яамны Должин нь харин овоо амьдр####тай хариулт өгсөн байна. Ноднин энэ яамны газрын дарга оюутнаас төлбөр битгий нэх гээд байсан. Сургууль юугаараа багш нарын ц####инг тавьж, юугаараа бусад зардлаа шийдэх юм бүү мэд, мөнгө бүү нэх гээд байсан, өнгөрсөн жил…Утгагүй

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button