ЭнтертайнментЭРҮҮЛ МЭНД

Бялууртлаа идэж хоолонд “хайр зарласан” бол…

Бид бүгдээрээ хааяагүй л ходоодныхоо хэмжээнээс хэтрүүлэн хооллодог. Амттай пиццанаас, амттай бялуунаас бас ээжийн хайрсан боовноос гээд амттай гэсэн болгоноос бид татгалзаж чаддаггүй нь үнэн. Энэ бол өвчин биш. Харин та байж байгаад л гэнэт хоолны дуршил чинь хөдөлж, уур уцаартай болж эхэлдэг бол энэ яах аргагүй өвчин. Булимиа (bulimia-хэт өлсөх өвчин) өвчний илрэл юм. Ийм өвчний үед зөв хооллох горим алдагддаг. Хэт өлсөх өвчнөөр өвчилсөн хүмүүс хичнээн хоол унд идэж, уусан тоо хэмжээгээ хянаж чадахаа байдаг.  

“Авраарай” гээд ходоодны дохио ирсэн хойно л өөрийгөө үзэн ядаж, өөртөө гомдоллож эхэлдэг. Өвчтөн жин нэмэгдсэнээр өөрийгөө сул дорой, арчаагүй амьтан гэж буруутган, улмаар өөрийгөө хүндлэхээ больдог. Ингэснээр бүрэг, хаалттай болж, гэр бүл, хамаатан садан, найз нөхдөөсөө зай барьж эхэлдэг. Нийгмийн харилцаанаас гадуурх хүн болон хувирдаг. Хэрвээ таны ам цаг үргэлж л хөдөлж байдаг бол энэ зуршлаасаа салах тийм ч амаргүй ээ. Гэхдээ та энэ зуршлаасаа салж чадахгүй л юм бол зуршил чинь аяндаа өвчин болон хувирна шүү. Та хоол унданд агуу их “хайр зарлачихсан” бол хяналт тавих, татгалзаж сурахад нэлээдгүй хүч хөдөлмөр шаардагдана. Булимиа  өвчин хэд хэдэн шалтгааны улмаас үүсдэг. 

Уг өвчин нь хүүхэд байхдаа сэтгэл санааны гүн “шок”-нд орсноос үүдэлтэй гэж тайлбарладаг. Хэрэв та хүүхэд байхдаа гадаад үзэмжиндээ сэтгэл дундуур тэр ч бүү хэл бүр үзэн яддаг, өөрийгөө үнэлэх үнэлэмж чинь доогуур, мөн амархан гомддог байсан бол энэ бүхэн хооллолтын дэглэм алдагдсантай шууд холбоотой байдаг ажээ. 

Хэт их идэхэд нөлөөлдөг хамгийн гол шалтгаан бол: таагүй маргаан, ойр дотнын эсвэл хайртай хүнээ алдах, ажлаасаа халагдах, азгүй явдлууд тохиолдох, гэр бүлийн хүрээн дэх үл ойлголцол, мөн хүнд хэцүү шалгалтууд гэх мэт байдаг. Амьдралд энэ мэтээр таагүй явдлууд гарч ирэхэд хүн аяндаа хоолонд “шунаж” эхэлдэг. Эцэст нь энэ шуналаас болж үл ялиг хэрнээ том асуудал үүсдэг. Тодорхой шалтгаан байхгүй ч байсан  өөрийн эрхгүй хоолонд донтож эхэлнэ.

Цаашлах тусам хэт их идэх явдал нь бүр жинхэнэ архаг өвчин болон хувирдаг. Цаг үргэлж л идэж уухын хүсэлд автан, өөрийн болон өрөөлийн амьдралд садаа болж эхэлнэ. Ингэснээр ажлын чадамжийг бууруулж, шийдэх ёстой, хийх ёстой ажил, асуудлаа хойш нь тавьж, амьдралын идэвхи эрс буурдаг. Үүнээс гадна, хамгийн гол зүйл бол эрүүл мэндээрээ, өөрөөр хэлбэл ходоод болон хоол боловсруулах эрхтэн чинь “улаан гэрлээ асааж”, өвчилнө.

Харин үүнтэй хэрхэн тэмцэх вэ?

Нэн түрүүнд идэхээ боль. Бүр хоол идэхээ боль гэсэн үг биш шүү. Өлсөөгүй үедээ идэхээ л зогсоочих. Үүнийг хийхэд хэцүү гэдгийг сайн ойлгож байна. Гэхдээ ходоодноос чинь ирэх дохиог сайн сонсоод “үгэнд нь ороод” дадчихвал, магадгүй таны амьдрал сайн тал руу эргэх ч юм бил үү.

Өлсгөлөн болон ахиад “жаааахан” идэх хүсэл хоёрын зааг ялгааг ухамсарлан ойлгох хэрэгтэй.

Хооллохынхоо өмнө ходоодондоо: үнэхээр өлсөхийн эрхэнд идэх гэж байна уу эсхүл хуурамч мэдрэмжээр идмээр санагдаж байгаа эсэхээ өөрөөсөө асуугаарай.

Үйрмэг ч идэж чадахаа больтлоо хэт их идэхгүй байхыг хичээгээрэй. Идэх донг даван туулахын тулд та өөрийн бодол санаа, айдас, туршлага, хоолны дуршил зэргээ тусдаа дэвтэрт бичих хэрэгтэй.

Байн байн гал тогооныхоо өрөө рүү “гүйдэг” бол хөргөгчнийхөө хаалган дээр өөрийнхөө хамгийн муухай гарсан фото зургийг наагаарай. Ингэвэл таныг гал тогоо руугаа явах давтамжийг бууруулна. Үнэхээр тэвчиж чадахгүй байгаа бол эмчид хандаарай. Булимиа /донтох/ гэдэг бол бидний цаг үеийн жинхэнэ гамшиг. Тиймээс өөртөө тусалж, эрүүл байхыг хичээгээрэй.

(Эх сурвалж: yoki.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button