СПОРТЯРИЛЦЛАГА

Б.Баяраа: Эрх сэргэхэд нуруун дээрээс БУЛ ЧУЛУУ АВААД ХАЯЧИХСАН шиг мэдрэгдсэн

2016 оны зуны олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээний медалийн төлөөх барилдааны үеэр манай улсын хоёр дасгалжуулагч, дэвжээний шүүгч нарын гаргасан шийдвэрийг эсэргүүцсэн үйлдэл хийсэн.

Уг үйлдэл нь Чөлөөт бөхийн 65 кг-ын жинд барилдсан манай бөх Г.Мандахнаран олимпын медальд хүрээд алдсантай холбоотой. Тодруулбал, цаг дуусахаас хэдхэн секундийн өмнө оноо илүү явсан, манай тамирчин ялалтаа тэмдэглэн гүйв. Гэвч манай бөхийг цаг барьж, зугтсан хэмээн нэг оноогоор торгож ялалтаа алдсан юм. Үүнээс болж Монголын хоёр дасгалжуулагч хэдийгээр чалленж шидсэн боловч шүүгч нар хүлээж аваагүй. Иймд дасгалжуулагч нар шүүгчдийн шийдвэрийг эсэргүүцэн, дэвжээн дээр хувцсаа тайлан шидэж, дуулиан тарьсан.

Энэ үйлдэлд дэлхийн бөхийн 2016 оны есдүгээр сарын 13-нд Монголын чөлөөт бөхийн холбоог 39 мянган  фунт стерлингээр торгон, хоёр дасгалжуулагчийн эрхийг 2019 оны наймдугаар сар хүртэл хассан юм.

Тэгвэл уг шийтгэлийн хугацаа өнөөдөр дуусаж байгаа бөгөөд Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар дахин олон улсын дэвжээнд дасгалжуулагчаар гарах боломжтой болов.

Энэ талаар бид дасгалжуулагч Б.Баяраатай ярилцлаа.

ГУРВАН ЖИЛ УРТ ХУГАЦАА, МАШ УРТ ХУГАЦАА

-Риогийн олимпын наадмаас хойш хоёр дасгалжуулагчийн эрхийг хассан байсан нь өнөөдөр /2019.08.20/ сэргэсэн тухай мэдээллүүд хэвлэлээр цацагдах боллоо. Энэ өдөр хугацааны хувьд яг таарч байгаа юу, хэрхэн тооцсон юм бэ?

-“Риогийн олимпын наадмын үеэр 65 кг жинд хүрэл медалийн төлөө барилдааны дараа Монгол улсын хоёр дасгалжуулагчийн зохисгүй зан үйл Дэлхийн нэгдсэн бөхийн холбооны нэр хүнд, ашиг сонирхлын эсрэг үйлдэл гаргасан тухай” гээд 2016 оны есдүгээр сарын 13-ны өдөр бичсэн байна. Үүнд:

Хүндэт ерөнхийлөгч танаа, хүндэт ерөнхий нарийн бичгийн дарга танаа, Дэлхийн нэгдсэн бөхийн холбооны Спортын шүүхээс дээр дурьдсан үйлдлүүдтэй холбогдуулан гаргасан шийдвэрийг хавсралтаар хүргүүлэв. Спортын шүүхээс тухайн хэргийг нарийвчлан авч хэлэлцсэн болон танайхаас 2016 оны наймдугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн захианы үндсэн дээр дараах шийдвэрийг гаргав. Ингэж бичсэн байдаг. Тэгэхээр Монголын Чөлөөт бөхийн холбооноос наймдугаар сарын 31-нд Дэлхийн нэгдсэн бөхийн холбоонд явуулсан захидалд үндэслэн, тэр саналын дагуу бид хоёрын эрхийг гурван жилээр хассан. Тодруулбал, 2016 оны наймдугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны наймдугаар сарын 20-ны өдөр хүртэл хаслаа гэж бичсэн байна. Ингээд уг албан бичгийн дор “Хүндэтгэсэн Дюсан” гээд ерөнхий нарийн бичгийн дарга шүүхийн шийдвэрийг албан ёсоор мэдэгдсэн. Энэ шүүхийн шийдвэр өнөөдөр албан ёсоор дуусч байгаа юм.

-Энэ шийдвэрт та одоо ч харамсаж явдаг уу?  

-Энэ хугацаанд бид хоёрыг МЧБХ-оос “Зохисгүй үйлдэл гэж дотооддоо үзлээ” хэмээгээд Дэлхийн нэгдсэн бөхийн холбоо руу өөрсдөө хандаж, “Эрхийг нь хасч өгнө үү” гэх хүсэлт бүхий захидал явуулсан. Үүний дагуу хассанаар олон сайхан тамирчид минь хохирсон. Нөгөөтэйгүүр цаг хугацаа их алдсан. Энэ хугацаанд бид хоёр хүн л болсон хойно унах, босох үе байсан. Үнэхээр харамсалтай. Гэхдээ бүгдийг бид хөдөлмөрөөрөө давж гарсан. Үүний нэг тод жишээ бол Монголын чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багаас энэ гурван жилд ДАШТ-ээс ганц хүрэл медаль авсан нь бидний дасгалжуулж байсан, Академийн тамирчин Т.Түвшинтулга байлаа. Монголынхоо ард түмэн, тамирчдынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсний, хөдөлмөрлөсний үр шим энэ юм болов уу.

-Гурван жилийн хугацаа урт байв уу?

-Гурван жил урт хугацаа, маш урт хугацаа. Энэ хугацаанд олон улсын арга хэмжээ, дотоодын арга хэмжээ, тэмцээн дээр бэлтгэл сургуулилт хийлгэсэн тамирчдынхаа буланд гарч, спортын хурц нарийн өрсөлдөөн дээр тамирчиддаа тусалж чадахгүй, өөрсдийн сурсан мэдсэнээ бүрэн гүйцэд дамжуулж хэлж чадахгүй, хүрэх ёстой амжилтанд нь хүргэж чадахгүй байна гэдэг их хохирол.

ОЛИМПООС МЕДАЛЬ ХҮРТЭХ, МАГАДГҮЙ АВАРГА БОЛОХ ТИЙМ МЭДЛЭГ ЧАДВАР, НӨӨЦ БОЛОЛЦОО БАЙГАА

-Олимп болоход ганцхан жилийн хугацаа үлдэж. Одоо Ц.Цогтбаяр дасгалжуулагч та хоёр шавь нараа бэлдэж олимпод оролцох боломж бий болов уу? Үзэгчдийн хүлээлт энд л байна.

-Монгол улс, Монголын ард түмний өмнө хүлээсэн үүрэгтэй, өөрсдөө бас зорьсон зорилготой. Мөн биднийг хүрээлж, бидэнд итгэлээ өгсөн олон сайхан хүүхэд залуус, тамирчид бий. Тэдний итгэлийг хөсөрдүүлэхгүйн тулд бид хоёргүй сэтгэлээр зүтгэх ёстой. Энэ хугацаанд 100 хувь мэдлэг чадвар, оюун ухаанаа дайчилж ажиллах боломж бололцоо, нөхцөл байдал хязгаарлагдмал байсан ч үүргээ ухамсарлаж өдөр тутамдаа тасралтгүй хөдөлмөрлөж, дэлхийд гарах зорилготой олон залуустаа тусалж дэмжиж ирсэн.  

Монголын чөлөөт бөхийн холбооны эрх барьж байгаа хүмүүс гэх үү, спортын байгууллагын эрх мэдэлтнүүд гэх үү, тэд бидний мэдлэг ур чадварыг дэмжиж ажиллавал болохгүй гэх газаргүй. Олимпоос медаль хүртэх, магадгүй аварга болох тийм мэдлэг чадвар, нөөц бололцоо байгаа гэж ам бардам хэлнэ.

-Монголын чөлөөт бөхийн холбоо одоо ч мөн олон нийтийн анхаарлын төвд байгаа. Тэдний зүгээс албан ёсоор та хоёрын эрх сэргэснийг зарлаагүй ч тэмцээнд уралдаандаа ороод явахад асуудалгүй болов уу?

-Энэ бол хоёр дасгалжуулагчид арга хэмжээ авах хугацаа энэ шүү гэдгийг дэлхий нийтэд зарласан Дэлхийн нэгдсэн бөхийн холбооны шийдвэр, шүүхийн шийдвэр. Тиймээс хугацаа дууссан, албан ёсоор эрх сэргэсэн, бүх зүйл тодорхой.

-Шийдвэр дөнгөж гарсны дараа та бид хоёр мөн ярилцаж байлаа. Гурван жилийн өмнө. Түүнээс хойш шударга бус шийдвэрийн эсрэг юу ч хийж чадахгүй, туулаад даваад гарахаас өөр гарцгүй гэдгийг ойлгож өнгөрүүлсэн эдгээр жилүүдийг та юу гэж дүгнэв?

-Тухайлбал, манай өмнөд хөрш шударгын бусын эсрэг, авлигын эсрэг тогтолцооны төлөө яаж тэмцэж байна вэ. Дэлхий нийт үнэний төлөө, шударга ёсны төлөө, сайн сайхан хандлага чиглэлийг хүндэтгэж чигээ болгон явж байна. Монголд ч ялгаагүй ямар ч их шударга бус зүйл цэцэглэж, түүнээс улбаалсан хэлмэгдэгчид, хохирогчид, гэмт хэрэг гарах болов.

Чөлөөт бөхийн спортод ч насаараа олимпын шүүгч болох гэж зүтгэж, түүндээ ямар нь мэдэгдэхгүй арга чарга хэрэглэж байж хүрээд, хүрсэн газартаа бохир мөнгөний хэрэг, хуйвалдаан, хээл хахуульд орооцолдоод хасагддаг жишээ олон. Тэд нэг хуйвалдаан хийж насаараа идэх мөнгөө олоод л явчихдаг. Энэ бүхнийг халах л ёстой. Тухайлбал, манай улсын шүүгч Б.Төмөрбаатар саяхан эрхээ хасууллаа. Ямар асуудал гарсныг мэдэхгүй ч ямар нэгэн зөрчил гаргасан байж таарна. Риогийн олимп болохоос өмнө ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээн дээр тэр дэлхийн хүчтэнүүд, лалын шашинтнуудын шүтээн болсон бөхчүүдийг Монголын хоёр шүүгч хохироож, дэлхий нийтэд шившгээ дэлгэв. Энэ бүх шударга бус цогцолдолгооны эсрэг бид хоёр босож тэмцсэн.

Гэхдээ бид хоёр л тэр нөхцөл байдал бүрэлдсэн түүхэн хоромд босож ирсэн болохоос үүнээс хойшид өөр хэн нэг нь хийх л байсан. Бид хоёр баатарлагтаа, эр зоригтойдоо эсвэл бүр тэнэгтээ хийчихсэн юм биш. Түүхэн нөхцөл хар аяндаа өөрөө бүрэлдсэн юм. Хэдий зүрх сэтгэл, цаг хугацаа, ажил хөдөлмөрөөрөө тамирчидтайгаа их хохирол амссан ч цаг өнгөрөх тусам үнэлэгдэх үнэлэмж. Үнэн шударга байсны минь үнэ цэнэ дэлхийн хүн төрөлхтөнд цаг ирэх тусам үнэлэгдэх болов уу гэдэгт итгэл төгс байдаг.

ЭЗЭНГҮЙ ӨНДӨРЛӨГ ГАЗАРТ ОЧООД ОРИЛМООР Ч ЮМ ШИГ МЭДРЭГДЭНЭ

-Өнөөдөр /2019.08.20/ эрх сэргээгдэх өдөр гэдгийг та эртнээс мэдэж хүлээж байв уу? Эсвэл…

-Ер нь сэтгэл дотор хүлээлт байсан. Бас энэ он цаг өдрүүдэд тэр айхтар хүнд цохилтыг бодохгүйн тулд маш их хөдөлмөрлөсөн, өөрийгөө завгүй байлгасан. Эрдэм шинжилгээний салбарт, оюутан залуустай хамт байж, ер нь бүх л салбарт өөрсдийгөө шавхаж ажилласан. Үүний үр дүнд ард түмэн, оюутан сурагч, залуустаа ч үнэлэгдсэн.

-Эрх сэргэж байгаа энэ өдөр танд юу мэдрэгдэж байна?

-Эрх сэргэж байгаа энэ өдөр хүзүү нуруун дээрээс нэг том бул чулуу аваад хаячихсан шиг, эзэнгүй өндөрлөг газарт очоод орилмоор ч юм шиг мэдрэгдэж байна. Энэ өдөр, цаг ирдэг юм байна. Өнгөрсөн хугацаанд би сэтгэл гутралд орж, архи ууж, сөхөрч явсангүй. Харин тэмцэж хөдөлмөрлөж, түүнийхээ үр шимийг харж явснаа эргээд харахад бахархаж байна.  

-Шавь нарыгаа барилдахаар гарахад буланд зогсож байгаагаар өөрийгөө төсөөлөөд л суугаа байхдаа. Одоо таны хүсэл, мөрөөдөл юу байна?

-Надад тийм мөрөөдөл бий. Санаж явбал бүтнэ, сажилж явахад хүрнэ. Зөв сэтгэлтэй, шударга хөдөлмөрлөж, эх орныхоо төлөө, нэр төрийнх нь төлөө, олон сайхан залуу тамирчдын хүсэл мөрөөдлийн төлөө илүү их хөдөлмөрлөж, олны төлөө сэтгэлээр явах чухал.

Б.ГЭРЭЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Таг

Холбоотой мэдээ

6 Сэтгэгдэл

  1. ПАРИС 2017 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 57 кг жинд Монгол улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр хүрэл медаль авч байсан санагдана.
    Хүн төрөлхтний баатар та энэ үйл явдлыг мэдээгүй хөдөлмөрлөж байсан хэрэг үү?

    1. Айл гэх үймүүлдэг банзал пизда. 8.16-8.19 хоорондоо айлйн эхнэр дагуулж банзалдаж явж ирээд ярилцлага өгчээ чи. Шившиг болгоноо чамайг

  2. Айл гэх үймүүлдэг банзал пизда. 8.16-8.19 хоорондоо айлйн эхнэр дагуулж банзалдаж явж ирээд ярилцлага өгчээ чи. Шившиг болгоноо чамайг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close