НийгмийнЯрилцлага

Э.Чинзориг: “Уулын фитнесс”-ийг олноор байгуулж, гэр хорооллын архидалттай алсаас тэмцэх хэрэгтэй

Яг жилийн өмнөх энэ өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 17-р хорооны Зүрх ууланд хэсэг залуус хамтарч, “Уулын фитнесс”-ийг байгуулахаар зориг шулуудан хөлс хүчээ дундалж байжээ. Та бүхэн санаж байгаа бол өнгөрсөн оны наймдугаар сарын 17-нд “Уулын фитнесс” нээлтээ хийж, гэр хорооллын залуусын хөгжих, хүсэл тэмүүллээ олж авах газартай болсон юм. Харин өнөөдөр энэ газрыг татан буулгах гэж байна. Угтаа бол “Уулын фитнесс”-ийг “Чийрэг монгол” фитнесс клубийн залуус улсаас нэг ч төгрөгийн тусламж авалгүйгээр байгуулсан юм.

May be an image of 6 people, people standing, outdoors and tree

“Татан буулгана” гэх үгээр айлгаж, залуусыг хөгжих боломжийг нь үгүй хийх гэж буйд иргэд бухимдаж, шийдвэрээ эргэн нэг харахыг цахим хуудсаараа дамжуулан тус дүүргийн удирдлагуудад уриалсаар байна. Иймд бид та бүхнийг “Уулын фитнесс”-ийг байгуулсан залуусын төлөөлөлтэй уулзуулж, тэдний санал бодлыг хүргэхээр бэлтгэлээ. Миний өмнө сууж буй энэ эрхмийг Э.Чинзориг гэдэг. “Чийрэг монгол” фитнесс клубийн тамирчин тэрбээр долоон буудалд төрж өссөн.

Тэрбээр “Намайг хүүхэд байхад Зүрх ууланд хүмүүс архидах гэж л очдог байсан. Харин “Уулын фитнесс”-ийг нээснээс хойш амрах гэж, зугаалах гэж, бэлтгэл хийх гэж очдог болсон” хэмээсэн юм.

-Анх “Уулын фитнесс”-ийг хэчнээн залуус хамтарч байгуулж байв. Түүхээсээ манай уншигчдад хуваалцаач?

-Хүүхэд нас минь гэр хороололд өнгөрсөн. Намайг хүүхэд байхад гэр хорооллын хүүхдүүдэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж, спортоор хичээллэх орчин байгаагүй. Тиймээс дүү нар, найз нөхдөө бодоод зургаан буудалд фитнесс заал нээсэн. Манай заал чинь жижигхэн. Хүн болгоныг үнэгүй явуулаад байж чадахгүй. Гэр хороололд төлбөрийн чадваргүй хүмүүс бас байгаад байдаг. Тэр залуучууд руу чиглэж, нэг юм хийе гэж ярилцаж байгаад “Уулын фитнесс”-ийг нээсэн. Хүссэн хэн ч очоод бэлтгэл хийх боломжтой. Бид өөрсдөө Зүрх ууландаа өөрсдөө гарч амардаг байсан. Тиймдээ ч амардаг газраа фитнесс байгуулъя гэж зорьсон. Тэгээд 10 хэдэн залуус хамтарч “Уулын фитнесс”-ийг байгуулсан.

-Гэтэл одоо хийж бүтээсэн зүйлээ өөрсдийнхөө гараар үгүй хийх болчхоод байна. “Уулын фитнесс”-ийг чухам ямар шалтгааны улмаас татан буулгах гэж байгаа юм бол?

-Хүмүүс олноор цугларч байгаа учир татан буулгах гэж байгаа юм билээ. Мөн хүмүүс энд ирж архи дарс уугаад байгаа гэсэн. Уг нь бол Зүрх ууланд нэг их хүн цуглаад байдаггүй. Өдөртөө 100 гаруй залуус ирэн, очин бэлтгэл сургуулилт хийж байгаа харагддаг. Богд ууланд хүмүүс өдөрт хэдэн мянгаараа гарч, эрүүл мэнддээ анхаардаг шүү дээ. Харин Чингэлтэй дүүргийн Зүрх ууланд болдоггүй юм байна. Спортоор хичээллэж байгаа хүмүүсээ дэмжих ёстой байтал төхөөрөмжүүдийг нь татан буулгана гэнэ. Энэ шийдвэрийг манай дүүргийн залуучууд маш их эсэргүүцэж байгаа харагдсан. Эсэргүүцэх нь зөв шүү дээ. Гэр хорооллын хүүхэд багачууд, залууст түүнээс өөр очих газар байхгүй юм чинь.

Биднийг очсон өдөр гоё, гоё залуучууд бэлтгэл сургуулилт хийж байдаг. Хүүхдүүд ч ирчихсэн бэлтгэл хийж байгаа харагддаг. Гэр хороололд тэр бүр хардаггүй гоё дүрслэлүүдийг тэндээс олж хардаг. Тиймдээ ч одоо “Уулын фитнесс”-ийг татан буулгах гэж байгаад сэтгэл дундуур байна.

-Шийдвэр нь бүр гарчихсан юм уу?

-Чингэлтэй дүүргийн 17-р хорооны Засаг даргын санаачилгаар татан буулгах гэж байгаа юм билээ. Өнгөрсөн долоо хоногт манай ахтай “Zoom”-ээр ярьсан. Анх барьж, байгуулж байхад нь атга шороо ч хандивлаагүй байж, буулгах болсон чинь ажлын хэсэг хүртэл байгуулчихсан байна лээ. Ах маань “Та нар буулга гэж байгаа бол буулгая. Гэхдээ залуучууд дургүйцнэ байх. Бид ямартай ч энэ тухай залуучуудад мэдэгдэнэ” гэсэн. Яахав бид бол зааландаа ирээд л бэлтгэлээ хийчихнэ. Харин гэр хорооллын залуус маань хөгжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газаргүй хохирч үлдэнэ шүү дээ.

Ийм шийдвэр гаргаж байхын оронд “Уулын фитнесс”-ийг хэдэн арваар нь барьж өгмөөр юм. Тэгж байж гэр хорооллын архидалт, гэмт хэрэгтэй алсаас тэмцэж эхэлнэ. Залуучууд спортоор хичээллэвэл архи тамхинаас хол, тэсвэр хатуужилтай хүн болж өсөж, төлөвшинө.

-Та бүхний зүгээс “шийдвэрээ иргэж хараач ээ” хэмээн санал хүсэлтээ дүүргийн Засаг даргад хүргүүлсэн үү?

May be an image of one or more people and outdoors

-Үгүй ээ. Бид шууд дамжуулалт хийж залуучуудад мэдэгдсэн. Залуучууд их дургүй байна лээ. Шийдвэрээ иргэж харах байх гэж бодож байна. Ерөнхий сайд нь спортыг дэмж гээд уриалаад байхад дор нь байгаа ажилчид спортоор хичээллэх боломж нөхцөлийг нь хаагаад байх юм. Гэр хорооллын залуучуудыг битгий хөгж гээд байгаа ч юм шиг, эвгүй юм.

-Анх “Уулын фитнесс”-ийг байгуулах гэж байхдаа дүүргээс нь зөвшөөрөл авч байсан уу?

-Чингэлтэй дүүргээс газрын зөвшөөрлийг нь аваад байгуулсан. Нэг жилийн хугацаанд маш олон залуус тэнд ирж бэлтгэл сургуулилт хийсэн. Мөн асар олон тэмцээнүүд зохион байгуулагдсан.

-Зөвшөөрөл авчихсан байхад яагаад татан буулгах гэж байгаа юм бол?

-Харин тийм ээ. Гайхаад л сууж байна. Уг нь бол анх Уулын фитнесс”-ийг нээж байхад дүүргийн удирдлагууд гоё, гоё юм ярьж байсан юм. Зогсоол, самбарууд хийж өгнө гэж байсан. Хийгдсэн юм нэг ч байхгүй. Зүгээр л нэг яриа болоод өнгөрсөн. Нэг хогийн сав л тавьж өгсөн юм байна. ЧД-ийн 17 хорооны Засаг дарга гурван сая төгрөгөөр хогийн сав хийлгэж, тавьж өгсөн. Гэтэл өнөөх нь долоо хонолгүй эвдэрчихсэн. Тийм хачин хогийн сав хийлгэж байхаар мөнгөөр нь өөр юм хийж болох л байсан.

-Тоног төхөөрөмжүүдээ уулнаас буулгаад коронавирус намжихаар эргүүлээд гаргаж болох болов уу. Та хэд уулзаж тодруулахгүй юм уу?

-Тоног төхөөрөмжүүдээ буулгаад өөр газар барьчих гэсэн. Тухайн газар нь намаг ихтэй газар. Халуун наранд хэн бэлтгэл хийх билээ. Хэцүү шүү дээ. Доош нь буулгаад ирвэл жинхэнээсээ архичдын хөндий болно. Тэгээд ч фитнессээ буулгачхаад буцаагаад тэнд нь барина гэдэг хэцүү. Намагтай газар төхөөрөмжүүдээ аваачаад барьж байснаас бариагүй нь дээр л дээ. Төхөөрөмжүүдээ буулга гээд бүр шахаад байвал ирэх долоо хоногийн амралтын өдрүүдэд буулгана даа. Тэгээд өөрсдийн лагер дээрээ л тавих байх.

-“Уулын фитнесс”-ийг байгуулахдаа нийт хэдэн төгрөгийн хэчнээн тоног төхөөрөмж байршуулж байсан бэ. Одоо тэдгээрийг хэрхэх вэ?

-Фитнессийнхээ төхөөрөмжүүдээс илүүчилсэн. 10-аад тоног төхөөрөмж байгаа. Ганц нэг төхөөрөмж нь эвдэрсэн байна лээ. Тэрийг бол засчхаж болно. Ер нь бол бид 10 сая төгрөгийн төхөөрөмж байршуулсан. Мөн төхөөрөмжүүдээ байршуулах гэж 10 хэдэн залуус 10 хоног ууланд хонон өнжин ажилласан. Бидний хоол, цай болон шаардлагатай цемент гээд нийт 20 гаруй сая төгрөгөөр “Уулын фитнесс”-ийг босгосон. Энэ мөнгийг манай заалны залуучууд дундаасаа цуглуулсан. Мөн гэр хороололд амьдардаг, бэлтгэл сургуулилт хийдэг ах нар хандивлаж байсан.

May be an image of one or more people and outdoors

Буулгах дээрээ тулбал, буулгах шиг уулгах шиг амархан юм алга. Гэхдээ цаана нь хэдэн мянган залуучууд хохирно. Гэр хороололд хотын төвийнхөн шиг чөлөөт цагаа өнгөрүүлэх заал, номын сан байхгүй. Ганц байгаа газрыг нь татан буулгах гэж улайрч байна. Уг нь бол сэтгэлтэй удирдлагууд бол дэмжээд камер тавьж өгөөд, манаачтай болгож, тоног төхөөрөмжүүдийг нь нэмж, спортлог залуусын цугладаг Зүрх нь болсон уул болгох хэрэгтэй.  Залуучуудаа боддоггүй, ард иргэдээ боддоггүй удирдлагуудын шийдвэрт сэтгэл дундуур байна.

Үнэхээр архи уугаад байгаа хүмүүс байгаа бол тэдгээрт дүүргийн цагдаа нь шаардлага тавиад байх хэрэгтэй шүү дээ. Тэгвэл хүмүүс архи уух гэж очихгүй. 

-Өвөл зунгүй ажилладаг болохоор давуу талтай байсан байх. Зүрх ууланд цаашдаа та бүхэн юу хийхээр зорьж төлөвлөж байгаа вэ?

-Тэгэлгүй яахав. Коронавирусийн халдвараас шалтгаалаад спорт заал ажиллахгүй байсан. Бэлтгэл хийх заал байхгүй учир спортоор хичээллэж буй залуусын ганц аминд нь орж байсан, биеийнхээ чилээг гаргаж байсан газар нь манай уулын фитнесс. Жилийн хугацаанд хэдэн мянган залуучууд очсон байх.  Ялангуяа хүүхдүүд их ирдэг юм билээ. Энэ хүн шиг болох юмсан гэсэн хүсэл мөрөөдлийг суулгаж байгаа юм.

Гэр хороололд амьдарч байсан залуус амжилтад хүрэхээрээ зугтаад алга болдог бол бид гэр хорооллоо хаяагүй, эргээд ирсэн. Цаашдаа ч байна. Чадахаараа үлгэрлээд явна. Бид ТҮК-ийн хувцас хийлгэчихсэн. Гадуур явж, “залууст хогоо цэвэрлэе” хэмээн уриалахаар төлөвлөчихсөн байсан. Гэтэл уулын фитнессийг маань татан буулгах ажлаас болоод хойшилж байх шиг байна. Олон ч сонгуулийн үзэж, олон царай харлаа. Гэтэл нэг ч хийсэн зүйл алга. “Номын сан хийгээд өгөөч, спортын ордонтой болгоод өгөөч” гэж гуйсан. Хийж өгдөггүй юмаа гэхэд залуус өөрсдийн хөрөнгөөрөө босгосон зүйлийг нь битгий татан буулгаач ээ.

Бид анх “Уулын фитнесс”-ийг байгуулж байхдаа одоо номын сантай болгочих юмсан гэж ярьж байсан. Тиймээс өөрсдөө хийж өгөхгүй юм байж, хүүхдүүдийн хөгжих орчин нөхцөлийг битгий боож, хаагаач ээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-03 09:02

Ажил хийгээч ээ. Бүтээн байгуул�##�т хийгээч ээ.

Сүхээ
Сүхээ
2021-08-03 09:55

Маш зөв шүү з�##�уу минь. Одоо үндэсний хэмжээний хэдэн томоохон компани жаахан дэмжээд өгөөсэй дөө. Гайхамшиг хол биш ойр л байдаг шүү дээ уг нь.

sda
sda
2021-08-03 10:25

Estoi oilgohgui shiidver bna. Dandaa yuch hiihgui haranhui munhag bailgah zorilgotioi ymuu haashaa ym.

Зочин
Зочин
2021-08-03 13:04

Архичид цуглардаг газар. Зүрх уулыг зүгээр байлга

Back to top button