НИЙГЭМСурвалжилга, Нийтлэл

ТОМ ТЭРЭГНИЙ ЖОЛООЧ: Хил дээр сар гаруй дугаарлаж зогслоо. Урд дахиад 600 машин байна

Замын-Үүд сумд Ерөнхий сайд, Шадар сайд нар очлоо, баахан хүнийг ажлаас нь чөлөөлөн, шалгаж шуугиуллаа. Оронд нь Б.Отгонсүх, Л.Эрдэнэчулуун нарыг аваачиж томиллоо. НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг Замын-Үүдийн хил дээр томилоход “За, ёстой чанга гараар үзэх нь. Одоо ёстой эмх цэгцэндээ ороод, ачаа, барааны гацалт арилаад, голын ус шиг л “урсах” байх” гэж хүлээсэн хүн цөөнгүй. Тэд Замын-Үүдэд очоод сар шахам болох гэж байна. Нийгэмд нэг их юм хийсэн “баатар”-ын дүрээр даналзаад байдаг, бодит байдал дээр ямар байна вэ.

Баахан хүнийг халж, сэлгэснээс өөрөөр Замын-Үүдэд юу өөрчлөгдөв. Нөхцөл байдал сайжрав уу. Энэ удаа бид Замын-Үүдийн одоогийн нөхцөл байдал ямар байна вэ, ачаа эргэлт нэмэгдсэн эсэхийг хөндлөө.

Замын-Үүдэд Ерөнхий сайд, Шадар сайд очин дээрх хоёр эрхмийг томилсноос хойш ачаа, барааны гацалт арилсан уу гэвэл үгүй. Наймаа эрхэлдэг, гадаад руу юм захьсан захын нэг хүнээс асуухад “Үгүй. Яг өмнөх шигээ удаж, гацаж байна” л гэж хариулна.

Монгол улс БНХАУ-аас зөвхөн ТИР-ээр ачаа тээвэрлэж, хятад руу орохыг зөвшөөрч байгаа. Улаанбаатараас ТИР машинаа унан, БНХАУ-аас ачаа тээвэрлэхээр очсон жолооч нарыг Замын-Үүд сумын наадах “Шаргын-Овоо” өртөөнд тусгаарладаг. Тэндээс өөр жолооч дугаарлан зогсоож, чөлөөт бүс, БНХАУ хил рүү орсных нь дараа өөр, өөр жолооч унаж явсаар ачаа ачих газарт нь аваачдаг.

Ачаа хил дээр гацаж буй гол шалтгаануудын нэг нь том тэрэгний очер. Өдөрт дунджаар 3000-аад машин Замын-Үүдийн хил дээр дугаарлаж байхад Эрээн рүү 110-ыг нь л оруулдаг. Урагшаа хэр цөөхөн машин орохын хэрээр Эрээнд ачаа удан, гацаж буй нь ойлгомжтой. Тэр хэрээр ачааны үнэ нэмэгдэнэ.

САРЫН ӨМНӨ 20 ГАРУЙ ХОНОГ ДУГААРЛАДАГ БАЙСАН. ОДОО САР ГАРУЙ ОЧЕРЛООД Ч ЭРЭЭН РҮҮ ОРЖ ЧАДАХАА БАЙЛАА

 Бид Эрээнээс Монгол руу ачаа тээвэрлэж буй том тэрэгний жолооч Г.Энхболдтой ярилцлаа.

-Замын-Үүд-Эрээний хилийн одоогийн нөхцөл байдал ямар байна вэ. Ерөнхий сайд, Шадар сайд нар очин, Б.Отгонсүх, Л.Эрдэнэчулуун нарыг Замын-Үүдэд томилсноос хойш тодорхой үр дүн гарсан уу?

-Өөрчлөгдсөн юм алга. Сарын өмнө бид Замын-Үүдийн хил дээр 20 гаруй хоног дугаарлаж зогсоод Эрээн рүү ордог байсан. Одоо очер бүр их нэмэгдсэн. Би л гэхэд одоо Замын-Үүдийн хил дээр сар гаруй дугаарлан зогсож байна. Тэгэхээр өмнөхөөсөө нөхцөл байдал дээрдсэн бус дордсон байгаа биз дээ.

Хотоос хоёрхон хүн томилогдоод, сайд, дарга нар ирлээ гээд Замын-Үүдийн асуудал, ачаа эргэлтийн гацалт шийдэгдэхгүй. Тэрэн шиг худлаа юм байхгүй. Баахан л агаарын юм ярьсан, бодит амьдрал мэдэхгүй л хүмүүс байгаа шүү дээ. Том тэрэгний жолооч ачаа тээвэрлэхийн тулд яаж зовж, зүдэрч явааг тэд мэдэхгүй.

Биднийг хятадууд яаж дээрэлхэж харьцдагийг тэд мэдэхгүй, төсөөлөх ч үгүй. Байнгын ачаатай, ажилтай байхын тулд ая талыг нь харахаас, аясаар нь байхаас өөр аргагүй л байдаг. Ингэж хэлэхээр зарим хүн “Хятадуудад тэгж дээрэлхүүлж байвал хохино” л гэх байх. Мэдээж хэн ч бусдад дээрэлхүүлж, аясаар нь байхыг хүсэхгүй. Би ч хүсэхгүй. Ядуу, нөлөөгүй орны иргэний зовлон их шүү. Үүнийг сайд, дарга нар мэдэхгүй. Мэдлээ ч БНХАУ-ын эсрэг юу ч хийж чадахгүй.

Та нар харсан биз дээ. Наадмын өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүдэд ирээд “Наадмаар Замын-Үүдийн хилийг ажиллуулна” гэсэн. Тэгсэн яасан ажилласан бил үү. Хятадын тал “Бид наадмаар амарна” гээд л хаачихсан. Монгол Улс тийм нөлөөгүй гэхээс илүү Ерөнхий сайд нь хүртэл тийм мэдрэмжгүй, мэдлэггүй байна шүү дээ. “Наадмаар ажиллуулна” гэхээр л олонд таалагдана гэж бодсон юм шиг байгаа юм. Хэтэрхий хэлбэрт автаад, яавал олонд таалагдах вэ гэдэг талдаа л анхаараад байх шиг санагдсан. Тийм хүнийг юу гэдэг билээ. Попорно гэдэг бил үү. Ерөнхий сайд нь тийм байхаар Замын-Үүдийн байтугай улс орны асуудал яаж шийдэгдэх вэ дээ. Миний лав урам хугарсан.

ӨДӨРТ ЭРЭЭН РҮҮ ОРОХ МАШИНЫГ 10-ААР Л НЭМСЭН

-Сарын өмнө би жолооч нартай холбоо барихад “20 гаруй хоноод Эрээн рүү орж байна” гэсэн. Одоо сар гаруй очерлоод ч орж чадахгүй байгаагийн цаад шалтгаан юу вэ?

-Том тэрэгний ачаалал, бөөгнөрөл бүр их нэмэгдсэн. Өмнө нь өдөрт Замын-Үүдээс Эрээн рүү 100 машин ордог байсан. Одоо 110 машин орж байна. Өөрчлөгдсөн зүйл 10 машины тоо юм уу даа.

Цар тахлын халдвартай үед хаа сайгүй нөхцөл байдал хүндэрсээр байгаа. Эрээнээс Монгол руу ачаа ачих ашигтай байна гэх сургаар хүн бүхэм шахам том тэрэг аваад, Замын-Үүдэд ирж байна. Машин нь нэмэгдсээр байгаад өдөрт дугаарлаж зогсох том тэрэгний тоо 3000 гаруй болсон. Тэр хэрээр ачаалал нэмэгдэж байгаа.

-Өмнөх шигээ өдөр бүхэн очерлоод зогсож байгаа юу. Цахимаар ч юм уу бүртгэдэг болсон уу?

-Эрээнээс Монгол руу орж ирэнгүүт “Гурвын хаалт” дээр бүртгэдэг болсон. Тэгээд тэр бүртгэлээр шууд очерлуулж байгаа. Жолооч нар өмнө нь өдөр бүхэн машин дотроо дугаарлан зогсдог байсан. Тэр олон машин дугаарлаж зогсоод Замын-Үүдийн газар шороо ёстой “там” болсон. Одоо тэр асуудал шийдэгдсэн.

Хятадын тал өдөрт тэдэн машин авна, тусгай жолоочоор л зөөлгөнө гэдэг. Монгол Улс тэгээд хятадуудын эрхэнд л байна шүү дээ. БНХАУ “За, одоо тэгнэ” гэхэд Монгол Улс “Үгүй ээ, тэгэхгүй” гэж хэлж чадахгүй.

-Замын-Үүдэд шинээр барьсан ариутгалын хаалга нь хэр байна вэ?

-Би Замын-Үүдийн хил дээр сар гаруй очерлож байгаа болохоор ариутгалын шинэ хаалгыг нь үзээгүй л байна. Тэгж байгаад очер болвол тэр хаалган доогуур нь явах л байх даа. Алсаас харахад аятайхан хаалга харагдана лээ. Чухам хэр сайн шүршдэг эд юм бол. Өвлийн улирал л жинхэнэ чанарыг нь шалгана. Хөлдчихгүй бол тэгээд гайгүй биз дээ.

-Та түрүүн сар гаруй дугаарлалаа, урд нь 600 машин байна гэсэн. Одоо тэгэхээр хэдэн хоногийн дараа таны очер болно гэсэн үг үү?

-Өдөрт ерөөсөө 110 машин урагшаа орж байгаа. Тэгэхээр би дахиад зургаан хоног очерлож зогсоно гэсэн үг.

АЧААНЫ ХӨЛС ӨМНӨХӨӨСӨӨ 10 ДАХИН НЭМЭГДСЭН

-Ачааны үнэ буурсан уу?

-Буураагүй. Ачаанаасаа, жин тонноосоо, ямар машинд ачихаас шалтгаалаад үнэ нь өөр, өөр. Одоо Эрээнээс Замын-Үүд ачих хөлс 60.000-75.000 юань байгаа. Дунджаар 65.000 юаньтай гэж бодоход монгол мөнгөөр 28 сая төгрөг гэсэн үг. Цар тахал болж, ачаа бараа гацахаас өмнө анх гурван сая төгрөг байсан юм шүү дээ. Ачааны хөлс бараг 10 дахин нэмэгдчихээд байгаа нь энэ.

-Ачааны хөлсийг жолооч нар зохиомлоор нэмж байгаа юу. Цаанаасаа өссөөр байгаа нь энэ үү?

-Цар тахал гараад, ачаа бараа гацангуут л ачааны хөлс суга өсчихсөн. Өдөрт шууд 5000, 5000 юаниар өсөөд байсан шүү дээ. Харин ч одоо овоо тогтвортой болоод байгаа. Эрээнд монголчуудын хэчнээн их ачаа гацаад байгаа билээ. Монголоос өдөрт 110-хан машин Эрээн рүү орж байгаа. Эрээн рүү ороод ачаа ачиж буй машины тоо цөөн байхаар ачааны үнэ нэмэгдэхээс аргагүй. Эрээн рүү хэдий чинээ олон машин орно, тэр хэрээр ачааны үнэ буурна. Уг нь өнгөрсөн жил өдөрт 300 машин Эрээн рүү ордог байсан. Хавар 20 гаруй хоноод ордог болсон. Одоо сар гаруй дугаарлаж зогсоод ч Эрээн рүү орж чадахгүй байна. Цаашдаа бүр л удаж, нөхцөл байдал хүндрэх нь.

-Эрээнээс Монгол руу очер хэр байгаа вэ?

-Ачаагаа ачлаа л бол шууд гарч байгаа. Очер байхгүй. Ачаа шиг их юм энд (Эрээнд) алга. Гаалийн хашаа ачаанд дүүрээд, сагаад, бороонд нороод л байж байна.

Хятадын гаалийн хашаанд үер буугаад, хүмүүсийн ачаа, бараа илжирч, нэлээд хэмхэрч байгаа гэж дуулдсан. Энэ олон хоног гаалийн хашаанд ил байхаар аргагүй л дээ. Хүмүүсийн хөрөнгө шүү дээ. Банкнаас зээл аван барин юу болж байж бараа захиалсан бол. Тэгж захиалсан бараа энд ингээд бороо, шороонд нороод, хэвтэж байна. Монгол Улс арчаатай, эмх цэгцтэй бол иргэд бид ингэж зовохгүй, горыг нь амсахгүй шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-08-03 09:00

манайх шиг нүүрсээ машинаар зөөдөг орон байхгүй одоо төмөр �##�бааруудаа жагса�##�аас гаргах хэрэгтэй яар�##�тай төмөр замаа ашигл�##�танд оруул яадаж л байг�##�ь орчинд ээлтэй

Zochin
Zochin
2021-08-03 09:08

Mashin bgaad ch achaagaa achuulj chadahgvi bgaa uls ih bn shvv dee odoo bol mashin haritsangui sain orj bgaa gehdee teeber zardal bvvr ih bolson

zochin
zochin
2021-08-03 09:24

Zaza bitgii shaagaach omnoh darga nar mongo ogch bichuuleed archaagui hulgaich nar yumaa ers oorchlogdson baigaa shuu Ene 2 sain ajillaj baigaa

Zochin
Zochin
2021-08-03 09:34

Ene 2oos ogt hamaarahgui. Jolooch unen yrij bn

zochin
zochin
2021-08-03 09:54

Машин гэж зүтгэж байхаар бараагаа вагонд ачаад оруулаад ирээч.

Зочин
Зочин
2021-08-03 21:17

ЗГ ажлаа хийгээчээ

уншигч
уншигч
2021-08-05 15:32

Урьд хүмүүсийн ажлынхан орон тоог авах гээд худлаа сүржигнээд байсан. Баривчилаа одоо ажил сайжрана гэсэн яасан бэ. Яг л хэвээрээ л байна

Холбоотой мэдээ

Back to top button