НийгмийнНИЙГЭМ

СУРВАЛЖИЛГА: Эртэч монголчууд “Өглөөний гудамж”-нд уулзаж, болзож, хөл гишгэх зайгүй байна

Хүрэн, ногоон, шар, улаан, бор, цэнхэр гэсэн дөрвөн давхар таван өөр өнгийн загварлаг байшин, улаан ногоон өнгийн замтай авто машин явдаггүй энэ бүс бол Чингэлтэй дүүргийн Гутлын-22 дахь “Өглөөний гудамж” юм. Дээрх солонгын өнгөнүүд нь ЛГБТ иргэдийг ойлгон, бэлгийн цөөнх хэмээн хүлээн зөвшөөрч буйг олон улсад илэрхийлдэг дэлхийн бусад улсын жишиг хүрсэн Монголын гудамж юм. Бэлгийн цөөнхүүдийг хүлээн зөвшөөрч буйгаа барилгын өнгөөрөө илэрхийлсэн энэ газарт номын дэлгүүр, кофе шоп, үсчин, зурагчин, солонгос хоолны газар, буудал, ресторан гээд тэргүүн хэрэгцээнд  шаардлагатай үйлчилгээ явуулаад эхэлжээ. Энэ газар өглөөний 06:00 цаг гэхэд үүдээ нээдэг авто машингүй бүс гэдгээрээ онцлогтой.

Энд ирсэн хүмүүсийн дийлэнх нь шинэхэн гудамжтайгаа танилцах зорилгоор яваа бол зарим нь өглөөний уулзалт хийж, эртийн ажлаа амжуулж буй харагдана. Мөн энд уран бүтээлчид хөгжимдөж, хуурдаж, бүжиглэж үзэсгэлэн гаргахад зориулсан урлагийн индэр байв. Биднийг “Өглөөний гудамж” -ийг зорих үед “Сүлд” чуулгын бүжгийн багш, бүжиг дэглээч Ё.Дамчаабадгар хэсэг иргэдийн хамт өнөөх индэр дээр бий биелгээ хийж байв.

Түүнээс хэзээ энд ирж биелгээ заахаар болсон, цаашдын зорилгынх нь талаар лавлавал, “Би өглөөний 06:50 цагт ирсэн. Биелгээгээ 07:00 цагаас эхлэх төлөвлөгөөтэй ирлээ. Бидний мөрөө эргэлдүүлж нухалж байсан бүжиг бол бий биелгээ юм. Үүнийг Офиссын ажил эрхэлдэг хүмүүст зориулан түгээн дэлгэрүүлж байгаа. Заавал ардын хувцастай ч юм уу Монгол дээл өмсөж хийх албагүй. Хаана ч хэзээ ч хийх боломжтой учраас өнөөдөр бид ирсэн. Өглөө эрт дасгал хөдөлгөөн хийх нь хүний эрүүл мэнд, дархлаанд сайнаар нөлөөлөх ач холбогдолтой учраас тодорхой хэмжээнд багахан ч гэсэн ойлгуулж мэдүүлэхийг зорьж байна. Өнөөдрийнх туршилтын хичээл байлаа. Өдөржин суудаг хүмүүст мөрний нухлаа хөдөлгөөн хийж, хуян чилээгээ гаргах нь зүйтэй. Хүмүүс идэвхтэй байвал хөтөлбөр болгож цаашид үргэлжлүүлнэ.

Үүний дараагаар уг индэр чөлөөлөгдсөнгүй. Бас л хэн нэг уран бүтээлч ирж уянгалаг дуу дуулаад олноор хүрээлүүлэн зогсов. “Түүний хувьд “Өглөөний гудамж”-ны зохион байгуулагчдын нэг бөгөөд энэ мэт хэн хүссэн нь гарч ирээд тайзыг эзэгнээсэй гэсэн үүднээс дуулсан” гэнэ.

Урлагийн идэвхжүүлэлт болж байх зуур залуус тойрон зогсож бичлэг хийж байгаа харагдана. Дууны үгийг мэддэг нэг нь даган дуулах сонстоно. Яг энэ тайзны зүүн талд Өглөөний Улаанбаатар гэх угталтын бичиг бий. Түүний хажууд бас нэг уран бүтээлч өөрийн дарсан фото зургаараа үзэсгэлэн гаргажээ. Түүнийг н.Мягмарсүрэн гэдэг. Тэрбээр “Өглөөний гудамж”-нд гурван өдөр үзэсгэлэнгээ гаргах бөгөөд сүүлийн гурван жилийн хугацаанд зорьж авсан Монгол орны зарим нутгийн байгалийн зураг байх аж. Баруун аймгийн үзэсгэлэнт байгалийг дурандаа буулгаж Хөвсгөл нуур, Тайга, Алтай таван богд, Отгон тэнгэр хайрхан болоод Цаатнуудын эдэлж хэрэглэж байсныг онцлон гаргажээ. Мөн гэрэл зураг авдаг болоод долоон жил болж буйгаа бидэнд хэлж байв.

Энд интернет сүлжээ үнэгүй барьдаг. Гэхдээ гар утсаа оролдож суугаа дүр зургаас илүү бие биетэйгээ ярилцаж, үйлчилгээнүүдийн талаар лавлаж буй зураглал түгээмэл үзэгдлээ. Басхүү тэд зургаа дарж байв. Энд төв царайлж компютерийн товч товшиж буй хүн алга. Харин өглөөг эрч хүчээр эхлүүлж, инээж халгисан царай л түгээмэл.

Үйлчлүүлж буй иргэдийн дунд жүжигчин, СТА Х.Манлайбаатар суудал олдохгүй нь гээд “Өглөөний гудамж”-ийг нэг үзүүрээс нөгөө үзүүрийн хооронд холхиж буй харагдлаа.

Тэрбээр: “Өглөөний гудамж”-ийг сонирхож ирсэн боловч суудал олдсонгүй, хэн нэгэн босож явахыг хүлээж байна гэдгээ бидэнд хэлэх зуураа энэ мэт гудамж бүр илүү олшроосой, болдог бол дүүрэг бүрт л байлгах юм сан. Ажилдаа явахаасаа өмнө өөрийгөө идэвхжүүлж, уулзах уулзалтаа хийчихдэг эрт үйлчилгээгээ явуулдаг газартай болно гэдэг үнэхээр сайн жишээ болж байна. Үүнийг санаачилж хийсэн Нийслэлийн удирдлагууддаа баярлалаа гэсэн юм.

Түүний хэлдгээр “Өглөөний гудамж”-ийг хотын төв гэлгүй бүх дүүрэгтээ байгуулж, гадаа талбайгаа томоор хийж, дөрвөн улирлын алинд ч ажлаа явуулдаг байвал Нийслэлчүүд өглөөний хүн болж ч болмоор...

Энд хосоороо болон гэр бүлээрээ ирсэн хүмүүс мэр сэр харагдаж байлаа. Ээж, хүү, охин гурав гэр бүлээрээ өглөөний хүмүүс болох зорилгоор эл гудамжинд иржээ. Ээж нь хүүхдүүдээ өглөө эрт босоод хүн ямар их эрч хүчийг авч болдгийг үзүүлэнгээ хотынхоо шинэ соёлтой танилцуулж яваа гэнэ. Харин тэдэнд өглөөний цай жаахан тохиромжгүй санагдсанаа нуусангүй. Харин түүний охины хэлж байгаагаар энэ гудамж төсөөлж байснаас нь илүү дээгүүр үнэлэгдсэн байна. Мөн тэд өглөө эрт номын дэлгэбэл орж, урлагийн тоглолт үзсэндээ сэтгэл хангалуун явж байлаа.

Харин түүний хүүд орчин нь таалагдаж өнгөлөг байшин, өнгө өнгийн цэцэгс сэтгэл татсан учир надад таалагдаж байна хэмээв.

“Өглөөний гудамж”-нд хамгийн их байгаа үйлчилгээ бол копи шоп байлаа. Харин үйлчилгээ нь ямар байсныг үйлчлүүлсэн М.Хурцтуяа хэлэхдээ маш гоё байна. Ихэнх нь залуучууд иржээ. Би өглөө 06:30 цагт ирэхэд настай улсууд ч ирчихсэн байна. Офиссын ажилтай хүмүүст зориулаад биелгээ хүртэл зааж байна лээ. Их эерэг нийгэм энд байна. Намар болтол гадаах үйл ажиллагаагаа битгий зогсоогоосой. Би 50 мянгат дахь гэрээсээ эрт сэрээд 10 минут алхаад ирэхэд л эрч хүчтэй болчихсон. Үнэхээр сайхан газар байна. Хотын төв гэлгүй бүх дүүргүүдэд ийм үйлчилгээний газар нээгдээсэй гэж бодож байна. Үйлчлүүлэхгүй ч гэсэн өглөө наашаа алхаад ирнэ гэдэг их эрч хүч аваад ажилдаа явах юм байна гэдгээ мэдэрлээ. Миний хүссэн өглөөний цай энд байсан ч бүр илүү өргөжүүлж, хоолны цэсээ нэмэгдүүлээсэй гэж бодсон гэлээ.

Энд байгаа үйлчилгээнүүдээс хамгийн олзуурхмаар нь үсчин, цэцгийн дэлгүүр, номын худалдаа байсан юм.

Тиймээс “Schwarzkopf” салоны эрэгтэй үсчин Б.Энхжавхлан хэлэхдээ ч үүнийг онцолж байлаа. “Өглөөний гудамж”-нд байгаа ганц салон бол манайх. Гэхдээ бусад газруудаа өглөө эрт онгойдог болоход уриалж буй хэлбэр гэж харуулахыг хүссэн юм. Тэдний хувьд өглөө 06:00 цагаас оройн 20 цаг хүртэл ажиллаж байгаа гэнэ. Өнөөдрөөс харьцангуй олон хүн ирж нээхээс нь өмнө нь үүдийг нь манаад зогсож байсан талаар хэлэн инээвхийлэхдээ хүмүүс эрт босдог болжээ гэсэн юм. Мөн өглөө эрт ажиллаж байгаа гээд бусад салбар салоноос үнийн хувьд ямар нэг зөрүү үгүй гэдгээ ч хэлэв.

Хүмүүс өглөө ажилдаа явахаас өмнө үйлчилгээ авна гэхээр нээсэн газар байдаггүй. Орой ажлаа тарахтай нь зэрэгцээд тарчихдаг. Тиймээс энэ мэт үйлчилгээ явуулж, “Өглөөний гудамж”-ийг ашиглалтад оруулсанд тус гудмаар үйлчлүүлэгчид дуу нэгтэй сайшааж, бусад дүүргүүдэд ч байгуулагдаасай хэмээж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-05 09:27

Шөнийн гудамж хэрэгтэй, гэхдээ зөв утгаар биш шүү ер нь дүүрэг болгон өглөөний гуламжтай болох хэрэгтэй сонгинохайрханд хүртэл хийгээсэй

del
del
2021-08-05 17:20

короноог нэмэхэд хувь нэмэр их тус болох юм байна даа

Арбат
Арбат
2021-08-05 21:27

айн?

Холбоотой мэдээ

Back to top button