Нийгмийн

М.Уранцэцэгийн ээж Г.Цэрмаа: Охиныхоо тэвчээр, уйгагүй хөдөлмөрч, хүлээцтэй зангаар бахархдаг

“Токио 2020” зуны олимпод оролцсон манай улсын тамирчид эх орондоо ирж байна. Олимпын медальтнуудын хамт жүдо, бокс, буудлага, байт харваа, хүндийг өргөлтийн тамирчид бүхий 40 хүн эх орондоо ирж байгаа аж. Манай сайтын сурвалжлах баг олимпын наадамд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг дуурсган, дуудуулсан монгол тамирчдаа нисэх буудлаас тосож авч сэтгэгдлийг нь сонсож байна.  “Токио-2020” олимпын наадмаас Монгол Улсын тамирчин Саид Моллаеи мөнгө, М.Уранцэцэцэг, Ц.Цогтбаатар нар хүрэл медаль хүртээд байгаа билээ.

Нисэх буудал дээр ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл хошой хүрэл медальт, Гиннесийн дээд амжилтын эзэн, Гавьяат тамирчин М.Уранцэцэгийн ээж Г.Цэрмаа баяр дүүрэн инээмсэглэн сууж байна. Бид түүнтэй уулзаж, баярт мөчөөс нь хуваалцлаа.


-Хэдхэн мөчийн дараа охин нь эх орондоо ирэх гэж байна Та догдлон хүлээж суугаа байх?

-Тэгэлгүй яахав. Миний охин ганцхан олимпын медаль авах дутуу байсан. Хүсэж мөрөөдсөн хамгийн үнэтэй хүрэл медалиа аваад эх орондоо ирж байна. Сэтгэл догдлоод хүлээж сууна. Охиндоо хайртай шүү. Монголынхоо ард түмэнд болон багш дасгалжуулагч нарт нь баярлаж, талархаж буйгаа илэрхийлье.

-Охиныхоо барилдааныг сэтгэл догдлон үзсэн байх. Үзээд сууж байх мөчид юу боддог вэ?

-Үзээд тухтай сууж чаддаггүй. Босож, сууна. Барилдаж байх үедээ хазайхад нь хазайгаад л. Ер нь хамтарч барилдана. Их хэцүү, хэцүү. Ялсных нь дараа сэтгэл тайвширч эхэлнэ дээ.

-Охин нь хүрэл медалийн төлөө барилдаанд  гараад  шагналын тавцанд зогсож байх мөчид танд юу бодогдож байв. Үнэхээр их баярлаж, охиноороо бахархсан байх?

-Бахархсан. Тамирчин болсны гавьяагаа гаргалаа даа гэж бодон, охиндоо баярлаж байсан. Үүн шиг том баяр баясгалан байхгүй. Монголын ард түмэн ч бүгд баярласан. Сайхан байна аа.

Ялагдахад нь бидний зүрх сэтгэл зогсох шиг болдог. Дуугаа хураана. Ард түмэн ч бас ялахад нь баярлаад, ялагдахад нь бас хэцүү л хүлээж авдаг. Тийм учраас охиныхоо ялалт, ялагдал хоёрт баярлахад нь баярлаж, ялагдсан үед нь урам дэм өгнө.

-Олимпод оролцохоор явахад нь та юу гэж захиж байв?

-Миний охин чадна, хүсэл зорилгоо биелүүлээрэй гэж хэлсэн. Мөн өөрийнхөөрөө байгаарай гэсэн. Би охиныхоо тэвчээр бахархдаг. Уйгагүй хөдөлмөрлөдөг. Маш хүлээцтэй. Хийнэ гэсэндээ зүтгэдэг.

-Эмэгтэй хүн тогтмол амжилт гаргаад явах амаргүй. Өмнөөс нь хэцүү спорт вэ гээд халаглах үе гардаг л байх?

-Тэгэлгүй яахав. Жингээ хадгалж явна гэдэг  хэцүү. Охиныгоо жин хасах, бэлтгэл сургуулилт хийхэд нь нүдээрээ хараад сууж байдаг. Тамирчин хүн гэдэг маш их хатуужил, тэвчээр гаргаж, амьдралаа золиосолж байж амжилтад хүрдэг юмаа гэдгийг ойлгож, харж мэдэж авдаг. Охиноороо маш их бахархдаг. Чадъя гэдгээ чадахын төлөө маш их тэвчээр, хатуужил гаргадаг.

-Тантай өдөр болгон л холбогдож байгаа байх. Охиныгоо ирэхээр хамгийн түрүүнд юу гэж хэлмээр байна вэ?

-Өдөр болгон холбогдож байгаа. Охиндоо баярлалаа, хайртай шүү. Миний охин чадлаа гэж хэлмээр байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button