Сурвалжилга, Нийтлэл

СЭДЭВ: Хөдөөний оюутныг гоочлохуйц мэдлэг, соёлтой нийслэлчүүд үү бид?

Намар ирлээ. Ээлжит хичээлийн жил эхэлж, хөдөө орон нутгаас боловсрол эзэмшихээр Улаанбаатарыг зорих шинэхэн оюутны хөл хөдөлгөөн зам татуулав. Үүнийг дагаад тэднийг гоочилдог, зарим үед элэглэдэг “уугуул хотын” иргэдийн явдал нийгмийн сүлжээнд газар авлаа. Хөдөөний оюутныг гоочлох хэмжээний мэдлэг, соёлтой хүмүүс үү, бид өөрсдөө?

“Хөдөөний хоёр оюутан багшийн дээдийн буудал дээрээс “Багшийн дээд нь хаана байдаг вэ?” гэж асуулаа”, “Хөдөөнөөс ирсэн нь харваас илт нэг оюутан гудманд түмний ундаа уучихсан явна” гэхчлэн доог тохуу хийнэ. Түүнчлэн соёлгүй, бүдүүлэг хэмээн муучилж “орк” нэр зүүлгэнэ. Төрж, өссөн нутаг, гэр бүлээсээ тасарч хөл хөдөлгөөн бужигнасан таньж мэдэхгүй газрыг анх удаа зорин ирж буй хөдөөний оюутнуудад буруу өгөх нь өрөөсгөл. Нэгэнтээ дасаж дадаагүй соёл, хүмүүжиж төлөвшиж байхад нь байгаагүй орчин нөхцөл билээ, Улаанбаатар хот.

Өдгөө Улаанбаатар хотын оршин суугчдын харьцангуй дийлэнх нь уугуул биш. Хэн хүнгүй аймаг, сумаас энэ л насандаа нийслэлд үүрээ засан, “хотын хүн” болох гэж мачийж байсан түүх ихэнхи Улаанбаатарчуудад бий. Танихгүй газарт ирсэн хүн төөрнө, өлсөж ядарна, гэр орноо санана, ижий ааваа үгүйлнэ. Хүний л амьдрал. Хөдөөний оюутныг гоочилдог мэдлэг, соёлтой нийслэлийнхэн бид хилийн дээс алхаад өөрсдөө бажигдах... Ер шинэтэй танилцаж, өөрийн болгоно, дасна гэдэг хүний үхэн үхтлээ нүүр тулдаг сорилт гэмээр.

Улаанбаатарт хэд гурван жилийн нүүрийг үзсэн ч шүлсээ гудманд хаячихдаг, таарсан нүх сүв болгон руу ундааны саваа хийж орхидог “соёлтой нийслэлчүүд” захаас аваад дүүрэн, бид тэднийгээ ухаажуулах гэж мачийсан хэвээр. Ийм ч учраас амьдралын эхний алхмаа хийхээр бүдчиж яваа хөдөөний оюутнуудыг гоочлохоо больё. Оронд нь монгол хүний халуун сэтгэлээр туслая, мэдэхгүй зүйлийг нь хэлж өгдөг байя.

Хөдөөнөөс ирсэн оюутнуудад зориулсан соёл сурталчлах өдөрлөг зохион байгуулъя гэсэн нийгмийн санаачилгууд ч цахим орчинд харагдана. Магадгүй энэ ч зөв. Фэйсбүүкийн араас “орк” нэр чулуудаж байхын оронд, нийгмийн идэвхит ийм үйл ажиллагаанд оролцвол хүнийхээ хувьд ч, нийслэл Улаанбаатарын иргэний хувьд ч том үйл болох буй за.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ннн
Ннн
2019-08-22 17:53

Ядаж гарцаар звв гарч, гудамжинд тамхи татаж, шүлсээ хаяж, бааж шээж болохгүйг нь хэлж өгөх л хэрэгтэй шүү дээ! За тэр гудамжинд ирж мөргөөд байгаа энэ тэр нь явандаа болих байлгүй!

Холбоотой мэдээ

Back to top button