Ярилцлага

Үер туужийн УСЧ ӨВГӨНИЙ бодит дүр С.Хүрэлбаатар гуайтай ярилцлаа

Үер туужаас сэдэвлэсэн бүтээсэн “Хүний сайхан сэтгэл” киноны усч өвгөн Болдын дүр хэн бүхний сэтгэлд үдээстэй. Тэгвэл Хэнтий аймгийн Биндэр суманд дээрх Болд өвгөнтэй адил усч эрхэм байдаг аж. Түүнийг С.Хүрэлбаатар гэдэг бөгөөд өдгөө 62 настай.

Хэдий нас 60 гарсан ч, хөнгөн шингэн харагдах тэрээр өглөө 09 цагт гол гатлуулах ажлаа эхэлж, шөнийн 23 цагт буух аж. Тэрээр “Гол ус гатлах гүүргүйн учир ах нь арга ядахдаа ингэж хүн, техник гатлуулах болсон” хэмээж байлаа. Ингээд түүнтэй ярилцсан хэсэгхэн хуучаа хүргэе.

С.Хүрэлбаатар: Яаралтай утас дуугарвал, шөнө ч бай үүрээр ч хамаагүй голынхоо хажууд хүлээгээд л зогсоно

-Сайн байна уу? Та хэзээнээс эхлэн техникээр гол гатлуулдаг болсон бэ?

-Манай сум Онон голын нөгөө талаас сумын төв рүүгээ гарах гүүргүй л дээ. Тийм болохоор л гол ус гатлах гүүргүй учир ах нь арга ядахдаа ингэж хүн, техник гатлуулах болсон. Нээх айхтар удаагүй ээ, зургаа долоон жил л болж байна.

-Цагийн хуваарь, утасны дугаар тань өлгөөтэй харагдана. Өдөр бүр явах уу. Хүмүүс их байдаг уу?

-Тиймээ цагийн хуваарь, утас бий. Ихэнхдээ оройны 10 цаг өнгөрөөж харина даа. Гэхдээ зарим тохиолдолд хүнгүй бол гарахгүй. Ганц нэг хүнтэй нэг километрт нэг литр бензин иддэг том машинтай хүн чинь гол гатална  гэдэг хүнд асуудал. Харин хур бороо ихтэй ч юм уу, баяр наадмын үер олны хөл тасрахгүй, байнга шахуу гол гатална даа. 

-Амралтын өдөр гэж бий юу?

-Үер ус багатай, мотоцикл гарчих үед ах нь гарахгүй ээ. Хүмүүс өөрсдөө гараад явчихдаг. Гэхдээ ихэнх тохиолдолд амарна гэж байхгүй. Шөнийн цагаар ч хамаагүй яаралтай утас дуугарвал шөнө ч бай үүрээр ч хамаагүй голынхоо хажууд хүлээгээд зогсож байна даа. Өвчин зовлонтой, яаралтай хэрэг гарсан хүмүүст үгүй гэж чаддаггүй.

-УУЛ НЬ БИ ЧИНЬ МОД БЭЛТГЭДЭГ ХҮН, ТОМ МАШИНТАЙ БОЛОХООР Л ХҮМҮҮС ГУЙГААД ГОЛ ГАТЛУУЛДАГ БОЛЧИХСОН-

-Гол их үертэй үед хэрхэх вэ. Машин нь байнга усанд орж байгаа учир амархан л эвдэрч байгаа байхдаа?

-Үнэхээр их устай үед гол гатлахгүй ээ. Олон хүн техник зөөж яваа болохоор болгоомжтой байх хэрэгтэй. Миний хувьд анх УАЗ-66 маркийн машинаар гол гаталдаг байсан. Одоо бол “УРАЛ”-аар гарч байгаа. Эвдрэх тохиолдолд ч их бий. Хайргатай бартаа ихтэй замаар явж байгаа учраас хүнд араандаа хийж бензин ч их иднэ дээ.

-Үнэ ханшийн хувьд та хэдээр гол гатлуулдаг вэ?

-Нэг хүнийг мянган төгрөгөөр гатлуулдаг. Харин машин техникийн хувьд янз янз. Машин 20 мянга, мотоцикл арай хямд гэх мэт.

-Өмнө нь ямар ажил хийдэг байсан бэ?

-Нэгдэлд тракторын жолооч байж байгаад тэтгэвэртээ гарсан. Ер нь ах нь ус гатлуулах гэж том машин аваагүй. Хавар намар өвөлдөө мод бэлтгэдэг хүн. Зуны цагт шавар шавхай, ус ихтэй болохоор том машинтай хүн чинь гол гатлуулах шаардлагатай болчихдог.

-ЖИЛИЙН ЖИЛД СОНГУУЛИАР БЕТОН ГҮҮР БАРЬЖ ӨГНӨ ГЭЖ ХЭЛДЭГ Ч 20 ЖИЛ ӨНГӨРЛӨӨ-

-Гэр бүлийнхэн нь байнга ус гатлахад нь юу гэдэг вэ? Ус ихтэй тохиолдолд осолтой шүү дээ.

-Ихэвчлэн нутгийн хүмүүс ирээд ийм ажилтай болчихлоо, ингэлээ гэх мэтээр туслахыг гуйдаг учир татгалздаггүй. Эсвэл зарим танихгүй хүмүүс усанд ороод суучихлаа, туслаарай гэдэг. Очоод л чирч гаргана шүү дээ. Ер нь жилийн жилд сонгуулиар хүмүүс ирнэ. Ирэх бүртээ танайд бетон нь гүүр барьж өгнө гэж ам өгдөг. Гэсэн ч гүүр барина гэсэн амлалтаа биелүүлэлгүй 20 жил өнгөрлөө.

-Та машинаараа ихэвчлэн хүн зөөвөрлөх үү?

-Ер нь машин, мотоцикл, мал хүртэл гол гатлуулна. Баяр наадмын үеэр л нэгэн зэрэг олон хүмүүс машиныхаа тээшинд суулгаж, гол гарна даа.

-Цаг гаргаж бидэнтэй ярилцсанд баярлалаа танд.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-09-27 14:12

Cealis 30 Tablet Trial Viagra Preise In Deutschland Avantages De Clomid [url=http://adrugo.com]cialis[/url] Teva Amoxicillin

Холбоотой мэдээ

Back to top button