“Үхэжсэн коронавирус”-ын найрлагатай Оросын гурав дахь вакцин “КовиВак” аюултай юу

Коронавирусийн эсрэг "КовиВак” гэх шинэ вакциныг ОХУ-ын М.П.Чумаковын нэрэмжит төвд боловсруулсан бөгөөд тус улсад албан ёсоор бүртгэсэн гурав дахь вакцин болоод байна.
“КовиВак” вакцинд “Спутник V” болон “ЭпиВакКорона” гэх бусад вакцинуудаас ялгаатай нь “Sars-Cov-2” вирусийн үхэжсэн хэсгийг багтаасан аж. “КовиВак” вакцин нь олон нийтийн дунд нэр сайтай байгаа ч вакцины үйлдвэрлэлийн хүчин чадал хязгаарлагдмал байгаа юм.
Тус вакциныг хийлгэхийг хүссэн хүмүүсийн дунд эрэлт өндөр байгаа хэдий ч зарим мэргэжилтнүүд энэ вакцины талаар зарим нэг эргэлзээтэй зүйл байгааг онцлов. Тэдний үзэж байгаагаар “үхэжсэн коронавирус” найрлаганд нь орсон нь хүний бие махбодийн дархлааны хариу урвалыг саатуулдаг хэмээн үзэж байгаа аж.
Хэрэв вирус бүхэлдээ үхэжвэл бие организм гадны биет орж ирсэн гэж тооцохгүй, тиймээс дархлааны хариу үйлдэл үзүүлэхгүй гэсэн үг. "КовиВак” вакцин хийлгэсний дараа дархлааны хариу урвалыг хүлээх шаардлагатай бөгөөд энэ хугацаанд аль болохоор өвчин тусахгүй байхыг хичээх хэрэгтэй. Учир нь, вакцин хийлгэсний дараа бие махбодид ноцтой ачаалал үүсэх тул вакцинд хамрагдсанаас “Sars-Cov-2”-ийн шинж тэмдэг илэрч болно.
Вакцины зааварт вакцин хийлгэсний дараа өвдөлт мэдрэгдэх, тариулсан хэсэг хатуурах, толгой өвдөх, тунгалгийн булчирхай хавдах, халуурах зэрэг шинж тэмдгүүд илэрч болно хэмээн сануулдаг. Вакцинаас үүдэлтэй гаж нөлөөг гурван өдрийн дотор ажиглах ёстой аж. Түүнчлэн, зарим тохиолдолд харшлын урвал ч үзүүлдэг юм байна.
“КовиВак” вакциныг хоёр долоо хоногийн завсарлагатайгаар булчинд хоёр удаа тарих аж. Харин тус вакциныг хийлгэснээс 42 хоногийн дараа дархлаа тогтох юм байна.
Хэрэв хүнд хэлбэрийн харшилтай, эмэнд хэт мэдрэг, архаг өвчинтэй, жирэмсэн, хөхүүл бол вакцинд хамрагдахгүй гэсэн эсрэг заалттай аж. Мөн, насны хувьд ч тодорхой хязгаартай ба 18-аас доош насныхан, 60-аас дээш насны хүмүүс “КовиВак” вакциныг тариулж болохгүй гэнэ.
(Эх сурвалж: mk.ru)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.