Вакциныг эсэргүүцэгч гэр бүл долоо хоногийн дотор коронавирусийн улмаас нас баржээ

Португалид “КОВИД-19”-ийн эсрэг вакциныг эсэргүүцсэн нэгэн гэр бүл коронавирусийн улмаас насбарсан байна. Энэ талаар хохирогчдын хамаатан Фрэнсис Гонсалвес ярьсан талаар “Гардиан” /The Guardian/ мэдээлэв.
Түүний тайлбарласнаар, нас барсан гурав нь аав, ээж, хүү гурав юм байна. Тэд 2016 оноос хойш Португалид амьдарч эхэлсэн гэх ба вакцинжуулалтын эсрэг суртал ухуулгын нөлөөнд гүн автсан аж. Гурвуулаа коронавирусийн халдвар авч, долоо хоногийн дотор нас барсан байна.
Гонсалвесийн хэлснээр, эхнэр нөхөр хоёр эрүүл мэндийн хувьд асуудалтай байсан, харин тэдний хүү /40 настай/ хоолны дэглэм сахиж, зөв хооллодог, спортоор хичээллэдэг маш эрүүл хүн байсан гэнэ. Тиймээс вакцин хийлгэсэн бол амиа алдахгүй байх байсан хэмээн ярьжээ.
Үүнтэй төстэй үйл явдал өмнө нь Англид гарч байсан. “КОВИД-19” халдвар авсан 58 настай Борнмут хотын оршин суугч Лесли Лоуренсон гэх эмэгтэй коронавируст халдварыг үл ойшоож, дорвитой эмчилгээ хийгээгүйн улмаас өвчин нь хүндэрч нас барсан юм.
Энэ мэтээр, нотлогдоогүй худал ташаа мэдээлэлд автаж, Дэлхий нийтийг хамарсан цар тахлыг хайхрахгүй, вакцинжуулалтад хамрагдахгүй байх нь өндөр эрсдэлтэй гэдгийг санах нь зүйтэй.
(Эх сурвалж: Tass)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.