Нийгмийн

70 насандаа ааруулан чихрийн бизнес эхлүүлсэн “Догь” эмээтэй ярилцлаа

Урдаа цар дүүрэн бор чихэр өрж тавьсан энэ хүнийг Х.Тамара гэдэг. Тэрбээр 1967 онд Хүнсний Техник Мэргэжлийн Сургуулийг төгсөөд, 17 наснаасаа ажлын гараагаа эхэлж, Хүнсний үйлдвэрт 36 жил ажиллажээ. Түүний үйлдвэрлэж байсан чихрүүдээс хамгийн ихээр олонд танигдсан нь “Сармай дээлт” юм. Арваад хоногийн өмнөөс 20 орчим жилийн өмнө хийж байсан ааруулан чихрийн бизнесээ дахин хийхээр болжээ. Учир нь түүнд зүгээр суух дэндүү хайран байдаг гэнэ. Хүүхдүүд нь ч “Бизнесээ хийгээрэй” гээд үйлдвэрлэлд нь зориулж тусгай байр гаргаж өгсөн гэлээ.

Ховд аймгийн Чандмань сумын багачуул түүнийг  “Ааруулан чихэр хийдэг эмээ” гэж дуудах нь бий. Залуучууд нь дэмнэж, дэлгүүртэй нэгэн чихрийг нь зарж өгдөг аж.

СУРСАН ЭРДЭМ ГЭДЭГ НАСАН ТУРШИЙН БАЯЛАГ МӨН

Түүний амьдралд чихэр хийх болсон нь олон талаараа өгөөжөө өгсөн гэнэ. Энэ тухай хэлэхдээ, “Чихэр хийхэд давуу тал олон. Адаглаад үр хүүхдүүд маань чихэр хийх чадварт сурсан. Хүнсний технологийг ойлгож мэднэ гэдэг бас л нэг эрдэм шүү дээ. Баяр, наадам болохоор тавгийн чихрээ өөрсдөө хийчихнэ. Хэмнэлт, давуу тал их. Хажуу хөршийнхөө тавгийн чихрийг ч дүүргэчихнэ. Бас бэлэг болгоод гар цайлчихна. Зарим айл руу ороход миний хийсэн чихэр тавган дээр нь алаглаад байж байдаг. Энэ нь надад их сайхан санагдаж, сэтгэл дүүргэдэг юм. Сурсан эрдэм гэдэг хүний насан туршийн баялаг” гэлээ.

МИНИЙ ЧИХЭР ХИЙХ ТЕХНОЛОГИЙН ТУХАЙД:

Би аарц, бал бурам, арвайг чихэртээ орц болгон ашигладаг. Энэ нь эрүүл, байгалийн болон малын гаралтай бүтээгдэхүүнүүд юм. Ямар нэг химийн найрлага оруулахгүй байх нь давуу байдал маань мөн. Олон жил хүнсний үйлдвэрт ажилласан учраас технологи ашиглан яг стандартын дагуу хийнэ. Тэгэхгүй нүдэн баримжаа таамгаар хийвэл солонгорсон, өөр өөр амттай болчихно. Тамарагийн чихэрний амт байна гэдгийг мэдүүлэхийн тулд нэг л амтаараа байх ёстой. Ингэхийн тулд орц, жор болгон маань томьёолсон хэмжээтэй байдаг.

Ямартай ч чихрээ хийе гэж зүтгээд түүхий эдээ цуглуулсан. Бүх орц маань үнэд орсон байна лээ. Зарим нэг нь тасарсан учраас орлуулахад зарлага их гаргаж байгаа. Тийм болохоор одоогоор өөртөө ашиг хүртээхгүй байгаа.

Надаас яагаад заавал гоё өнгийн, онцгой үнэртэй чихэр хийж болоогүй юм бэ гэж асуувал хүнд хоргүй байхыг тулд дээрх органик түүхий эдийг ашигладаг гэж хэлнэ.

Ааруулан чихрээ хийж байгаад нэг хэсэг завсардаж, сүүлийн хэд хоногоос энэ бизнесээ эрчимтэй эхлүүлж байгаа Х.Тамара ирээдүйнхээ талаар “Цаашид улам өргөжүүлж, бусад аймаг, хот руу түгээх зорилготой байгаа. Хүүхдүүдийнхээ бэлэглэсэн байрандаа техник, хэрэгсэл авна. Монгол улсдаа өөрийн хийсэн чихрээ “Сармай дээлт” чихэр шигээ таниулах зорилготой байгаа” хэмээв.

Тэрбээр залуус гэлгүй бүх насныханд “Хийе гэсэн хүнд арга олддог, хийхгүй гэсэн хүнд шалтаг мундахгүй” гэдэг үгийг эл ярианыхаа төгсгөлд хэлж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button