ДЭЛХИЙМэдээНийгмийнНИЙГЭМшуурхай мэдээ

Афганистан: Нутгаасаа дайжсан Ерөнхийлөгчийг гадны этгээдүүд хөнөөхийг завдсан гэв

Нутгаасаа дүрвэн дайжсан Афганистаны Ерөнхийлөгч Мухаммед Ашраф Ганиг “гадны” этгээдүүд амь насанд нь халдахаар төлөвлөсөн хэмээн мэдэгдэв.

“Намайг Кабулаас албадан гаргаснаас хойш төд удалгүй “Талибан” хөдөлгөөнийхөн болон манай хэлийг мэдэхгүй үл таних хүмүүс “Арг” (Ерөнхийлөгчийн ордон) руу дайрсан. Тэд ямар ч эсэргүүцэлтэй тулгараагүй. Тэд өрөө болгоноор орж, намайг хайсан. Тэдний гол зорилго нь *25 жилийн өмнө Афганистанд болсон жигшүүрт үйл явдлыг давтах гэсэн” гэж Гани видео яриандаа дурсав.

*25 жилийн өмнө буюу 1996 онд нийслэл Кабулд хэрцгийгээр амиа алдсан Наджибуллагийн хувь заяаны талаар хэлсэн байж магад.

Ашраф Гани улс оронд нь цус асгарсан үйл явдал болж, сүйрэхээс урьдчилан сэргийлэхийн тулд эх орноо орхин гарсан хэмээн онцлов. Гани хэлэхдээ “Хэрэв би үлдсэн бол Кабул хотод цус урссан сүйрлийн гэрч болох байсан. “Талибан” хөдөлгөөнийхөн болон тэдний гадаад, дотоод түншүүд хэлэхдээ, намайг байгаа цагт энх тайван байдал тогтохгүй гэж надад сануулсан” хэмээв.

Тэрбээр цааш нь хэлэхдээ, “Ерөнхийлөгч хар амиа аврахын тулд, санхүүгийн эрх ашгийнхаа төлөө эх орноосоо зугтсан гэсэн худал цуу ярианд итгэхгүй байхыг ард иргэддээ уриалав.

“Надад гутлаа ч солих боломж байгаагүй тийм нөхцөлд улс орноо орхин явахаас өөр аргагүйд хүрсэн. Би амьдралынхаа хамгийн үнэт баялаг болох ном, тэмдэглэл, хувийн зөөврийн компьютерээ ч авч явж чадаагүй. Надад улс орноо орхин явах талаар манай улсад байгаа олон улсын хүчнийхэнтэй ч хэлэлцэх ямар ч боломж байгаагүй. Энэ бүхэн аюулгүй байдлын ажилтнуудын дарамт шахалтан дор эгшин зуурт болж өнгөрсөн. Би өмссөн байсан хувцастайгаа эх орноосоо явахаас өөр аргагүй болсон. Дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно” хэмээн Төрийн тэргүүн амлав.

Тэрбээр “цус урссан, эмгэнэлт явдлаас урьдчилан сэргийлэхийн тулд” нутгаа орхисон бөгөөд одоогоор Арабын Нэгдсэн Эмират Улсад байгаа гэдгээ хэлэв.

Гани хэлэхдээ “Би одоо Афганистанд буцаж очин шударга ёс, афганчуудын эрх мэдлийг хангахын тулд хамтдаа тэмцэх талаар зөвлөлдөж байна” хэмээв.

Афганистаны Ерөнхийлөгч наймдугаар сарын 15-нд “Талибан” хөдөлгөөн бараг бүх улсыг хяналтандаа оруулж, нийслэл Кабулыг ч хяналтандаа авахаар бэлтгэж байх үед Афганистанаас ниссэн аж. Тэрбээр албан тушаалаа хүлээлгэж өгсөн эсэх талаар мэдэгдсэнгүй. Хэдэн өдрийн турш Ашраф Ганиг чухам хаашаа явсан тухай батлагдаагүй янз бүрийн мэдээлэл ирсэн. Лхагва гарагт түүнийг АНЭУ-д байгаа гэдэг нь батлагдсан.

Гани зөвхөн хамгаалалтын албаныхан түүнийг дарамталсан учраас л тэр улсыг орхин явсан хэмээв. Харин, их хэмжээний мөнгө авч зугтсан гэдэг нь худал гэж дээрхи мэдээллийг үгүйсгэв.

(Эх сурвалж: interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x