ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМСПОРТЭнтертайнмент

Бяцхан хүүгийн амийг аврахын тулд Польшийн тамирчин Олимпын мөнгөн медалиа заржээ

Польшийн тамирчин Мария Андрейчик хоёрхон долоо хоногийн өмнө “Токио-2020” Зуны Олимпоос мөнгөн медаль хүртсэн. Гэсэн ч, тамирчин мөнгөн медалиа дуудлага худалдаагаар оруулжээ. Мөнгөн медалиа зарах болсон нь нэгэн бяцхан хүүхдийн амийг аврахын тулд гэнэ.  

Андрейчик “Токио-2020” Олимпод жад шидэлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн ба энэ нь өдгөө 25 настай тамирчны спортын карьер дахь анхны том амжилт. Үүнийг үл харгалзан, тамирчин бүсгүй хүнд өвчин туссан бяцхан хүүхдийн эмчилгээний зардалд тус нэмэр болох үүднээс ийнхүү хамгийн үнэ цэнэтэй медалиа дуудлага худалдаанд оруулжээ.

Милошек Малыше гэх найман сартай хүүхэд АНУ-ын Стэнфордын Их Сургуульд зүрхний мэс засал хийлгэх шаардлагатай болсон тул түүнд туслахын тулд Андрейчик медалиа 125 мянган доллораар үнэлсэн аж. Хүүхдийн эмчилгээний нийт зардал 250 мянган доллар юм байна. “Шагнал гэдэг зүйл хамгийн чухал зүйл биш, гол нь байгуулсан ялалт л чухал. Энэ медалийн жинхэнэ үнэ цэнэ миний зүрх сэтгэлд үүрд үлдэх болно. Шагнал гэдэг өөрөө зүгээр л нэг эд. Гэлээ ч бусад хүмүүст их тус хүргэх болно. Энэ мөнгөн медаль зүгээр шүүгээн дотор тоосонд дарагдаж байснаас хэн нэгний амийг аварч болно”.

Милошека нь зүрхний хүнд өвчин туссан ба яаралтай хагалгаанд орох шаардлагатай байгаа юм. Түүний эмчилгээний бусад зардлыг Кубус гэх нэгэн хүүгээс ирүүлсэн гэж байна. Кубус хүү мөн л хүнд өвчин туссан ба эдгэрээгүй болохоор түүний эцэг, эх нь хүүгийнхээ эмчилгээний мөнгийг Милошекагийн эцэг эхэд нь өгсөн аж.

Тамирчин бүсгүй өмнө нь өөрөө 2018 онд ясны хорт хавдар гэсэн оноштой байсан тул хүнд өвчин ямар байдгийг биеэрээ туулсан нэгэн. Гэсэн ч, тэрээр хорт хавдар өвчнийг даван туулж, спортдоо эргэн ирсэн юм. 2016 оны Риогийн Олимпоос хүрэл медалийн эзэн болоход түүнд ердөө 2-хон см дутсан. Гэсэн ч, шантралгүйгээр Токиогийн Олимпод оролцох эрхээ авч, түүний мөрөөдөл биелж мөнгөн медаль хүртсэн билээ.

Дуудлага худалдаа амжилттай болж өндөрлөсөн бөгөөд дуудлга худалдаагаар Польшийн "Шабка" супермаркетын сүлжээ компани хожсон байна. Гэсэн хэдий ч, дуудлага худалдаанд ялсан компани Мариягийн хийсэн үйлдлийг нь биширч, түүнд медалийг нь буцааж өгөхөөр шийдсэн гэнэ.

“Түүний энэ их сайхан сэтгэл, зан чанарт бид их сэтгэл хөдөлсөн” хэмээн компани мэдэгдсэн байна.

Бяцхан Милошек хүү одоо АНУ-ыг зорих юм. Энэ бүхэн тамирчин бүсгүйн сайхан сэтгэлийн ач юм.

(Эх сурвалж: nypost.com)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Мөнхсайхан
Мөнхсайхан
2021-08-19 13:19

Ийм гайхамшигт сэтгэлтэй хүмүүсийг зөв хүн буюу бидний дунд амьдарч яваа Бурхадын үр сад гэж хэлж болно.

Холбоотой мэдээ

Back to top button