НИЙГЭМ

Мөрийтэй тоглоомоор иргэдийн амь, амьдралыг “хүүлэгчид”-ийг БҮҮ ӨӨГШҮҮЛ

Цар тахлын үеийн санхүүгийн хямралаас улбаатай өдөрт л 4-5 хүн цаг бусаар амиа хорлох болсон гэв. Санхүүгийн байдлаа дээшлүүлэх гэсэн иргэд мөрийтэй тоглоомд азаа сорьж, амь амьдралаа сүйрүүлж буй жишээ ч олон бий. Олонд ил болсон хамгийн сүүлийн жишээ л гэхэд өнгөрөгч наймдугаар сарын 23-ны орой 18:00 цагийн үед Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий зочид буудалд 30-32 настай эхнэр, нөхөр хоёр дүшний хөндлөвч төмрөөс боомилж нас барсан. Хэргийн тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү:

“Амиа алдсан хос гэр бүлийн харилцаатай хүмүүс байсан. Тухайн нэр бүхий буудалд хэд хоносон. Камерын бичлэг болон буудлын ажилчдын мэдүүлгээр талийгаач хос архи, согтууруулах ундаа хэрэглэж байгаагүй, асуудал гаргаагүй байсан. Өглөө гараад, орой ирдэг байсан гэх мэдээлэл байна. Амь хохирогчдын үхлийн шалтгааныг задлан шинжилгээгээр тодорхой болно. Одоогоор яг хэнд, хэчнээн төгрөгний өртэй байсан нь тодорхойгүй байна. Гэмт хэргийн мэдээллийг олонд дэлгэх нь сөрөг нөлөө авчрах эрсдэлтэй тул хэргийн тухай мэдээлж, цааш түгээхээс болгоомжлох хэрэгтэй” гэв.

Мөн ЦЕГ-аас өгсөн хамгийн сүүлийн мэдээлэлд талийгаачид банкны бус мөрийтэй тоглоом тоглож, их өрөнд орсон байх магадлалтай, өнчирч хоцорсон хүүхдүүдийг талийгаач эмэгтэйн эгч М-д хүлээлгэн өгсөн тухай дурдсан. Гурван хүүхдийн эцэг эх болсон нэг залуу хос мөрийтэй тоглоомын балгаар өрөнд орж амиа алдлаа. Ил гарсан нь энэ болохоос бус үүний ард илрээгүй олон хэргүүд дарагдаад өнгөрдөг нь харамсалтай.

Хуулиндаа мөрийтэй тоглоом зохион байгуулсан иргэдэд хууль үйлчлэхээр мөрийтэй тоглоом тоглосон, хууль бус мөнгө олсон иргэдэд оноох хариуцлага үгүй. Тодруулбал, зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлд “Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэдэгт олон нийтийн газар ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Мөн үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан. Тухайлбал, мөрийтэй тоглоом зохион байгуулсан хүнийг 500 мянга, ажиллуулсан хүнийг 20 сая төгрөгөөр торгоод өнгөрнө. Харин хууль зөрчиж мөрийтэй тоглоом тоглосон хүн ямар ч хариуцлага хүлээхгүй.

Энэ нь өөрөө хууль хяналтын байгуулагынхан мөрийтэй тоглоом зохион байгуулагсдыг илрүүлсэн ч тоглосон, мөнгө хүүлсэн иргэдийг зүгээр өнгөрөөнө гэсэн үг. Зохион байгуулсан иргэдийг торгох торгууль нь тэдний өдөрт олдог орлоготой харьцуулахад “хүүхдийн тоглоом” төдийхөн зүйл болохыг хуулийнхан хэлдэг.

Хуулийн цоорхойгоос болж энэ мэт мөнгө хүүлэгчдийг өөгшүүлж, олон залуусын амьдралыг сүйтгэж, амийг нь авч буйг бодож, анхаарч, ажиллах цаг ирээд байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-25 11:55

Энэ койнууд бас юу л болдог болдоо

Холбоотой мэдээ

Back to top button