ДЭЛХИЙНийгмийн

Ариун цэврийн өрөө ордоггүй, дэлхийг айлгадаг агуу удирдагч

БНАСАУ буюу Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун сүүлийн үед нэлээд турсан тухай мэдээлэл Дэлхийн хэвлэл мэдээллийнхний анхааралд өртөх болсон. Ким Жон Ун олны өмнө нэлээд турчихсан гарч ирсэн нь умард солонгосчуудын санааг ихэд зовоох болов. Умардынхан удирдагчийнхаа турж эцсэнийг хараад бүр цурхиран уйлж байгаа талаар ч хэвлэлүүд бичих болов. Зарим шинжээчид түүний жин нь 20 кг хүртэл хасагдсан байх гэсэн тооцоог ч гаргаад байгаа юм.

Умард Солонгосын төв телевиз агуу удирдагчийнхаа “туранхай” дүр төрхөд маш их санаа зовниж, ард иргэдийн зүрх сэтгэлийг шархлуулж байна гэж мэдэгдэж эхлэв. Уг нь, тус улсад удирдагчийн эрүүл мэнд, хувийн амьдралын талаар олон нийтийн дунд хэлэлцэх нь байтугай нэг ч үг унагаж болохгүй хориотой зүйл. Гэтэл, түүний биеийн байдлын талаар ярилцаж, жин хасч турсан талаар олон нийтэд ил ярих болсон нь тун хачирхалтай. Харин, Ким Жон Ун илтэд жин хассан нь нуух аргагүй нүдэн дээр ил байгаа тул ард иргэдээ “Удирдагч маань хүнд хэцүү цаг үед түмэнтэйгээ хамт зовж буй” мэтээр ойлгуулахыг оролдон суртал ухуулга хийж эхлэв.

Ядуу зүдүү хэрнээ цөмийн зэвсэгтэй улс коронавируст цар тахлын улмаас өөрсдийгөө улам бүр л Дэлхийгээс сайн дураараа тусгаарлагдаж, өөрөө өөрийгөө “жийх” болов.

Амь зогоодог ганц салбар хөдөө аж ахуй нь сүйрлийн шат руугаа орсон. Үүнийгээ энэ сард өөрсдөө хүлээн зөвшөөрч, өлсгөлөнд нэрвэгдэх аюулд ойртсоноо зарлачихлаа. Ким удирдагчийн эрүүл мэндийн байдлыг олон улсын хэмжээнд анхааралтай ажигласаар ирсэн. Хэрэвзээ, Ким Жон Ун гэнэт нас нөгчлөө гэж муугаар бодоход хэрэгжүүлж буй цөмийн зэвсгийн хөтөлбөр нь тасалдаж, түүний суудлыг хэн залгамжлах вэ гэсэн том том асуудлууд урган гарах нь мэдээж.

Шинжээчдийн дүгнэснээр, 177 орчим см өндөр Ким Жон Ун өмнө нь бараг 140 кг жинтэй байсан бол одоо 10-20 кг жин хассан гэнэ.  Удирдагчийн хувийн амьдралын мэдээлэл хориотой зүйл болохоор түүнийг хэдэн хүүхдийн эцэг болохыг хэн ч мэддэггүй.  

Зарим шинжээчид Пхеньян удирдагчийг турж эцсэнээр нь далимдуулан түүний алдар нэрийг улам алдаршуулахыг оролдож эхэлсэн гэнэ. Улс оронд нь хоол хүнсний гачаал үүссэн энэ цаг үед удирдагч өөрийгөө “золиослон” маш их хөдөлмөрлөж байгаа болохоор жингээ хассан мэтээр ойлгуулахыг хичээж байгаа бололтой.

Ким Жон Ун эрүүл мэндийн байдлын улмаас ноднин жил /2020 онд/ талийгаач өвөөгийнхөө төрсөн өдрийн ойн баярын арга хэмжээнд ч хүртэл оролцолгүй алгасч, хорь орчим хоногийн турш олны өмнө ил гараагүй. Түүний эцэг Ким Чен Ир, өвөө Ким Ир Сен нар мөн л хэт тарган, бас тамхи их татдаг хүмүүс байсан юм. Тэд хоёулаа зүрхний шигдээсээр нас барсан.

2016 онд Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Унийг 2011 онд засгийн эрхэнд гарснаасаа хойш хэт их идэж уусны улмаас 40 гаруй кг жин нэмсэн гэж мэдээлж байв. Мөн ноднин жил шинжээчдийн хэлснээр, түүний жин 140 кг болсон байна. Умард Солонгос Судлалын Их Сургуулийн профессор Ян Му Жин ярихдаа,  энэ сард олон нийтийн олон арга хэмжээнд оролцохдоо илт турсан нь ноцтой өвчний шинж тэмдэг байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлсэн. Чухам яагаад жингээ хассан нь таавар. Үүнийг одоогоор хэн ч мэдэх боломжгүй байгаа юм. Энэ мэтээр Дэлхийн анхаарлын төвд орсон, хэд хэдэн баллистик пуужингийн туршилтаа хийж, цөмийн зэвсгийн хөтөлбөрөөрөө Дэлхийг “айлгах төлөвлөгөө” хэрэгжүүлж буй айхавтар удирдагч Ким Жон Уний тухай хөргийг танилцуулах гэж байна.   

Ким Жон Ун бол Дэлхийн хамгийн залуухан удирдагч. Дээр өгүүлсэн шиг түүний хувийн амьдралын талаарх мэдээлэл ер нь огт байдаггүй. Гэсэн ч, түүний албан ёсны намтраас нь нэлээдгүй олон сонирхолтой гэмээр мэдээллүүдийг олж харж болно.

Түүний талаар илүү ихийг олж мэдье гэвэл маш гярхай ажигч сурвалжлагч сэтгүүлч нар эсвэл Өмнөд Солонгос улсын тагнуулын албаны мэдээллээс харах боломжтой.

Өнөө цагийн хамгийн урьдчилан тааварлашгүй залуу улс төрч үнэхээр хүмүүсийг айлгасан аймшигтай хүн юм гэж үү.

НЭГ ДЭХ БАРИМТ

Түүний мэндэлсэн он сар өдөр тодорхой биш

Ким Жон Уныг 1982 оны нэгдүгээр сарын 8-нд, эсвэл 1982 оны долдугаар дугаар сарын 5-нд мэндэлсэн гэж үздэг. Бүр 1983, 1984 онд мэндэлсэн ч гэх яриа бий. Яагаад ийм эргэлзээтэй байдаг юм бол. Учир нь, залуу удирдагч маань өөрийгөө тийм ч залуухан биш, бусдад итгэл үнэмшил төрүүлэх гэж мэндэлсэн оноо зөрүүтэй ярьж явдаг гэгддэг. Харин өөрийнх нь энэ хорвоод ирсэн он бол 1982 он юм.

Харин Өмнөд Солонгосын тагнуулын албаныхны мэдээллээс харахад, Ким Жон Ун, 1982 он биш 1984 онд мэндэлсэн гэж байгаа юм. Ингээд 1984 онд мэндэлсэн хүний Дорнын зурхайг хамтдаа сонирхоцгооё.

1984 – бол хятадын зурхайгаар авч үзвэл модон хулгана жил. Энэ жилд мэндэлсэн хүмүүс ихэвчлэн ямар ч хамаагүй үнээр амжилтын оргилд хүрэхийг зорьдог ба зорилгодоо хүрэхэд нь тэдэнд төрөлхийн шинж чанар нь тусалж ивээдэг.

Тэдний сэтгэл хөдлөлийн цаана хүйтэн хөндий хэрнээ маш нарийн тооцоотой ухаан нуугдаж байдаг. Гадаад дүр төрхнийх нь цаана бас нэгэн нууцлаг хүн далд оршдог. Маш амбицитай буюу нэр төрийн хойноос хөөцөлддөг, төрөлхийн л улс төрчийн  ур чадвар эзэмшсэн байдаг. Бусдад найдахаасаа илүүтэйгээр зөвхөн өөрийн хүч чадалдаа итгэдэг. Хүрээлэн буй хүмүүс, тэр тусмаа хувь заяаны гэнэтийн бэлэгт болгоомжтой ханддаг. Бүгдийг хяналтандаа байлгаж, хийхээр шийдсэн зүйлээ дутуу орхидоггүй, эцсийн үр дүнг нь харж байж л санаа нь амардаг зантай. Бусдыг ховсдох мэт ид шидийн гэмээр энергитэй байдаг. Амьдралаас чухам юу хүсч байгаагаа сайн ухаарч ойлгосон байдаг гэж дорнын зурхай цааш үргэлжлэнэ. 

Энэ зурхайгаар бол, залуу удирдагчид байх зан байдал бага сага тохирч байх шиг.  

ХОЁР ДАХЬ БАРИМТ

Түүний хөмсөг улам л богиноссоор

Янз бүрийн онуудад авахуулсан зурагнуудаас нь ажиглавал, Умард Солонгосын залуу удирдагчийн хөмсөг хачирхалтай байдлаар өөрчлөгдсөөр байгаа юм. Жил ирэх тусам хөмсөг нь улам л богиноссоор  байгаа юм. Хүмүүсийн хэлснээр бол, хөмсөгөө байнга зулгааж янзалдаг гэх яриа бий. Өөрийн эцэг Ким Чен Иртэй адилхан төрхтэй болж харагдахын тулд хөмсөгөө зулгаадаг гэдэг. Гэхдээ энэ бол албан ёсны мэдээлэл биш юм шүү.

ГУРАВ ДАХЬ БАРИМТ

Нууцаар дүүрэн түүний хүүхэд ахуй нас

Энэ зураг бол 2014 онд БНАСАУ-ын Агаарын Зэвсэгт Хүчний баярын арга хэмжээний үеэр дэлгэцэд гаргасан зураг. Гэсэн ч энэ зурган дээрх цэргийн дүрэмт хувцас өмссөн ёсолж байгаа хүү үнэхээр одоогийн залуу удирдагч мөн эсэх нь бас л эргэлзээтэй.

ДӨРӨВ ДЭХ БАРИМТ

Охидын Поп хамтлагийн гишүүдийг сонгосон

Умард Солонгост бас поп хөгжмийн урсгал хөгжсөн байдаг. Гэсэн ч, утга агуулга нь та бидний сонирхдог поп хөгжмийн урсгалаас тэс ондоо. Тухайлбал, хөгжимчид нь цэргийн найрал хөгжимчид байх ба харин видео клипээрээ умард солонгосчууд хэрхэн аз жаргалтай, сайн сайхан амьдарч байгааг харуулна гээд бүх зүйлд нь хяналт тавьдаг.

Хамгийн нэр хүндтэй охидын хамтлагт “Моранбон” тооцогддог. Хамтлагийн гишүүдийг залуу удирдагч өөрөө сонгон шалгаруулсан гэсэн яриа бий.

ТАВ ДАХЬ БАРИМТ

Түүний албан ёсны цол гуншингууд

БНАСАУ-ын их удирдагч, намын дарга, арми болоод ард түмний их удирдагч. Түүнчлэн: “Шинэ од”, “Гайхалтай нөхөр”, “Суу ухаантнуудын доторх суу ухаантан”, 2012 оноос “БНАСАУ-ын Маршал”. Үүнээс гадна, Ким Ир Сений нэрэмжит Их Сургуулийн физикийн салбарын докторын зэрэгтэйгээс гадна, Малайзийн HELP хэмээх хувийн Их Сургуулийн эдийн засгийн салбарын докторын зэрэгтэй. 

ЗУРГАА ДАХЬ БАРИМТ

Швейцар улсад өөр овог нэрээр сурч байсан

1998-2000 онуудад Швейцарын алдартай сургуульд сурч байсан. Элсэн орохдоо Умард Солонгосын элчинд ажилладаг хүний Пак Ин гэх нэрээр  бүртгүүллэн суралцаж  байсан гэддэг. Энэ талаархи дэлгэрэнгүй мэдээлэл байдаггүй юм. Чанар муутай хэдэн зурагнуудаас залуу удирдагч мөн эсэхийг тодорхойлох үнэхээр амаргүй юм. Бид зөвхөн таамлаглаж байгаа юм. Түүнтэй хамт суралцаж байсан хүмүүсийн яриагаар бол, түүний төрх үнэхээр л одоогийн Ким Жон Ун мөн гэж хэлдэг. Швейцарт сурч байхдаа үнэхээр тааламжтай хүүхэд байсан, улс төр гэхээсээ илүүтэй спортыг илүү сонирхдог сурагч байсан гэдэг. Харин хичээл сурлагандаа тийм ч сайн байгаагүй, онц сурагч байгаагүй гэгддэг. Нэгэн найздаа өөрийн нууцаа дэлгэж, Умард Солонгосын их удирдагчийн хүү мөн гэдгээ ярьсан гэдэг юм.

ДОЛОО ДАХЬ БАРИМТ

Сагсан бөмбөгт үнэхээр сонирхолтой ханддаг. Деннис Родмантай найзалдаг.

Ким Жон Унтай хамт сурч байсан сургуулийн найзууд нь түүнийг хичээл дээрээ америкийн алдарт сагсан бөмбөгч, “нисдэг” хэмээх хочтой Майкл Жорданы зургийг зурдаг байсан талаар дурсан ярьсан байдаг.

Энэ бол үнэний ортой яриа. Ким Жон ун үнэхээр сагсан бөмбөг сонирхдог. 2013 онд сагсан бөмбөгч Деннис Родмантай уулзаж, өөрийн хувийн арлаа үзүүлж байсан түүхтэй. Ким Жон Ун, Деннис Родман нарыг холбох нэг ч зүйл байхгүй ч тэд маш сайн найзууд болж чадсан юм. Деннис Родман түүнийг, тэр магадгүй галзуу байж болох ч би ер анзаарч байгаагүй юм байна гэж ярьсан байдаг.

НАЙМ ДАХЬ БАРИМТ

Тэр хаана ч явсан бүх зурган дээр инээмсэглэдэг

Зураг авахуулах болгондоо нүүрэндээ инээмсэглэл тодруулдаг. Бүр бүх зурган дээрээ шүү. Инээгээгүй авахуулсан зураг гэж түүнд байхгүй гэж хэлж болно. Гэвч, сүүлийн үеийн зурагнуудаас нь харахад инээмсэглэсэн төрх нь алга болсон. Жин хассантай нь холбоотой байх. Эрүүл мэндийн хувьд яалт ч үгүй "но"-той болсон нь үүгээр нотлогдож байж болзошгүй.

ЕС ДЭХ БАРИМТ

Түүний үсний засалт хип хоп

Ким Жон Уний үсний засалтыг цэргийнхний засалт гэж нэрлэх нь ч бий. Холливудын жүжигчин Брэд Питтийн тоглосон “Уур хилэн” кинон дээрээс ийм үсний засалтыг харж болно. Залуу удирдагч үсээ өөрөө засдаг, учир нь тэр үсчинд итгэдэггүй гэсэн цуу яриа бий.

АРАВ ДАХЬ БАРИМТ

Ариун цэврийн өрөө ордоггүй

Ямартай ч ийм яриа түүний эцэг Ким Чен Ирийн албан ёсны танилцуулга намтар дээр ч дурьдагддаг.

АРД ТҮМНИЙ ХАЙРТАЙ ХҮҮ

Ким Жон Ун – алга ташилтаас... сагсан бөмбөгөөс... мөн мэдээж, их бууны нүргээнээс таашаал авагч. Ким Жон Ун – Умард Солонгосын удам дамжсан агуу гэх удирдагчдын залгамж халаа. Өвөөгийнхөө, эцгийнхээ үлдээсэн улс орон, ард түмэндээ хайртай ардын хүү.

Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс гэх коммунист дэглэмтэй улс орныхоо нэр хүндийг дэлхий дахинаа дуурсгаж яваа залуухан удирдагч.

Эцэг Ким Чен Ирийн оршуулгаар лимизингийн урд алхаж байхдаа л залуу хүү дотроо чухам юунаас эхлэх үү, одоо яах вэ гэж бодлогоширонгуй явж байсан гэдэг. Ингээд умард солонгосчуудын хувь заяаг 28 настайдаа гартаа оруулж авсан билээ. 19 настайдаа ерөнхийлөгч болж байсан Гайтигийн дарангуйлагч Жан Клод Дювальегийн дараагаар орох Дэлхийн түүхэн дэх хамгийн залуухан удирдагч.

Нөгөө талаар, Ким Жон Ун эцгийгээ бодвол илүү азтай. Яагаад гэвэл, түүний эцэг Ким Чен Ир 50 гарсан хойноо л улс орныг захиран эзэн суусан. Тиймээс, Ким Жон Уний хувьд “хаан сэнтийн төлөөх тоглоом” удаан үргэлжилнэ гэдгийг ойлгож байсан. Учир нь, түүний өмнө өрсөлдөгчдөө дарж авах эсвэл өрсөлдөгчид нь түүнийг дарах гэсэн хоёрхон л сонголт үлдсэн. 

ХААН СЭНТИЙН ТӨЛӨӨХ ТУЛААН

Дүрмийн дагуу бол улс орноо удирдах залгамж халааны төлөө Ким Чен Ирийн гурван хүү өрсөлдөх ёстой. Энэ утгаараа, ууган хүү Ким Чен Нам – агуу удирдагчийн суудлыг эзэгнэх дүрэмтэй. Ким Чен Нам бол хоёр дүүгээсээ даруй 10 насаар ах. Гэсэн ч өөр эхээс мэндэлсэн хүү. Ким Чен Нам нь оросын Москва, мөн Швейцарийн Женев хотуудад суралцаж байсан, сургуулиа төгсөж ирээд Бүгд Найрамдах Арчдилсан Солонгос Ард Улсын Кибер аюулгүй байдлын газрын тэргүүнээр томилогдсон.

Ким Чен Намийн нэр төрд гарах гэсэн хүсэл тэмүүлэл нэгэн хэргээс болоод замхран алга болсон. Түүнийг Японд хуурамч бичиг баримт үйлдсэн хэргээр баривчилсан байдаг. Тансаг сайхан амьдралаас таашаал авах гэсэн түүний хүсэл эрмэлзэл нь эргээд өөрийг нь буруутан болгосон. Гэсэн ч Агуу удирдагчийн ууган хүү өөрийгөө зөвтгөж, Диснейленд руу явсан, учир нь өөрийнх нь улс оронд байдаггүй хөгжилдөн цэнгэх газарт дуртай гэж ярьж байжээ.

Үүнийх нь хариуд, Японы тусгай албаныхан жоготой нь аргагүй инээж, агуу удирдагчийн төрсөн хүү Токиод нэгээс олон удаа ирж байсныг нь нотлох баримтыг дэлгэсэн. Ганц Диснейленд гэлтгүй нааш цааш олон удаа насанд хүрэгчдийн клубээр ч зочлон биеэ үнэлэгчидтэй нэр холбогдож, мөрийтэй тоглоомын газруудаар хэсч байсан байгаа юм.

Энэ хэргээс нь болоод Токио, Пхеньяны хооронд намжаах аргагүй том шуугиан дэгдэж эхэлсэн. Ингээд л эцгийнхээ сэнтийд залран, гол тоглогчоор үлдэх боломж нь “нарны туяанд ууршин алга болох шүүдрийн дусал” мэт замхран ууссан түүхтэй. Эцэг Ким Чен Ир ч ихэд хилэгнэж, хүүгээ өндөр албан тушаалаас нь буулгаад барахгүй, улсаасаа хөөж явуулсан байна.

Хэрэг явдал ийм дээрээ тулсан болохоор, эзэн суух боломж, агуу удирдагчийн үлдсэн хоёр хөвгүүдийнх нь өмнө ирсэн. Тэр үед, өсвөр насны хоёр хөвгүүн нь Швейцарьт сурч байсан юм.

Ингээд л, эзэн суух сэнтийний төлөөх дүр зураг улам бүр л тодорч эхэлсэн. Агуу удирдагчийн хөвгүүд хилийн чанадад барууны хэв маягаар үе тэнгийнхэнтэйгээ мөр зэрэгцэн амьдарч байв. Элит гэр бүлийнхний хүүхдүүд сурдаг сургуульд явж, Ван Дамтай кино үзэж, сагсан бөмбөгт хошууран дурлаж явсан үе.

Ким Чен Ир ууган хүү Ким Чен Намийн гаргасан алдаан дээрээс нөгөө хоёр хүүгийнхээ төлөө санаа зовж, өмнөхөөсөө ч илүү анхаарал хяналт тавьж, өөрийг нь залгамжлах эзнийг тодруулах сонголтоо ч хийх гэж яарсангүй.

Ким Чен Ир нэгэн удаа хамгаалагчдынхаа дунд сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулж л дээ. Тэгтэл, Ким Чен Чхоль тоглолтын дараагаар, бүх тоглогчдыг дуудан хүн бүрт биечлэн баяр хүргэсэн байна. Гэтэл, Ким Жон Ун өөрийн багтайгаа тусдаа ялгаран зогсож байсан юм. Ким Жон Ун тэмцээний талаар дүн шилжилгээ хийгээд зогсож байсан, хэн нь алдаа гаргасан, хэн нь бөмбөгөө буруу дамжуулсан гээд бодож байсан юм.

Яг тэр үед, Ким Чен Ир надаас ингэж асуусан юм: - Тэднийг хар даа. Жон Ун надтай адилхан юм шиг санагдахгүй байна уу. Эрх мэдлээ түүнд л өгч таарах нь дээ гэж Ким Чен Ирийн япон тогооч Кэнжи Фүжимото дурсан ярьсан байдаг.

УДИРДАГЧИЙН ТӨЛӨӨХ ӨРСӨЛДӨӨН

Хоёр дахь хүүгээ дэндүү зөөлөн гэж бодож байсан юм. Ингээд л эцэст нь Ким Жон Ун тунаж үлдсэн юм. Түүний хувьд ганц сул тал нь тэр хэтэрхий залуу байлаа. Энэ талаар агуу удирдагчийн төрсөн эгч Ким Ген Хи олон удаа сануулж байсан гэдэг. Ким Ген Хи ч бас эцгийнхээ эрх мэдлийг залгамжлан авах хүний нэг байв. Түүний нөхөр нь Умард Солонгосын хоёрдугаар том хүн байлаа. Швейцариас диплом ч үгүй ирээд удаагүй байгаа амны салиа нь арилаагүй хоёр хүүг нь бодвол, насны хувьд ч, амьдралын туршлагын хувьд ч залгамж халааг авахад яг тохирох хүн. 

Ким Жон Ун ч ийм яриаг олон удаа сонсож байсан болохоор дотроо уур нь хүрч, нагац эгчээсээ өшөө авах төлөвлөгөө хүртэл боловсруулж байсан гэгддэг. Харин сүүлд нь уур хилэнгээ сагсан бөмбөгөөр дарж эхэлсэн. Сагсан бөмбөгт өгсөн “хайр” нь маш их байсан учир эцэг нь түүнд санаа зовж эхэлсэн байдаг. Булчин шөрсөн болсон сагсан бөмбөгчдийг цаг тутам эргэж тойрох хүү нь улам бүр түгшээж эхэлсэн юм. Гэсэн ч төд удалгүй айдас түгшүүр нь алга болсон.

Агуу удирдагчийн залгамж халааг авах албан ёсны танилцуулга 2008 онд Умард Солонгосын Хөдөлмөрийн Нам үүсгэн байгуулагдсны жаран жилийн ойгоор болж, сүрт жагсаал болсон. Энэ арга хэмжээнд 100 мянган цэргийнхэн оролцсон.

Агуу удирдагч Ким Чен Ир цус харваснаар Ким Жон Унд эрх мэдлийн сэнтийд залрах том боломж гарч ирэв. Чухам энэ үед л ард түмэн нь, намын удирдлагууд төрийн эрхийг хэнд шилжиж очихыг ухаарч эхэлсэн.

Ким Жон Ун ч эцгийнхээ дэргэдээс алхам ч холдохгүй хаа явсан газар нь дагаж явдаг байв. Цэргийн полигон, нэгдсэн хурлуудад хүртэл. Хурлын танхимд Ким Жон Унд тусад нь зөөлөн буйдан засдаг болсон байв. Буйдан дээр тухлахын хажуугаар, мөрөөдөлдөө автдаг байв. Заримдаа бүр, ах шигээ байдалд орж, аавынхаа дургүйг хүргэхгүй гэж дэндүү хичээж байгаа дүр зураг ч ажиглагдана.

ӨШӨӨ АВАЛТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ

2011 оны арванхоёрдугаар сард, Ким Жон Ун эцгийнхээ бунханд сүүлчийн нулимсаа арчиж, гартаа хөзрийн мод атгасаар өөрийн тоглоомоо эхлүүлэв.

Намын их хурлын үеэр, авга ах Чан Сон Текийг баривчлав. Чан Сон Тек бол түүний эцэг Ким Чен Ирийн дараа хоёрдугаарт тооцогдох нөлөө бүхий том хүн. Мөн, цэргийн шатлан захирах ёсны хамгийн чухал хүн байв. Нагац эгчийнхээ нөхрөөс ингэж өшөөгөө авсан юм.

Үүний дараагаар, хэд хэдэн генералуудын толгойг цаазаар аваачив. Энэ мэтээр залуухан Ким Жон Ун өөрийн хүрээллээ бий болгохын тулд “их цэвэрлэгээ”-г эхлүүлэв.

Шийдэмгий хэрнээ харгис хэрцгий удирдагч гэсэн нэр Өмнөд Солонгосын суртал ухуулгыг улам хүчтэй болгож эхэлсэн. Ким Жон Ун үй олныг хоморголон цаазалдаг, өөрт нь таалагдаагүй хүмүүсээр нохой хооллодог эсвэл автомат буугаар өөрийн гараар буудан хороодог гэсэн цуурхалыг Сөүлээс гаргаж эхэлсэн юм.

Нөхцөл байдлыг намжаахын тулд Умард Солонгосын шинэхэн удирдагч улс төрийн гэмээргүй хэд хэдэн зарлиг гаргасан байдаг. Түүний нэг нь үсний засалттай холбоотой зарлиг. Эмэгтэйчүүдийн 18, эрэгтэйчүүдийн 10 төрлийн үс засалтыг тогтоож өгсөн юм. Залуухан удирдагч маань харин өөрөө Ким Ир Сен өвөөгийнхөө үсний засалтыг хуулбарлан авчээ.

Ким Жон Уний үсний засалт, улс төрийн түрэмгий бодлогоос нь болоод түүнийг эцэгтэйгээ огтхон ч адилгүй гэж хэлүүлэхэд хүргэсэн. Тэр галт тэрэг, улсын онгоц зэргээр зорчихыг татгалзаж эхлэв. Чухам ийм замаар өөрийгөө тахин шүтүүлж, ард олон, тойрон хүрээллийнхнийхээ дунд эрх мэдлээ улам бататгаж эхэлсэн юм. Яагаад гэвэл, чухам ард түмэн нь түүний захирах эрх мэдлийн насыг уртасгах учиртай баталгаа. 

Ким Жон Уний үргэлж инээмсэглэж явдаг дүр төрхөөр нь дүгнэж, түүнийг дутуу үнэлж болохгүй. Түүний энэ багны цаана хахир хатуу, өс санасан өшөө авагч нуугддаг гэж ярьцгаадаг. Цаазын ял оноох нь түүнд гарын алгаа хавсрахаас ч амархан гэж ярилцах нь ч бий.

Ким Жон Уний заавраар ахыг нь агнах ан эхэлсэн гэгддэг. Ах Ким Чен Нам нь эх орноосоо хөөгдсөн ч гэсэн, хятадад хаан шиг эрх дураар амьдарсаар байсан юм. Эцгийнхээ явуулсан мөнгийг покер, биеэ үнэлэгч нарт үрэн таран хийдэг байв. Аюулд өртөнө гэдгээ ч мэдэхгүйгээр дүү Ким Жон Унд засгийн эрх мэдэл шилжсэнийг шүүмжилж байлаа.

Өмнөд Солонгосын талаас ч гал дээр тос нэмэхийн нэгэн адил нөхцөл байдлыг улам хурцатгаж, Умард Солонгосын удирдагчаар Ким Чен Намийг сонгоход дургүйцэх зүйлгүй, өөрөө ч тийм бодолтой байгаа гэж дэвэргэж байв.

2017 оны хоёрдугаар сард Ким Чен Намийн араас нь нэгэн эмэгтэй хортой алчуураар амыг нь таглаж, Умард Солонгосын удирдагч ч болж болох байсан Ким Чен Ирийн удаах хүү амиа алдсан эмгэнэлт түүх бий. 

Ким Жон Уний ахын амийг хөнөөсөн алуурчдыг ч дор нь барьсан байдаг. Тэд Пхеньянаас ирсэн тусгайгийнхан байсан юм. Ингээд эцэст нь, Ким Жон Унийг ахыгаа хөнөөсөн гэх бас нэгэн нэр дагах болов.

2016 онд, Америкийн Отто Уорнбир гэх оюутанд 15 жилийн ял оноосон. Учир нь, тэр зочид буудалд эх оронч залуу удирдагчийн зурагт хуудсыг уржээ.

“Энэ бол миний амьдралдаа хийсэн хамгийн том алдаа. Умард Солонгосын ард түмнийг доромжилж, маш булчимгүй алхам хийлээ. Миний амийг битгий аваач”- гэж Отто Уорнбир ярьж байсан юм.

Нэг жилийн дотор америк оюутны шоронгийн амьдрал эцэс болсон гашуун сургамж бий. Ботулизм гэх халдварт өвчин тусч, ухаангүй байдалтай болсон оюутныг америкийн талд хүлээлгэн өгсөн байдаг. Америкт очсон ч ухаан орохгүй байсаар байгаад нас барсан хэрэг граж байсан. Тэр оюутанд залуу удирдагчийн хамгийн дотнын найз гэгддэг Деннис Родман ч тус болж, амийг нь аварч чадаагүй юм.

ХҮҮХЭД НАСНЫ МӨРӨӨДӨЛ БИЕЛСЭН НЬ

Ким Жон Уний бахархал нь америкийн сагсан бөмбөгийн NBA-гийн тоглогч болсон юм. Ким Жон Ун хар арьст, аварга биетэй сагсан бөмбөгчинг тэврэн баясч, хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлэн зогсоно.

Шинэхэн залуухан удирдагч найзынхаа төрсөн өдрөөр Ким Ир Сен өвөөгийнх шиг хүрэм өмсөж, архиар дайлан, хамгийн гол нь сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулж Ким Жон Уний магнайг тэнийтэл баярлуулж, олон олон гэнэтийн бэлэг барьсан байдаг.

ДОЛЛАРЫН ТЭРБУМТАН КИМ

Улс эх орондоо валютын нөөцтэй болохын тулд, Ким Жон Ун Дэлхийн өнцөг булан бүр лүү хар ажилчдыг илгээдэг. Гэхдээ үүнийгээ хоёр улсын хоорондын гэрээ хэлэлцээрээр дамжуулан хийдэг туршлагатай. Ингэж мөнгөний урсгал Пхеньяныг чиглэдэг гэж хэлж болно. Гэсэн ч энэ нь умард солонгосчуудын хувьд хилийн чанад дахь хөдөлмөрийн лагерьт тооцогддог гэхэд хилсдэхгүй биз ээ. Оросод гэхэд л Сибирийн тайгад модны ажил хийнэ. “Зенит Арена” хөлбөмбөгийн ордонг барихад хамгийн хүнд хүчир ажлыг хийж гүйцэтгэсэн байх жишээтэй. Африкт очиж, хөшөө дурсгал барих ажилд ч оролцоно. Манай Монголд хүртэл хар ажил хийхээр ирцгээнэ. Үүнээс гадна, Макаод хууль бус наймаачдаас Ким Жон Уний данс руу доллар хуримтлагддаг гэсэн яриа бас бий. Үүгээр ч зогсохгүй, зэр зэвсгийн хууль бус наймаачидтай ч холбоотой гэгддэг.

Хар тамхины наймаа бас давхар яригддаг. Ким Жон Ун хувийн дансандаа 5 тэрбум гаруй америк долларын хуримтлалтай гэсэн таамаг байдаг. Энэ бол бас ч үгүй цөмийн зэвсэгтэй орны “мөнхийн захирагч” гэсэн эрх мэдэл, албан тушаалын хажуугаар тун ч муугүй бонус.

(Эх сурвалж: wikipedia, bbc, cnn, britannica, cnbc, tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2021-08-28 00:40

ҮХСЭН НОХОЙН ОЦГОР

Холбоотой мэдээ

Back to top button