Улс төрийн зорилготой байж мэдэх том “АН”-гууд

Сүүлийн үед улс төрийнхний хоорондын албан тушаал, эрх мэдлийн хуваарилалтын тохироо, наймаа баривчилгаагаар өрнөдөг болсон гэх. Тодруулж хэлбэл дээдчүүл хэн нэгнийнхээ ойрын нэгнийг баривчилдаг, нэгнийгээ шантаажилдаг, дараа нь тохироо хийж сулладаг болсон гэх бор шувуу. Аймшигтай сонсогдож буй ч үгүйсгэх арга тун ч үгүй.
-С.ГАНБАТ УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ОЙРЫН ХҮН-
Өдгөөгөөс хоёр сарын өмнө л гэхэд Тагнуулын байгууллагаас бригадын генерал С.Ганбатыг баривчилж, 461-р ангид хорьсон. Улмаар гэрээс нь 500 мянган ам.доллар, 50 орчим бууны төрлийн галт зэвсэг, төрийн нууцад хамааралтай байж болох зарим материалууд, тагнаж чагнах зориулалт бүхий төрийн данстай төхөөрөмжүүд хурааж авсан гэх мэдээлэл тухайн үед цацагдаж байв. Гэвч томчуудын энэ мэт баривчилгааны мэдээлэл, шалгалт хийж байгаа эсэх процесс маш нууц өрнөдөг.
Гэхдээ бидний олж мэдсэнээр С.Ганбатыг сүржин баривчилсан хэрнээ хангалттай буруутгах үндэслэлгүй гэх байдлаар аль хэдийн сулласан байх юм. Улс төрийн өнцгөөс дүгнэвэл түүнийг хэрэг хийсэн гэж барьж хорьсон гэхээс илүү улс төрийн зорилгодоо ашиглаад буцаагаад сулласан байх ньюанс бий. Бүр тодруулж хэлбэл, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар тохиролцсон гэсэн үг. Тэд Ерөнхий сайдын суудлаас болж бага зэрэг хөндийрсөн асуудал үүсээд байсан.
Энэ баривчилгааг “УИХ-ын дарга Г.Занданшатарын ойрын хүн учир Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс чиглэл өгсөн ажиллагаа” гэх зэргээр хөшигний ард хардлагууд өрнөсөн. Улс төрийн хүрээндээ Цагдаагийн ерөнхий газрын харьяа Дотоодын цэргийн штабын дарга, генерал С.Ганбат нь УИХ-ын дарга Г.Занданшатарын ойрын хүн гэдгийг мэдэцгээдэг. Тэрбээр Г.Занданшатараар овоглогддог “Нэг Монгол” нэгдэлд Баянхонгорынхан гэдэг утгаараа идэвхтэй оролцсоор ирсэн аж.
Өдгөө С.Ганбатын хүү Пүрэвсүрэн нь Монголбанкны Тамгын газрын захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажилладаг байна. Улс төрийн хүрээнд яригдаж буйгаар, С.Ганбатын хүү Пүрэвсүрэнг Г.Занданшатар Хөгжлийн банкны “Ди Би Эм Лизинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдоход нь нөлөөлж байжээ. Мөнхүү өнөөгийн эрхэлж буй Зээлийн батлан даалтын сангийн ТУЗ-ийн дарга, Монгол банкны газрын захирлын албанд томилоход нь дэмжлэг үзүүлсэн гэгддэг.
-Ц.ГАНХҮҮ НЬ М.ЭНХБОЛДЫГ МАНДАЖ ЯВАХ ҮЕИЙН ХОТЫН ФРАКЦЫН НӨЛӨӨ БҮХИЙ НЭГЭН-
Дараагийн бай бол АТГ-аас Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү. АТГ-аас өчигдөр түүний гэрт нэгжлэг хийжээ. Улмаар бараг 200-аад сая төгрөгтэй дүйцэхүйд доллар, юань, валют хурааж авсан гэх. Түүнийг өмнө хашиж байсан албан тушаалуудаа ашиглаж өөрийн хүү болон эхнэрийн компани, болон хамаарал бүхий этгээдүүдэд давуу байдал олгосон хэргээр ийн шалгаж буй аж.
Тодруулбал өөрийн төрсөн хүү болох Ганхүүгийн Батболдын гүйцэтгэх захирлаар ажилладаг, 2006 онд байгуулсан, өөрийн 50 хувийн эзэмшлийн “Инэл” компанид барилга, орон сууц барих зөвшөөрөл олгосон бололтой. Улмаар тус компани Зайсангийн аманд “Инэл Зайсан виллаж”, “Чариот Резиденс”, “Морьтон Резиденс” хотхоныг барьсан гэх мэдээлэл байгаа юм. Энэ компанийн бас нэг хувьцаа эзэмшигч нь Ц.Ганхүүгийн эхнэр Ш.Сарантуяа. “Инэр” компанийн хувьд лангуу түрээслүүлэх, гадаад худалдаа, аялал жуулчлал, барилга угсралтын ажил гүйцэтгэдэг юм байна.Түүнчлэн Ц.Ганхүүгийн ХОМ-д бүртгэл бүхий Анима Интэрнэшнл компанийг мөн эхнэр, хүү нь хувьцаа эзэмшиж, ажиллуулдаг бөгөөд барилга угсралт, гадаад худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм байна.
Ц.Ганхүү нь Дундговийнх. Ж.Наранцацралт агсан Барилга хот байгуулалтын сайдаар ажиллах үедээ хот руу татаж, төрийн нарийн бичгийн даргаа болгож, улс төрд оруулж ирсэн түүхтэй аж. Ингээд Ж.Наранцацралт агсан өөд болсноос хойш М.Энхболд руу наалдсан гэх.
Ц.Ганхүүгийн хувьд энэ албаа авахаас өмнө Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн захирагчийн алба, Барилгын хөгжлийн төвүүдэд дарга хийж байсан бөгөөд түүнийг М.Энхболд томилуулж байсан, ажил хийдэггүйгээрээ алдартай хэмээн яригддаг. УИХ-ын дарга асан М.Энхболд мандаж явах үедээ толгойлдог байсан “Хотын фракци”-ийн нөлөө бүхий хүмүүсийн нэг гэдэг. М.Энхболдыг Улаанбаатар хотын даргаар ажиллаж байх үед буюу 1998 оноос эхлэн 2004 он хүртэл Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба Барилга хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байжээ. Өөрөөр хэлбэл, 1998 оноос эхлэн 2021 оныг хүртэл барилгатай холбоотой газруудад даргын албан тушаал хашиж байсан байх юм. Түүнийг шалгах болсон бас нэг шалтгаан нь М.Энхболдын хүн байснаас нь болсон ч байж мэдэх.
-Ш.НЯМДОРЖИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ТУШААЛААР ХӨДӨЛДӨГ НЭГЭН ХЭМЭЭДЭГ-
Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокуророор ажиллаж байсан Ш.Нямдоржийг бараг сар орчмын өмнө АТГ-аас баривчилж, мөн л гэрт нь нэгжлэг хийсэн. Улмаар гэрээс нь их хэмжээний бэлэн мөнгө, ам.доллар гарч ирсэн байдаг.
Түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хууль бусаар олсон хөрөнгөөр мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх зэрэг асуудлуудаас болж шалгаж байгаа гэх. Түүнийг 48 цаг баривчлаад, прокурорын яллагдагчаар татах хүсэлтийн дагуу шүүхээс дахин нэг сар хорихоор болсон. Түүнээс хойш гурван долоо орчим хонож байна.Тэгэхээр арваад хоногийн дараа хоригдох хугацаа нь дуусаж, прокурор шүүхэд дахин саналаа өгөх процесс үргэлжилнэ.
Ш.Нямдоржийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүн гэдэг. Түүнийг Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокуророор ажиллаж байх үедээ хийгээгүй хэрэгт нь холбогдуулсан гэх утгатай зүйлийг С.Эрдэнэ ярьсан.
Тодруулбал, Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ өнгөрсөн гуравдугаар сард “Ерөнхийлөгч Х.Баттулга надтай хэрэг наймаалцсан. Надтай холбоогүй хийгээгүй хоёр асуудлаар хэрэг үүсгэсэн. Нийслэлийн Ерөнхий прокурор Ш.Нямдорж болон орлогч Ц.Насанбат нар нэг нь хэрэгсэхгүй болгож, нөгөө нь сэргээсэн. Энэ бол хууль, шүүхийнхэн Ерөнхийлөгч Х.Баттулгаас тушаал авч ажилладгийн нотолгоо” гэж мэдэгдэж байв.
Тиймээс элдэв хэл амнаас болгоомжилсон уу, ямартаа ч Нийслэлийн Ерөнхий прокурор Ш.Нямдоржийг Баянзүрх дүүргийн прокурор болгон тушаал бууруулж, нийслэлийн прокурор Ц.Насанбатыг ажлаас нь түдгэлзүүлсэн байдаг.Ингээд тушаал буурч, Баянзүрх дүүргийн прокурорын газарт даргаар очоод нам жим байя гэтэл түүнийг ийн баривчилсан юм. Энэ баривчилгаа Х.Баттулгыг хавчиж, хясах улс төрийн тоглолтуудын нэг ч байж мэдэх талтай.
Б.ЦЭЛМЭГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХУЛГАЙЧ,АВИЛГАЧ НАРЫГ БҮҮ ТӨӨРӨГДҮҮЛЖ БҮРХДҮҮЛЖ ЗӨӨЛЛӨ ЗӨВТГӨ НИЙТЛЭЛИЙН ЗОРИЛГО ХЭНИЙГ ХАМГААЛЖ ЗӨВТГӨХ ГЭЭД БАЙНА.ХЭНИЙГЧ ХЭНТЭЙ ХОЛБОХОД АМАРХАН ШДЭЭ.ӨӨР ХООРОНД НЬ МУУДАЛЦУУЛАХ ЧУЛУУГ ХЭН ХАЯАД БАЙНА.
Ер нь дэлхий даяараа л тийм байдаг бишүү
Ганхүү их эртнээс д�##�д хөрөнгөжсөн, архи ууж морь уясан хүн. Зөв л хүнээ онилж
Гэмтэй хүмүүсийг баривчлахаас яахав. Ингээд л хаацайлаад л, мушгиж гуйвуулаад байв�##� авилг�##� нь улам л ихэснэ дээ
Улс төрийн зорилгоор баривчилсан гэдэг нь юу л бол.Улс төрчид харин хутгаж хаацайлж хэргийг нь хэрэг биш болгох бантан зуурч байгаа ыайхдаа.
Төрөөс төрсөн бузарууд