Ярилцлага

"Зогсохгүй” продакшны Ө.Лууяа: Хайр уу, найз уу гэж надаас асуувал хайрыг л сонгоно

Баянхонгор аймгийн Гурванбулаг сумаас ирээдүйн их мөрөөдөл, зорилгоо өвөртөлж ирсэн сахилгагүй бор хүү өдгөө яг л түүнийхээ төлөө зогсолтгүй урагшилж явна. Угаас дэггүй, эрх дураараа өссөн болоод тэр үү, тэрбээр бусдын харж, мэдэрч, ойлгож үл чадах оршихуйг дотроо тээдэг гэмээр...

Үл ялиг хүүхдэрхүү, ярилцаад суухад тэмүүлэл дүүрэн түүнийг Ө.Лувсанцэрэн гэдэг. Гэвч урлагт анх таниулсан нэр нь Лууяа. 2017 онд СУИС-д жүжигчний мэргэжлээр суралцаж байхдаа "Янзага” дууг сэргээн дуулсан нь өдгөө залуусын сонсох дуртай дууны нэг болоод буй. Дуулахын сацуу "Зогсохгүй продакшн” -ыг үүсгэн байгуулж, видео контентоор дамжуулан нийгэмд эерэг зүйлсийг түгээхээр зорьж явна.

"Кино уран бүтээл хийх юмсан” гэх цээжний гүндээ дараатай явсан мөрөөдлөө биелүүлж, "Хайр уу, найз уу” бүрэн хэмжээний анхны УСК-гоо үзэгчдийн хүртээл болгоод буй түүнтэй ярилцлаа. Хүлээн авна уу.

-АНХНЫ БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ УРАН САЙХНЫ КИНОНЫХОО АРД ГАРЛАА-

-Сүүлийн үед их завгүй ажиллах шиг боллоо. Сонин хачин ихтэй байгаа болов уу ?

-Тийм ээ. Анхны бүрэн хэмжээний уран сайхны киноныхоо ард гарлаа. "Зогсохгүй продакшн”-аараа "Хайр уу, найз уу” УСК хийсэн. Есдүгээр сарын 7-ноос эхлэн бүх IP сувгуудаар цацагдсан. Анхны уран бүтээл учир бүхий л зүйлсэд гар, бие оролцоод их л завгүй гүйлээ.

-Киноны трэйлерийг харахад, 1990-ээд оны үеийн залуусын хайр дурлал, нийгмийн байдлыг дүрсэлсэн байсан?

-Тийм ээ. Хөнгөхөн, драма, комеди төрлийн уран бүтээл байгаа. Яагаад хуучны сэдвээр хийсэн бэ гэхээр бид бүхэн буцаад л хуучин руугаа чимээлээд байгаа юм шиг санагдсан. Тэр л мэдрэмжийг орчин үеийн энэ нийгэмд харуулахыг зорьсон. Z үеийнхэн үзээд аав, ээж, ах эгч нарынхаа өссөн, төрсөн орчныг үзэж, мэдрээсэй гэж хүссэн. Мөн амьдралд хүн хайр, найз хоёрынхоо нэгийг сонгох хэцүү шүү дээ. Түүнийг хөгжилтэй байдлаар гаргаж өгсөн.

-Таны хувьд хайр уу, найз уу?

-Сонгоход хэцүү ч, хайрыг л сонгох болов уу.

-Дүүрээ та хоёроос гадна ямар уран бүтээлчид оролцон тоглосон бэ?

-Киноны ерөнхий найруулагчаар "Босго филм” -ийн н.Бат-Мягмар ах ажилласан. Мөн Х-Түц продакшны жүжигчин Н.Баясаа, МУГЖ Б.Туяа, СТА М.Дорждагва, "Survivers”-ын н.Билэгжаргал, Б.Дуулим нар тоглосон байгаа. Киноныхоо гол дүрийн охиныг удаан хайсны эцэст бидний яг хүссэн жүжигчин олдсон нь Б.Дуулим байсан. Энгийн хэр нь сэтгэл татам. Бидний саналыг уриалагхан хүлээж авсанд баяртай байгаа. Манай кино баг цомхон хэр нь, чадвартай.

-Анхны хийсэн кино гэдэг утгаараа хүндрэлтэй байсан болов уу?

-Яг бодсоноос гайгүй байлаа. Миний хувьд өмнө нь киноны арын албанд их ажиллаж, туслах дүрүүдэд оролцон тоглож явсан. Тиймээс ажиллагаа талдаа гайгүй байлаа. Харин мөнгө төгрөгний зохицуулалт хийхэд л хүндрэлтэй байлаа.

-ДУРТАЙ АЖЛАА ХИЙЖ БАЙГАА УЧИР КАЙФТАЙ, ГОЁ МЭДРЭМЖИЙГ АВДАГ-

-Киноны төсөв мөнгөөс эхлүүлээд, зураг авалт хийхэд халдвар хамгааллын дэглэм сахих гээд нэлээдгүй сорилттой учирсан байж таарна?

-Манай кино өөрөө 1990-ээд оны нийгмийг харуулдаг. Тиймээс зураг авалтын тухайд бид өмнө нь сцен бүрд тоглох жүжигчидтэйгээ урьдчилаад тохирч ажилласан. Тэддүгээр сценд тэдэн жүжигчин, масс нь ийм байна гэх мэт. Хамгийн эхэнд нийтийн хэсгүүдээ түрүүлээд авчихсан.

Киногоо хийж байхдаа нэг зүйлийг сайн ойлгосон. Хүн дуртай ажлаа хийж байхдаа кайфтай байдаг юм байна. Манай багийнхан дандаа залуучууд байсан учир ойлголцож, ажиллахад урамтай сайхан байлаа. Найруулагч маань хэдий ахимаг насны хүн хэдий ч бидний үзэл бодлыг сонсож, ойлгож хамтарч ажилласан учир хүндрэл гараагүй.

Санхүүгийн хувьд мэдээж хүндрэлтэй байсан. Бид бүхэн иртэй, тэмүүлэлтэй байгаа дээрээ ажиллахыг зорьсон. Хувь хүмүүс, албан байгууллагуудтай хамтарч ажиллана гээд пэйж хуудастаа пост бичсэний дагуу н.Билгүүн гэдэг залуу холбогдоод, харилцан тохиролцоод ажилласан.

-Тухайн уран бүтээл таны ажилласан анхны гол дүр. Сэтгэл хөдлөл, сандрал их байв уу?

-Тийм ээ. Анхны минь дүр учраас сэтгэл их догдолж, сандарлаа. Жилд 600-700 орчим залуус жүжигчин мэргэжлээр төгсдөг. Тэдгээрээс ялгарч киноны гол дүрд нь тоглосон учир өөрсдөөрөө бахархах сэтгэл эрхгүй төрсөн. Бусад жүжигчдэд жаахан мэт байж болох ч, миний хувьд маш том зүйл. Төгсөөд контент хийж байгаад, ганц хоёр дуу гаргаад, бүрэн хэмжээний кино хийж, түүнийхээ гол дүрд тоглочихлоо доо гэж бодохоор сэтгэл өег сайхан байна.

-ДЭЛГЭЦИЙН ХҮН ГЭХЭЭР Л БҮХ ЗҮЙЛ НЬ ГОЁ БАЙХ АЛБАГҮЙ ШҮҮ ДЭЭ-

-"Зогсохгүй продакшн” хийж буй контентоороо залууст, нийгэмд юу түгээхийг зорьж байна вэ?

-Бид энгийн байхыг л хичээдэг. Анх бичлэг хийж эхлэхэд хүмүүс бидний халтар байна зэргээр хэлж, олон асуудлууд гарч байсан. Би хувьдаа хүн нэг талаараа хүмүүст харагдаж болохгүй гэж боддог. Дэлгэцийн хүн гэхээр л бүх зүйл нь гоё байх албагүй шүү дээ. Би ч гэсэн залуу хүн учир найз нөхөдтэйгөө наргиж цэнгэх, дарвих үе байна. Зарим зүйлийг дутуу бодсоноосоо болоод алдах, онох үе ч бий.

Тэгэхээр манай "Зогсохгүй продакшн” баримталдаг ганц зүйл нь энгийн байх. Заримдаа зүгээр л сууж байхдаа утсаараа бичлэг хийчихдэг. Тэгэхээр нэг их хэлбэрт баригдахгүй байхыг хичээдэг. Сайн, муу блансаа тэнцвэртэй авч явахыг зорьдог доо. Манайхтай хамтарч ажиллаж байгаа хүмүүст ч гэсэн аль болох өгөө, аваатай байхыг чухалчилна. Бидний хийсэн зүйл нөгөө талдаа өгөөжтэй, мөн нийгэмд сайхан зүйлийг түгээж байх ёстой.

-Видео контент хийж нийгэмд нөлөөлөл үүсгэж буй залуусыг хэт их зар сурталчилгаа хийгээд байна гэх шүүмжлэл дагадаг. Та бүхэн энэ тал дээр ямар зарчимтай ажилладаг вэ?

-Олон байгууллагуудаас бүтээгдэхүүн, үйлчилгээг нь сурталчилж өгөх санал ирдэг. Бид бүхэн үндэсний үйлдвэрлэлээ дэмжих дуртай. Сүүлд монгол залуусын бүтээсэн "Түмэн” брэндийг дэмжиж ажилласан. Үнэ хөлсөн дээрээ ч мөн аль болох уян хатан байхыг хичээдэг. Зөвхөн мөнгө төгрөгөөр бус уран бүтээлд дэмжлэх үзүүлэх нөхцлөөр ажиллах нь бий. Аль болох шударга зарчмаар ажиллахыг хичээдэг. Бид нийгэмд муу зүйл түгээж болзошгүй бүтээгдэхүүн, үйлчилгээнээс татгалздаг. Учир нь бид алдах эрхгүй. Биднээс олон залуус, хүүхдүүд үлгэр дуурайлал авч байгаа шүү дээ. Тиймээс үнэ цэнээ хадгалах хэрэгтэй.

-Продакшн байгуулах, сошиал контент хийх санаа хаанаас төрөв?

-Анх найзтайгаа хамт машинд сууж байхдаа санаандгүй хийсэн бичлэг хүмүүст их таалагдсан. Тэгээд л түүнээсээ урамшиж бичлэгүүд хийж эхэлсэн. Хүмүүс биднийг бичлэгийн санаагаа өөрсдөө олдог уу гэж их асуудаг. Бидний хийгээд байгаа бичлэг, санаанууд цэвэр ажиглалтаас төрөн гардаг. Бүх зүйл ажиглалтаас эхэлдэг. Жишээ нь бидний сүүлд хийсэн "Байгаа шүү” гэдэг бичлэг ч мөн ялгаагүй. Би борогшуу амьдралд төрж, өссөн. Хотод оюутан болж ирээд Зүүнсалаанд байдаг эгчийндээ амьдардаг байлаа. Тэндээ усаа авна, хар бор ажилд нь тусална. СУИС-ын жүжигчний анги их хэцүү. Өглөө 07.40-өөс хичээл орно. Зүүнсалаагаас сургууль хүртэл 16, 17 буудал явна. Эхэндээ ч их шантардаг л байлаа.

https://youtu.be/NbE1jArH2Qs

-Одоо хоёулаа уран бүтээлийнхээ тухай ярилцъя. "Янзага” дууг сэргээн дуулсан нь олон хүний зүрх сэтгэлд хүрлээ. Яагаад энэ дууг сонгож дуулах болсон юм бэ?

-Анх би Улаанбаатарт оюутан болж ирээд удаагүй байхдаа "Imagination продакшн”-ны "Улаанбаатар би чамд хайртай” ОАУСК-нд туслах ажилтнаар хөдөө явж байсан. Ингээд хоёр ангийн зураг авалтад хөдөөгийн залуугийн дүрд тоглох боломж олдож байлаа. Зураг авалтын дундуур би "Янзага” дуугаа анх дуулсан юм.

Түүнээс хойш хүмүүс "Дууны эх хувилбарыг хэн дуулсан юм бэ” гэж асуух болсон. Ингээд "Rec records” -ийн н.Хишигбүрэн ах хөгжим хийж өгнө гээд хоёр жил таг болов оо. Нэг өдөр тэр ах руугаа яриад "Ах одоо л та хөгжим хийгээд өг” гээд ярьсан. Би нэг зүйлийг дотроо бодчихвол, заавал хүрч байж л санаа амардаг. Тийм болоод ч тэр үү мөрөөдөл минь бага багаар биелээд байдаг.

-ДУУТАЙ БОЛОХ МӨРӨӨДӨЛ МИНЬ БИЕЛЖ, "ЯНЗАГА” ДУУГ ХЭДЭН САЯ ХҮН ҮЗНЭ ГЭЖ САНААГҮЙ-

"Дуутай болно доо” гэсэн мөрөөдөл минь биелж, "Янзага” дууг хэдэн сая хүн үзнэ гэж санаагүй. Дуу гараад эхний 7 сар нэг их сайн яваагүй. Гэтэл гэнэт л нэг өдөр Фэйсбүүк рүү ороод харахад "Дуунд дуртай Монголчууд” группд 19,000 шэйр авсан байсан. Дараа нь "Youtube” хандалт өссөөр одоо гурван сая гаруй үзэлттэй байгаа.

Дараа нь бас л "Сонин дээр гараад үзчих юмсан” гэж бодоход мөн л биелж, энэ жил сонинд яриа минь гарсан. Google, Youtube-д Лууяа гээд хайхад хүнд хүрсэн, хүрээгүй нь хамаагүй, миний нэрээр л хайлт гардаг болоосой гэж мөрөөдсөн. Одоо бол шал өөр. Зөндөө хайлт гарч ирдэг болсон. Миний мөрөөдөл бага багаар биелсээр байгаа. Дотроо бодчихсон байхад биелдэг л юм билээ.

Сүүлд би "Үзэсгэлэн төгөлдөр эх орон” дуу хийсэн. Тэр уран бүтээлдээ би маш их хайртай.

-Яагаад?

-Манай н.Хишигбүрэн ах нэг цомог хийж байсан юм. Би студи дээр нь очоод сууж байхад, тэр дууны хөгжим, үг нь маш их таалагдсан.

Хун цагаан үүлсийн цаагуур хурц шаргал наран наадаад

Зэгэс хөөмийлэх нуурын мандалд зэрвэс, зэрвэс салхи тоглоод

гээд л яг тэр нэг дүрслэл, драма нь "Залуус сонсох, сонсохгүй нь хамаагүй. Өөртөө л таалагдаж байхад болно” гээд хөгжмийг нь гуйсан. Тэгээд нөгөө хүндээ "танд өөр гоё дуу зохиогоод өгье” гээд дууны үг бичиж өгсөн. Хөгжмөө аваад, "Аянга студи” -ийн н.Эрболд ах дээрээ очоод, "Би энэ дууг зүгээр л өөрийнхөө мэдрэмжээр дуулчихъя” гэж хэлээд ямар ч чиглэл аваагүй. Хоёр удаа ороод л сонсоход "Үнэхээр гоё”. Би өөрийгөө магтаж байгаа юм биш л дээ. Яг юм мэддэг хүмүүс сонсоод "Миний дүү энэ дууг ямар гоё дуулсан юм бэ” л гэдэг.

-Түрүүн яриандаа дууны үг бичиж өгөөд гэлээ. Та дууны үг бичдэг юм байна тийм үү?

-Бичдэг. Сүүлд "Хайр уу, найз уу” УСК-ныхаа дууны үгийг өөрөө бичсэн. Мөн "Завгүй” нэртэй клуб микстэй дуу хийж байгаа. Намайг нийтийн дуу дуулдаг гэх шүүмжлэлүүд хэлсэн. Тиймээс урьд урьдын дуулж байсан дуунаас тэс өөр мэдрэмж төрүүлэх дууг хийх болно. Клипнийхээ зохиолыг өөрөө бичсэн. Миний хувьд шүүмжлэл сайн хүлээн авч, аливаад хөрвөж ажиллахыг зорьдог.

-Аливаа уран бүтээлчид, жүжигчдийн үг, үйлдэл бүрийг хар масс отож байдаг. Шүүмжлэлд хэр эмзэглэдэг вэ?

-Шүүмжлэлд нэг их эмзэглэхгүй ээ. Гэхдээ хүмүүсийн шүүмжлэл, сэтгэгдлийг харахад ихэнхдээ яг үнэн зүйлийг л хэлчихсэн байдаг. Тиймээс алдаа оноогоо хүмүүсийн хандлага, сэтгэгдлээс харж, залруулаад явдаг.

-Цаашид хийхээр төлөвлөсөн ажлаасаа хуваалцаач?

-Цомог гаргахаар ажиллаж байгаа. Янзага, Үзэсгэлэн төгөлдөр эх орон, Хайр уу, найз уу киноны дуу, Мэдрэмж, Завгүй болон шинэ дуунуудаас бүрдэх болно.

-Ярилцлагын төгсгөлд уншигчдад хандаж юу хэлэхийг хүсэж байна вэ?

-Хайр уу, найз уу УСК-г үзээрэй гэж хэлье. Кино маань бүхэлдээ дурсамж сэдрээсэн, ихийг өгүүлэхийг хичээн ажилласан бүтээл болсон. Киноны ая нь ч мөн маш уянгалаг, ихийг бодогдуулах болно. Өөр мэдрэмж, илэрхийлэмжийг авах болов уу.

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт ерөөе.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Э.БУЛГАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button