Ярилцлага

В.Бэрцэцэг: Урлагийн сэтгэл засал асуудлыг яриулахгүйгээр мэдэрч ажилладаг

-ХҮҮХДИЙГ ӨӨРИЙГӨӨ ИЛЭРХИЙЛЭХ ТАВАН УР ЧАДВАРТ СУРГАЖ БАЙНА-

Монголын Урлагийн Сэтгэл Заслын Мэргэжлийн холбоо нь Австралид урлагийн сэтгэл засалч мэргэжлээр төгссөн анхны Монгол оюутнуудын санаачилгаар 2017 онд байгуулагдсан. Урлагийн сэтгэл засал нь  сэтгэцийн эрүүл мэндийн асуудал гарахаас өмнө урьдчилан сэргийлэх, илэрсэн тохиолдолд урлагийн олон төрлүүдээр дамжуулан мэргэжлийн урлагийн сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх процесс юм. Монголын Урлагийн Сэтгэл Заслын Мэргэжлийн Холбооны үүсгэн байгуулагч В.Бэрцэцэгийн ярианд анхаарлаа хандуулна уу.

- Монголын Урлагийн Сэтгэл Заслын Мэргэжлийн Холбооны дэргэдэх урлагийн сэтгэл заслын төв буюу Арт терапи төвийн үүд хаалгаа нээгээд багагүй хугацаа өнгөрлөө. Өнөөдөр үйл ажиллагаа ямар түвшинд явагдаж байна?

-Манайх Монголд урлагаар дамжуулж сэтгэл засал хийх мэргэжлийг мэргэжлийн хэмжээнд хөгжүүлэхээр зорьж ажиллаж байгаа анхны байгууллага. Учир нь өнөөдөр бид сэтгэл заслын тухайд хөгжих арга барилаа солих зайлшгүй хэрэгцээ шаардлага үүссэн. Энэ чиглэлээрээ бол урлагаар дамжуулж сэтгэл засал хийх онол арга зүй олгох анхан шатны сургалтыг зохион байгуулж байна. Төв маань нээгдээд хэдхэн сар өнгөрч байгаа ч бид энэ хугацаанд чамгүй амжилттай ажиллалаа. ТББ-ын ажилчид, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, хөгжлийн ажилтнуудад энэ сургалтыг өгч байгаа. Мөн дээрээс нь бид нар сонирхсон нийгмийн ажилтан сэтгэлзүйч хөгжлийн ажилтнуудад урлагт суурилсан аргазүйг хэрэглэх сургалт зохион байгуулж байна. Одоо хэрэгжүүлж байгаа арга барил дээрээ урлагт суурилсан арга зүйг хэрэглэх тухай анхан шатны ойлголт өгөх дадлагатай мэргэжлийн удирдлагаар хангах онол арга зүйн сургалт юм.  

-Хувь хүнд чиглэсэн сургалтуудын тухайд?

-Олон улсын сэтгэл зүйчид өнөөдөр хүн төрөлхтөн стрессийн эрин зуунд амьдарч байна гэж дүгнэх болсон. Тийм учраас уур бухимдлаа эергээр илэрхийлж сурах нь хүн байхын тухайд хамгийн чухал зүйл юм. Манайх хүүхдийн төрөл бүрийн, хосуудын, ганцаарчилсан, байгууллагын, гэр бүлийн бүх гишүүдийн гэсэн өөр өөрийн онцлогтой төрөл бүрийн сургалтыг явуулж байна.  Тухайлбал, “Мөрөөдлийн жигүүр” хүүхдэд зориулсан сэтгэл хөдлөлөө удирдах ур чадварт сургах хөтөлбөр маань урлагийн сэтгэл заслын тусламжтайгаар хүүхэд өөрийгөө илэрхийлэх таван ур чадварт сургадаг. Мөн тоглоомоор дамжуулан өөрийгөө илэрхийлж сурах ур чадварыг нь хөгжүүлэх хөтөлбөр бий.  Өнөөдөр залуу гэр бүлүүд маш ихээр салж дунд нь хүүхэд хамгийн ихээр хохирч байгаа. Тэгэхээр гэр бүлийг бат бэх харилцаатай болгох, хосуудыг гэр бүл болох шийдвэр гаргахаас өмнө хөтөлбөр хэрэгжүүлдэг. Гэр бүлийн бүх гишүүдэд зориулсан хөтөлбөр маань үр дүн сайтай сургалт байгаа.

-Урлагийн сэтгэл заслыг хамгийн энгийн үгээр хүмүүст ойлгуулж өгөөч?

-Хамгийн энгийнээр хэлэхэд хүний амьдралд янз бүрийн асуудал тохиолддог. Ойр дотны хүнээ алдахад бид цочирддог, гэр бүл салахад хүүхэд эргэлзэж тээнэгэлздэг, гэнэт ажлаас халагдахад, хөгжлийн бэрхшээлтэй болоход тэр хүнд үг хүртэл хангалтгүй болж дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байдалд ордог. Үг хангалтгүй ийм үед хүн өөрийгөө илэрхийлж байх нь хамгийн чухал. Тухайн таагүй үйл явдлыг хүн таван мэдрэхүйн тусламжтайгаар хүлээж авч биед нь хадгалагдчихдаг. Тэгэхээр үгээр хэлж гаргахад хэцүү бэрхшээлтэй асуудлуудыг, таагүй мэдрэмжүүдийг хүнээр өөрөөр нь яриулахгүйгээр хамгийн аюулгүй байдлаар бүтээлч байлгах зуур хүн өөрөө асуудлыг үнэн зөвөөр нь ойлгож чаддаг. Асуудлаас гарах гарцаа бас олж чаддаг. Өөрөөр хэлбэл хүн стресстэй байх үед толгой ажилладаггүй. Миний амьдрал сүйрчхэж л гэж боддог. Харин урлагийн сэтгэл заслын үйлчилгээнд хамрагдаж урлагийн бүтээл төрөл бүрийн хэрэгслүүдийг ашиглаад мэргэжлийн хүн чиглүүлэх явцад тэр хүн өөрийгөө олж таньж мэддэг. Өрөөл бусдад тохиолдсон үйл явдлыгсч ойлгож эхэлдэг. Дараа нь өөрийгөө хэрхэн авч явах вэ гэдгээ ойлгодог. Хамгийн чухал зүйл нь хүн өөрийнхөө сэтгэл хөдлөлийг илэрхийлж сурна. Тэр хүнд тохиолдсон асуудлыг яриулах, шүүмжлэхээсээ илүү өөрийг нь бүтээлч байлгах зуураа мэргэжлийн удирдлагаар зөв чиглүүлж өгөхөд хүн дутагдалаа ч ойлгоно, давуу талаа ч харна.

-Урлагийн ямар төрлийг ашигладаг вэ?

-Дуу, хөгжим, бүжиг, бясалгал, ном,тоглоом гээд нэг хүнтэй ажиллахдаа урлагийн олон төрлийг олон талт модулийг хэрэглэдэг. Тухайн хүний асуудлыг мэргэжилтэн ойлгоод зорилго тавиад ажиллахдаа уур бухимдлыг нь бууруулах сэтгэл санааг нь тайван байлгах өөртөө итгэлгүй, ичимхий, хаалттхй зэрэг дутагдалтай талуудыг нь өөрчлөх арга техник ур чадварыг нь суулгаж өгдөг. Ингэхдээ нэг удаагийн сэтгэл хөдлөл дээр уйлуулж дуулуулах нь хангалттай биш. Нэлээд хэдэн удаа ажиллаж сэтгэлийн гүн рүү нь зорилго тавин орж ажиллах нь манай онцлог. Манай оронд хүүхдэд үлгэр их тохиромжтой төрөл. Бид нар тухайн хүүхдийг үлгэр рүү оруулдаг. Оруулахдаа бас учиртай. Өөрийг нь ямар нэг амьтнаар орлуулаад өнгө хэлбэр дүрс рүү оруулаад өгөхөөр тэр хүүхдэд аюулгүй байдаг. Аюулгүй байх зуураа бүтээлчээр сэтгээд үлгэр дундаасаа өөрийгөө асуудлуудаа гарцаа олж харна. Ямар нэг байдлаар шүүмжлүүлэхгүй, яагаад гэж асуухгүй, аюулгүй байх зуураа хүүхэд үлгэр яриад байгаа юм шиг хирнээ өөрийнхөө түүхийг өгүүлж давхар асуудлаас гарах гарцаа олоод авчихдаг.

-ХҮҮХДЭЭС АСУУДЛЫГ АСУУГААД БАЙХААР ӨӨРӨӨ ХЭРЭГ ХИЙСЭН МЭТ МЭДРЭМЖ ТӨРДӨГ-

-Асуудлыг яриулахгүйгээр шийднэ гэдэг хүмүүст их хол сонсогдох байх?  

-Сургалтад хамрагдсан нэг мэргэжилтнүүд энэ талаар маш их зүйлийг ярьдаг.  Жишээ нь, үр хүүхдээ золгүй тохиолдлоор алдсан ээжээс цагдаа нар, сэтгүүлчид, эмч, нийгмийн ажилтан, дээрээс нь ойр дотны хүмүүс нь “Яасан юм, юу болсон юм, тэгээд цааш нь” гээд хэдэн зуун удаа асуугаад давтуулаад байхаар тэр хүн өөрөө сэтгэцийн асуудалтай болдог. Ийм харилцаанаас асуудлыг шийдэх, амьдралыг өөдрөгөөр харах итгэл найдвар хэзээ ч төрөхгүй. Улам л гутралд орж бүр солиорлын байдалд хүрдэг. Харин бид нар асуудлыг яриулахгүйгээр, давтуулахгүйгээр, сэдрээхгүйгээр ажиглаж мэдрээд ажилладаг.  Бүр тухайн явдлыг санагдуулах урлагийн төрлийг ашиглахгүйгээр зохицуулна. Бидэнд тэр хүний өнгөрсөн нь чухал биш. Өнгөрсөн явдлаас үлдсэн сэтгэл хөдлөл, мэдрэмж, айдас нь яаж илэрч байгааг мэдрээд тэр бүхнийг арилгах, дээрээс нь амьдралыг эергээр, өөртөө итгэлтэйгээр харах чадвар суулгана. Тодорхой хэд хэдэн сургалтын дараа тэр хүн бидний өмнө огт өөр бүхнийг  даваад гарчихсан итгэл найдвар дүүрэн хүн зогсож байдаг.  Хүчирхийлэлд өртсөн хүүхдээс сэтгэлзүйч дээр ирэх хүртэл нь маш олон хүн яагаад, яагаад гээд асуугаад байхаар тэр хүүхэд ирээд мэргэжилтэнтэйгээ ч ажиллахгүй болчхож байна. Энэ арга хүүхдийг өөрөө гэмт хэрэг хийчихсэн юм шиг тийм мэдрэмж төрүүлдэг. Тийм таагүй зүйлийг дахин дахин яриулаад байхаар хүүхэд хэнд ч итгэдэггүй, чулуу шиг болчихдог.  Харин аюулгүй байх зуураа хүн яагаад гэхгүйгээр өөр зүйл рүү орлуулаад тайван байдлаар ажиллахад бүх зүйлээ нээгээд өөрийгөө олоод асуудлаа гарцаа олох боломжтой.

-Гэр бүлийн сургалт их үр дүнтэй гэсэн. Тодруулбал?

-Бусдад хэрэг болох маш сайн учраас хэлье. Өсвөр насны хүүхэд нь гэрээсээ зөвшөөрөлгүй мөнгө аваад явчихдаг болсон ийм айл манай гэр бүлийн хөтөлбөрт хамрагдсан. Хэдэн хичээлийн дараа хүүхэд  маш их өөрчлөгдөж байгааг аав ээж нь хоёулаа хэлсэн. Том хүүхэд маань эерэг хүлээцтэй уур бухимдлаа зөвөөр илэрхийлээд сурчихаар дүү нартаа зөв үлгэр дуурайл болж байна. Дүү нар нь эгчийнхээ үгэнд сайн орж, хүүхэд маань өөрөө маш их хичээж байгаа нь мэдэгдэж байна, нөгөө асуудал бүр мартагдсан. Ингээд ирэхээр ээж нь уурлаж загнахаа больчихож.  Ээж стрессгүй болохоор би өөрөө тайван болчихлоо ингээд бодохоор бид маш зөв газраа иржээ. Би энэ өрөөнд эхнэртэйгээ таны өгсөн даалгаврыг хийх зуураа их зүйлийг эргэцүүлэн бодож байна. Тэр хооронд та манай хүүхэдтэй ажилладаг. Дараа нь бүгдтэй нь нийлээд ажиллахаар нэг зорилгын дор гэр бүл нэгддэг юм байна. Та ганцхан манай охинтой ажилласан бол бид хоёр ийм их мэдээллийг мэдэхгүй, одоо ч бид ойлголцоогүй явах байж. Тийм учраас би олон гэр бүлд энэ үр дүнгээ хэлнэ гэж аав нь ярьж байсан. Ер нь бол сургалт хөтөлбөр бүр үр дүнтэй, өөр өөрийн онцлогтой. Манай сургалтад хамрагдсан олон байгууллагуудын мэргэжилтнүүд бид нарын арга барил үнэхээр хоцрогдсон юм байна, танай сургалтад суухад цаашид үр дүнтэй ажиллах итгэл үнэмшил төрж байна гэж хэлдэг.

-Хүүхдийг эрсдэлд орсон хойно нь сэтгэл санааг нь эдгээж ажиллах нь чухал. Гэхдээ эрсдэлд орохгүй байх талаас нь сургах талаар юу хийж байна?

- Хүүхдүүдэд бүр багаас нь өөрийнх нь аюулгүй орон зайн мэдрэмжүүдийг заах хэрэгтэй. Манай сургалтын агуулгад  хүүхдэд яаж аюулгүйн орон зайг өөрөөр нь бий болгох вэ, өөрөө аюулгүй орон зайг хэрхэн мэдрэх вэ зэрэг хичээлүүд бий. Энэ мэдлэгийг яаж олгодог вэ гэхээр тоглоомоор, үлгэрээр  дамжуулж өгнө. Гэхдээ хүүхэд чи өөрөө энэ байна гэх юм бол эмзэглээд бүтээдэггүй. Тэгэхээр өөрийнх нь хайртай амьтнаар төлөөлүүлээд түүнд аюулгүй орон зай үүсгэхэд юу хэрэгтэй вэ, яавал эрүүл аз жаргалтай амьдрах вэ гэдгийг өөрөөр нь бүтээлчээр сэтгүүлээд хийлгүүлж байна. Ингэснээр хүүхэд ямар нэг хүнтэй харьцахдаа аюулгүй эсвэл аюултай мэдрэмж төрөхийг мэдрэх, урьдчилан сэргийлэх арга барил эзэмших нь чухал. Ер нь бол хүүхдийг нэг удаагийн үйлдлээр нь буруутгахаасаа илүүтэй давуу талыг нь олж харж үүн дээр нь тулгуурлаад цаашид амьдралыг нь гэрэл гэгээтэй байдлаар итгэл үнэмшил төрүүлж өөрийг нь чадваржуулдаг.

-Та түрүүн хэлсэн, урлагийн сэтгэл засал гэдэг нэг удаагийн сэтгэл хөдлөл дээр ажиллаж уйлуулж, дуулуулж, зуруулж шийдэх асуудал биш. Энэ бол тоглоом биш гэж хэлсэн. Энэ талаар?

-Манай байгууллагын хувьд энэ салбар анхдагч бөгөөд мэргэжлийн дагуу 20-30 жил ажилласан, урлагийн сэтгэл заслаар өндөр хөгжилтэй орнуудад суралцсан мэргэжилтнүүд байгаа. Бид бусад улс орнуудтай адилхан мэргэжлийн хэмжээнд хөгжүүлэхийн тулд хуулийн хүрээнд зохицуулалт хийх, энэ салбарыг үнэ цэнтэй байдлаар хөгжүүлэхэд төр засгаас жаахан анхаарал тавих байх аа. Магадгүй их сургуулийн хэмжээнд бэлдэх шаардлага аль хэдийн үүссэн. Нөгөө талаас урлагийн сэтгэл засал гэдэг нь нэг удаагийн сэтгэл хөдлөл дээр ажиллаж хүнийг уйлуулах дуулуулах нь хангалтгүй юм. Монголд энэ арт терапи буюу урлагаар дамжуулж сэтгэл засал хийх ажлыг мэргэжлийн хэмжээнд хийхийг бид зорилгоо болгон ажиллаж байна. Энэ бол нэг удаагийн үзэмжээр хийдэг бизнес биш. Онол арга зүй техник хүнтэй харилцах туршлага мэдрэмж гээд мэргэжилтнээс бүхнийг шаарддаг маш нарийн мэргэжил юм.

Б.БАЯРТ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ч.ОТГОНБАЯР 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button