ДЭЛХИЙНийгмийнЭДИЙН ЗАСАГ

Хятадын үл хөдлөх хөрөнгийн аварга компани яагаад мөхлийн ирмэгт ирэв

Хятадын хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгийн хамгийн том оператор “Evergrande Group” компани асар их өртэй, өрөө төлөөнүйн улмаас компанийн зардлаа бууруулах бүр цаашлаад зарим хөрөнгийг нь худалдан авах хүний эрэлд гараад байна. Нэг үгээр хэлбэл, компани дампуурлын ирмэгт ирчихээд байгаа аж.

“Evergrande Group” компани сүүлийн хэдэн долоо хоногт санхүүгийн асуудалд орсноо аль хэдийнээс анхааруулж, нийт 300 тэрбум америк долларын өр төлбөртэй гэдгээ ил болгож, хурдан хугацаанд хөрөнгө  “босгож” чадахгүй бол тус компани өр төлбөрөө барагдуулж чадалгүй, мөхөх дээрээ тулаад байна.

Хэрэв компани жинхэнээсээ дампуурвал үр нөлөө нь Хятадын банкны систем болон эдийн засгийг бүхэлд нь доргионо. Товчхондоо “нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэгч болно. Тиймээс, тус компани зардал мөнгөө хэмнэхийг оролдож байгаа тул зарим нэг төлөвлөсөн томоохон төслүүдийг аль хэдийн зогсоосон. Энэ нь Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарт сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдэл байгаа юм.

Өнөөдөр гэхэд л орон нутгийн зах зээл дээр аль хэдийн уналт ажиглагдаж эхэллээ. Хөрөнгийн бирж дээр “Shanghai Composite” /SHCOMP/ индекс 1,4 хувиар буурсан бол Хонконгийн “Hang Seng” /HSI/ индекс 1,2 хувиар буурлаа.

“Evergrande Group” компани өнөөдөр мэдэгдэл хийх үеэрээ цахилгаан машин болон үл хөдлөх хөрөнгийн салбарт компанийн хувьцааг худалдан авах хөрөнгө оруулагчдыг хайх тал дээр “томоохон ахиц дэвшил гаргаж чадаагүй” гэв.

“Хэрэв компани үүргээ биелүүлж, өр төлбөрөө хугацаанд нь төлж чадахгүй эсхүл холбогдох зээлдүүлэгчидтэй өрийн гэрээгээ сунгах талаар тохиролцоонд хүрч чадахгүй бол компани эцэстээ дампуурахаас өөр замгүй” гэдгээ мэдэгдлээ.

Компани маш богино хугацаанд санхүүгийн хямралаас гарах боломжтой бүх шийдлүүдийг судлахын тулд санхүүгийн зөвлөхүүдийг авч ажиллуулж байгаа гэлээ.

“Компани одоогоор урьд өмнө байгаагүй сорилттой тулгарч байгаа ч бизнесээ хэвийн байдалд нь буцаан оруулж, үйлчлүүлэгчдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалахын тулд шаардлагатай бүх зүйлийг хийхээр шийдсэн” хэмээн тус компани даваа гарагт мэдээлсэн.

“Evergrande Group” компанийн хувьцаа өнөөдөр бараг 12 хувиар буурч 2,97 хонконг доллар буюу 0.38 америк долларт хүрсэн нь 2014 оны арванхоёрдугаар сараас хойших хамгийн доод түвшин болов. Энэ жил хувьцааны үнэ даруй 80 хувиар буурсан. Энэ бол яалт ч үгүй “дампуурлын дохио”.

Түүнчлэн тус компани Хонконг дахь оффисын барилгаа ч худалдсан гэх ярианд “төлөвлөсний дагуу бүтээгүй” гэсэн хариулт өгчээ.

“Evergrande” цамхагийг 2015 онд 12,5 тэрбум хонгконг доллараар буюу 1,6 тэрбум орчим америк доллараар худалдахаар тохиролцсон гэж хуучин өмчлөгчийнх нь хөрөнгийн биржийн мэдүүлэгт дурьджээ.

Үүнээс гадна, энэ долоо хоногт Шинжаан дахь “Evergrande Group” компанийн төв байранд эсэргүүцлийн жагсаал болсон.

Хятадын “Цайшин” /Caixin/ мэдээллийн агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн ням гарагт олон зуун хөрөнгө оруулагчид “Evergrande Group” компанийн байранд ирж, компанийн удирдлагуудтай уулзахыг шаардаж, эсэргүүцлээ илэрхийлсэн.  

Шинжээчдийн дүгнэснээр, хэрвээ “Evergrande Group” компани үнэхээр дампуурлаа зарлавал Хятадын Засгийн газар дампуурлаас нь үүдэлтэй хор уршгийг хязгаарлахын тулд “хөндлөнгөөс оролцох” шаардлага тулгарна.  

Азийн эдийн засаг хариуцсан ахлах эдийн засагч Марк Уильямс өнгөрсөн долоо хоногт хэлэхдээ, “Evergrande Group” компани дампуурах эсэх асуудал бол Хятадын санхүүгийн системийн сүүлийн жилүүдэд тулгарсан хамгийн том сорилт” гэв. Хэрэв “Evergrande Group” гэх мэт томоохон компаниуд дампуурлаа зарлах вий гэсэн “айдас” нэмэгдвэл Хятадын Төв Банк хөрвөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд ямар нэгэн алхам хийх болно гэж Марк Уильямс таамаглал дэвшүүлэв.

(Эх сурвалж: DW, NBCNews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button