ДЭЛХИЙМэдээНИЙГЭМшуурхай мэдээ

Ёс ёмбогор “Ёпончууд” эцгийн эрхт ёсоо халах уу

ЁС ЁМБОГОР

Ёс ёмбогор оо гэж. Энэ үг “Ёпончуудад” тохирох үг санагддаг.

Японы одоогийн Засгийн газрын тэргүүн Сүга Ёшихидэ /菅義偉/ есдүгээр сарын 29-ний лхагва гарагт болох эрх баригч Либерал Ардчилсан Нам /ЛАН/-ын даргын сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ аль эртнээс мэдэгдэж эхэлсэн. Тэрбээр ойрын ирээдүйд коронавируст цар тахлын эсрэг тэмцэлд хамаг хүч, анхаарлаа хандуулах бодол тээж яваа юм. Сонгуульд өрсөлдөж анхаарлаа сарниулахыг хүсэхгүй байгаа гэж мэдэгдсэн ч энэ үг бол цаанаа гүн гүнзгий утга агуулгатай. Япончууд ер нь их учир битүүлэг, тойруу ярьдаг. Ёстой л давааны цаана даваа гэдэг шиг, үгний цаана үг дайдаг улс.

Ерөнхий сайд Сүгагийн сонгуульд оролцохгүй гэсэн энэ шийдвэр, үйлдэл нь яг үнэндээ Японы Засгийн газрын тэргүүний албан тушаалаасаа сайн дураараа бууж өгч байгаа гэсэн үг. Уг нь Япончууд хэр баргийн зүйлд буугаад өгчихмөөргүй, бас л тэсвэр тэвчээрийн туйлыг үзүүлдэг шазруун зантайсан. Гэвч, энэ удаад Сүга Ерөнхий сайдын хувьд өвдөг шороодон, тахимаа өгч байгаа нь яах аргагүй аймаар цар тахал өвчинтэй шууд холбоотой.

Ерөнхийдөө, суудлаасаа огцорч байгаа юм. Гол шалтгаан нь түүний тэргүүлж буй Засгийн газрын рейтинг доогуур байгаа нь сонгогчдын үзэж байгаагаар “КОВИД-19” цар тахлын улмаас үүссэн асуудлыг үр дүнтэй даван туулж чадаагүй.

Нэг ёсондоо, хариуцлагаа ухамсарласан ухаантай хүний үйлдэл. Угтаа, зөвхөн Сүга сайд “корона”-г дийлэхгүй байгаа юм биш л дээ. Цэнхэр Дэлхий бүхэлдээ “корона”-гийн өмнө өвдөг сөхрөөд эхэлчихсэн. Яахав, ёс ёмбогор гэж үздэг болохоороо “ёпончууд”, төрөө төмбөгөр байлгах гээд төрийн тогооноос сайн дураараа гарч байгаа нь энэ.      

КОРОНА-ГИЙН ХАР ГАЙ

Сүга сайд “багийн тоглогч” байж чаддаг, дийлэнх олонхийн хүсэл сонирхлыг биелүүлдэг нэгэн гэгддэг. Тэрбээр Японы бусад Ерөнхий сайд нараас бас ч гэж ялгардаг нь баян чинээлэг удам угсаа энэ тэр гэж зиндаархдаггүй, жирийн ардын дундаас сонгогдсон нэгэн.

Сүга сайд Япон орноо коронавируст халдварын тархалттай тэмцэх, хүн амын вакцинжуулалтыг зохион байгуулах, мөн нэгэн зэрэг хойшлуулсан “Токио-2020” Зуны болон Паралимпын наадмын бэлтгэл ажлыг хангах гээд олон олон нэлээд хүнд хэцүү үед кабинетаа удирдаж байгаа нь бас анхаарал татууштай зүйл.

Эдгээр бүх асуудлыг шийднэ гэдэг улс төрчийг бараг л хөлстэй нь хутгаж, нойргүй хонуулах шахсан асар их хүчин чармайлт шаардаж байгаа нь мэдээж. Гэвч, харамсалтай нь энэ бүхэн түүнд хүссэн “оноо”-г нь авчирсангүй.

Наран улсын ард иргэд Засгийн газрын ажилд муу дүн өгч, шүүмжилсээр байгаа. Тэгээд л Сүга сайдын рейтинг 30 хүртэл хувиар  буурсан. Энэ нь Либерал Ардчилсан Намынх нь хувьд жинхэнэ “нокаут” болсон. “Кёодо” /Kyodo/ агентлагаас явуулсан санал асуулгын дүнгээс харвал судалгаанд оролцогчдын 56,7 орчим хувь нь Сүгагийн “ямар ч тэмцэлгүйгээр одон явах” тухай шийдвэрийг зүй ёсны хэрэг гэж үзсэн.

“Корона” гэж гай Сүгад ч бас гайгаа үзүүлж, түүний авч хэрэгжүүлсэн гадаад бодлогын талбарт өөрийгөө хэн болохыг, Их Наран Улсыг чухам ямар хүү удирдан залаад байгааг харуулах боломжийг нэлээд хумьсан. Сүгаг өнгөрсөн нэг жилийн хугацаанд онцлох зүйл хийж гавиагүй гэх болсон.

Учир мэдэх олон улсын зарим ажиглагчдын дунд Японы улс төрийн “акул” элитүүд улс орныг удирдахад туйлын хэцүү үед Сүга Ёшихидэг санаатайгаар гаргаж ирсэн гэх яриа тарсан. Коронавируст цар тахлаас авахуулаад улс нийгмийн өмнө тулгамдсан хүнд нөхцөл байдал арилж, бүх зүйл эргээд хэвийн байдалдаа орсны дараа Сүгаг улс төр гэх томчуудын “тоглоом”-ноос гаргаж, түүний оронд жирийн нэг хүнийг томилох боломжтой гэж дүгнээд эхэлсэн.

ХӨШИГ НЭЭГДЭВ

Ямартай ч, Сүга Ёшихидэ Ерөнхий сайд намынхаа даргын сонгуульд өрсөлдөхгүй гэсэн эрс шийдэмгий шийдвэр гаргасан нь Япон арлын улс төрийн амьдралыг нэлээд “өдөөж”, намын даргын цаашлаад Ерөнхий сайдын суудлын төлөө өрсөлдөх гэсэн хэд хэдэн нэр дэвшигчдийг сүүдрээс ил гаргаж ирсэн.

Либерал Ардчилсан Намын даргын сонгууль болоход маш бага хугацаа үлдсэн тул ойрын ирээдүйд нэр дэвшигчид өөрсдийгөө аль болох тод харуулахыг хичээх нь дамжиггүй. 

Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшигчдийн дунд эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон улс төрчид гарч ирж байгаа нь бас тун сонирхол татаж байгаа юм. Эцгийн эрхт ёс давамгайлсан Эзэн хаант эртний уламжлалт Япончууд төрийн толгойдоо эмэгтэй хүнийг залах гэж байгаа нь сонин ч гэлээ олзуурхам. Япон гэлтгүй Дэлхийн олон оронд эмэгтэйчүүд улс төрд гарч ирж байгаа нь цахилдаг хөхөөрөө байдаггүй, цаг үе ч хувьсан өөрчлөгдөж байгаагийн том илрэл.       

Япон орны түүхэнд хэзээ ч эмэгтэй хүн төрийн эрхийг атгаж байсан удаагүй. Тийм ёс уламжлал ч байхгүй. Гэтэл яав. Намын даргынх нь сонгуульд 2х2 гэсэн хоёрын хоёр ээмэгтэй хүн эрчүүдтэй өрсөлдөх нь аль хэдийн тодорхой болчихлоо.   

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Захиргааны Хэрэг, Харилцаа Холбооны сайд асан Санаэ Така-ичиг онцлоод эхэлсэн харагдана лээ. Түүнийг Ерөнхий сайдын сунгаанд ялах магадлал өндөртэй хүчирхэг эмэгтэй байж магадгүй гэсэн төлөв ажиглагдаж эхэлсэн.

“Кёодо” мэдээллийн агентлаг Засгийн газрын хүрээний өөрийн эх сурвалжид үндэслэн Санаэ нэр дэвшвэл Ерөнхий сайд асан Абэ Шинзогийн дэмжлэгийг авна гэсэн шуум ч дэгдсэн талаар мэдээлсэн.

Энд нэг зүйлийг дурьдахгүй өнгөрч болохгүй нь. Японд улс төрийн намын тогтолцоо манайхаас арай өөр. Намын дотоод улс төрийн амин сүнс нь юу вэ гэхээр, аль болохоор намын бүлэг буюу фракцууд ба тэдний удирдагчдын дунд нэр нөлөө олж авах гэсэн тэмцэл байдаг.  Фракцуудын аль нь ч үнэмлэхүй олонх байдаггүй болохоор Японы нам, Засгийн газрыг удирдахын тулд нэр дэвшигчид тус бүр өөрийн гэлтгүй өрөөл бусдын фракцынхны дэмжлэгийг ч авах хэрэгтэй байдаг.

Санаэ Така-ичи бол нэлээд туршлагатай улс төрч ба 1993 онд Парламентын гишүүнээр сонгогдож байсан эмэгтэй. Харин нэг гэм нь Японы улс төрийн хүрээнийхэнд намын даргад нэр дэвших бусад нэр дэвшигчдийн нэгэн адил нэр нөлөө гээд байх зүйлгүй. Энэ байдлаас болоод намын дарга, цаашлаад Ерөнхий сайдын сэнтийд залрах боломж тун бага. Гэвч... намдаа маш нэр нөлөөтэй Ерөнхий сайд асан Абэ Шинзогийн дэмжлэгийг авчихвал Засгийн газрыг толгойлж, Японы түүхэнд нэрээ мөнхлөнө.

Төрийн болон нам улс төрийн тогоонд чанагдаад удаагүй байгаа  нэгэн эмэгтэй нэрээ дэвшүүлсэн. Тэр бол Нода Сэйко. Ер нь удаа дараа том том албан тушаал хашсан Нода Сэйко Наран улсын ирээдүйн Ерөнхий сайд болчих ч юм билүү. Хэн мэдлээ. Гэвч, түүний амбиц, бусад фракцуудын дэм их хэрэгтэй.

Нэр дэвшиж, сонгуульд оролцох нь батлагдсан хоёр эмэгтэйн талаар товчхон дурьдахад ийм байна.

ЗАСГАА АВАХ ГЭЭД ЗАВГҮЙ ГҮЙЛДЭНЭ

Либерал Ардчилсан Намын хувьд хагас зуун гаруй жилийн турш Наран улсын улс төрийн тэргүүлэх хүчин байсаар ирсэн түүхтэй. Консерватив улс төрийн намуудын нэгдлийн үр дүнд 1955 онд үүсгэн байгуулагдаж, улмаар 1990-ээд оны эхэн хүртэл эрх мэдлийг дангаар эдлэх эрхээ хадгалж үлдсэн. Хожим нь харин 1993-1994, 2009-2012 онуудад хоёр удаа сөрөг хүчин байсан ч хоёуланд нь ялсан сөрөг хүчний байгуулсан Засгийн газрууд улс орныг удирдах чадваргүй гэдэг нь үйл хэрэг, бодлогоор нь батлагдаж, либерал-ардчилагчид эвслийн нэг хэсэг байсан ч засгийн эрхээ буцаан өгч байсан.

Японы төр засагт ойрын хугацаанд хийгдэх өөрчлөлтүүд нь олон улс болон Японы харилцааг сэргээх магадлал тун багатай. Учир нь, “Ёпон“-ы улс төрчид есдүгээр сард юуны өмнө намдаа анхаарч, аравдугаар сард Парламентын доод танхимын сонгууль гээд завгүй гүйлдэцгээнэ.

Японы хүн ам одоо дотооддоо шийдэх ёстой бөөн асуудалтай, түүний дотор эрх баригчид нь “корона”-гийн аймшигт тахал өвчний халдварын тархалтыг зогсоох чадваргүй болсон, вакцинжуулалтын түвшин ч сул, эдийн засгийн хүндрэлд орсон зэрэгт илүү их санаагаа чилээж, зовж эхэлсэн. Тиймээс, юун олон улс манатай тул Япон улсаас ямар нэгэн сайн хариу үйлдэл хүлээх шаардлагагүй нөхцөл байдал үүсчихсэн байгаа.

Засгийн газрын шинэ баг бүрэлдэхүүн Абэ Шинзогийн өв залгамжлалыг умартаагүй, Японы Ерөнхий сайд асан болон түүний хамтрагчдын хийж эхлүүлсэн ажлыг залгамжлана гэдгийг мартахгүй байвал сайнсан болчихоод байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Япон
Япон
2021-09-21 19:29

Япон гэж бичнэ.

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x