ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Зэвсэгт халдлага үйлдсэн оюутан өөрийгөө хэт даврагч биш гэсэн зурвас үлдээжээ

ОХУ-ын Пермийн Улсын Их Сургуульд болсон буудлагын улмаас 18-66 насны зургаан хүн амь үрэгдсэн талаар Пермийн хязгаарын  Аюулгүй Байдлын Яам “Телеграм” /Telegram/ сувагт мэдээлжээ.

Яамны мэдээлснээр, 66 настай ахмад настан Маргарита Энгауз, 19 настай Ярослав Арамелев, 18 настай Ксения Самченко, 19 настай Екатерина Шакирова, 26 настай Анна Айгельдина, 20 настай Александра Мохова гэх оюутнууд амиа алдсан гэжээ.

Есдүгээр сарын 20-ны даваа гарагийн өглөө хуулийн ангийн оюутан Пермийн Улсын Их Сургуулийн харъяа Үндэсний Судалгааны Сургуулийн нэг байранд гал нээсэн эмгэнэлт хэрэг гарсан. Гал нээсний улмаас ОХУ-ын Эрүүл Мэндийн Яамны шинэчилсэн мэдээллээр, зургаан хүн нас барж, 24 хүн шархадсан гэнэ.

ОХУ-ын Эрүүгийн хуулийн 105 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар /хоёр ба түүнээс дээш хүний ​​амь хөнөөсөн/ эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх мэдээлэл байна.

Эмгэнэлт хэрэг гарсантай холбогдуулан Пермь мужийн амбан захирагч Дмитрий Махонин есдүгээр сарын 21-ний өдрийг буудуулж амиа золгүйгээр алдсан хүмүүсийн гашуудлын өдөр болгон зарласан байна.

Хууль сахиулах байгууллагын эх сурвалжийн мэдээлснээр, зэвсэгт халдлагыг тус сургуулийн 18 настай Тимур Бекмансуров гэх оюутан үйлдсэн гэж таамаглаж байгаа бөгөөд тэрбээр халдлага үйлдэхээсээ өмнө олон нийтийн сүлжээнд зурвас үлдээсэн гэнэ.

Зурвастаа өөрийгөө хэт даврагч биш, түүний үлдсэн хэрэг бол террорист халдлага биш гэжээ. Түүний өөрийнх нь хэлснээр галт зэвсэг худалдаж авах мөнгө цуглуулж, халдлага үйлдэхээр удаан хугацаанд бэлтгэсэн гэнэ. 2021 оны хавар гэхэд тэрбээр зэвсэг худалдан авах хангалттай мөнгө цуглуулсан байсан гэжээ.

Галт зэвсгийн зөвшөөрөл авахын тулд эрүүл мэндийн үзлэгт хүртэл  хамрагдсан аж. Тэрбээр хуучин сургуульдаа зэвсэгт халдлага үйлдэхээр төлөвлөж байсан ч дараа нь бодлоо өөрчилж Пермийн Улсын Их Сургуулийг сонгосон гэнэ.

Халдлага гарах үеэр хичээллэж байсан оюутнууд айж сандран ангийнхаа цонхоор доош үсэрцгээсэн байна.

Эрүүл Мэндийн Яамны мэдээлснээр оюутнууд цонхоор үсэрч буусны улмаас зөвхөн суманд шархадсан төдийгүй гар хөл нь хөхөрч, бэртсэн аж. Шархдаж бэртсэн оюутнуудын мэдээллийг тодруулж байгаа гэнэ.

Халдлагад өртсөн хүмүүсийн нэг нь тус их сургуулийн хамгаалагч ажилтан байсан бөгөөд урьдчилсан мэдээллээр хамгаалагч гэмт хэрэг үйлдсэн оюутныг зогсоохыг оролдсон ч буудуулж амиа алджээ.

Сургуульд зэвсэгт халдлага гарлаа гэх мэдээлэл цацагдсанаас хойш нэг цагийн дараа ОХУ-ын Мөрдөн Байцаах Хорооны тусгай баг хэргийн газарт ажиллаж, халдлага үйлдсэн оюутныг баривчлах ажиллагааг эхлүүлсэн ч оюутан ажиллагааны үеэр шархдаж, улмаар нас барсан юм байна.

(Эх сурвалж: Lenta, Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button