БАРИМТ: Г.Сайханбаяр сайд 250 гаруй сая төгрөгийг төслөөр халхавчилж хүнсэнд үржээ
Энэ оны гуравдугаар сард Засгийн газар ээлжитээр хуралдах үед “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх” төслийг баталсан. 2021 ондоо багтаж 18-35 насны 5000 залуусыг бэлтгэж, хөдөлмөрт зуучилна хэмээсэн юм. Үүнийхээ дагуу 11 тэрбум 800 гаруй сая төгрөгийг зөвхөн энэ жил төсөвлүүлсэн.
Уг төсөл хэрэгжиж эхлээд тав болон зургадугаар хөтөлбөр нь болж байгаа юм. Харин үүнд зарцуулах татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн зүй зохистой зарцуулж буйг манай сайт онцоллоо.
Энэ сард гэхэд л 2,8 тэрбум гаруй төгрөг Батлан хамгаалах яамны дансанд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас шилжин орсон. Энэ мөнгийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр арай л гамгүй, бодлогогүй зарцуулчхаа юу даа гэмээр шимгүй олон зүйлд зарлагаджээ.
Тодруулбал, зөвхөн нэг сарын уух усанд гэхэд л 27 сая гаруй төгрөг зарлагадсан байгаа юм. Нэг литр усыг 1000 төгрөг гэж үзвэл 27 мянган литр ус авсантай дүйх аж.
Дээрх зурагт Батлан хамгаалах яамны шилэн дансны наймдугаар сарын зарцуулалтыг харуулсан бөгөөд шийдвэрийн хуулбар хэсэгт зарлагын фапан буюу гүйлгээний баримтыг хавсаргах ёстой ч тэрбээр шилэн данс хөтлөлтдөө хайнга хандан эл баримтаа хавсаргасангүй.
Үүнээс гадна дээрх компаниудын дийлэнх нь ямар нэгэн байдлаар авто машины тоног төхөөрөмж борлуулдгаараа төстэй байгааг тодруулан зурагт үзүүллээ.
Тухайлбал, Мэнд пирамид, Содон сүлжээ, Эзэн говийн элс, Аоесорага гэх компаниуд нь авто машины тоног төхөөрөмж борлуулах ажиллагаа эрхэлдгээрээ төстэй. Мөн Мэнд пирамидаас бусдаас нь хоёр дахь удаагийн давтан үйлчилгээг авсан бөгөөд хамгийн их гүйлгээг эдгээр рүү хийжээ. Хамаг зардлаа хүнс, ууж идэхдээ төвлөрүүлээд залуусыг хөдөлмөрт бэлтгээд байна уу, хувь завшиж үргүй зардлыг урсгахад үлгэрлээд байна уу гээд асуучихмаар гамгүй зарцуулсан байна.
Мөн дээрх баримтад Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас буюу яамныхаа харьяалал бүхий үйлдвэрээс 27 саяар авсан цэвэр усны зардлыг төвлөрүүлсэн аж.
Үйл ажиллагаа төстэй дээрх компаниудаас зөвхөн ус, хүнс, мах гээд хоол хүнсэндээ л гэхэд 254 гаруй сая төгрөгийг цар тахал, эдийн засгийн хүнд үед үржээ.
Монгол түмэн боловсролгүйдээ бус энэ мэт хэтийдсэн халамжид умбасандаа ажил эрхлэлгүй халамжлуулж хэвтдэг. Нэг сарын хугацаатай төслийн сургалт байтугай бакалаврын зэрэгтэй ажилгүй олон мянган залуус бий. Тэднийг ажилд зуучилж, хангалттай хөдөлмөрийг нь үнэлсэн бол илүү эх орондоо өгөөжтэй, наалдацтай баймаар. Ядаж л цар тахлын хүнд үед ажлын байрыг хадгалж үлдээд, бизнес эрхлэгчдээ дэмжвэл эдийн засагт үзүүлэх өгөөж нь илүү гэдгийг тооцмоор.
Гэлээ ч хамтраад төсөл хэрэгжүүлж буй хэдэн сайд нар маань улс эх оронд дутагдаад буй залуусын хөдөлмөр эрхлэлтийн байдлыг зоосны нүхээр харж бодлогоор тэднийг халамжлан сарын хоолонд 250 саяар нь зарлагадаж, хүнд цагт иргэдээс татсан татварыг шимгүй цацаж, улсын төсвийг цөлмөж буй нь энэ аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.