ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Хийсвэрээр гурван хүүхэд төрүүлсэн ЭРИЙН хачирхалтай түүх

Энэ бол Томас Бити /Thomas Beatie/ гэх залуугийн түүх.

Томасын түүх олон улсын сонин хэвлэлүүдээр анх гарч эхлэхэд уншигчид бүр амаа ангайж, мэл гайхсан. Үгүй байлгүй дээ, худлаа биз. Тийм юм гэж хаана байдагийн, эрэгтэй хүн хүүхэд төрүүлээд байхдаа яадаг байна аа...гээд л хүмүүс цочирдож, шоконд орцгоов.

Тийм ээ, Томас Бити эрэгтэй хүн ч гэлээ хүүхэд төрүүлсэн нь итгэхэд бэрх ч үнэн түүх. Тэр жирэмсэн болж, хүүхдээ тээж чадсан “аав”. Эцэстээ, Томас Бити нь АНУ-ын Засгийн газраас албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн анхны жирэмсэн эр болсон юм.  

ХАЧИРХАЛТАЙ ТҮҮХИЙН ЭХЛЭЛ

Томасын хачирхалтай, адал явдлаар дүүрэн амьдрал чухамхүү 1974 оноос эхэлсэн түүхтэй. Тэрээр Хавайд гарал угсааны хувьд  маш сонирхолтой гэр бүлд мэндэлсэн нэгэн. Тэрбээр багадаа Трейси Лагондино /Tracy LaGondino/ гэсэн нэртэй охин байв. Ээжийнх нь гарал үүсэл англи, ирланд, шотланд, уэльсийн цус холилдсон, харин аав нь солонгос, филиппин гаралтай хүмүүс гэнэ. Яг л “коктейль” гэж хэлмээр олон үндэс угсааны цус холилдсон аж. Тиймдээ олон цус холилдсон болохоороо ч тэр үү  Трэйс маш өвөрмөц “экзотик” төрхтэй мэндэлсэн тул Америкийн Хавайн өсвөр насны охидын гоо охин шалгаруулах тэмцээнд оролцож, ялагчаар тодров. Миссийн тэмцээнд оролцож түрүүлсэн Трейси охиныг 10-тайгаас эхлэн эрэгтэй хүн болчихно гэж хэний ч санаанд ороогүй.

Ингээд яван явсаар Трейси гэх мисс охин 23 насандаа даавар хэрэглэж эхэлсэн бөгөөд 5 жилийн дараа мэс заслын ширээн дээр хэвтэж, хүйсээ солиулав. Ерөнхийдөө хүйс солих мэс ажилбар хэд хэдэн үе шаттай явагддаг. Эхлээд сүүний булчирхайгаа авахуулав. Харин дотор эрхтэн нь огт хөндөгдөөгүй аж. Шинэ “бие”-тэй болсон Трейси нэрээ Томас болгон өөрчилж, төрсний гэрчилгээ, паспорт, жолооны үнэмлэхээс шинээр авч, албан ёсоор эрэгтэй хүн болов.  

АНХНЫ ГЭРЛЭЛТ

Хүйсээ солиулж Томас Бити гэх цоо шинэхэн “эр” болсон тэр жилдээ Нэнси Гиллесли хэмээх эмэгтэйтэй бодибилдингээр хичээллэж байхдаа танилцаж дотносжээ. Ингээд дурлалт хосууд жилийн дараа хуримаа хийв. Хосууд аз жаргалтай амьдарч байсан нийгмийн зүгээс, хүмүүсийн хэл ам, дарамт шахалт, гадуурхалтаас болж америкийн Орегон мужийн Бренд хэмээх алс бөглүү жижигхэн хот руу нүүсэн байна. Хүний нүднээс, хал амнаас хол дахин аз жаргалтай амьдарч байв. Гэтэлд харамсалтай нь эхнэр Нэнси нь хүүхэд төрүүлэх боломжгүй, үргүй гэдэг нь батлагдаж. Тиймээс, Томаст өөрөө хүүхэд төрүүлэхээс өөр арга үлдсэнгүй.

Ингээд Томас үр шилжүүлэн суулгуулав. Жирэмсэн ч болов. Учир нь, түүнд умай, өндгөвчтэй байв. Эцэст нь, Томас 2008 онд Сьюзан гэх  хөөрхөн охин төрүүлж, хүн төрөлхтний түүхэнд анх удаагаа нэгэн зэрэг “аав”, “ээж” болж, Дэлхийг алмайрулав. Амаржсан эмнэлгийнх нь бүртгэлд түүнийг хүүхэд төрүүлсэн хамгийн анхны транссексуал бүсгүй гэж бүртгэгдэж, Гинессийн номонд оров.

Анхны охиноо өлгийдөн авсан хосуудад нэг хүүхэд хангалтгүй санагдаж, жилийн дараагаар Томас эхнэртээ Остин гэх хөвүүн төрүүлж, үрийн зулай үнэрлүүлэв. 2010 онд хоёр хүүхдээ эрэгтэй дүүтэй болгов. Гурван хүүхдийн эцэг, эх болцгоов. Тэгээд хосууд ахин хүүхэдтэй болохгүй гэж ярилцаж тохиролцоод Томас нэгмөсөн эрэгтэй хүн болох эрс шийдвэр гарган, хоёр жилийн дараа ахин мэс засалд оров.

АНХНЫ САЛАЛТ

Тэгтэл хосуудын хооронд үл ойголцол үүсч, хүүхдүүд нь ч тэднийг чөдөрлөж дийлсэнгүй. Нийт есөн жил амьдралын зовлон, жаргалаа хуваалцсан ч 2012 онд хосууд хоёр тийш болов. Бүтэн дөрвөн жил шүүхийн хаалга татасны эцэст гурван хүүхдийг нь эхэд буюу аавд нь үлдээх шүүхийн шийдвэр гарсан юм. Шүүх дээр Томас хэлэхдээ, гурван хүүхдээ ганцаараа өсгөхөд ямар ч хүндрэл байхгүй гэжээ.

Гэрлэлт цуцлах маргаан дөрвөн жил үргэлжилсэн гол шалтгаан нь Аризона мужид ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хориглосон хууль үйлчилдэг. Гэсэн ч, Томаст гурвын гурван амьд гэрч болсон түүний тээж төрүүлсэн хүүхдүүд нь байв. Хамгийн гол нь Томас тэр үед хүйсээ зуун хувь солиулж, жинхэнэ эрэгтэй хүн болчихсон байсан тул шүүх Томасын талд шийдвэр гаргаж, гурван хүүхдийг нь үлдээсэн байна. Ингээд Нэнси, Томас хоёрын хайрын түүх төгсөв.

ШИНЭ ХАЙРТАЙ УЧРАВ

Гэтэл, Томас шинэхэн хайртайгаа дахин учрах нь тэр. Нэнсигээсээ салах гэж шүүхээр явж байхдаа хоёр дахь хайраа олов. Эмбер Николс гэх нэгэн хувийн сргуулийн захирал бүсгүйтэй танилцав. Өмнөх эхнэрээсээ албан ёсоор салсныхаа дараа Эмбертэй сүй тавин гэрлэв. Эмбер Томастай бүр танилцахаасаа өмнө түүний оролцсон шоу нэвтрүүлэг, баримтат кинонуудыг үзчихсэн байсан гэнэ. Гэтэл хувь заяа тэднийг учруулж, Эмбер Томасыг бодитоор нь хараад анхны харцаар дурласан байна.

Хосууд мөн л хүүхэдтэй болохыг хүсэв. Энэ удаад харин Эмбер жирэмсэн болов. Томасын өмнөх гурван хүүхдээ төрүүлсэн эр бэлгийн эсийг дахин ашигласан гэнэ. Ингээд хоёр дахь эхнэр Эмбер нь түүнд Жексон гэх хүү төрүүлж өгөв.

ЭРХ ЧӨЛӨӨ БОЛ АЗ ЖАРГАЛ

Сүүлийн арван жилийн хугацаанд Томас Битти брокерын чиглэлээр амжилттай ажиллаж байгаа юм. Ажлын хажуугаар телевизийн янз бүрийн шоунд оролцдог. Томас Бити Дэлхийд “Жирэмсэн эр” гэдгээрээ алдар цуутай болсон. Томас амьдралдаа хийсэн үйлдэлдээ огтхон ч харамсдаггүй бөгөөд олон нийт түүнийг тэр бүр хүлээн зөвшөөрдөггүй, ад үзэж, гадуурхдаг ч гэлээ түүнд хүмүүсийн үзэн ядах сэтгэлийг үл ойшоон сонгосон амьдралдаа сэтгэл хангалуун аж төрсөөр байна. Түүний хувьд түүний хамаг амьдралынх нь утга учир, амьсгалах шалтгаан нь үр хүүхдүүд нь гэж тэр инээмсэглэн ярьдаг байна.

Америкийн нийгмийн зүтгэлтэн, зохиолч, бодибилдинг, гардан тулаанаар хичээллэдэг, таеквондогийн хар бүстэй, гурван хүүхэд төрүүлсэн эрэгтэй Томас Битигийн амьдралын түүхийг өгүүлэхэд ийм байна. Тэр бол транссексуал хүмүүсийн маш том төлөөлөл. Тэр бусдын л адил жаргалтай, зовлонтой амьдрал туулж, бусадтай л адил хайрлаж, дурласан “эх” хүн, “эцэг” хүн. Эрх чөлөө гэдэг энэ ажгуу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-09-26 20:16

Уг нь сах�##�тай л юм. Алмастай нөхчсөн байна.

Холбоотой мэдээ

Back to top button