
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/ “КОВИД-19”-ийн цар тахал үүсгэсэн вирусийн гарал үүслийг судлах ажлыг дахин үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. Энэ талаар “The Wall Street Journal” мэдээлэв.
ДЭМБ-ын төлөөлөгчдийн тэмдэглэснээр коронавирустэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд тийм ч их хугацаа үлдсэнгүй. ДЭМБ-аас 20 хүний бүрэлдэхүүнтэй шинэ багийг бүрдүүлж, бүрэлдэхүүнд нь био-аюулгүй байдал, лабораторийн аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд, мөн амьтны халдварт өвчний чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд багтжээ.
Өмнөх олон улсын эрдэмтдийн баг БНХАУ-д энэ оны нэгдүгээр сараас хоёрдугаар сар хүртэл нэг сарын хугацаатай ажилласан. Мэргэжилтнүүд шинэ коронавирус алдагдсан гэх Үхань хотын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвтэй холбоотой “BSL-4” лаборатори, эмнэлэг, “Хуанань” далайн гаралтай бүтээгдэхүүний хүнсний захуудад тус тус ажилласан.
Судалгааны тайланд дурьдсанаар “SARS-CoV-2” нь сарьсан багваахайнаас өөр амьтнаар дамжин хүнд халдварласан байх магадлалтай гэжээ. Гэсэн хэдий ч, вирусийн эх үүсвэрийг олж чадаагүй тул лабораториас алдагдсан хувилбарын талаар дахин судлахыг ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус ийнхүү уриаллаа.
Наймдугаар сарын эхээр АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Бүгд найрамдахчууд вирусийг Хятадууд Үхань дахь лабораторид бүтээсэн гэж дүгнэсэн тайлан гаргасан. Ингэхдээ тэд нээлттэй эх сурвалжаас авсан мэдээлэл болон шууд бус нотлох баримтад үндэслэсэн аж.
Харин, БНХАУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэргэжилтнүүд коронавирусийг импортын хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүний сав боодлоор дамжин халдварласан гэсэн таамгийг дэвшүүлсэн билээ. Мөн үүнтэй ижил таамаглалыг ДЭМБ-ын ажлын хэсгийн гишүүд дэвшүүлсэн боловч тэд үүнд нэг их ач холбогдол өгөгүй юм.
(Эх сурвалж: ria.ru)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХЯТАДУУД БҮТЭЭСЭЭН, ХАР ХЯТАДУУД УЛАМ САЙЖРУУЛААД БАЙНА ЦААНА ЧИНЬ