Сурталчилгаа

Б.Цэнгэл: “МИАТ” компани цар тахлын хямралыг давахын тулд дотоод нөөцөө бүрэн ашигласан

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлтэй уулзаж дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөө манай улсын үндэсний агаарын тээвэрлэгчийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгаа талаар ярилцлаа.

-Ковид-19 цар тахлаас шалтгаалж эдийн засаг хямарч байна. ТӨБЗГ нь төрийн өмчит компаниудыг удирдаж ажилладаг. Төрийн өмчит компаниудад энэхүү эдийн засгийн хямрал хэр нөлөөлж байгаа вэ?

  • 2020 оны жилийн эцсийн статистик мэдээгээр Монгол Улсын ДНБ 4.6%-ийн агшилттай буюу буурч гарсан. Манай орны гол экспортын салбар уул уурхай 9.9%-аар агшсан нь үүнд голлон нөлөөлсөн. Гэхдээ 9.9%-ийн бууралт бол ковид-19 цар тахлын үед бусад салбартай харьцуулахад харьцангуй бага үзүүлэлт юм.

Харин ковид-19 цар тахлын үед хамгийн их нэрвэгдэж, үйл ажиллагаа нь зогсох дээрээ тулаад байгаа салбар бол жишээ нь Агаарын тээврийн салбар байна. Тэр дундаа Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн нийт орлогынхоо 75%-ийг олдог байсан олон улсын хуваарьт нислэгийг 2020 оны 2 дугаар сараас эхлэн өдийг хүртэл хязгаарлаж, зогсоосон хэвээр байгаа нь үүнд нөлөөлсөн.

График 1. “МИАТ” ТӨХК-ийн сүүлийн 5 жилийн үндсэн  үзүүлэлт

МИАТ компани 2020 онд 58 тэрбум төгрөгийн, 2021 оны эхний хагас жилд 35 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж, төлөгдөөгүй өр төлбөр нь 50 тэрбум төгрөгт хүрч, үйл ажиллагаа нь энэ оны 4 дүгээр улиралд зогсох эрсдэлтэй байна.

-Олон нийт МИАТ компани 2020, 2021 онуудад тусгай үүргийн нислэг үйлдсэн, бас гадны зах зээлд карго тээвэр үйлдээд хангалттай орлого олж байгаа гэж ойлгож байгаа. Гэтэл дампуурахдаа тулж байна гэнэ. Ямар учиртай юм бол?

  • Цар тахлын үед МИАТ маань үндэсний агаарын тээвэрлэгчийн үүргээ маш сайн биелүүлсэн гэж боддог. Анх Ухань хотоос 30 оуютан иргэнээ авчирсан, бусад гадаад орнуудаас өөрийн иргэдээ татан авчрах тусгай үүргийн нислэгийг тасралтгүй үйлдсэн, мөн эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, вакцин тээвэрлэн авчрах карго ачааны нислэгүүдийг төлбөрийг нь дараа хүлээн авах нөхцөлтэйгээр үйлдсэн гэх мэтээр үүргээ сайн биелүүлсэн. 2021 оны 3 дугаар сараас эхлээд тусгай үүргийн нислэгийн тарифаа 15%-аар ч бууруулж ажилласан. Хэрэв энэ хүнд үед МИАТ компани байхгүй байсан бол бидэнд хувийн компани энэ зэргийн ачаалал үүрч, хариуцлага хүлээж ажиллаж чадах байсан уу гэдэг нь эргэлзээтэй. Бүр өмнөх жишээ дурдвал 2011 онд Японд газар хөдлөлт болоход иргэдээ МИАТ-ийн онгоцоор эх орондоо үнэгүй тээвэрлэн авчирч байлаа. Гэх мэтчилэн олон зүйл бий.

Гэхдээ МИАТ компани маань ковид-19 цар тахалгүй үед жилдээ 2500 гаруй нислэг буюу сард дунджаар 210 нислэг үйлддэг байтал цар тахлаас шалтгаалж сард ердөө 20 орчим олон улсын нислэг, 10 орчим Оюу Толгой чиглэлийн нислэг үйлдэж байна. Эндээс харахад МИАТ ТӨХК-ийн нислэг үйлдвэрлэл нь 6-аас 7 дахин буюу 70 гаруй хувиар буурсан учраас өмнө нь хэлсэн 58, 35 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Цаасан дээр бол энэ компани аль хэдийн дампуурсан. Гэхдээ МИАТ 2020 оны 2 дугаар сараас эхлэн цар тахлын хямралыг даван туулах ажлын хэсэг байгуулж, орлого, зардлын менежментийн хүрээнд нэмэлт орлого олох, зардлаа бууруулах, төлбөрийг хойшлуулах, харилцагч байгууллагуудтайгаа хэлцэл хийж зээл, тусламж авах зэргээр ажилласны үр дүнд өдийг хүртэл үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Бидний хийсэн тооцооллоор МИАТ ТӨХК нь энэхүү менежментийн ажлуудыг огт хийгээгүй байсан бол 2020 оны 11 сард дампуурлаа зарлачихсан байна гэсэн судалгаа гарсан.

-МИАТ компани нь хэт олон ажилтантай, тэднийхээ цалин хөлсийг дийлэхгүй болохоор дампуурахад хүрсэн нь энэ үү? Өрсөлддөг Кореан Эйр, Эйр Чайна гэхэд 1 онгоцонд ногдох ажилчдын тоо ийм бага байна гэсэн мэдээлэл хэвлэл, мэдээллийн хэрэгслээр багагүй гарч байсан. Энэ талаар тодруулахгүй юу?

  • Яг одоогийн байдлаар МИАТ ТӨХК нь 802 ажилтны орон тоотой, 5 агаарын хөлөгтэй үйл ажиллагаа явуулж байна. Нэг онгоцонд 160 ажилтан ногдож байгаа гэсэн үг. Гэтэл түрүүн жишээ авсан Кореан Эйр, Эйр Чайна компанийн 1 онгоцонд 125, 200 ажилтан ногдож байгаа. Дундажлаад үзвэл ойролцоо гарна.

Гэхдээ үүнд анхаарах хэд хэдэн зүйл бий. Жишээлбэл: МИАТ ТӨХК нь иргэний агаарын тээврийн нислэгтэй холбоотой бүх ажлаа өөрсдөө хийдэг. Нислэг, техникийн засвар үйлчилгээ, борлуулалт, маркетинг, газрын үйлчилгээ, сургалт зэрэг. Бусад гадны тээвэрлэгч компаниуд бол эдгээр техник үйлчилгээ, газрын үйлчилгээ, маркетинг зэргээ тусад нь охин компани байгуулж ажиллуулаад, охин компанийнхаа ажилчдыг нийт ажилчдынхаа тоонд оруулахгүй тооцоод явдаг. Ингэж тооцохоор зарим компанийн ажилчид МИАТ-ийнхаас бага юм шиг харагддаг. Харин МИАТ ТӨХК эдгээр үйл ажиллагаагаа тусад нь охин компани байгуулаад гаргачихвал 1 онгоцонд ногдох ажилтны тоо 100-аас ч бага болж харагдана.

Мөн зайлшгүй анхаарах нэг зүйл бол МИАТ компани нь нислэгийн үйл ажиллагаатай холбоотой үйлчилгээнүүдээ өөрсдийн ажилчдаар хийлгэснээр гаднын компанид төлөх зардлаа хэмнэдэг. Жишээлбэл: Техникийн засвар үйлчилгээгээ гаднын компаниар хийлгэвэл тэр компанийн ажилчдын цалин, хоол, унаа тэрэг, мөн ашгийг нэмж төлөх шаардлагатай болно. Энэ зардлуудыг МИАТ өөрөө хэмнээд, өөрсдийн нөөц бололцоогоо ашиглаж, хэмнэлттэй ажиллаж байгаа. Мөн гаднын үнэтэй програм хангамжийнг авч хэрэглэхийн оронд хүн ажиллуулаад хэд дахин бага зардал гаргадаг. Үүнээс гадна агаарын хөлгийн нас, төрлөөс хамаараад ажилтны тоо тогтдог зэрэг олон хүчин зүйл бий.

Дээрээс нь нэмж хэлэхэд МИАТ компанийн ажилтнуудын цалингийн зардал нь бусад агаарын тээврийн компаниудын дунджаас 2-оос 3 дахин бага байдаг. Цалингийн зардал нь нийт зардлынхаа багахан хувийг эзэлдэг гэсэн үг.

-Төрийн өмчит компаниуд угаасаа алдагдалтай ажилладаг болохоор улсаас алдагдлыг нь санхүүжүүлдэг гэж иргэд ойлгодог. МИАТ ТӨХК улсын төсвөөс жилд хэдэн төгрөгийн татаас авдаг вэ?

  • Энэ бас л олон нийтэд байдаг ташаа ойлголтуудын нэг. МИАТ ТӨХК нь өөрөө өөрийнхөө орлогоор зардлаа 100% санхүүжүүлж ажилладаг бие даасан компани. Өөрөөр хэлбэр улсын төсвөөс 1 ч төгрөг авдаггүй. Харин ч 2017, 2018, 2019 онуудад жил дараалан өндөр ашигтай ажиллаж, улсын төсөвт ногдол ашиг, татвар, хураамж, шимтгэл хэлбэрээр жилдээ 30 орчим тэрбум төгрөг төлдөг байсан. Гэвч 2020 оны эхнээс нислэгүүдийг нь зогсоосноор уг үзүүлэлтдээ хүрээгүй.

-Тэгэхээр ТӨБЗГ хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчийн хувьд “МИАТ” ТӨХК-ийн санхүүгийн хямралыг яаж шийдэх ёстой гэж үзэж байна вэ? Хэрвээ “МИАТ” ТӨХК дампуурвал юу болох вэ?

  • Шулуухан хэлэхэд “МИАТ” ТӨХК сүүлийн 2 жилд цар тахлын хямралыг давахын тулд өөрийн дотоод нөөц боломжоо бүрэн ашиглаад дуусч байна. Ямар ч боломжид хязгаар байдаг. Хязгаартаа тулчихсан, цаашаа явах боломжгүй болсон гэж ойлгож болно. Яг энэ үед манай улсын Засгийн газар  олон улсын жишгээр үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх, хөнгөлөлттэй зээл тусламж олгох зэргээр санхүүгийн бодитой дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. Эс бөгөөс үндэсний агаарын тээвэрлэгч компани маань дампуурах нөхцөлд хүрээд байна. Далайд гарцгүй, 2-хон хөрштэй орны хувьд стратегийн ач холбогдолтой агаарын тээврийн салбарын үндэсний компаниа алдаж болохгүй гэж үзэж байгаа. “МИАТ” ТӨХК дампуурвал гадны том тээвэрлэгч Кореан Эйр, Асиана, Туркиш Эйрлайн, Аэрофлот, Эйр Чайна компаниуд манай зах зээлийг өөрийн санхүү, нислэгийн сүлжээний давуу талаа ашиглан өөрийн болгоно. Энэ нь Монгол Улс өөрийн агаарын тээврийн салбараа хянах боломж, чадваргүй, бодлогоо хэрэгжүүлэх боломжгүй болно гэсэн үг. Зөвхөн эдийн засгийн бус улс төр, гадаад харилцааны хувьд ч бодлого хэрэгжүүлэх боломжоо алдана гэсэн үг. Мөн “МИАТ” ТӨХК 2013 онд Б767 агаарын хөлгийн зээлийг АНУ-ын PEFCO банкнаас авахад манай улсын Засгийн газар зээлийн баталгаа гаргаж өгсөн байдаг. Хэрэв МИАТ ТӨХК дампуурч, энэхүү зээлээ төлж чадахгүйд хүрвэл олон улсад манай Засгийн газрыг төлбөрийн чадваргүй гэж зарлах эрсдэлтэй. Энэ нь цаашаагаа ямар ямар сөрөг үр дагаврууд үүсгэхийг та бүхэн мэдэж байгаа байх.

Дэлхий дахинаа улс орнуудын Засгийн газар нь 2020 онд агаарын тээвэрлэгч компаниуддаа тусламж болгон өгсөн мөнгөн дүн нь 173 тэрбум доллар буюу 2019 оны борлуулалтын орлогын 14%-тай нь тэнцэхүйц тусламжийг өгсөн байна. Үүний 78 тэрбум доллар нь буцалтгүй тусламж, 94 тэрбум доллар нь нэн хөнгөлөлттэй зээл байна.

Тэд яагаад ингээд агаарын тээвэрлэгч компаниудаа дэмжээд байна вэ гэхээр цар тахлын дараах эдийн засгийн ширүүн өрсөлдөөнд өөрийн үндэсний компаниудаа бэлтгэж байна. Олон арван агаарын тээврийн компаниуд дэлхий даяар дампуурсан байгаа. Үүнээс шалтгаалж үүссэн хоосон зах зээлийг эзлэхийн төлөө өрсөлдөөн явагдана. Тэд үүнд бэлдэж байна. Ковид-19 цар тахал хэзээ нэгэн цагт дуусна, эсвэл энгийн нэг өвчин болно. Тэр үед бид агаарын тээврийн зах зээл, ялангуяа аялал жуулчлалын салбарын өрсөлдөөндөө бэлэн байх үүднээс МИАТ компанид Засгийн газраас дэмжлэг, туслалцаа үзүүлэх нь зөв болов уу гэж бодож байна. Жишээ авч яривал 2020 оны 11 дүгээр сард БНСУ-ын Засгийн газраас улсынхаа хөгжлийн банкаар дамжуулж Кореан Эйр компанид Асиана Эйрлайнс компанийг худалдан авахад нь зориулж 800 тэрбум воны санхүүжилтийг олгосон байна. Энэ 2 компани 2-уулаа Монгол Улс руу шууд нислэг үйлддэг компаниуд. Олон улсад энэ мэтчилэн бэлтгэл ажлуудыг хийж байна.

-Засгийн газраас МИАТ компанид санхүүгийн дэмжлэг үзүүлэх нь өөр ямар ач холбогдолтой вэ?“МИАТ өөрөө хувийн арилжааны банк, санхүүгийн байгууллагаас дэмжлэг авах боломжгүй юу?

  • Түрүүн дурдсанчлан МИАТ компани сүүлийн 2 жил өөрийн бүхий л нөөц боломжоо ашиглаад, эцсийн зогсоол дээрээ ирчихээд байна. Нэмэлт орлого олох, зээл тусламж авах, зардлаа бууруулах, хойшлуулах гээд бүхий л боломжит аргаа шавхаад дууссан. Иймээс одоо үлдэж буй эцсийн арга нь Засгийн газрын дэмжлэг юм гэж үзэж байгаа.

ТӨБЗГ-аас төрийн өмчит компаниудын засаглал, үр ашгийг нэмэгдүүлэх үүднээс нэлээд хэдэн компаниудын тодорхой хувийг олон нийтэд нээлттэй арилжаалах (гэхдээ төвлөрөл үүсгэхгүйгээр) бэлтгэл ажил хийгдэж байгаа. Үүний нэг нь бол “МИАТ” ТӨХК.

Олон улсын жишгийг харвал Туркиш Эйрлайнс компанийн 49%-ийг Засгийн газар нь, үлдсэн 51%-ийг нь олон нийт нээлттэй эзэмшиж байна. Манай 2 хөрш орны хувьд Аэрофлот компанийн 57%-ийн ОХУ-ын Засгийн газар, Эйр Чайна компанийн 50-аас илүү хувийг БНХАУ-ын Засгийн газар нь төрийн өмчит компаниудаараа дамжуулан эзэмшдэг. Үлдсэн нь олон нийтэд нээлттэй байдаг. Кореан Эйр компанид төр нь хувь эзэмшдэггүй ч гэсэн үндэсний агаарын тээвэрлэгчийн хувьд дээр дурдсан жишээгээр дэмжиж ажилладаг.

Олон нийтэд хувьцааг нь нээлттэй арилжихдаа анхнаас нь үнэ цэнийг нь өндөр байлгах үүднээс өмнө дурдсанчлан Засгийн газрын дэмжлэг хэрэгтэй байна. Засгийн газрын санхүүгийн дэмжлэг дараах 2 давуу талыг үүсгэнэ. Үүнд:

Нэгдүгээрт: Үндэсний агаарын тээвэрлэгч компанийнхаа санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэх,
Хоёрдугаарт: Нээлттэй хувьчлах бэлтгэл ажлын хүрээнд үнэлгээг нь өсгөж өгч байна.

Ийм хоёр давуу талтай байна.

Далайд гарцгүй манай орны хувьд агаарын тээврийн салбар маань маш чухал салбар шүү дээ. Манай орныг зорьж буй ихэнх жуулчид онгоцоор хил нэвтэрдэг. Цар тахлын дараа манай орны онгон зэрлэг байгаль гадны жуулчдыг татах том хөшүүрэг болно гэж бодож байна. Үүнд бид эртнээс бэлдэх хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зорчигч
Зорчигч
2021-09-29 09:24

Хамгийн сүүлд МИАТ-ийн онгоцоор 2 жилийн өмнө л ниссэн, үнэхээр гоё байсан. Төр засаг нь харж үзээсэй дээ. Манай Монголчууд нээх сонин зантай өөрийн юмаа муулаад гадныхыг л дахин шүтээд бдаг шүү.

Ачаа
Ачаа
2021-09-29 09:28

8 сард Инчон дээр ирсэн ачаа одоо болтол онгоцны дара�##��##� хүлээгээд байдаг. Энд нислэггүй дампуурлаа гэх юм. Ойлгохгүй байна.

Холбоотой мэдээ

Back to top button