Ярилцлага

Голдманы шагнал хүртсэн анхны монгол эмэгтэй А.Баяржаргал: Малчид одоо цоохор ирвэсийг ДАЙСАН гэж харахаа больсон

-МАЛЧИН ИРГЭД, ЗЭРЛЭГ АМЬТНЫ ХООРОНДЫН ЗӨРЧЛИЙГ ЗӨӨЛРҮҮЛЭХ АЖЛЫГ 20 ЖИЛ ХИЙЛЭЭ-

“Голдман” бол байгаль орчны тэргүүн шугаманд ажилладаг идэвхтнүүдэд олгодог дэлхийн хамгийн нэр хүндтэй шагнал юм. Дэлхийн зургаан тивээс байгаль хамгаалах чиглэлээр идэвхтэй үр дүнтэй ажилласан зөвхөн нэг нэг л иргэн шалгаруулдаг Голдманы 2019 оны шагналыг  “Ирвэс хамгаалах сан”-гийн гүйцэтгэх захирал А.Баяржаргал хүртлээ.  Дэлхийн хэвлэлүүд түүнийг “Нэгэн монгол бүсгүй цоохор ирвэсүүдийн амьдардаг онцгой бүс нутгийг уул уурхайн компаниудаас хамгаалж, тэдний үйл ажиллагааг зогсоож чаджээ” хэмээн онцолж байна. Тост Тосон бумбын нуруу орчим олгогдсон 37 уул уурхайн лицензийг олон жил тэмцсэний эцэст хүчингүй болгож цоохор ирвэсийг амар тайван амьдрах нөхцөлийг бий болгосон А.Баяржаргалыг энэ удаад зочноор урилаа.  

- Голдман бол байгаль орчны чиглэлээрх дэлхийн хамгийн том шагнал юм байна. Танд энэ нэр хүндтэй сайхан алдрыг хүртсэнд баяр хүргэе. Энэ үйл тохиолдоход танд хамгийн түрүүн ямар шинэ санаа төрөв?

-За баярлалаа. Голдманы байгаль орчны шагналыг Монгол улсыг төлөөлж авсандаа сэтгэл өндөр байгаа. Манай Ирвэс хамгаалах сангийн зүгээс энэ шагналыг монгол орны байгаль орчны асуудал, ололт амжилтыг дэлхийн түвшинд гаргаж  олны анхаарлыг чиглүүлснээрээ онцлогтой гэж бодож байна. Ингэж ажилласныхаа үр дүнд мэдээж хэрэг урам зориг авалгүй яахав. Дэлхийд ховордчихсон байгаа цоохор ирвэсний амьдрах орчны хамгааллыг улам эрчимтэй явуулах нь зүйтэй юм байна гэдэг итгэл дүүрэн буцаж ирлээ. Мөн Тост Тосон бумбын байгалийн нөөц газар гэх цоо шинэ тусгай хамгаалалтын газрын менежментийн механизмыг нь зөв зүйтэй байгуулж бүрэн дүүрэн ажиллагаа нь жигдэрсэн газар болгох зорилготой ажиллаж байна. Тост Тосон бумбын нуруунд суурин судалгааны ажлыг бид 2009 оноос эхэлсэн. Судалгаанаас Тост Тосон бумбын нуруу нь цоохор ирвэсний тоо толгойн нягтжилтаараа хамгийн өндөртэй амьдрах орчны нэг гэдгийг мэдсэн учраас энэ газар хамгаалалтын үйл ажиллагаагаа цогцоор нь явуулаад үзье гэж шийдсэн юм.

-Та шагнал авах үеэрээ Тост Тосон бумбын нуруунд нутгийн иргэдийн удирдлага бүхий менежментийг бий болгоно гэж хэлсэн. Тодруулбал?

- Тост Тосон бумбын нуруу улсын тусгай хамгаалалттай газрын нөөц газрын ангилалаар хамгаалалтанд авагдсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиараа улсаас санхүүждэггүй, орон нутгийн удирдлага менежментийг аваад явах тогтолцоотой. Тийм учраас зөвхөн цаасан дээрх тусгай хамгаалалттай газар болох гэдэг эрсдэл бий л дээ. Үүнээс сэргийлж бидний зүгээс аль болохоор менежментийн механизмын суурийг зөв тавих, оролцогч талуудын үйл ажиллагааг нь жигдрүүлээд өгчихье гэсэн зорилготойгоор явж байна. Юуны түрүүн  нутгийн удирдлага болон иргэдийн үйл ажиллагаагаа цааш нь авч явах чадавхийг дээшлүүлэх сургалт хийж арга замыг нь зааж өгөх хамгийн чухал.

 -Өнөөдрийн байдлаар Тост Тосон бумбын нуруунд хэдэн ирвэс байгаа вэ? Цогцоороо хамгаалагдаж чадаж байна уу?

-Дэлхийн хэмжээнд ховордсон ангилалд ордог цоохор ирвэс 4600-7000 тоо толгой бий гэсэн тойм тоог судлаачид өгдөг. Үүнээс монгол оронд 1000-1200 ирвэс бий гэж  үздэг бөгөөд манайх дэлхийн хэмжээнд цоохор ирвэснийхээ тоогоор хоёрдугаар байрт буюу БНХАУ-ын дараа ордог. Цоохор ирвэс нь дэлхийн хэмжээнд Азийн 12 оронд тархан нутагшсан. Тост Тосон бумбын нурууг хамруулаад Говийн уулсаар манай орны ирвэсийн 20-25 хувь нь бий гэж үздэг. Хамгааллын тухайд цоохор ирвэс яагаад ховордчихсон юм бэ гэдэг утга учир, шалтгаан, тулгамдсан асуудлыг бид судалж ямар хамгаалалтын менежмент явуулах юм бэ гэдгийг тодорхойлдог. Цоохор ирвэс хүний хоорондын зөрчил манай оронд төдийгүй дэлхийн хэмжээнд тулгамдсан асуудал. Ирвэсийн амьдрах орчин малын бэлчээртэй давхцаж байдаг учир ирвэс мал барьж малчдын эдийн засагт хохирол учруулдаг. Улмаар малчид малаа хамгаалахын тулд буудах, хавх тавих зэргээр хороох асуудал байна. Мөн хууль бусаар агнах, идэш тэжээл бологч амьтдыг агнах, эмийн журмаар эд эрхтэнийг нь ашиглахын тулд худалдаалах асуудал бэрхшээл болж байна. Мэдээж дээрээс нь сүүлийн арав гаруй жил уул уурхайн асуудал эрчимтэй хөгжиж буйтай уялдан амьдрах орчинд шууд нөлөөлөх бэрхшээл тулгарч байна. Тэгэхээр энэ олон тулгамдсан асуудлыг яаж зохицуулах вэ гэдэг нь манай байгууллагын үйл ажиллагаагаа, үндсэн зорилго бөгөөд маш урт хугацааны турш үйл ажиллагаа явуулсны үр дүнд эерэг өөрчлөлтүүд бий болсоор байна.  

-Малчидтай ойлголцож чадсан гэж та хэлсэн. Баталгаатай юу, одоо тэдэнд итгэж болох уу?

-Бид олон жил нутгийн иргэд араатны хоорондын зөрчлийг зөөлрүүлэх, эргээд хоёулаа хамгаалалтын ажлын үр нөлөөг хүртэх хөтөлбөрүүдийг явуулж байна. Жишээ нь, Ирвэс интерпрайз хөтөлбөрийн хүрээнд нутгийн малчин эмэгтэйчүүд малынхаа түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж  гадаадын зах зээлд борлуулдаг. Энэ бол ирвэст алдсан малынхаа нөхөн төлбөрийг шууд бус аргаар олж авах боломж бөгөөд 20 шахуу жил хэрэгжиж буй хөтөлбөр юм. Мөн бид малын хохирлыг шууд газар дээр нь төлдөг тогтолцоог бий болгосон. Ирвэсээс малаа хамгаалах малын даатгалын сан бүхий хөтөлбөрийг Тост багийн малчдын дунд хэрэгжүүлдэг. Тодруулбал, малчид малаа даатгуулж даатгалын сан үүсгээд малын хохирол гарсан тохиолдолд сангаасаа тухайн үеийн зах зээлийн ханшаар малынхаа хохирлыг нөхөн төлж авдаг. Бид эхлэлийг нь тавьсан, одоо малчид маань өөрсдөө энэ үйл ажиллагаагаа бие даан хэрэгжүүлээд маш амжилттай явж байгаа. Манай хөтөлбөрүүдийн онцлог бол бид арга замыг нь зааж өгдөг, иргэд өөрсдөө явуулдаг.

-Одоо тэгэхээр малчид ирвэсийг агнахгүй нь тийм үү?

-Тийм ээ. Олон жил иймэрхүү үйл ажиллагаанд оролцоод мэдээлэл мэдлэг олж авсан малчид одоо цоохор ирвэсийг дайсан гэж харахаа больсон. Энэ зэрлэг амьтан чинь манай нутгийн байгалийн баялаг, үүнийгээ ашиглаад бид эдийн засгийн асуудлаа шийдэх боломжийг бий болгож болох юм байна гэдгийг ойлгож байна л даа. Манай хөтөлбөрт хамрагддаг малчдаас сүүлийн үед цоохор ирвэсийг мал идснийх нь төлөө хороосон үзэгдэл гараагүй. Мөн олон жилийн хамтын ажиллагаа нутгийн иргэд бидний хооронд итгэлцлийг бий болгодог. Үүний нэг жишээ нь Тост Тосон бумбын нурууг хамгаалахад нутгийн иргэдийн дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэсэн. 

-Одоо уул уурхайн тал дээр юуг хэлэх вэ?

-Бодлогын түвшинд дэлхийд нэн ховордсон чухал ач холбогдол бүхий энэ амьтны амьдрах орчныг эхнээсээ сайн төлөвлөлт хийж хамгаалах  нь зайлшгүй болж ирлээ. Улс орны эдийн засгийн зөвхөн уурхайгаа хөгжүүлэх нь үнэхээр чухал гэсэн байр суурийг баримталж яваагийн тод жишээ бол Тост Тосон бумбын нуруунд үүсэн нөхцөл байдал байсан. 2009 онд бид нар тэнд ажиллаж байхдаа нуруу бүхлээрээ уул уурхайн лицензэд өгөгдчихсөн байсныг олж мэдсэн. Тэгээд долоон жил тасралтгүй ажиллаж байж тусгай хамгаалалтад авсан. Цоохор ирвэс том газар нутгийг эзэмшиж амьдардаг амьтан учраас энэхүү чухал ач холбогдол бүхий голомт, нутгийг  хамгаалах нь чухал асуудал байсан л даа. Одоо тэнд  ямар ч лиценз байхгүй. Гэсэн хэдий ч монгол орны өөр бусад хэсэг цоохор ирвэсний амьдрах орчинд уул уурхайн болон бусад хөгжлийн хөтөлбөр явагдах магадлал бий. Бид энэ асуудал дээр дуу хоолойгоо сонсгож, бодлогын түвшинд мэдээлэл өгч байх үүрэгтэй.

-Цоохор ирвэс үржлийн хувьд ямар онцлогтой амьтан бэ?

- Өнжөөд нэг удаа төллөдөг. Нэг төллөхдөө 2-3 зулзага гаргаж тэднийгээ хоёр жилийн туршид амьдралд сургадаг. Удаан өсөлттэй энэ амьтны гүемнүүдийн амьдрах чадварын түвшинг судлах нь манай судалгааны гол хэсэг юм. Бид цаашид Алтайн уулсаа дагаад хөтөлбөрүүдээ идэвхтэй явуулна. Сүүлийн үед Хөвсгөл аймагт ул мөр үзэгдсэн байгаа. Хөрш улс орнуудтай хил дамнасан амьдрах орчин дээр хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүд бий.  

-БИОЛОГИЧ ЛХАГВАСҮМБЭРЭЛЭЭ ХАРАМСАЛТАЙ ТОХИОЛДЛООР АЛДСАНААС ХОЙШ АЙДАС ХҮЙДЭС БИЙ БОЛСОН-

-Та анх хэдэн оноос ирвэстэй холбогдсон бэ? Тэр үед нөхцөл байдал нь ямархуу байсан бол?

-Би хэлний багш мэргэжилтэй. 1998 оноос цоохор ирвэс хамгаалах жижиг төслүүд дээр менежер хийж эхэлсэн. 20 гаруй жил болчихжээ. Цоохор ирвэсэнд хандах нутгийн иргэдийн хандлага сөрөг мал барьсных нь төлөө хороох явдал элбэг байсан учраас 1998 оноос бид нутгийн иргэд цоохор ирвэсний хоорондын зөрчлийг зөөлрүүлье, нутгийн малчдыг хохиролгүй байлгая, ирвэсээ хамгаалья гэсэн зорилготой хөтөлбөрүүдийг бий болгож  эхэлсэн. Харин сүүлийн арваад жил уул уурхайн асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байна.

-Малчид ирвэсийг олноор нь хороож байсан уу?

-Иймэрхүү судалгааг явуулахдаа бид  “Та ирвэс агнадаг уу” гэхээсээ илүү тухайн хүний ирвэст хандах хандлагыг олж харахыг хичээдэг л дээ. Ирвэст малаа идүүлээд хохироод байгаа малчин хүн мэдээж эхлээд сөрөг хандлагатай байлгүй яахав. Олон жил хөтөлбөрт хамрагдуулаад ирэхээр малчдын хандлага өөрчлөгдөж бид  ажлынхаа үр дүнг харж байна.

 -Ирвэс хамгаалах сангийнхаа тухай яриач?

-“Ирвэс хамгаалах сан” бол монголын ТББ. 10 хүнтэй үйл ажиллагаагаа явуулдаг жижигхэн байгууллага. Бид Тост Тосон бумбын нуруун дээр судалгааны отогтой. МУИС болон гадны судлаачид ирж судалгаагаа явуулж тухайн мэдээллийг бид хамгааллынхаа ажилд ашигладаг. Бид Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Тост Тосон бумбын нуруунд судалгааны болон хамгааллын үйл ажиллагаагаа цогцоор явуулж байна. Цоохор ирвэс монгол оронд 103 мянган кв.км газар нутгийг хамарч тархсан амьтан. Тийм болохоор бид баруун дөрвөн аймаг, Өмнөговь зэрэг долоон аймгийн 17 суманд үйл ажиллагаагаа явуулж байна. Гэхдээ баруун аймгуудад зөвхөн интерпрайз хөтөлбөрөө хэрэгжүүлдэг. Харин Тост Тосон бумбын нуруунд бүх хөтөлбөрөө цогцоор нь хэрэгжүүлж байна. Манай байгууллага гадаад дотоодын энэ чиглэлээр ажилладаг хамтын ажиллагаагаа хөгжүүлж чадсан гэж би хэлнэ. АНУ дахь Олон улсын ирвэс хамгаалах сан, монгол улсынхаа яам тамгын газар орон нутгийн удирдлага, малчдын нөхөрлөлүүдтэй байнгын хамтын ажиллагаатай үйл ажиллагаагаа явуулж байна.

-Цаашид?

-Цаашид бид нөхөрлөлд түшиглэсэн зэрлэг амьтан хамгаалах хөтөлбөрүүд, малын даатгалын хөтөлбөр, ирвэс интерпрайз хөтөлбөр,  Эко зуслан хөтөлбөрүүдээ илүү өргөжүүлнэ. Хөтөлбөр нэг газарт цогцоороо явж байж хамгааллын үр дүн гардаг байж болзошгүй гэж таамаглаж байгаа. Магадгүй цаашид Өвөрхангай, Баян-Өлгий, Увс энэ үйл ажиллагаагаа цогцоор нь хэрэгжүүлэх үе ирэх байх. Энэ ажил яагаад үргэлжлэх ёстой вэ гэвэл ирвэст  учирч байгаа бэрхшээл нь юу байгааг бид харж чадсан. Нөгөө талаар нутгийн иргэдтэй хамтарч ажиллаад явах боломжтойг туршлагаараа харсан учраас ажил цаанаасаа ундарсаар л байгаа юм.

 -Ирвэс хамгаалж яваад амиа алдсан Лхагвасүмбэрэл агсны амиа алдсан тохиол байгаль орчинд хайртай үүний төлөө тэмцэгч хүмүүст айдас бий болгосон. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Манай үндсэн ажилтан, биологич маань байсан. Тост Тосон бумбын нурууны судалгааны отог дээр ажиллаж байлаа. Харамсалтай нь энэ нурууг улсын тусгай хамгаалалтад авах үед учир битүүлгээр нас барсан. Тэр хүүхдийн хувьд үнэхээр байгаль дэлхийдээ хайртай, өөрийнхөө мэргэжилдээ дуртай, түүний өмнө өөрийгөө хөгжүүлэх янз бүрийн боломжууд нээлттэй байсан. Чухам яагаад ийм харуусалтай зүйл болсон нь бид нарт өнөөдөр ч гэсэн бүрхэг байна. Хэзээ энэ хэргийн учир тайлагдах юм бол гэдэгт байнга чих тавьж явдаг. Үүнээс хойш хөдөө орон нутагт ганц нэгээрээ ажиллаж байхад юу ч тохиолдох билээ гэсэн айдас хүйдэс бий болсон. Тэр хэмжээгээр хэрхэн яаж болгоомжтой, аюулгүй байдлаа ханган ажиллах вэ гэдэг тал дээр бид бодлого барьж ажилладаг.

-Одоо бодлогын түвшинд дутагдаж буй асуудал гэвэл?

-Бид орон нутгийн иргэдэд мэдлэг түгээж тэдний ахуй амьдралд дэмжлэг болсноороо нутгийн иргэдийн хандлагыг зэрлэг амьтантай зохицон амьдрах хэмжээнд хүргэе гэдгийг анхаарч ажиллалаа. Олон нийтийн хэмжээнд шийдвэр гаргагчдын түвшинд ажиллаад ирэхэд зэрлэг амьтны талаарх мэдлэг мэдээлэл маш дутуу дулимаг байдгийг олж мэдсэн. Ирээдүй хойч үедээ байгаль орчны боловсролыг түлхүү хүргэж байж байгалийн нандин өв болсон ан амьтныг үе үедээ хамгаалж явах учиртай. 

-ГОЛДМАНЫ ЭНЭ ЖИЛИЙН ЗУРГААН ШИЛДЭГИЙН НЭГ НЬ ШОРОНД, НӨГӨӨ НЬ ЦАГААЧЛЛААР АНУ-Д АМЬДАРЧ БАЙНА-

-Эргээд хоёулаа Голдманы шагналын талаар ярилцья. Жилд зургаан тивээс нэг нэг хүн буюу зургаан хүн Голдманы шагнал хүртдэг юм байна. Энэ жил хэн хэн ямар үйлсээрээ хүртсэн бэ?

-Голдмэний байгаль орчны сан үйл ажиллагаагаа явуулаад 30 жил болж байгаа юм байна. Энэ хугацаанд 80 гаруй орны 190 орчим хүн энэ шагналыг авчээ. Энэ удаад Ази тивээс Монгол улсын байгаль хамгааллын ололт амжилтыг дэмжиж надаар дамжуулан Ирвэс хамгаалах санд олгосон байна. Европ тивээс хойд Массидон улсын биологич Ана Коловак гэж эмэгтэй дэлхийд энэ ховордсон Балканы шилүүсний амьдрах орчныг хамгаалсан, Хойд Америкийн Линда Гарсиа гэж эмэгтэй  газрын тосны тээвэрлэлтийн терминал барих төслийг зогсоож байгаль орчинд үзүүлэх хохирлыг нь зогсоосноороо авсан. Африк тивээс Олфпрэд Браунел гэдэг залуу наргил модны тосны ургамал тариалж унаган ой сүйтгэх аюулаас сэргийлсэн амжилтаар, Чили улсын нэг иргэн Алберто Курамел нутгийнхаа онгон  дагшин шүтлэгтэй голыг усан цахилгаан станц барих төслөөс хамгаалсан, арлын орнуудыг төлөөлж Күүк айландаас далайн чухал экосистемийг хамгаалах тусгай хамгаалалттай газар байгуулж чадсан Жаки Эванс гэдэг эмэгтэй тус тус шагнал хүртэж байна.

-Та нар хоорондоо уулзаж ярилцсан байх. Дэлхийн байгаль хамгаалах манайхаас ялгаатай байна уу?

-Ер нь бол дэлхий нийтээр байгаль орчинд тулгарч буй асуудлууд адилхан байна шүү. Уул уурхай, усан цахилгаан станц гэх мэт том төсөл хөтөлбөрүүд эдийн засгийнхаа эрх ашгийг нэгдүгээрт тавьсны үндсэн дээр унаган байгалиа сүйтгэж буй бэрхшээл бол адилхан байна. Арга хэмжээний үеэр Чили улсаас шалгарсан Альберто Курамел гэдэг залуу шагналаа биеэр ирж авч чадсангүй. Чили улсын шоронд байгаа учраас охин нь ирсэн. Африк тивээс шалгарсан залуу тухайн цаг мөчид АНУ-д цагаачлалаар түр амьдарч байгаа ч шагнал гардуулах ажиллагаан дээрээ ирсэн. Иймэрхүү нөхцөл байдлыг харахад монгол орон бас харьцангуй их тайван, ард иргэд өөрсдийнхөө дуу хоолойг төрдөө сонсгож чаддаг эрх чөлөөтэй орон байгаад олзуурхаж байлаа.

-Шагнал авсан гэдгээ хэдийд мэдсэн бэ?  

-Энэ шагналыг авсан гэдгээ хамгийн сүүлд мэддэг хүмүүс нь бол шагнал авч байгаа хүмүүс байдаг юм байна. Шагналд тухайн хүнийг байгууллага хувь хүмүүс нэр дэвшүүлдэг гэнэ. Жилд 100 орчим хүний нэр дэвшдэг бөгөөд шигшигдсээр байгаад тив бүрээс нэг хүн сонгож авдаг юм байна. Шүүгчдийн бүрэлдэхүүнд Голдмэний гэр бүлийнхэн дээр нэмэгдээд дэлхийн байгаль орчны судлаачид, төр нийгмийн зүтгэлтнүүд багтаж нэлээд цензуртэй гаргаж ирдэг аж. Би энэ шагналын тухай мэддэг байсан л даа. Манай “Онги гол”-ыг хамгаалах хөдөлгөөний Ц.Мөнхбаяр тус шагналыг хүртсэн анхны монгол хүн. Гэхдээ өөрөө авна гэж хэзээ ч бодож байгаагүй. Шагнал авсан тухайгаа өнгөрсөн оны сүүлчээр мэдсэн, нууцлалын өндөр зэрэгтэй байх ёстой юм билээ. Маш их бэлтгэл ажил явагддаг юм байна. Улс бүрт очиж шагнал авч буй хүмүүсийн ажлын талаар таван минутын кино хийсэн. Шагнал авсандаа итгэхгүй л байлаа.  Санфранцискогийн дуурийн театрын тайзан дээр гардаж авах хүртэл гэж хэлбэл болох байх. 3200 хүний суудалтай дуурийн театрт байгальд хайртай олон хүн цугласан. Энэ нэр хүндтэй шагналаар дамжуулж байгаль орчны асуудалд олны анхаарлыг хандуулдаг юм байна. Би болон манай хамт олонд энэ шагналын нэр хүндээр олон улсын сонирхол, анхаарлыг монгол орон руу хандуулж зэрлэг амьтныг хамгаалахад дэмжлэг туслалцаа авах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж нээгдэж байна гэж хүлээж авч байгаа.

Б.БАЯРТ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button