Нийгмийн

Ц.Эрдэнэчулуун: Хил нэвтрэх зөвшөөрлийн бичгийн нээлттэй олголтууд хийж байгаа

Манай орны эдийн засаг экспортоор гарч буй бүтээгдэхүүнүүдтэй шууд холбогддог. Экспортын ажил хэвийн бус доголдолтой байсаар өдийг хүрлээ. Учир нь цар тахал, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж буй. Иймд манай улсын эдийн засгийн гол үүд БНХАУ-руу экспортод гардаг долоон боомтын нөхцөл байдал болон тээвэрчдэд тулгамддаг асуудлын хүрээнд Авто тээврийн үндэсний төвийн дэд захирал Ц. Эрдэнэчулуунтай ярилцлаа.

-Боомтуудын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөөч. БНХАУ-руу экспорт хийдэг долоон боомтод нөхцөл байдал хэр байна вэ?

-Ковидын нөхцөл байдлаас үүдэн хоёр жил нүүрс тээвэрлэлт хүнд нөхцөлд очсон. Нүүрс гарч байгаа юу, улсын төсөв бүрдэж байгаа юу гээд их асуудал үүслээ. Экспортын гол бааз нь Гашуунсухайт юм. Монгол улсын хувьд долоон боомтод экспортын тээврүүд БНХАУ-руу гарч байгаа. Үүнд нүүрс, газрын тос, төмрийн хүдэр зэрэг тээвэрлэгддэг.

Энэ чиглэлүүдэд Авто тээврийн үндэсний төв, Засгийн газар хоёрын хоорондын хэлэлцээр дээрээс Зам тээврийн яам болох БНХАУ-ын зам тээврийн яамны хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд экспортын зөвшөөрлийн бичгийн олголт хийгээд явж байгаа.

-Бнхау-руу боомтуудаар ямар төрлийн бүтээгдэхүүнүүд гарч байгаа вэ?

-БНХАУ-тай Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Замын-Үүд, Бичигт, Баянхошуу, Булганы боомтуудаар экспортууд гарч байна. Булганы боомтоор уул уурхайн бүтээгдэхүүнээс нүүрс, газрын тос, төмрийн хүдрүүд экспортод гарч байгаа. Халдварт өвчин Монголд гарснаас хойш экспортын бүтээгдэхүүн тээвэрлэлт хүндэрсэн. Үүнийг хэвийн явуулахын тулд Монгол улс хүчээ дайчлан ажиллаж байгаа.

Баянхошууны боомтоор зөвхөн газрын тосны тээвэрлэлт явж байна. Бичигтийн боомтоор нүүрс, газрын тос гарч байгаа. Харин Ханги боомтоор зарим тохиолдолд төмрийн хүдэр, нүүрс гарч буй. Гашуунсухайт боомтоор Оюутолгойн баяжмал болон нүүрсний тээвэрлэлт явж, Шивээхүрэн боомтоор нүүрсийг гаргаж байгаа бол Булганы боомтоор нүүрснээс гадна бага зэргийн төмрийн хүдэр гарч байгаа.

-Боомтууд дээр хэчнээн компани ажиллагаа явуулж байна вэ?

Таван толгойн бүлэг орд буюу эндээс коксжих нүүрс тээвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүд нийт гарч буй тээврийн дийлэнх хувийг эзэлж байна. Гашуун сухайтын боомт дээр 16 мянга орчим тээврийн хэрэгсэл, 169 компани үйл ажиллагааны тээвэрлэлт явуулж байгаа. Эдгээр аж ахуйн нэгжүүд улирал бүр 6000 орчим зөвшөөрөл авдаг. Тиймээс эрэлтээс илүү тээвэрлэх нийлүүлэлт бий болсон. Үүнээс үүдэж бага тооны зөвшөөрлийг БНХАУ-ын талаас олгохыг зөвшөөрч байгаа. Ийм учир биднээс бус БНХАУ-аас шалтгаалах хүндрэлүүд үүсэж байгаа.

Хоёр жилийн хугацаанд үүсэж байгаа хүндрэл цаашид үргэлжлээд байхгүй. Цаг үеийн асуудал гэдгийг ойлгох хэрэгтэй. Гарах нүүрсний хэмжээ багассан учраас эрэлт нийлүүлэлтийн онолоороо тээвэрлэлтийн үнэ ханш өсөх асуудал бий. Тээвэрлэгч аж ахуйн нэгжийн хувьд 2021 он гарснаас хойш тээвэрлэлтийг нэмэгдүүлэх үүднээс боомтын зөвлөл, мэргэжлийн хяналт, тагнуул, хил гааль, Авто тээврийн үндэсний төвөөс тодорхой хэмжээний арга хэмжээг Засгийн газар, Зам тээврийн хөгжлийн яамнаас авч хэрэгжүүлж байгаа. Энэ үе шатууд дээр нэмэгдэж байгаа ч гэсэн өвчлөл гарсантай холбоотойгоор долдугаар сараас эхлэн тэг зогсох зэргээс үүдэж зохион байгуулалтуудад өөрчлөлт орсон.

-Зохицуулалтад өөрчлөлт оруулсан гэлээ. Ямар өөрчлөлтүүд оруулсан бэ?

-Багийн системд долдугаар сараас шилжиж, тээвэрлэлтийн бүрэн эрхт төлөөлөгчийн захиргаа бий болсонтой холбоотойгоор эхлүүлсэн. Энэ захиргаанаас зохицуулалтыг тээвэрлэлтийн баг хэлбэрээр явуулахаар болсон юм.

Ганц модны боомттой харилцаад ГХЯ, хөх хотын консулын газрынхан идэвхтэй ажиллаж байгаа. Энэ хүрээнд ажлууд шинэ хэлбэрт орсон.

Өнөөдрийн байдлаар 110 ААН-ийн 129 бөмбөлөг буюу тээвэрлэлтийн баг ажиллаж буй. Үүнд 3400 жолооч тээвэрлэлт хийхэд бэлэн байгаа. Бид БНХАУ-д энэ мэдээллийг өгснөөр тээвэрлэлт хийгдээд явсан. Халдвар хамгааллын дэг гарч тээвэрлэлт сайн нэмэгдээгүй.  Одоогоор ЗТХЯ, Бүрэн эрхт төлөөлөгчийн захиргаа, Боомтын зөвлөлөөс хэрэгжүүлсэн.

-Багийн зохицуулалтыг яаж хийсэн юм бэ, нэг багаас халдвар бүртгэгдсэн тохиолдолд ямар аргаар зохицуулах вэ?

-Тээвэрлэлтийн баг 14-40 жолооч нэгдээд нэг баг болж байгаа юм. Ийм байдлаар 126 баг үүссэн. Энэхүү тээвэрлэлтийн баг дотроос өвчлөл илэрсэн бол тухайн тээвэрлэлтийн баг Цагаан хадны бүсээс гарч, тухайн бүсээ эрсдэлгүй байлгана гэсэн тооцоололтой байгаа.

-Тээвэрлэлтийн үнийг хэрхэн тогтоосон юм бэ?

-Тээвэрлэлтийн үнийг үндсэндээ “Эрдэнэс таван толгой” компани амны нөхцөлөөрөө зараад худалдан авагчид маань тээврийн асуудлаа зохицуулаад явж байгаа. Үүнтэй холбоотойгоор БНХАУ-ын худалдан авагчийн хувьд нүүрс нь хилээр нэвтрэх багасаад байгаа учраас цаад улсад ч тээвэрлэлтийн үнэ ханш өсөж байгаа. Гарц  нэмэгдээд ирвэл зах зээлийнхээ зарчмаар буураад хэвийн болно. Тэгэхээр ААН-үүд, бизнес эрхлэгчид аль ашигтай үед тээвэрт явбал өндөр дүнтэй байгаа. Гэхдээ халдварын дэглэмээ сахиж байж л худалдан авалт нэмэгдэнэ. Үүнд хувийн хэвшил болон тээврийн аж ахуйн нэгжүүд маш ихээр оролцож буй.

Тэнд жолоочийн амрах байрыг бэлдсэн. Хоёр жилийн хугацаанд эдийн засаг хүнд байгаа ч гэсэн хөрөнгө оруулалтаа хийгээд жолоочийн амрах байрыг тохитой болгосон юм. Тэнд хоол эрүүл ахуйн бүх асуудлыг мэргэжлийн хяналтын байгууллага халдвар хамгаалалтай нь хянаж байгаа. Энэ хүрээнд халдвар гарахгүй байх боломжийг өндөрсгөлөө. Энэ бол багийн системийн давуу тал юм.

-Боомтуудад халдвар гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлээд байгаа боловч хулгайн тээвэрчид явж, эрсдэлд оруулаад байгаа асуудлууд яригдсан.

-Жолооч очоод тараахаас гадна олон асуудал байгаа. Кэпийн ажилчид, орон нутгийн иргэдийн гээд олон хүнээс шалтгаална. Халдвар гарч байна гэдгийг авто тээврийн байгууллагаас гэж хэлэх боломжгүй. Гэхдээ хамгийн их эрсдэлээ ухамсарласан хүмүүс бол жолоочид. Учир нь орлого, зарлага бүх юм нь халдвар авах юм бол буруудна. Тиймээс гаднаас ирсэн жолоочийг багтаа авахгүй байх зэргийг өөрсдөө сайн ухамсарласан. Бусад жолоочид ч авахгүй байгааг мэдээд ирэхээ больсон.

Дээрээс нь боомтын зөвлөлөөс авч хэрэгжүүлж байгаа тухайн бүсэд ялангуяа Гашуунсухайтын экспортын тээвэрлэлтийг нэмэхийн тулд хамгаалалтын бүсүүдийг байгуулсан. Тэр бүсэд дуртай нь яваад орохгүй. Шалгуулж орж байгаа.

-БНХАУ-руу тээвэр хийж байгаа боомтуудад халдварын эрсдэл байхгүй. Ногоон бүс болсон гэж ойлгож болох уу?

-Халдварын тохиолдлууд бага байгаа. Үе, үе тохиолдлууд бүртгэгдэж байгаа боловч ялангуяа Гашуунсухайт боомт дээр багийн зохицуулалтын нөлөөгөөр удаан хугацаанд саатахгүй. Тухайн баг маань бусад багтайгаа хавьталд орохгүй.

Үүнээс шалтгаалаад АТҮТ-өөс хил нэвтрэх зөвшөөрлөөрлийн хүрээнд халдвар хамгаалалтай уялдан энэ бүсэд орж ирсэн ААН, жолоочид олгоё, гаднаас ирсэнд биш байхаар шийдсэн. Эхний байдлаар яг тээвэрт гарахад бэлэн бол 2769 жолооч бэлэн байгаа. Эдгээрт зөвшөөрлөө олгосон.

-Зөвшөөрлийн бичгийг хувилаад хэвлэх боломжтой байдаг зэргийн асуудлууд их яригдсан. Үүнийг  хэрхэн зохицуулсан бэ?

-Үүнд шинэчлэлтүүдийг хийж байгаа. ААН-үүдэд хэдэн хүсэлт ирсэн, хэчнээн зөвшөөрөл олгосноо мэдээлж байгаа. Бид тээврийн нэгдсэн системийг бий болгож, тээвэр хийх боломжтой компаниуд нүүрс худалдах уурхай нь ч ороод мэдээллээ авчихдаг. Хэрэглэгч компаниуд нь ч ороод мэдээллээ авдаг болсон. Үүнд улсад хамгийн сайн татвар төлдөг, жолоочийн нийгмийн асуудлыг шийддэг, кабиндаа даарч хөрөөд байна гэхээс илүү боомтод тухтай байх нөхцөл бүрдсэн.

-Боомтоор хэчнээн тээвэрлэлт гарч байна вэ?

-Хэвийн үеэс бага гарч  байгаа. Халдвар хамгааллаас болж байна.

-Боомтын ариутгалын хаалгаар гарахад жолоочоос төлбөр авдаг гэх мэдээлэл явсан. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?

-Аль ч боомт дээр жолоочоос биш ААН байгууллагаас нь авч байгаа. Жолооч өөрийнхөө карманаас гаргана гэж байхгүй. Эл асуудлыг компанитай нь гэрээлдэг. Зарим компаниуд жолоочдоо өгч явуулаад, дамжуулдаг байж мэднэ. Энэ нь авто тээрийн газраас хийж байгаа асуудал биш ч гэлээ бидэнд ийм мэдээлэл бий.

-Тээвэрлэлтийн зөвшөөрлийн талаар түрүүн дурдсан. Зөвшөөрөл олголтын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Тээвэрлэлтийн нөхцөл хүнд байгаа ч тээвэрлэгч ААН-үүд жолоочид хичээж экспортын тээврийг хийж байна. Хил нэвтрэх зөвшөөрлийн бичгийн хувьд бусдад нээлттэй олголтуудыг хийж байгаа. Энэ тээвэрлэлт уурхай дээрээс хэдий хэмжээний, аль ААН тээвэрлэлт хийх гэж байгааг харж ярилцаад олголтыг өгч байгаа. Ялангуяа Гашуунсухайт боомтод ачаалалтай байгаатай уялдаад энэ улиралд харьцангуй бага тоогоор олгоно. Халдварын дэг сайжраад боомтын зөвлөл тээвэрлэлт халдваргүй болж байна, жолоочийг нэмэгдүүлэх нөхцөл үүслээ гэвэл зөвшөөрөл олгоод явчихна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button